Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/01124/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...аймаг, ... сум, ... баг, ... гудамжны ...тоотод оршин суух ...овгийн С.Ц /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ...сум, ... дүгээр баг, ...дугаар байр ...тоотод оршин суух ...овгийн М.Ж /РД: .../-нд холбогдох,

 

"... 8,400,000 төгрөг гаргуулах ...” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхийн дагуу хариуцагчаас 2020 оны 02 сарын 11-ний өдөр ... тоот  “Зээлийн гэрээ”-ний үндсэн төлбөр болох 4,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, бусад шаардлага болох хүү, алданги 4,000,000 төгрөг, зардал 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар ихэсгэж байна.

  1. Хариуцагчаас 2020 оны 02 сарын 11-ний өдрийн ... тоот  “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3-т заасны дагуу 2 сарын хүү (15 хоногийн 400,000 төгрөг) болох 1,600,000 төгрөг гаргуулах.
  2. Хариуцагчаас 2020 оны 02 сарын 11-ний өдрийн ... тоот  “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги болох нийт 2,894,584 төгрөг гаргуулах.
  3. Гэрээний үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал 400,000 төгрөг гаргуулах шаардлагыг багасган 147,372 төгрөг гаргуулах. Нийт 8,831,124 төгрөг гаргуулах.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг төлүүлэх, мөн хариуцагч нь гэрээний барьцаа хөрөнгө болох ... ДАХ  улсын дугаартай, Форд Ранжер маркийн автомашиныг өнөөдрийг хүртэл унаж байгаа бөгөөд энэ хугацаанд торгууль 20,000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 57,172 төгрөг гарсан тул эдгээрийг хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, нааш цаашаа явсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 400,000 төгрөг, гэрээний алданги 2,800,000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“С.Ц-оос М.Ж миний бие 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 21 минутад зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатайгаар 4,000,000 төгрөгийг зээлсэн. Тус гэрээнийхээ 3.5 дахь заалтаар зээлийн гэрээг барьцаатай байгуулж байгаа тухай заагаад барьцаанд М.Ж миний өмчлөлийн ... ДАХ  улсын дугаартай, Форд Ранжер маркийн машиныг барьцаалж байгаа тухай тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл тус зээлийн гэрээг байгуулагдсаны дараа буюу 21 минутын дараа 2020.02.11-ний өдрийн 11 цаг 52 минутад “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж тус гэрээний 3.1 дэх заалтаар машиныг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон талаар 3.3 дахь заалтаар гэрээний төлбөрийг бүрэн төлсөн талаар зааж М.Ж миний бие С.Ц-д өөрийн машиныг зарсан мэт бодит байдалд нийцэхээргүй гэрээг хийсэн байна. Тухайн үед миний бие зээл авах зайлшгүй шаардлагатай байсан тул нотариат болон зээлдэгч С.Ц-ын зааврын дагуу гэрээнүүдэд гарын үсэг зурсан бөгөөд машинаа өөрөө унаад эзэмшээд явж байсан тул зээлсэн мөнгөө эргүүлж төлөөд машинаа барьцаанаас чөлөөлөөд авчих бүрэн боломжтой юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл машин минь С.Ц-ын нэр дээр шилжээд торгууль, татварын талаарх мэдээллүүд хүртэл С.Ц дээр очсон тухай, мөн худалдах худалдан авах гэрээ хийгдэх шаардлагагүй нэгэнт үндсэн зээлийн гэрээндээ барьцааны заалттай байхад бидний хүсэл зориг аль аль талаасаа биелэгдэх боломжтой байсан тухай шүүхэд шүүхэд нэхэмжлэл гарах үед ойлгож мэдлээ. Бидний гол хүсэл зоригийн илэрхийлэл болон зээлийн гэрээний барьцаанд л миний машиныг тавих байсан юм. С.Ц-ын үндсэн нэхэмжлэлийг шүүх ямар нэг байдлаар шийдээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод явах нь ойлгомжтой. Гэтэл тус асуудал дуусахад би өөрийн машиныг 10,000,000 төгрөгөөр С.Ц-д зарчихсан, мөнгө тооцоог нь авчихсан хүний машин унаад яваад байгаа мэт нөхцөл байдал үлдэхээр болоод байна. Анхнаасаа машиныг зээлийн гэрээний барьцаа болгох сонирхол бидний хэн хэнд л байсан бөгөөд миний бие хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч гарын үсэг зурсаны улмаас өөрийн машиныг С.Ц-д зарсан мэт болж, машины нэр С.Ц-ын нэр дээр шилжээд байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Зээлийн гэрээтэй холбоотой маргааныг нэг мөр шийдэхэд тус гэрээний барьцаа болох тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудллыг хамтатган шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэв.

 

Хариуцагч М.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Миний бие М.Ж нь нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжилсэн мөнгө болох 8,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 2020.02.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15 хоногийн 10% хүүтэй зээлж авсан ба үүний дараа дэлхий нийтээр covid-19 цар тахал гарч бүх эрхэлж байсан цайны газрын үйл ажиллагаа зогсож хүүний төлбөрийг төлөх боломжгүй болсон. Иймээс хүү мөнгөө нэхэхэд нь учир байдлаа хэлж хүүгээ бууруулаачээ гэсэн боловч зөвшөөрөөгүй болно. Миний бие ярих болгондоо байгаа байдлаа хэлж ярьсан боловч харин өөрөө өөдөөс хүн доромжилсон. Миний бие хэл амаар доромжилсон удаа байхгүй, зугтаж барьсан зүйл байхгүй болно. Иймд одоогийн байдлаар хүү болох 4,000,000 төгрөгийн зардал болох 400,000 гээд байгаа мөнгийг төлөх боломж байхгүй хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие худалдах, худалдан авах хүсэлт гаргаагүй өөрсдөө зээл олгоход ийм журамтай гэсэн болно. Иймд үндсэн төлбөр болох 4,000,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“1. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 2020.02.11-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлсэн үндсэн зээл болох 4,000,000 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2. Тус зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хүүг: 15 хоногийн 10%-ийн хүү тооцохоор заасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

          Зээлийн гэрээний 3.1, 3.6 дахь хэсэгт зааснаар тус гэрээг 2 сарын хугацаатайгаар байгуулсан байдаг. Гэтэл 3.3 дахь заалтаар хүүг 15 хоногоор тооцож хоногийн хүү гэж хуульд нийцээгүй заалтаар хүүний хэмжээг хэт өндөр тогтоосон. Учир нь 15 хоногийн хүү 10% гэсэн заалтаар тооцож үзвэл 1 сарын хүү 20%-аар тооцогдохоор болж байна.

          Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ямар ч Банк, ББСБ, Барьцаалан зээлдүүлэх төвүүд хоногоор тэр дундаа ийм өндөр хүүгээр тооцож мөнгө хүүлж байгаа жишиг байхгүй. Гэрээний дээрх заалт нь илт хүчин төгөлдөр бус бөгөөд мөнгө хүүлэгчийн дур зоргоороо тогтоосон хүүг баталгаажуулсан заалт гэж үзэж байна.

3.         Алдангийн нэхэмжилж буй хэмжээг мөн зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт хэт өндөр хувиар, мөн хоногоор хүү тооцон гэрээний заалт хүчин төгөлдөр байх үндэслэлгүй учир алдангийг үндсэн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн хоногоор тооцож нэхэмжлэх учиртай.

4.         Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, ... ДАХ  авто машины торгууль 20,000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 57,172 төгрөг гээд 147,372 төгрөг нэмэгдүүлэн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх тухайн хүний өөрийнх нь эрхийн асуудал, мөн тус төлсөн тэмдэгтийн хураамж бол тухайн хүнд үйлчилгээ үзүүлж буй шүүхийн зардал юм. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд анхнаасаа тус тээврийн хэрэгсэл хууль зөрчиж нэр шилжсэн бөгөөд холбогдох байгууллагад нь дээрх мөнгийг С.Ц төлсөн тухай баримт хэрэгт байхгүй тохиолдолд би хариуцах үндэслэлгүй юм.” гэжээ.        

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 4,000,000 төгрөг зээлдүүлсэн байгаа, мөн гэрээний 3.3-т зааснаар хүүгийн талаар тохиролцсон байгаа, алданги 2,800,000 төгрөг, Иргэний хуулийн 242-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувь, үндсэн төлбөр болон хүүг ойлгож болно, 2,800,000 төгрөг болсон байгаа, нийт өнөөдөр хүртэл хугацаанд төлбөр төлөөгүй, 5,869,160 төгрөгийн алданги Иргэний хуулийн 232.6 т зааснаар 2,800,000 төгрөг болж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээ зөрчсөн тал нь төлнө гэдэг нь уншигдсан, 147,372 төгрөг, 70,200 төгрөгийг нэхэмжилж байгаа, хариуцагчийн хаяг тогтоогдоогүй идэвхтэй арга хэмжээ авагдаагүй тул 70,200 төгрөгийн зардал гарсан байгаа, шүүгчийн эрэн сурвалжлуулах шийдвэрийг хавсаргасан байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой машиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн тул торгуулийн зардал, 20,000 төгрөг, 57,172 төгрөгийн татварын нэхэмжлэл гаргасан тул төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаагаас татгалзсан. ... ДАХ  дугаартай Форд Ранжер маркийн машиныг Улсын бүртгэлд бүртгэхийг даалгахыг хариуцагчид даалгах талаар шаардлага гаргасан байгаа, зээлийн гэрээний дагуу зохих журмын дагуу, авто тээврийн хэрэгслийг бүртгэхдээ хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12.4-т зааснаар баталгаажсанд тооцно гэж заасны дагуу баталгаажуулсан байх. Хоёрдугаарт худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцвол зээлийн гэрээ барьцаатай байх тухай тохиролцсон, барьцаа нь бүртэгдээгүй учир бүртгүүлье, нэхэмжлэгч талаас эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргасан байгаа. Хариуцагчид гэрээний үүргийг гүйцэтгэх шийдвэр гаргах ёстой. Төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг шилжүүлж өгнө. Шийдвэрийг гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөс гаргуулахаар бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3.5-т зааснаар зохих журмын дагуу бүртгүүлье. Хариуцагчийн нэр дээр шилжүүлэх учир өөрийнхөө нэр дээр шилжүүлж болохгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэр дээр нь шилжүүлж, барьцааны гэрээг бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргаагүй. Гэрээний үүрэг бүрэн төлөгдөж дуусаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээг бүртгүүлэх нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэл дээр тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Хувь хүний зээлийн асуудал, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоод зээл авсан, банк болон банк бусаас зээл авах боломжтой байсан. Зөвшөөрч байгаа юм уу гэж асуусан, эрх зүйн бүрэн чадвартай хүн гэрээг байгуулсан гэж ойлгож байгаа. Хариуцагчийн хариу тайлбар нь өгнө л гээд байгаа, ковид гарсан төлбөр төлөх чадамжгүй байна гэж хэлж байна гэж ойлгож байна, Гэрээний 4.5-т зааснаар зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэсэгчлэн төлөх боломжтой байсан гэж үзэж байна. Юунд ашиглах талаар зээлдүүлэгчийн хувьд ач холбогдолгүй, 15 хоногт 10 хувийн хүү гэсэн 2 сарын хугацаанд заасан, гэрээний 4.5-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн өндөр хүү төлөх чадваргүй гэж үзэж байгаа бол хугацаанаас нь өмнө төлөх боломж байсан. Хугацаандаа ийм зүйл яриагүй байтал одоо ийм зүйл тайлбар хэлж байгаа нь 10 сар хэтэрсэн байна. 4,000,000 төгрөгийг 10 сар 160,000 төгрөгийн хүүгийн асуудал яригдаж байна, банк бусын хүүгээс их байна гэж байна, 4,000,000 өгөөд нэг ч төгрөг төлөөгүй, өөр төлбөр төлөхгүй гэж байгаа нь, бид 2 сарын хүү нэхэж байгаа, 10 сарын хүү нэхэмжлээгүй, зээлдэгчийг бодитой хохирсон үзэхгүй байгаа, алдангийн хувьд хариуцлагаа хүлээх ёстой.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг М.Ж-тэй байгуулсан, хүсэлтийнх нь дагуу гэрээ байгуулсан, 2 сарын хугацаатай 4,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд, 4,000,000 төгрөгийн үндсэн зээлтэй, тус гэрээнд хүүтэй болохыг М.Ж-д хэлж байсан, 15 хоногийн хугацаанд 10 хувийн хүүтэй гэдгийг мэдээд гарын үсэг зурсан, гэрээний 3.7 дугаар зүйлд алданги төлөх заалттай гэдгийг хариуцагчид хэлж байсан. Тэр талаар тусгагдсан байгаа, гэрээний хугацаанд зээл төлөөгүй, удаа дараа холбогдож зээлээ төлөөч гэсэн боловч төлөөгүй, зээлийн гэрээний дагуу алданги нь 5,789,160 төгрөг болсон, 50 хувь 2,800,000 төгрөг нэхэмжилсэн байгаа, 400,000 төгрөгийн зардлыг 142,000 төгрөг болгож багасгасан. Хариуцагчтай нэлээн олон удаа ярьсан, гэр орноор нь хайж, алга болсоноос болж шүүхээр эрэн сурвалжлүүлах асуудал гарч 70,200 төгрөг болсон, Ж-ийн машиныг барьцаанд авч, худалдах худалдан авах гэрээгээр нэр дээрээ шилжүүлсэн, ... ДАХ  улсын дугаартай Форд Ранжер маркийн машины татвар 57200, татвар 20,000 төгрөг болсон, баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гаргасан байгаа, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиар авто тээврийн төв дээр очиж бүртгүүлэх ёстой байдаг, хөдлөх хөрөнгийг бүртгүүлээгүй вэ гэхээр Ж-ийн хүсэлтээр ХХАГ-ээр нэр дээр нь шилжүүлье. Барьцаатай гээд анхнаасаа ярьж тохиролцсон байсан, барьцаагаа нэр дээр шилжүүлэх гэрээ бүртгээгүй, өөрсдөө унаж хэрэглээд явж байя гэсэн хүсэлтээр өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг, зээлийн гэрээний 3.5-т барьцаатай гэж байгаа боловч ХХАГ хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн учир улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гаргасан байгаа.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ц зээлдүүлэгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 4,000,000 төгрөг төлөх дээр маргахгүй. Дансаар С.Ц зээлдүүлсэн гэдэг дээр гэрч маргахгүй гэж байна. Үндсэн зээлийн төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр төлөх ёстой. Яагаад одоо болтол зээлийн төлбөрийг төлөөгүй шалтгаан нь улс орон даяар цар тахал гарч онц нөхцөл байдал зарласан байгаа тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болоод байгаа хугацаанд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн зүгээс 30 хоногт 20 хувийн хүү нэхэмжилж байгаа нь зээлдэгчийн байдлыг дордуулсан хэн өндөр хүү тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан боловч 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлдэгчид илт хохиролтойгоор хүү тогтоосон байгаа тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүүг багасгаж болохоор хуульчилсан байна. Монгол Улсад хоногоор хүү тооцохоор зохицуулсан хууль байхгүй,  зээлийн гэрээний хугацаа нь 2 сар гэсэн мөртлөө хүү нь 15 хоногийн 10 хувиар тогтоож гэж байж болохгүй. Зээлийн гэрээний хүү нь банкны хүүгээс хэт өндөр, зээлдэгчид хохиролтой байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх гэсэн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 61 дүгээр зүйлд гэрээний заалт нь хүчин төгөлдөр бус байвал гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна. Хэрэв зээлийн төлөх ёстой гэж үзвэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлдэгчид илт хохиролгүй байдлаар зээлийн хүүг зээлдэгч төлөх ёстой. Нэхэмжлэгч алдангид 2,894,580 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрхэн алданги бодсон нь тодорхойгүй байгаа. Зардал гэж 400,000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч нэхэмжлэлд бичигдсэнээр 140,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрчүүдийн явсан зардлыг нэхэмжилж байгааг М.Ж-ээс гаргуулах боломжгүй байна. Харин хариуцагчийн зүгээс 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бас ойлгохгүй байна 84-86 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зээлийн гэрээний барьцаанд тусгагдсан байдаг. Шүүхээр бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Зээлийн гэрээгээ цуцлаад хүү алданги нэхэж байгаа бол зээлийн гэрээний барьцааг бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаад байгаа нь зээлийн гэрээгээ үргэлжлүүлье гээд байгаа юм уу гэсэн ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүртгэлийг хийдэг байгууллага нь шүүх биш шүү дээ. Иймд нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг буцаах сөрөг нэхэмжлэл гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11:52 цагт зээлийн гэрээг байгуулснаас хойш 20 минутын дараа тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна. Талуудын хооронд тус тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах харилцаа үүсээгүй тул уг гэрээг дүр үзүүлэх гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. М.Ж одоо тэр тээврийн хэрэгслийг ашиглаад явж байгаа боловч С.Ц гэдэг хүний нэр дээр шилжих нөхцөл байдал үүсээд байгаа. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар хэлж байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц хариуцагч М.Ж-ээс зээл 4,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, зардал 400,000 төгрөг нийт 8,400,000 төгрөг гаргуулах, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний барьцааны зүйл болох ... ДАХ  улсын болон .... арлын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн Форд Ранжер маркийн автомашиныг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зээл 4,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, алданги 2,800,000 төгрөг, зардал 70,200 төгрөг, нийт 8,470,200 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилсөнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээл 4,000,000 төгрөг  төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, алданги илт өндөр, зардал нотлох баримтгүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С.Ц, М.Ж нарын хооронд байгуулагдсан ... улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлийг 10,000,000 төгрөгт худалдах тухай “Худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн, маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар дүйлийн 6.3 “зохигч  хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн зүйлийн 6.5 зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 нэхэмжлэгчийн талд оролцож буй төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзалыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно, 107.3 хариуцагч  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж хуульчилсан.

Өөрөөр  хэлбэл зохиггч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрсдийн шаардлага ба татгалзалаа нотлох  үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

   Нэхэмжлэгч зээлдүүлэгч С.Ц хариуцагч зээлдэгч М.Ж-тэй 2020 оны     02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний зүйл болох  4,000,000 төгрөгийг 15 хоногийн 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, барьцааны зүйлиийг ... ДАХ  улсын дугаартай Форд Ранжер маркийн .... арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэл тохиролцжээ. / хэргийн 5-6 дугаар хуудас /

   Нэхэмжлэгч гэрээний зүйл болсон 5,000,000 төгрөгийг Т.О-ын данснаас М.Ж-д зээл олгов гэсэн утгаар шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгт ... зээл олгоно гэсэн зарын дагуу М.Ж Дарханаас холбогдсон. ... С.Ц зээлдүүлэгч  ... мэдүүлснийг талууд хүлээн зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд  ... сар 30 хоногтой, зээлийг 2 сарын хугацаанд олгосон, 15 хоногийн хүү 400,000 төгрөг, 2 сарын хугацаанд /4 удаа хүү төлөх/ 1,600,000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 4,000,000 төгрөгийн хамт 5,600,000 төгрөг, алданги  2,800,000 гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хүүгийн хувьд төөрөгдсөн, 15 хоногт 10 хувь гэдэг нь сард 20 хувь болж байгаа нь хэт өндөр, банк бус санхүүгийн байгууллага, ломбардын дундаж хүүгээс их байна. Хоногийн хүүгийн зохицуулалт байхгүй. Хүү, алданги төлөхөөр бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар багасгаж өгнө үү гэжээ.

   Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлиийн 281.1. зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлдүүлэгч С.Ц, зээлдэгч М.Ж нарын хооронд  байгуулагдсан, талууд маргаагүй. /хэргийн 5 дугаар хуудас/

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., мөн зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаж, талууд гэрээний 3.3-т зээлийн хүүг 15 хоногийн 10 хувийн хүүтэй гэжээ.

Мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, гэрээний 3.1, 3.6 -д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацааг 2 сар буюу 2020 оны 04 дүгээр сарын 11-ний дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн болон гэрээний 3.7-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэжээ.

Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэснээр зээлдэгчийн дансанд Т.О-ын данснаас 4,000,000 төгрөг шилжүүлж, зээлдэгч С.Ц үүргээ биелүүлсэн.

Харин зээлдэгч М.Ж гэрээний 3.6-д заасан эргэн төлөх нөхцөл болох зээлийг 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргийг зөрчсөн  буруутай байна.

Талуудын байгуулсан гэрээнд зээлийг эргэн төлөх нөхцөл буюу зээлийг 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулах үүрэгт 2 сарын хугацаа тогтоож, хүүг 15 хоногт 10 хувь гэж тохиролцсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч М.Ж-ээс зээл 4,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй байна. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Талууд гэрээний 3.5-д  барьцааны зүйлиийг ... ДАХ  улсын дугаартай Форд Ранжер маркийн ... арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэл тохиролцсон нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна., мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Харин зээлийн  гэрээ байгуулсанаас  21 минутын дараа  зээлийн гэрээний 3.5-д заасан барьцааны зүйлийг М.Ж-ээс С.Ц-д 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь ойлгомжгүй, хэлбэр төдий, энэ талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  нэхэмжлэгч, өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэгэнт зээлийн гэрээний 3.5-д барьцааны зүйлийг хөдлөх хөрөнгө гэж тодорхойлсон бол зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.4-т барьцаалуулагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Талууд барьцааны зүйлийг хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл гэж тохирсон атлаа хөдлөх эд  хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлд зохих ёсоор бүртгүүлээгүй нь  барьцааны зүйл тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан, С.Ц-ын нэр дээр шилжүүлснээр бүртгэлийг хийлгэх боломжгүй байдал үүсгэсэн тул, шүүхээс талууд зээлийн гэрээний 3.5-д заасан барьцааны зүйлийг улсын бүртгэлд  бүртгүүлэхээр даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1-т Барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн шаардлагыг хангуулах үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна, 5.2-т Барьцаалуулагч нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна гэж хуульчилсан.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Барьцаагаар хангах үүрэг нь мөнгөн хэлбэрээр илэрхийлж болох нэг буюу хэд хэдэн үндсэн үүрэг, хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тэдгээртэй холбоотой бусад дагалдах үүрэг байна. 6.2-т Үндсэн үүргийг биелүүлээгүйн улмаас барьцааны шаардлагыг хангуулахтай холбогдон барьцаалагчид учирсан хохирол, нэмэгдүүлсэн хүү, анз, тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардал нь дагалдах үүрэгт хамаарна гэснээр зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй үед хөдлөх хөрөнгийн худалдан борлуулах үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1-т Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулсан тул мөн зүйлийн 9.2-т Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны үед барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцох атал Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэн, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцох байжээ.

Энэ тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн хөрөнгө барьцаанд байгаа тухай олон нийтэд нээлттэй цахим санд оруулснаар өөрийгөө эрсдлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлдэг учиртай.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Барьцааны мэдэгдлийг барьцаалагч, эсхүл түүний төлөөлөгч цахим хэлбэрээр /Барьцааны мэдэгдлийн бүртгэл цахимаар  www.mpr.gov.mn цахим хуудас руу хандаж “БҮРТГЭХ ҮҮСГЭХ” гэсэн хэсгийг бөглөн цахим хүсэлтээ бүртгүүлэх/ 40.2-т Барьцаалагч барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх зөвшөөрлийг барьцаалуулагчаас бичгээр авах бөгөөд уг зөвшөөрлийг барьцааны гэрээнд тусгаж болно гэснээр хөдлөх хөрөнгийн барьцааг талууд бүртгүүлэхээр тохиролцох, хуульд зааснаар өөрсдөө бүртгэлээ  бүртгүүлэх хуулийн зохицуулалттай байна.

Мөн хуулиийн 40 дүгээр зүйлийн 40.4. Дампуурлын тухай хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг шүүхээс томилсон хэрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрээр үүсэх барьцааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, татварын хууль тогтоомжид заасны дагуу үүсэх барьцааг татварын байгууллага барьцаалуулагчийн зөвшөөрөлгүйгээр цахим мэдээллийн санд оруулахаар хуульчилсаныг дурдаж байна.

Нэхэмжлэгч С.Ц-ын зардал буюу 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Шүүх  хуралдаанд шинжлэн судлагдсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 34/6/5241 тоотод ... Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 703 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлахаар даалгасан ... регистрийн дугаартай М овогтой Ж-г эрэн сурвалжлан ажиллахад ... гэснээс үзэхэд  нэхэмжлэгч С.Ц хариуцагч М.Ж-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаяг тогтоох ажиллагааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гүйцэтгүүлэн зохих зардалыг гаргасан байж болох ч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн гэх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зохигч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэснээр үүргээ биелүүлээгүй нотлоогүй байна.

    Иймд талуудын тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн хариуцагч М.Ж-ээс 6,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгон 1,870,000 төгрөг гаргуулах тухай болон  зээлийн  гэрээний 3.5-д  барьцааны зүйл болох  ... ДАХ  улсын дугаартай Форд Ранжер маркийн ... арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ... ДАХ  улсын дугаартай Форд Ранжер маркийн ... арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлийг М.Ж-ээс С.Ц-д 10,000,000 төгрөгөөр худалдах тухай 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зөвшөөрлийг баталж, уг тээврийн хэрэгсэл авто тээврийн бүртгэлд С.Ц-ын нэр дээр боловч эзэмшил нь М.Ж-д байгаа тул Авто тээврийн үндэсний төвд эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгэхийг даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Голомт банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 142,950+6400 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 13,600 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нийт 233,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ж-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6,600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 120,550 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 35,100 төгрөгийг, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн зөрүү 77,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч М.Ж-ээс зээл 4,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгож,  1,870,000 төгрөг гаргуулах тухай болон  зээлийн  гэрээний 3.5-д  барьцааны зүйл болох ... ДАХ  улсын дугаартай Форд Ранжер маркийн ... арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.Ц зөвшөөрснийг баталсугай.
  3. Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар ... ДАХ  улсын дугаартай Форд Ранжер маркийн ... арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Голомт банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 233,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ж-ээс улсын тэмдэгтийн хураамжид 155,650 төгрөг, төрийн сангийн орлогоос 77,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ