Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 10

 

С.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/01124/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 1252 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч М.Ж-д холбогдох

“... 8.400.000 төгрөг гаргуулах ...” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхийн дагуу хариуцагчаас 2020 оны 02 сарын 11-ний өдөр 230 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн төлбөр болох 4.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, бусад шаардлага болох хүү, алданги 4.000.000 төгрөг, зардал 400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар ихэсгэж байна.

1. Хариуцагчаас 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 230 тоот Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3-т заасны дагуу 2 сарын хүү (15 хоногийн 400.000 төгрөг) болох 1.600.000 төгрөг гаргуулах.

2. Хариуцагчаас 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 230 тоот Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги болох нийт 2.894.584 төгрөг гаргуулах.

3. Гэрээний үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал 400.000 төгрөг гаргуулах шаардлагыг багасган 147.372 төгрөг гаргуулах. Нийт 8.831.124 төгрөг гаргуулах.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг төлүүлэх, мөн хариуцагч нь гэрээний барьцаа хөрөнгө болох 88-86 ДАХ улсын дугаартай, Форд Ранжер маркийн автомашиныг өнөөдрийг хүртэл унаж байгаа бөгөөд энэ хугацаанд торгууль 20.000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 57.172 төгрөг гарсан тул эдгээрийг хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 1.600.000 төгрөг, нааш цаашаа явсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 400.000 төгрөг, гэрээний алданги 2.800.000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.Ц-оос М.Ж- миний бие 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 21 минутад зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатайгаар 4.000.000 төгрөгийг зээлсэн. Тус гэрээнийхээ 3.5 дахь заалтаар зээлийн гэрээг барьцаатай байгуулж байгаа тухай заагаад барьцаанд М.Ж- миний өмчлөлийн 84-86 ДАХ улсын дугаартай, Форд Ранжер маркийн машиныг барьцаалж байгаа тухай тодорхой зааж өгсөн байдаг.

Гэтэл тус зээлийн гэрээг байгуулагдсаны дараа буюу 21 минутын дараа 2020.02.11-ний өдрийн 11 цаг 52 минутад Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж тус гэрээний 3.1 дэх заалтаар машиныг 10.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон талаар 3.3 дахь заалтаар гэрээний төлбөрийг бүрэн төлсөн талаар зааж М.Ж- миний бие С.Ц-од өөрийн машиныг зарсан мэт бодит байдалд нийцэхээргүй гэрээг хийсэн байна. Гэтэл машин минь С.Ц-ын нэр дээр шилжээд торгууль, татварын талаарх мэдээллүүд хүртэл С.Ц- дээр очсон тухай, мөн худалдах худалдан авах гэрээ хийгдэх шаардлагагүй нэгэнт үндсэн зээлийн гэрээндээ барьцааны заалттай байхад бидний хүсэл зориг аль аль талаасаа биелэгдэх боломжтой байсан тухай шүүхэд нэхэмжлэл гарах үед ойлгож мэдлээ. Бидний гол хүсэл зоригийн илэрхийлэл болон зээлийн гэрээний барьцаанд л миний машиныг тавих байсан юм.

С.Ц-ын үндсэн нэхэмжлэлийг шүүх ямар нэг байдлаар шийдээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод явах нь ойлгомжтой. Гэтэл тус асуудал дуусахад би өөрийн машиныг 10.000.000 төгрөгөөр С.Ц-од зарчихсан, мөнгө тооцоог нь авчихсан хүний машин унаад яваад байгаа мэт нөхцөл байдал үлдэхээр болоод байна. Анхнаасаа машиныг зээлийн гэрээний барьцаа болгох сонирхол бидний хэн хэнд л байсан бөгөөд миний бие хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч гарын үсэг зурсны улмаас өөрийн машиныг С.Ц-од зарсан мэт болж, машины нэр С.Ц-ын нэр дээр шилжээд байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Зээлийн гэрээтэй холбоотой маргааныг нэг мөр шийдэхэд тус гэрээний барьцаа болох тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг хамтатган шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч М.Ж- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие М.Ж- нь нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжилсэн мөнгө болох 8.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 2020.02.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15 хоногийн 10% хүүтэй зээлж авсан ба үүний дараа дэлхий нийтээр coved-19 цар тахал гарч бүх эрхэлж байсан цайны газрын үйл ажиллагаа зогсож хүүний төлбөрийг төлөх боломжгүй болсон.

Иймээс хүү мөнгөө нэхэхэд нь учир байдлаа хэлж хүүгээ бууруулаач гэсэн боловч зөвшөөрөөгүй болно. Миний бие ярих болгондоо байгаа байдлаа хэлж ярьсан боловч харин өөрөө өөдөөс хүн доромжилсон. Миний бие хэл амаар доромжилсон удаа байхгүй, зугтаж барьсан зүйл байхгүй болно. Иймд одоогийн байдлаар хүү болох 4.000.000 төгрөгийн зардал болох 400.000 гээд байгаа мөнгийг төлөх боломж байхгүй хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие худалдах, худалдан авах хүсэлт гаргаагүй өөрсдөө зээл олгоход ийм журамтай гэсэн болно. Иймд үндсэн төлбөр болох 4.000.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 2020.02.11-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу зээлсэн үндсэн зээл болох 4.000.000 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2. Тус зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хүүг: 15 хоногийн 10%-ийн хүү тооцохоор заасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

1. Зээлийн гэрээний 3.1, 3.6 дахь хэсэгт зааснаар тус гэрээг 2 сарын хугацаатайгаар байгуулсан байдаг. Гэтэл 3.3 дахь заалтаар хүүг 15 хоногоор тооцож хоногийн хүү гэж хуульд нийцээгүй заалтаар хүүний хэмжээг хэт өндөр тогтоосон. Учир нь 15 хоногийн хүү 10% гэсэн заалтаар тооцож үзвэл 1 сарын хүү 20%-аар тооцогдохоор болж байна.

2. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ямар ч Банк, ББСБ, Барьцаалан зээлдүүлэх төвүүд хоногоор тэр дундаа ийм өндөр хүүгээр тооцож мөнгө хүүлж байгаа жишиг байхгүй. Гэрээний дээрх заалт нь илт хүчин төгөлдөр бус бөгөөд мөнгө хүүлэгчийн дур зоргоороо тогтоосон хүүг баталгаажуулсан заалт гэж үзэж байна.

3. Алдангийн нэхэмжилж буй хэмжээг мөн зөвшөөрөх боломжгүй. Нэгэнт хэт өндөр хувиар, мөн хоногоор хүү тооцон гэрээний заалт хүчин төгөлдөр байх үндэслэлгүй учир алдангийг үндсэн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн хоногоор тооцож нэхэмжлэх учиртай.

4. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, 88-86 ДАХ авто машины торгууль 20,000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 57,172 төгрөг гээд 147,372 төгрөг нэмэгдүүлэн нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх тухайн хүний өөрийнх нь эрхийн асуудал, мөн тус төлсөн тэмдэгтийн хураамж бол тухайн хүнд үйлчилгээ үзүүлж буй шүүхийн зардал юм. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийн тухайд анхнаасаа тус тээврийн хэрэгсэл хууль зөрчиж нэр шилжсэн бөгөөд холбогдох байгууллагад нь дээрх мөнгийг С.Ц- төлсөн тухай баримт хэрэгт байхгүй тохиолдолд би хариуцах үндэслэлгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 4.000.000 төгрөг зээлдүүлсэн байгаа, мөн гэрээний 3.3-т зааснаар хүүгийн талаар тохиролцсон байгаа, алданги 2.800.000 төгрөг, Иргэний хуулийн 242-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувь, үндсэн төлбөр болон хүүг ойлгож болно, 2.800.000 төгрөг болсон байгаа, нийт өнөөдөр хүртэл хугацаанд төлбөр төлөөгүй, 5.869.160 төгрөгийн алданги Иргэний хуулийн 232.6 т зааснаар 2.800.000 төгрөг болж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээ зөрчсөн тал нь төлнө гэдэг нь уншигдсан, 147.372 төгрөг, 70.200 төгрөгийг нэхэмжилж байгаа, хариуцагчийн хаяг тогтоогдоогүй идэвхтэй арга хэмжээ авагдаагүй тул 70.200 төгрөгийн зардал гарсан байгаа, шүүгчийн эрэн сурвалжлуулах шийдвэрийг хавсаргасан байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой машиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн тул торгуулийн зардал, 20.000 төгрөг, 57.172 төгрөгийн татварын нэхэмжлэл гаргасан тул төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаагаас татгалзсан. 84-86 ДАХ дугаартай Форд Ранжер маркийн машиныг Улсын бүртгэлд бүртгэхийг даалгахыг хариуцагчид даалгах талаар шаардлага гаргасан байгаа, зээлийн гэрээний дагуу зохих журмын дагуу, авто тээврийн хэрэгслийг бүртгэхдээ хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12.4-т зааснаар баталгаажсанд тооцно гэж заасны дагуу баталгаажуулсан байх. Хоёрдугаарт худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцвол зээлийн гэрээ барьцаатай байх тухай тохиролцсон, барьцаа нь бүртгэгдээгүй учир бүртгүүлье, нэхэмжлэгч талаас эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлт гаргасан байгаа. Хариуцагчийн нэр дээр шилжүүлэх учир өөрийнхөө нэр дээр шилжүүлж болохгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэр дээр нь шилжүүлж, барьцааны гэрээг бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргаагүй. Гэрээний үүрэг бүрэн төлөгдөж дуусаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээг бүртгүүлэх нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэл дээр тайлбар байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Хувь хүний зээлийн асуудал, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоод зээл авсан, банк болон банк бусаас зээл авах боломжтой байсан. 4.000.000 төгрөгийг 10 сар 160.000 төгрөгийн хүүгийн асуудал яригдаж байна, банк бусын хүүгээс их байна гэж байна, 4.000.000 өгөөд нэг ч төгрөг төлөөгүй, өөр төлбөр төлөхгүй гэж байгаа нь, бид 2 сарын хүү нэхэж байгаа, 10 сарын хүү нэхэмжлээгүй, зээлдэгчийг бодитой хохирсон үзэхгүй байгаа, алдангийн хувьд хариуцлагаа хүлээх ёстой гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг М.Ж-тэй байгуулсан, хүсэлтийнх нь дагуу гэрээ байгуулсан, 2 сарын хугацаатай 4.000.000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд 4.000.000 төгрөгийн үндсэн зээлтэй, тус гэрээнд хүүтэй болохыг М.Ж-д хэлж байсан, 15 хоногийн хугацаанд 10 хувийн хүүтэй гэдгийг мэдээд гарын үсэг зурсан, гэрээний 3.7 дугаар зүйлд алданги төлөх заалттай гэдгийг хариуцагчид хэлж байсан. Тэр талаар тусгагдсан байгаа, гэрээний хугацаанд зээл төлөөгүй, удаа дараа холбогдож зээлээ төлөөч гэсэн боловч төлөөгүй, зээлийн гэрээний дагуу алданги нь 5.789.160 төгрөг болсон, 50 хувь 2.800.000 төгрөг нэхэмжилсэн байгаа, 400.000 төгрөгийн зардлыг 142.000 төгрөг болгож багасгасан. Хариуцагчтай нэлээн олон удаа ярьсан, гэр орноор нь хайж, алга болсноос болж шүүхээр эрэн сурвалжлуулах асуудал гарч 70.200 төгрөг болсон, М.Ж-гийн машиныг барьцаанд авч, худалдах худалдан авах гэрээгээр нэр дээрээ шилжүүлсэн, 84-86 ДАХ улсын дугаартай Форд Ранжер маркийн машины татвар 57.200, татвар 20.000 төгрөг болсон, баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гаргасан байгаа, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиар авто тээврийн төв дээр очиж бүртгүүлэх ёстой байдаг, хөдлөх хөрөнгийг бүртгүүлээгүй вэ гэхээр М.Ж-гийн хүсэлтээр ХХАГ-ээр нэр дээр нь шилжүүлье. Барьцаатай гээд анхнаасаа ярьж тохиролцсон байсан, барьцаагаа нэр дээр шилжүүлэх гэрээ бүртгээгүй, өөрсдөө унаж хэрэглээд явж байя гэсэн хүсэлтээр өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг, зээлийн гэрээний 3.5-т барьцаатай гэж байгаа боловч ХХАГ хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн учир улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага гаргасан байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ц- зээлдүүлэгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 4.000.000 төгрөг төлөх дээр маргахгүй. Дансаар С.Ц- зээлдүүлсэн гэдэг дээр гэрч маргахгүй гэж байна. Үндсэн зээлийн төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр төлөх ёстой. Яагаад одоо болтол зээлийн төлбөрийг төлөөгүй шалтгаан нь улс орон даяар цар тахал гарч онц нөхцөл байдал зарласан байгаа тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болоод байгаа хугацаанд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн зүгээс 30 хоногт 20 хувийн хүү нэхэмжилж байгаа нь зээлдэгчийн байдлыг дордуулсан хэн өндөр хүү тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан боловч 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлдэгчид илт хохиролтойгоор хүү тогтоосон байгаа тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүүг багасгаж болохоор хуульчилсан байна. Монгол Улсад хоногоор хүү тооцохоор зохицуулсан хууль байхгүй, зээлийн гэрээний хугацаа нь 2 сар гэсэн мөртлөө хүү нь 15 хоногийн 10 хувиар тогтоож гэж байж болохгүй. Зээлийн гэрээний хүү нь банкны хүүгээс хэт өндөр, зээлдэгчид хохиролтой байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх гэсэн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 61 дүгээр зүйлд гэрээний заалт нь хүчин төгөлдөр бус байвал гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна. Хэрэв зээлийн төлөх ёстой гэж үзвэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлдэгчид илт хохиролгүй байдлаар зээлийн хүүг зээлдэгч төлөх ёстой. Нэхэмжлэгч алдангид 2.894.580 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрхэн алданги бодсон нь тодорхойгүй байгаа. Зардал гэж 400.000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч нэхэмжлэлд бичигдсэнээр 140.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагчийн зүгээс 4.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Талуудын хооронд тус тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах харилцаа үүсээгүй тул уг гэрээг дүр үзүүлэх гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. М.Ж- одоо тэр тээврийн хэрэгслийг ашиглаад явж байгаа боловч С.Ц- гэдэг хүний нэр дээр шилжих нөхцөл байдал үүсээд байгаа. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар хэлж байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1252 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч М.Ж-гээс зээл 4.000.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 2.200.000 төгрөг, нийт 6.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-од олгож, 1.870.000 төгрөг гаргуулах тухай болон зээлийн гэрээний 3.5-д барьцааны зүйл болох 84-86 ДАХ улсын дугаартай Форд Ранжер маркийн WFOUMFE106W632565 арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.Ц- зөвшөөрснийг баталж,

Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар 84-86 ДАХ улсын дугаартай Форд Ранжер маркийн WFOUMFE106W632565 арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Голомт банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 233.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ж-гээс улсын тэмдэгтийн хураамжид 155.650 төгрөг, төрийн сангийн орлогоос 77.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Нэхэмжлэгч зээл 4.000.000 төгрөг, хүү 1.600.000 төгрөг, алданги 2.800.000 төгрөг, зардал 70.200 төгрөг буюу нийт 8.470.200 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч М.Ж-гээс зээл 4.000.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 2.200.000 төгрөг нийт 6.600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Хариуцагчийн зүгээс алданги болох 2.200.000 төгрөгөөс 1.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Учир нь талууд зэлийн гэрээг 2020.02.13-ны өдөр байгуулсан ба үүний дараа дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын  улмаас хариуцагч М.Ж-гийн ажиллуулж байсан цайны газрын үйл ажиллагаа бүрэн зогсож улмаар зээлийг төлж чадахгүй нөхцөл байдалд орсон. Тухайн үед нэхэмжлэгчид учир байдлаа хэлж нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү бууруулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй.

            Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу зээл болон зээлийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч алдангийн хувьд цаг үеийн нөхцөл байдал болон төлбөрийн чадваргүй байдлын улмаас хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангийг “...гүйцтэгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан өөрөөр хэлбэл алдангийг 0,5 хувиас ихгүй буюу 0,1-ээс эхлэн хамгийн ихдээ 0,5 хувь хүртэл тооцож болохоор зохицуулжээ.

            Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 0,5 хувийн 50 хувиар тооцож 1.100.000 төгрөг болгон багасгаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн буюу алданги хэмжээ нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй болно.

Талуудын хооронд байгуулсан 2020.02.11-ний өдрийн Зээлийн гэрээний 3.1-т зааснаар гэрээний хугацааг 2 сарын хугацаатай байгуулж улмаар гэрээний 3.3-д 15 хоногийн 10 хувийн хүүтэй хэмээн тохиролцсон болно. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний 2 сарын хугацааны 15 хоног тутамд 10 хувийн хүүтэй байгуулснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч талаас өөрийн ажил нь явагдаагүй улмаас орлогогүй болсон тул хэт өндөр хүү төлөх боломжгүй байна гэж маргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг буруу тайлбарлан талууд 2 сарын хугацаатай гэрээний 15 хоног нь л 10 хувийн хүү авах үлдсэн 45 хоногт нь хүүгүй мөнгө зээлсэн гэж дүгнэн улмаар хүүгийн төлбөрөөс 1.200.000 төгрөгийг алдангийн төлбөрөөс 600.000 төгрөгийг тус тус хасаж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүүгийн төлбөр алдангийн төлбөрийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.Ц- давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч С.Ц- миний бие нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 1252 тоот шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “...хариуцагч М.Ж-гээс хүү 400.000 төгрөг, алданги 2.200.000 төгрөг ... гаргуулан нэхэмжлэгч С.Ц-од олгож” гэсэн хэсгийг эс зөвшөөрч байгаа бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас давж заалдах гомдлыг хугацаанд нь гаргаж чадаагүй болно. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах агуулгын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн хянан үзнэ гэж итгэж байна.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч бидний хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний 3.1-д зааснаар гэрээний хугацааг 2 сарын хугацаатай байгуулж, улмаар гэрээний 3.3-д “15 хоногийн 10 хувийн хүүтэй” хэмээн тохиролцсон болно.

Ийнхүү талууд гэрээний 2 сарын хугацааны 15 хоног тутамд 10 хувийн хүүтэй байгуулснаа хүлээн зөвшөөрч, энэ асуудал дээр маргадаггүй. Харин хариуцагч талаас Ковидын улмаас орлогогүй болсон, 15 хоног тутамд 10 хувийн хүү төлөх нь хэт өндөр байх тул багасгаж өгнө үү гэж маргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг буруу тайлбарлан талууд 2 сарын хугацаатай гэрээний 15 хоногт нь л 10 хувийн хүү авах, үлдсэн 45 хоногт хүүгүй мөнгө зээлсэн байна хэмээн дүгнэн, улмаар хүүгийн төлбөрөөс 1.200.000 төгрөгийг, алдангийн төлбөрөөс 600.000 төгрөгийг тус тус хасаж шийдвэрлэсэн байна. Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд зээлсэн мөнгөө аваагүй хохирч байгаа бөгөөд бүхэл бүтэн 9 сар хүний мөнгийг хэрэглэсэн хүнд 400.000 төгрөгийн хүү төлөх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн буюу алдангийн хэмжээ нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй болно.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ц- хариуцагч М.Ж-д холбогдуулж, зээлийн төлбөр 4.000.000 төгрөг, хүү 4.000.000 төгрөг, зээлтэй холбогдуулж гаргасан зардал 400.000 төгрөг нийт 8.400.000 төгрөг гаргуулах, зээлийн барьцаанд буй тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Ж- цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа зогссон тул нэхэмжлэлээр шаардсан хэтэрхий өндөр хүү төлөх боломжгүй, үндсэн зээл 4.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргажээ

Нэхэмжлэгч С.Ц- болон түүний өмгөөлөгч хариуцагч М.Ж-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Ц- 8.831.124 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 4.000.000 төгрөгийг 15 хоногийн 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 84-86 ДАХ улсын дугаартай, Форд Ранжер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалахаар тохиролцож, зээлийн болон барьцааны гэрээ байгуулагджээ.

Зээлдүүлэгч С.Ц- 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т.Оюунболдын эзэмшлийн ХААН банк дахь данснаас Ж-д зээл олгов гэсэн хэлбэрээр 4.000.000 төгрөг шилжүүлсэн байна.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх...” гэж зааснаар зээлдүүлэгч С.Ц- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Энэхүү гэрээ нь талууд хүүг харилцан тохиролцож тогтоож болно, хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ гэсэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасан хуулийн шаардлага хангасан гэрээ байна.

Харин зээлдэгч М.Ж- гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл болон түүний хүүг төлөх үүргээ биелүүлэлгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг тогтоосон газар, зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь гүйцэтгэх үүргээ зөрчжээ.

Талууд зээлийн гэрээний 3.5-д зээлийн барьцааны зүйлийг тохиролцсон нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэрээ байна.

Харин зээлийн гэрээ байгуулсан өдөр барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь өмнөх зээлийн гэрээний 3.5 дахь заалттай зөрчилдсөн, ойлгомжгүй, хэлбэр төдий, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэрээ байх бөгөөд барьцаалагч С.Ц- зээлийн гэрээний хугацаа дуусахад барьцааны зүйлийг Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.4-т зааснаар барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хүсээгүй байна.

Ийм учир барьцаалуулагч буюу хариуцагч М.Ж-гийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.Ц- болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Талууд зээлийн гэрээний 3.7-д  гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн зээл 4.000.000 төгрөг, түүний 2 сарын хүү 400.000 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 2.00.000 төгрөг нийт 6.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн бүртгэхийг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Хариуцагч М.Ж-гийн өмгөөлөгч шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх, хууль хэрэглээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар маргаагүй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдал буюу улс оронд тохиолдсон нийтийг хамарсан цар тахлын улмаас хариуцагч М.Ж- төлбөрийн чадваргүй болсон тул алдангиас 50 хувийг нь хасч тооцож өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргажээ.

Хэдийгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан бөгөөд хэрэгт хариуцагчийн төлбөрийн чадвар урьд нь ямар байсан, одоо хэрхэн буурсан буюу төлбөрийн чадваргүй болсон тухай бичгийн баримт авагдаагүй, давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаас харагдахгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч М.Ж-гийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

 

                                                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                 ШҮҮГЧИД                               М.МӨНХДАВАА

                                                                                                                                                                 Л.АМАРСАНАА