Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00282

 

С.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1252 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар магадлалтай,

С.Цын нэхэмжлэлтэй

М.Жд холбогдох

8,470,200 төгрөг гаргуулах, автомашиныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч М.Жд холбогдуулан үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, алданги 2,800,000 төгрөг, зардал 70,200 төгрөг, нийт 8,470,200 төгрөг гаргуулах, 2020.02.11-ний өдрийн зээлийн гэрээний барьцаа болох 84-86 ДАХ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн Форд Ранжер маркийн автомашиныг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч М.Ж нэхэмжлэлийн хариу тайлбартаа “...үндсэн зээл 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон, хүү, алданги төлөх боломжгүй.” гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “талуудын хооронд 2020.02.11-ний өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулна” гэсэн.

Нэхэмжлэгч С.Ц сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт “...сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1252 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч М.Жгээс зээл 4,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цод олгож, 1,870,000 төгрөг гаргуулах тухай болон зээлийн гэрээний 3.5-д барьцааны зүйл болох 84-86 ДАХ улсын дугаартай Форд Ранжер маркийн ............... арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.Ц зөвшөөрснийг баталж, Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар 84-86 ДАХ улсын дугаартай Форд Ранжер маркийн ............... арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Жгээс улсын тэмдэгтийн хураамжид 155,650 төгрөг, төрийн сангийн орлогоос 77,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Цод олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар магадлалаар хариуцагч М.Жгийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч М.Жгээс зээл 4,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг, нийт 6,600.000 төгрөг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагчийн зүгээс алданги болох 2,200,000 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.2. Талууд зээлийн гэрээг 2020.02.13-ны өдөр байгуулсан ба үүний дараа дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас хариуцагч М.Жгийн ажиллуулж байсан цайны газрын үйл ажиллагаа бүрэн зогсож улмаар зээлийг төлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо нэгдүгээрт цаг үеийн нөхцөл байдал, хоёрдугаарт хариуцагчийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийн 0.5%-ийг багасгаж 0.25%-иар тооцуулах тухай үндэслэл бүхий гомдол гаргасан. Шүүх магадлалын ХЯНАВАЛ хэсэгт хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд бүрэн дүүрэн тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Шүүх хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон тухай баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн үнэлэлт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Хариуцагчийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Энэ нь цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын үед хамгийн их санхүүгийн хувьд хүндрэлтэй нэгж хэсгүүдэд багтдаг. Тодруулбал жижиг цайны газруудын хувьд аяга, таваг, халбага, сэрээ гэх зэрэг хэрэгслүүдээр халдвар тархах өндөр магадлалтай гэх мэргэжлийн байгууллагуудаас өгсөн тайлбарыг үндэслэн цайны газар, ресторан зэрэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хэсэг хугацаанд хэд хэдэн удаа зогсоосон. Цаашлаад цар тахал гарснаас хойш иргэд өөрсдийн халдвар хамгаалал, урьдчилан сэргийлэх үүднээс жижиг цайны газраар үйлчлүүлэх нь эрс багасч энэ чиглэлээр орлогоо залгуулж буй иргэд, байгууллагууд үүд хаалгаа хаах, орлогогүй болох зэрэг хүндрэлүүд ихээхэн гарсан. М.Жгийн хувьд ч мөн адил цайны газраа ажиллуулах боломжгүйд хүрч одоо эрхэлсэн тодорхой ажилгүй болж өнөө маргаашаа аргацааж амьдарч байна.

4.3. Тухайн үед нэхэмжлэгчид учир байдлаа цаг тухайд нь хэлж нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү бууруулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Энэхүү цар тахлын улмаас дан ганц М.Ж санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд ороогүй ба улс даяар хувийн жижиг бизнес эрхлэгчид дампуурч үүд хаалгаа барин зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсоор байна.

4.4. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу зээл болон зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийн хувьд огт хүлээн зөвшөөрөхгүй бус цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан тодорхой хэмжээгээр багасгуулах хүсэлтэй байгаа юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангийг “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл алдангийг 0.5 хувиас ихгүй буюу 0.1-ээс эхлэн хамгийн ихдээ 0.5 хувь хүртэл тооцож болохоор зохицуулжээ.

4.5. Монгол улсын Иргэний хуулийн тайлбарт 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтын тайлбарт “...Анзын чиг үүрэг нь юуны өмнө зээлдэгчийн үүргийг баталгаажуулах арга хэрэгсэл болохыг анхаарах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл энэхүү анзын хэр хэмжээ нь үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд хүрэлцэхүйц нөлөөлөх эсэх нь чухал юм. Түүнчлэн үүрэг гүйцэтгэгчийн эдийн засгийн чадавх ч нөлөөлнө.” гэж тайлбарлажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх цаг үеийн байдлыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан шүүх эрхийнхээ хүрээнд алдангийг багасгах боломжтой байсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлбөрийн чадваргүй тухай баримт хэрэгт авагдаагүй хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай, учир нь цар тахлын үед дан ганц М.Ж бус нийтийг хамарсан улс орон даяар эдийн засаг, санхүүгийн хувьд хохиролтой, уг нийтлэг байдлыг нотлох боломжгүй юм. Иймд дээрх хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анзын хэмжээг 0.5 хувийн 50 хувиар тооцож 1,100,000 төгрөг болгон багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6. С.Ц нь М.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 1,600,000 төгрөг, алданги 2,800,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг, бүгд 8,470,200 төгрөг гаргуулах, барьцааны автомашины бүртгэлийг хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан, хариуцагч үндсэн зээл 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсч сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрсөн байна.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 6,600,000 төгрөг гаргуулж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.

10. Талууд харилцан тохиролцож 4,000,000 төгрөг зээлж, гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан, гэрээгээр 15 хоногт 10 хувийн хүү, хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, зээлийн мөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгсөн, гэрээнд заасан 2 сарын хугацаа өнгөрсөн боловч зээлийг буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй нь тогтоогдсон байна.

11. Хариуцагч үндсэн зээл 4,000,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн зээлийн хүүд 15 хоногт 10 хувийн буюу 400,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөг нэхэмжилснийг “зээлийн хүү хэт өндөр, зээлдэгчийн эрх ашигт илтэд хохиролтой” буюу сард 20 хувийн хүү гэж үзэхээр тогтоогдсон тул уг тохиролцоог хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс гадна цар тахлын үед үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж алданги төлөх үүргээс чөлөөлүүлэхийг хүссэн байна.

12. Шүүх үндсэн зээл 4,000,000 төгрөг, түүнчлэн зээлийн хүүг гэрээнд заасан 2 сарын 15 хоног тутамд бус нэг удаа 10 хувь гэж тохиролцсон гэж үзэн 400,000 төгрөг, алдангийг үндсэн үүргийн /зээл, хүүгийн нийлбэр/ 50 хувиар 2,200,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөг гаргуулжээ.

13. Автомашиныг бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо барьцааны зүйл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн дүгнэлт Иргэний хууль болон Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд нийцсэн, тухайлбал, автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан боловч хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны эрхээ баталгаажуулах хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулаагүй, худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчид барьцааны эрх үүсээгүй гэсэн нь зөв байна.

14. Сөрөг нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн.

15. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ба гэрээний хугацаа дуусгавар болсон 2020.04.13-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй үндсэн үүрэг 4,400,000 төгрөгөөс /зээл 4,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг/ гэрээнд заасан нөхцөл буюу хоног тутамд 0.5 хувиар 5 сараар тооцоход алданги 5,500,000 төгрөг /хоногт 22,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.09.21-ний өдөр хүртэл/ болсон, шүүх дээрх хуулийг хэрэглэж гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 2,200,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь гэрээ болон хуульд нийцсэн байна.

16. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох боловч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсөн, хариуцагч зээлээс төлөлт огт хийгээгүй, шүүх зээлийн хүүг багасгаж 400,000 төгрөг гаргуулсан, хариуцагч төлбөрийн чадваргүй болсон тухай баримтыг гаргаагүй, эдгээрээс үзэхэд алдангийн хэмжээг илтэд их гэж үзэж багасгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

17. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1252 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Ж /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд/ 2021.02.22-ны өдөр 30,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН