Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00607

 

 

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00607

 

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Энхжилд холбогдох

 

15,811,089.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марта, Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Энхжилд холбогдуулан 15,811,089.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Энхжилээс зээлийн үлдэгдэл төлбөр 13,039,821.11 төгрөг, хүү 2,686,016.8 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 237,005 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжилээс 236,579 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.14-ний өдрийн 1251 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Б.Энхжил нь Xас банк ХХК-аас 2018.05.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 17,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Б.Энхжил зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад хүүхэд төрүүлэн ажлаа хийх боломжгүй болж 2019.10.02-ноос зээлийн эргэн төлөлт тасалдсан ба зээлийн гэрээний хуваарь 2019.10.02-ны байдлаар 8,682,207 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээний дуусах сүүлийн хугацаа 2021.03.02-ны өдөр. Хас банк ХХК болон Б.Энхжил нарын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлахаар шүүхэд өгсөн нь зээлдэгчийн эрхийг болон гэрээний үүргийг нэг талаас зөрчиж байна. Б.Энхжил нэхэмжлэлийн шаардлагаас 8,682,207 төгрөгийг зөвшөөрнө, зөрүү 7,128,982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөгийг хассанд маргаагүй, мөн 8,682,207 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, зөрүү 7,128,982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Улс орон халдварт цар тахал өвчний улмаас банк зээлдэгч нарт хөнгөлөлт үзүүлэх боломжийг иргэдэд үзүүлж байхад Хас банк энэ талаар миний хүсэлтийг мөн хүлээн аваагүйг дурдаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 7,128,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

7. Хас банк ХХК нь хариуцагч Б.Энхжилээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,039,821.11 төгрөг, хүү 2,686,016.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөг, нийт 15,811,089 төгрөгийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Хүүхэд төрүүлэн ажлаа хийх боломжгүй болж 2019.10.02-ны өдрөөс зээл төлөлт тасалдсан. Гэрээний хугацаа 2021.03.02-ны өдөр дуусна. 15,811,089 төгрөгийн шаардлагаас 8,682,207 төгрөг төлөхийг зөвшөөрнө, зөрүү 7,128,982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Энхжилээс үндсэн зээл 13,039,821.11 төгрөг, хүү 2,686,016.8 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

 

9. Зохигч 2018.05.30-ны өдөр №1340012942 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Хас банк ХХК нь өрхийн хэрэглээний зориулалтаар 17,200,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18%-ийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч Б.Энхжил нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр тогтоосон хэмжээгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. (хх-8-10)

 

Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч үндсэн зээл 4,160,178 төгрөг, зээлийн хүүд 3,633,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28,557 төгрөгийг төлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэгдүүлсэн хүү 85,252 төгрөгийг хассанд маргаагүй, мөн 8,682,207 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, зөрүү 7,128,982 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Улс орон халдварт цар тахал өвчний улмаас банк зээлдэгч нарт хөнгөлөлт үзүүлэх боломжийг иргэдэд үзүүлж байхад Хас банк энэ талаар миний хүсэлтийг мөн хүлээн аваагүйг дурдаж байна... гэжээ.

 

11. Зээлийн гэрээний 1.11-т Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдоно... гэж зохицуулсан.

 

Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг үгүйсгэж буй үндэслэлээ нотолж чадаагүй байх тул энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1251 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 129,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН