Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01220

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01220

 

 

Монхангай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02977 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2428 дугаар магадлалтай,

 

Монхангай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

Монгол эд импекс ХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 6,843,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Монгол эд импекс ХК-ийн төлөөлөгч Ж.Дамчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Монхангай трейд ХХК нь хариуцагч Монгол эд импекс ХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан ажлын хөлс 6,346,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02977 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Монхангай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Монгол эд импекс ХК, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох гэм хорын хохиролд 6,843,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монхангай трейд ХХК нь 6,843,392 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ 124,444 төгрөг төлөхөөс 70,200 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 54,244 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2428 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Магадлал нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Шүүх магадлалдаа ...хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор контейнер дотор буй эд хөрөнгөд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020.09.30-ны өдрийн 184/ШТ2020/00270 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ ... гэжээ. Нэхэмжлэгчээс удаа дараа шүүх хуралдааныг үл ялих зүйлээр хойшлуулж ирсэн байдаг. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр контейнер дотор буй эд хөрөнгөд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан. Түүнчлэн Монгол Эд Импекс ХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн хүсэлт буюу тодруулбал, контейнер дотор буй эд хөрөнгөд үзлэг хийлгэх хүсэлтэнд тайлбар хийхдээ гэм буруутай гэж үзсэн тохиолдолд дээрх эвдэрсэн гээд байгаа эд зүйлийн үнийг төлөхөд татгалзах зүйлгүй, хохирлын хэмжээ тоон дээр маргахгүй гэж тайлбарыг хийж байсныг онцлох нь зүйтэй.

Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ... нотлох баримтаар СиДи гаргаж өгснийг шүүх нэхэмжлэгчээс тодруулах ажиллагаа хийгээгүй байна гэж дүгнэжээ. Энэ асуудлыг анхан шатны шүүхээс тус бичлэгээр яг, юуг нотлох талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодорхой хариулт өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс асууж тодруулсны үндсэн дээр СиДи-нд үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ үйл баримтууд шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт тодорхой байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч Монхангай трейд ХХК нь хариуцагч Монгол эд импекс ХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 6,843,392 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...урьдчилсан мэдэгдэл өгөөгүй, газраа чөлөөлөх боломж олголгүй ... эд хөрөнгийг чөлөөлөхдөө ... гэм хор учруулсан. ... гэж тайлбарласан байна.

 

7. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба Монгол эд импекс ХК ... Газрын албанаас манай байгууллагад 4500 м.кв газрыг олгосон ба Засаг даргын захирамж гарч мэдэгдэл хүргүүлсний дараа нэхэмжлэгч контейнер авчирч тавьсан. ... гурван хариуцагчийн чухам алинаас нь ямар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. гэж, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба ... газрыг чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдлийг 2019.08.07-ны өдрийн албан бичиг, Засаг даргын 2019.09.17-ны албан бичгээр тус тус хүргүүлсэн. ... Газар чөлөөлөх асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. ... Хэрэв контейнер дотор эд зүйл байсан ... бол нэхэмжлэгч, эсхүл Монгол эд импекс ХК-ийн аль нь контейнерыг өргөж тавихад эд зүйл эвдэрсэн нь тодорхойгүй ... гэж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь ... нэхэмжлэгч өөрөө хууль зөрчсөн гэж тус тус маргасан байна.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах ... үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, зөвтгөх боломжгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

9. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

10. Нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэн гэм хорын хохиролд 6,843,392 төгрөг нэхэмжилсэн байна. Тэрээр нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа нэхэмжлэгч өөрөө газраа чөлөөлөх боломж олголгүйгээр байгууллагын хөрөнгийг эвдэж, асфальтан талбайг ухуулж, контейнерт байсан хөрөнгийг гэмтээж 6,843,392 төгрөгийг хохирол учруулсан хэмээн тайлбарласан бөгөөд эд хөрөнгийг жагсаан нэрлэж, үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний МЧД ХХК-ийн дүгнэлтийг нэхэмжлэлд хавсаргажээ /хх-ийн 37-51-р тал/.

 

11. Улмаар хариуцагч дээрх дүгнэлтэд дурдагдсан эд хөрөнгө контейнерт бодитой байсан эсэх, контейнерыг зохигчийн хэн аль нь зөөж байсан тул чухам аль үйлдлээс хохирол учирсан нь тодорхойгүй гэж маргасан байна. Гэвч шүүх энэ нөхцөл байдлыг анхааралгүй, маргааны зүйлийг дутуу тодорхойлж хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч шаардлагаа нотлох зорилгоор контейнер дотор буй эд хөрөнгөд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020.09.30-ны өдрийн 184/ШТ2020/00270 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

12. Дээр дурдсанчлан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн нь зохигчийн шаардлага, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулаагүй гэх үндэстэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

13. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргалын хяналтын журмаар гаргасан, магадлалд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2428 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.