Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/02540

 

 

 

 

 

 

2020оны 10сарын 13дөр

 

181/ШШ2020/02540

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Б.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Л.Б /РД:/-т холбогдох

34,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б.Б нь 2014 оны 05 сарын 29-ний өдөр хуучин хадам ах болох Л.Л.Бтай тохиролцож 5 давхар барилгын зөвхөн нүүр талын фасад хийлгэх талаар ярилцаж ажлын хөлс болон материалын зардалд нийт 96,000,000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцсон. Тэгээд урьдчилгаа 50,000,000 төгрөгийг өгчих эхнэр бид хоёрт мөнгө яаралтай хэрэгтэй байна гээд утсаар яриад охин Ундрах болон эхнэр *******ийн хамт Л.Л.Б нь хар өнгийн Лексус 470 маркын 30-00 дугаартай машинтай ирж эхнэр *******тэйгээ хамт 50,000,000 төгрөгийг бэлнээр тоолж аваад удахгүй байрны фасадыг чинь хийгээд өгнө гээд аваад явсан. 2015 оны 04 сар хүртэл хүлээсэн боловч хадам ах Л.Л.Б нь барилгын нүүрэн талын фасад хийх ажлаа хийхгүй болохоор нь Л.Л.Бтай уулзаж 50,000,000 төгрөгөө 2015 оны 07 сарын 10-ны дотор буцааж төлнө гэсэн тодорхойлолтыг өөрөөр нь бичүүлж авсан. Ингээд 2015 оны 07 сарын 10-ны өдөр хүртэл увуулж цувуулж 50,000,000 төгрөгөөс 15,100,000 төгрөгийг надад өгсөн. Танай эхнэр ******* та 2 хоёулаа ирж надаас 50,000,000 төгрөг авсан мөнгөө авмаар байна гэхээр удахгүй өгнө. Манай эхнэрийг битгий оролцуул гэж гуйсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Удаа дараа утсаар залгахад утсаа авахгүй, авахаараа удахгүй өгнө гэдэг. Сүүлдээ шүүх цагдаа гэвэл өгч чадахгүй, чи яг надаас хэдийг авах гээд байгаа юм гэж хэл амаар доромжлох юм. 2014 оны 05 сараас хойш өнөөдрийг хүртэл 5 давхар барилгынхаа фасадыг хийлгэж чадаагүй байгаа болно. Иймд Л.Л.Баас 34,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Б.Бийн 2020 оны 04 сарын 01-ний өдөр Л.Л.Бт холбогдуулж гаргасан Хохиролд 34,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Л.Л.Б нь Б.Б.Бтой тохиролцож 2014 онд 5 давхар барилгын нүүр талын фасад хийхээр 50,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн бөгөөд тодорхой шалтгааны улмаас дээрх ажил хийгдэлгүй ажлын хөлс материалын зардалд авсан 50,000,000 төгрөгөөс 15,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 34,900,000 төгрөгийг өгөөгүй өнөөдрийг хүрсэн гэдэг нь ор үндэсгүй худал зүйл бичсэн байна. Учир нь Л.Л.Бын унаж байсан 03-30 УНП улсын дугаартай Мерседес Бенз С200 маркийн автомашиныг 2017 оны 04 сарын 10-ны өдөр Б.Б.Б нь дээрх төлбөрийн 10,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан. Мөн 2014 онд Б.Б.Бийн 12*24 харьцаатай төмөр караказан сендвичэн байшинг бүтэн буулгаж Төв аймаг Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогт бетон суурийн хамт барьж угсарсан бөгөөд нийт зардал нь 11,340,000 төгрөг болсон. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Урт цагааны гудамжинд шинээр баригдсан объектод 6,500,000 төгрөгөөр вакум цонх, гадна шатны гоёлын хашлага 1,600,000 төгрөгийн ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн дээрх төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон. Үүнээс ч өөр хийж гүйцэтгэсэн зүйлүүд бий. Иймд Б.Б.Бийн тус шүүхэд гаргасан Хохиролд 34,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч Л.Л.Бт холбогдуулан 34,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч Л.Л.Бтай 2014 оны 05 сарын 29-ний өдөр 5 давхар барилгын нүүрэн талын фасадыг хийлгэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг төлсөн, уг фасадны ажил хийгдээгүй, урьдчилгаа төлбөрөөс 15,100,000 төгрөг буцаан төлөгдсөн гэдэгт талууд маргахгүй байна.

Дээрх үйл баримтад хариуцагч маргахгүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид худалдсан 0330 УНП улсын дугаартай Мерседес бенз С200 загварын автомашины үнэ 10,000,000 төгрөг, 2014 онд хийж гүйцэтгэсэн 12*24 харьцаатай төмөр сэндвичэн байшинг буулган угсрах ажлын хөлс 11,340,000 төгрөг, Чингэлтэй дүүрэг, Урт цагааны гудамжинд шинээр баригдсан объектод хийж гүйцэтгэсэн вакум цонхны ажлын үнэ 6,500,000 төгрөг, гадна шатны гоёлын хашлаганы ажлын үнэ 1,600,000 төгрөг, нийт 29,440,000 төгрөгийн төлбөрийг 5 давхар барилгын нүүрэн талын фасадыг хийж гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөрөөс хасаж тооцохоор талууд тохиролцсон, мөн өөр бусад тооцоо байгаа тул одоо нэхэмжилж буй мөнгөн дүнг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Б.Б.Б болон Л.Л.Б нарын хооронд 2014 оны 05 сарын 29-ний өдөр хийгдсэн 5 давхар барилгын нүүрэн талын фасад хийхтэй холбоотой үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний хүрээнд ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт хариуцагчид 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч гадна фасадны ажлыг гүйцэтгээгүй болох нь болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагчийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт авсан 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт авсан 50,000,000 төгрөгөөс 15,100,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч Л.Л.Баас ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 34,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б.Бид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс нэхэмжлэгчид худалдсан гэх  УНП улсын дугаартай Мерседес бенз С200 загварын автомашины үнэ 10,000,000 төгрөг, 2014 онд хийж гүйцэтгэсэн гэх 12*24 харьцаатай төмөр сэндвичэн байшинг буулган угсрах ажлын хөлс 11,340,000 төгрөг, Чингэлтэй дүүрэг, Урт цагааны гудамжинд шинээр баригдсан объектод хийж гүйцэтгэсэн гэх вакум цонхны үнэ 6,500,000 төгрөг, гадна шатны гоёлын хашлаганы үнэ 1,600,000 төгрөг, нийт 29,440,000 төгрөгийн төлбөрийг хасаж тооцох ёстой гэсэн тайлбар гаргаж маргасан боловч талууд дээрх төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрөөс хасаж тооцох талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаар хариуцагч дээрх төлбөрийг нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбарт дурдагдсан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасаж тооцох, эсхүл харилцан тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг буцаан шаардаж байгаа гэх атлаа 34,900,000 төгрөгийг хохирол гэж шаардсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна гэсэн тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 34,900,000 төгрөгийг хохиролд гаргуулахаар шаардаж байгаа гэж бичсэн хэдий ч нэхэмжлэлийн агуулгаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа болох нь тодорхой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.Л.Баас 34,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Бид олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 332,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Л.Баас 332,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Бид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР