Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 9

 

“Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01274/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.Э-д холбогдох

“15.811.089,91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэн Б- овогтой Э- нь Х- Б-тай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1340012942 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17.200.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 05 сарын 30-ны өдөр зээлдэгч Б- овогтой Э-ийн Х- Б- дахь 5002322139 дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4.160.178,89 төгрөг, зээлийн хүүд 3.633.822,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28.557,25 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1340012942 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 386 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х- Б- нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1340012942 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13.039.821,11 төгрөг, 2020 оны 10-р сарын 22-ны өдрийн байдлаарх хүү 2.686.016,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85.252 төгрөг, нийт 15.811.089,91 төгрөгийг Б.Э-ээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Э- би Х- Б-тай 2018 оны 05 сарын 30-ны өдөр 1340012942 дугаартай зээлийн гэрээ байгуулан 17.200.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад хүүхэд төрүүлэн ажлаа хийх боломжгүй болж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс зээл төлөлт тасалдсан. Зээлийн гэрээний хуваарь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 8.682.207 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хэдийгээр би энэ хугацаанаас хойш зээлийн гэрээний үндсэн хугацаа бүрэн дуусаагүй 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусна. Х- Б-тай байгуулсан гэрээг цуцлахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж хугацааг сунгуулах аль эсвэл улс оронд цах тахал гарсан, орлого алдсан шалтгаан нөхцөлөөс зээлийг 12 сараар царцаах санал хүсэлтэй байна. Нэхэмжлэгч талаас уг саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл одоо шаардаж байгаа 15.811.089 төгрөгийг төлөх боломж одоогоор байхгүй байна. Иймд надад холбогдуулж гаргасан 15.811.089 төгрөгийн шаардлагаас 8.682.207 төгрөг төлөхийг зөвшөөрнө, зөрүү 7.128.982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э-ээс зээлийн үлдэгдэл төлбөр 13,039,821.11 төгрөг, хүү 2,686,016.8 төгрөгийг хариуцагч Б.Э-ээс гаргуулан “Х- Б-” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 237.005 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс 236.579 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө- давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө- би, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ны өдрийн 1251 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.Э- нь “Х- Б-” ХХК-иас 2018 оны 05 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 17.200.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Би зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад хүүхэд төрүүлэн ажлаа хийх боломжгүй болж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс зээл төлөлт тасалдсан.

Зээлийн гэрээний хуваарь 2019 оны 10 дугаар сарын 02-ны үлдэгдэл 8.682.207 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээний дуусах сүүлийн хугацаа 2021 оны 03 сарын 02-ны өдөр байсан.

“Х- Б-” ХХК болон Б.Э- нарын байгуулсан зээлийн гэрээний сүүлийн хугацаа дуусаагүй байхад намайг шүүхэд өгч байгаа тул би одоо шаардаж байгаа 15.811.089 төгрөгийг төлөх боломж байхгүй байгаа тул надад холбогдуулж гаргасан 15.811.089 төгрөгийн шаардлагаас 8.582.207 төгрөгийг зөвшөөрнө, зөрүү 7.128.982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байр суурь хэвээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс нэмэгдүүлсэн хүү 85.252 төгрөгийг хассаныг хэвээр үлдээх, 8.682.207 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК хариуцагч Б.Э-д холбогдуулж зээл, зээлийн хүүгийн үндсэн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн  төлбөр нийт 15.811.089,91 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э-ээс үндсэн зээлийн төлбөрт 13. 039.821,11 төгрөг хүү 2.686.016,8 төгрөгийг тус тус гаргуулан илүү нэхэмжилсэн хүү 85.252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8.682.207 төгрөгийг зөвшөөрч 7.128.982 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж үндэслэлдээ зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн хүүхэд төрүүлээд ажлаа хийх боломжгүй болсон тул  хуваарийн дагуу зээлээ төлөх боломжгүй болсон гэжээ.

            Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслээд зээлийн хүүг багасгаж тооцох хууль зүйн боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн банкны зээлтэй холбоотой зохицуулалт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцэж гарсан бөгөөд нэхэмжлэгч тал зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчөөгүй байна.

Иймд давж заалдсан гомдол дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хуулиар төлбөр гаргуулж болоогүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэснийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй юм.

Шүүх шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга,  журам, хугацааг заана гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасныг  хэрэгжүүлэх боломжтой нөхцөл байдал тухайн маргаантай харилцаанд үүсээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.865,31 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.МӨНХДАВАА

                                                                                                             ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ