Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01261

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01261

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02540 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

34,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Батбаатар нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 34,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02540 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтыг баримтлан хариуцагч *******аас 34,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 332,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 332,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02540 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 332,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Тус магадлалын хянавал хэсэгт Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хохиролд 34,900,000 төгрөг гаргуулах гэж тусгасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагчаар ажил хийж гүйцэтгүүлэх талаар тайлбарласан уг тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул шүүх талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох зохицуулалтыг заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжпэлийн шаардлагыг Хохиролд 34,900,000 төгрөг гаргуулах тухай гэж маш тодорхой бичиж, шүүх хуралдаан дээр мөн хохиролд 34,900,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээтэй холбон тайлбарлан ярьдаг. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон хохиролд 34,900,000 төгрөг гаргуулах шаардлагыг өөрчлөн нэхэмжлэгчийн өмнөөс шаардлагыг тодорхойлон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас 34,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...*******тай 2014.05.29-ний өдөр гадна фасадын ажил хийлгэхээр урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг төлсөн. ... тухайн ажлыг гүйцэтгээгүй тул 2015.07.10-ны өдрийн дотор мөнгийг буцаан авах талаар тохиролцсон. ... хэсэгчлэн төлсөөр нийт 15,100,000 төгрөгийг буцаан өгсөн. ... үлдэгдэл 34,900,000 төгрөгийг хохиролд гаргуулна... гэж тайлбарлажээ.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...2014 онд барилгын нүүр талын фасад хийхээр 50,000,000 төгрөг хүлээн авсан. ... уг ажлыг хийгээгүй. ... 15,100,000 төгрөгийг буцаан бэлнээр төлсөн. ... 10,000,000 төгрөгт тооцохоор 03-30 УНП улсын дугаартай Мерседес Бенз С200 маркийн автомашиныг 2017.04.10-ны өдөр *******ид шилжүүлсэн, ... 2014 онд 12x24 хэмжээтэй төмөр сэндвичийн байшинг буулгах, угсрах ажлын хөлс 11,340,000 төгрөг, Чингэлтэй дүүрэг, урт цагааны гудамжинд шинээр баригдсан объектод хийж гүйцэтгэсэн вакум цонхны үнэ 6,500,000 төгрөг, гадна шатны гоёлын хашлаганы үнэ 1,600,000 төгрөг зэрэг ажлын хөлсийг тооцон хасахаар тохиролцсон. Өөр бусад ажил хийж гүйцэтгэсэн тул төлөх төлбөргүй гэж ... маргасан байна.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч гэрээ биелээгүй, үр дүн гараагүй гэрээнээс татгалзсан боловч хүлээн авсан 50,000,000 төгрөгтөө буцаан тооцогдоно гэх төлбөрийн тохиролцооны талаарх үндэслэлүүдээ хариуцагч баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий буюу 34,900,000 төгрөгт дүйцүүлэн тооцох тохиролцоогоор тодорхой ажил гүйцэтгэсэн гэж нэрлэн заах боловч уг тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

10. Талуудын хооронд 2014.05.29-ний өдөр таван давхар барилгын нүүрэн талын фасадны ажлыг 96,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохирч, урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөг төлөхөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй байх ба энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Хариуцагч дээрх гэрээг байгуулсан, урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан талаараа маргаагүй бол нэхэмжлэгч 50,000,000 төгрөгөөс 15,100,000 төгрөгийг буцаан авсан үйл баримтын тухайд тус тус маргаагүй байна. Түүнчлэн зохигчийн тайлбараас талууд уг гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэгч нь хийгээгүй ажлын хөлсөнд авсан урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгийг буцаан өгөх үр дагавар бий болсныг маргаагүй гэж үзнэ.

 

11. Харин хариуцагч барилгын өнгөлгөөний ажлыг хийгээгүй бөгөөд урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үүрэг үүссэн, улмаар уг төлбөрт тооцон автомашиныг 10,000,000 төгрөгт тооцож өгөх, хэд хэдэн төрлийн өөр ажлын хөлс харилцан тооцогдох учиртай гэж маргажээ.

 

12. Гэвч хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан Автотээврийн Үндэсний төвийн лавлагаагаар төлбөрийн 10,000,000 төгрөгт дүйцүүлэн тооцохоор тохиролцсон гэх 03-30 УНП улсын дугаартай Мерседес бенз С200 маркийн автомашины өмчлөх эрх *******аас *******ид 2014.03.18-ны өдөр шилжсэн байх тул уг автомашиныг 2014.05.29-ний өдрийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь үлдэгдэл 34,900,000 төгрөгт тооцсон гэж тодорхой ажлыг нэрлэн заах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийыгдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагч татгалзалын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

13. Хариуцагч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо ... шүүх хуулийг буруу тайлбарлан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон хохиролд 34,900,000 төгрөг гаргуулах шаардлагыг өөрчлөн нэхэмжлэгчийн өмнөөс шаардлагыг тодорхойлон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дурджээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хохиролд 34,900,000 төгрөг гаргуулах гэж тусгасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж, хариуцагч ажил гүйцэтгэх гэрээ байгуулан урьдчилгаа хүлээн авсан үйл баримтыг маргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг түүний үндэслэлд тулгуурлан тогтоосныг буруутгахгүй.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат хяналтын журмаар гаргасан Анхан шатны шүүх талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг давж заалдах шатны шүүх буруутгахгүй гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч анх шаардлагаа гаргахдаа 34,900,000 төгрөгийг хохирол гэж тодорхой бичсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өмнөөс шаардлагыг тодорхойлж, өөрчилсөн нь буруу гэж үзнэ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02540 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******аас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.02.22-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.