Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00144

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02540 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Л.Б-т холбогдуулан гаргасан 34 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Б- нь Л.Б-тай 2014 оны 05 сарын 29-ний өдөр 5 давхар барилгын зөвхөн нүүр талын фасадыг ажлын хөлс болон материалын зардал нийт 96 000 000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцсон. Л.Б- нь мөнгө яаралтай хэрэгтэй байна гээд 50 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Удахгүй байрны фасад хийнэ гэсэн боловч хийхгүй болохоор нь түүнтэй уулзаж 50 000 000 төгрөгөө 2015 оны 07 сарын 10-ны өдрийн дотор буцааж төлнө гэсэн тодорхойлолтыг өөрөөр нь бичүүлж авсан. Ингээд 2015 оны 07 сарын 10-ны өдөр хүртэл хэсэгчлэн төлсөөр нийт 15 100 000 төгрөг буцаан өгсөн. 2014 оны 05 сараас хойш өнөөдрийг хүртэл 5 давхар барилгын фасадыг хийлгэж чадаагүй байгаа болно.

Иймд Л.Б-аас хохиролд 34 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Хохиролд 34 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь Л.Б-ын унаж байсан 03-30 УНП улсын дугаартай Мерседес Бенз С200 маркийн автомашиныг 2017 оны 04 сарын 10-ны өдөр Б.Б- нь дээрх төлбөрийн 10 000 000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан. Мөн 2014 онд Б.Б-ийн 12х24 харьцаатай төмөр карказ сендвичэн байшинг бүтэн буулгаж Төв аймаг Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогт бетон суурийн хамт барьж угсарсан бөгөөд нийт зардал нь 11 340 000 төгрөг болсон. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Урт цагааны гудамжинд шинээр баригдсан объектод 6 500 000 төгрөгөөр вакум цонх, гадна шатны гоёлын хашлага 1 600 000 төгрөгийн ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн дээрх төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон. Үүнээс өөр хийж гүйцэтгэсэн зүйлүүд бий.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Л.Б-аас 34 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 332 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Талууд 2014 оны 05 сарын 29-ний өдөр 5 давхар барилгын нүүрэн талын фасадын ажил хийхээр харилцан тохиролцсон. Уг фасадын ажил нь шилэн хийцээр хийгдэх ажил байсан бөгөөд Л. Батбаатар нь гэрээний дагуу хүлээсэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй бус харин Б.Б- мөнгөний хүрэлцээгүй боллоо нүүрэн талын фасадыг шилэн хийцээр хийхээ болилоо гэсэн учраас гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон.

Хэрэгт авагдсан 5 давхар барилгын гэрэл зургаас үзвэл, нүүр талын фасадыг шилэн хийцээр биш өөр байдлаар хийсэн нь харагдана. Энэхүү нөхцөл байдлын улмаас Л.Б- Б.Б-той харилцан тохиролцож урьдчилгаанд авсан 50 000 000 төгрөгөөс 15 100 000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл төлбөрөөс Б.Б-ид худалдсан 03-30 УНП улсын дугаартай Мерседес Бенз С200 маркийн автомашины үнэ 10 000 000 төгрөг, 2014 онд хийж гүйцэтгэсэн 12х24 харьцаатай төмөр сэндвичийн байшинг буулган угсрах ажлын хөлс 11 340 000 төгрөг, Чингэлтэй дүүрэг, урт цагааны гудамжинд шинээр баригдсан объектод хийж гүйцэтгэсэн вакум цонхны үнэ 6 500 000 төгрөг, гадна шатны гоёлын хашлаганы үнэ 1 600 000 төгрөг зэргийг хасаж тооцохоор тохиролцсон бөгөөд үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцоход дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн байхыг шаардсан хуулийн шаардлага байхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хохиролд 34 900 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох ёстой. Гэтэл шүүх ...нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 34 900 000 төгрөгийг хохиролд гаргуулахаар шаардаж байгаа гэж бичсэн хэдий ч нэхэмжлэлийн агуулгаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа болох нь тодорхой байх тул ... гэж нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан 34 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 22/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Л.Б-тай 2014 оны 05 сарын 29-ний өдөр гадна фасадын ажил хийлгэхээр урьдчилгаа төлбөрт 50 000 000 төгрөг төлсөн. Гэвч тухайн ажлыг гүйцэтгээгүй тул 2015 оны 07 сарын 10-ны өдрийн дотор мөнгийг буцаан авах талаар тохиролцсон боловч хэсэгчлэн төлсөөр нийт 15 100 000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэгдэл 34 900 000 төгрөгийг хохиролд гаргуулах гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдолдоо, 2014 онд барилгын нүүр талын фасад хийхээр 50 000 000 төгрөг хүлээн авсан нь үнэн ба тодорхой шалтгааны улмаас уг ажлыг хийгээгүй. 15 100 000 төгрөгийг буцаан бэлнээр төлсөн. Үүнээс гадна үлдэгдэл 34 900 000 төгрөгийн 10 000 000 төгрөгт тооцохоор 03-30 УНП улсын дугаартай Мерседес Бенз С200 маркийн автомашиныг 2017 оны 04 сарын 10-ны өдөр Б.Б-ид шилжүүлж, 2014 онд хийж гүйцэтгэсэн 12х24 хэмжээтэй төмөр сэндвичийн байшинг буулган, угсрах ажлын хөлс 11 340 000 төгрөг, Чингэлтэй дүүрэг, урт цагааны гудамжинд шинээр баригдсан объектод хийж гүйцэтгэсэн вакум цонхны үнэ 6 500 000 төгрөг, гадна шатны гоёлын хашлаганы үнэ 1 600 000 төгрөг зэргийг хасаж тооцохоор тохиролцсон. Өөр бусад ажил хийж гүйцэтгэсэн тул төлөх төлбөргүй гэжээ.

 

Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Л.Б-т гадна фасадын ажил хийлгэх зорилгоор ажлын хөлс болон материалын зардлын урьдчилгаа төлбөр гэж 50 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Гагцхүү үлдэгдэл төлбөр 34 900 000 төгрөгийн үнийн дүнгийн зарим хэсэгт автомашин дүйцүүлэн өгсөн эсэх улмаар хариуцагч дээрх тохиролцоонд зааснаас өөр ажил хийж гүйцэтгэснээр төлбөрийг дуусгавар болгосон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хэргийн 7 дахь талд авагдсан ...Луузан Батбаатар би Бужуугийн Баасандоржоос гадна фасадны зардал /материалтай хамт/ хийхээр 50.000.000 /тавин сая төгрөг/ урьдчилж авсан болно. Тухайн үед хийх бололцоо байгаагүй учир мөнгийг эргүүлэн төлөхөөр боллоо. 2015 оны 07 сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцлоо. Мөнгөний хүүд баригдаж буй барилгын шат хийхээр болон төмөр хийц хийж өгнө. Баталгаа гаргасан Л.Б- гэсэн гар бичмэлийг зохигчдын дээрх тайлбартай харьцуулан үнэлбэл, хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Учир нь, хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан Автотээврийн Үндэсний төвийн лавлагаагаар төлбөрийн 10 000 000 төгрөгт дүйцүүлэн тооцохоор тохиролцсон гэх 03-30 УНП улсын дугаартай Мерседес бенз С200 маркийн автомашины өмчлөх эрх Л.Б-аас Б.Б-ид 2014 оны 03 сарын 18-ны өдөр буюу талуудын хооронд 50 000 000 төгрөг өгч, авсан гэх үеэс цаг хугацааны хувьд урьд шилжсэн болох нь тогтоогдож байна. /хх 72/

 

Мөн хариуцагч талын зүгээс 2014 онд сэндвичийн байшинг буулган, угсрах ажил хийж гүйцэтгэсэн талаар нотлох зорилгоор Л.Нэргүйбаатарыг гэрчээр оролцуулсан боловч Л.Б-ын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн дотор 50 000 000 төгрөг төлөх агуулга бүхий баримтад тухайн ажил нь тусгагдаагүй байх тул үүнийг төлбөрийн үлдэгдэлд тооцох талаар талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагч нь үлдэгдэл 34 900 000 төгрөгт дүйцүүлэн тооцох тохиролцоогоор тодорхой ажил хийж гүйцэтгэсэн гэж нэрлэн заах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Л.Б- нь хэргийн 7 дахь талд авагдсан баримтын талаар маргаагүй ба хариуцагчийн татгалзлыг үнэн зөв гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хохиролд 34 900 000 төгрөг гаргуулах гэж тусгасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагчаар ажил хийж гүйцэтгүүлэх талаар тайлбарласан уг тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул шүүх талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02540 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 332 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР