Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01259

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01259

 

 

Л.Нэргүйн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03752 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00152 дугаар магадлалтай,

 

Л.Нэргүйн нэхэмжлэлтэй

Ш.Энхзаяад холбогдох

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 8,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Л.Нэргүй нь хариуцагч Ш.Энхзаяад холбогдуулан 5 ханатай иж бүрэн гэр 1 ширхэг, 4 ханатай иж бүрэн гэр 2 ширхэг, төслийн зуух 3 ширхэг, цахилгааны утас 1600 метр, 8 ширхэг модон ор, 8 ширхэг орны гудас, 8 ширхэг хөнжлийн үнэ 8,410,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03752 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Нэргүйн гаргасан хариуцагч Ш.Энхзаяад холбогдох 8,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 152 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд Н.Эрхэмбаяр би хэргийн оролцогч нарт хуулиар олгогдсон Шүүгчээсээ татгалзах эрхээ эдэлж татгалзаж болох байсан ч хариуцагч Л.Нэргүйд холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 1492 магадлалыг хянасан шүүгч Ч.Цэнд, шүүгч С.Энхтөр нараас татгалзаагүй. Өөрөөр хэлбэл магадлал нь нэг л хэргийн үйл баримтыг хянан шийдвэрлэж байгаа учраас шударгаар хянан шийдвэрлэх байх гэж би бодсон. Гэтэл хоёр шүүгчийн хууль эрх зүйн мэдлэг нимгэн байна. Хоёр өөр утгатай шийдвэр гаргасан магадлалыг уншаад эдгээр шүүгчдийн өмнөөс Н.Эрхэмбаяр би маш их ичиж, харамсаж байна. Энэ байдлыг буюу 152 магадлал гаргасан гурван шүүгчийн талаар Н.Эрхэмбаяр би Шүүхийн сахилгын хороондгомдол гаргах болно. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хурал дээр Н.Эрхэмбаяр би хурал даргалагч шүүгч С.Энхтөрд хандаж Та 2018.06.27-ны өдрийн 1492 дугаар магадлалтай хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж сануулж хэлсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэдээс гаргасан нэхэмжлэлийг олон янзын үндэслэлгүй шалтгаан заан иргэний хэрэг үүсгэхгүй татгалздаг байдал олон жил үргэлжилж байна. Нэхэмжлэгч Л.Нэргүйгийн гаргасан энэ нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд таван удаа нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1. Бүрдүүлбэр дутуу байна. 2. Хуулийн шаардлага хангахгүй байна. 3. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш 2020.06.22-ны өдрийн 12288 захирамжаараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 4. Шүүгч Б.Мандалбаяр 2020.06.22-ны өдрийн 12267 захирамжаараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 5. Шүүгч Б.Мандалбаяр 2020.10.29-ний өдрийн 3752 шийдвэрээрээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хурал дээр Н.Эрхэмбаяр миний гаргаж өгсөн нотлох баримтуудаас, шүүгч Б.Мандалбаяр нь 8 ш рентген зургуудыг буцаасан. Мөн нэхэмжлэгч талаас банкнаас нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах, шинжээч томилуулах зэрэг хүсэлтүүдийг гаргах боломж олгоогүй. Н.Эрхэмбаяр би шүүх хурал дээр 8 ширхэг рентген зураг дээр бодит байдлаар тайлбарлаж цагдаа, прокуроруудын авлига, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөн мөрдөн байцаалтын ажиллагаа шударгаар явагдаагүйг, мөн хуулийн байгуулгуудад өгсөн нэхэмжлэгч Л.Нэргүйгийн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг тайлбарлаж нотлох ёстой байсан юм. Мөн шүүгч Б.Мандалбаяр нь нотлох баримтуудыг бүрэн аваагүй байж шүүх хуралдааны дунд үед Н.Эрхэмбаяр надаас Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1 заалтыг Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 заалтаар солихгүй юм уу гэж асуусан би хариулт болгож үгүй гэж хариулсан. Мөн нэхэмжлэгч талд хуулиар олгогдсон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх боломжуудыг бидэнд олгоогүйд гомдолтой байна. Иймд Улсын дээд шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3752 шийдвэрийг, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 152 магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээх үндэстэй байна.

 

6. Нэхэмжлэгч Л.Нэргүй нь хариуцагч Ш.Энхзаяад холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... 2017.09.13-ны өдөр Ш.Энхзаяагийн даалгаснаар дүү Ш.Энхтүвшин хоёр машин, 10 залуутай ирж таван ханатай иж бүрэн гэр, хоёр ширхэг дөрвөн ханатай иж бүрэн гэр, гурван ширхэг төслийн зуух, 1,600 метр цахилгааны утас, тус бүр найман ширхэг модон ор, гудас, хөнжил гэх эд зүйлийг булаан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлажээ.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Ш.Энхзаяа нь нэхэмжлэгч Л.Нэргүйн салсан нөхөр, талийгаач н.Шагдарсүрэнгийн охин, ... гэрлэгчид 2018.04.23-ны өдөр гэрлэлтээ цуцлуулснаас хойш долоо хоногийн дараа эд хөрөнгийн маргаан үүссэн. ...тэд хамтдаа сувиллын газар ажиллуулж байсан. ... Компанийн өмчийг Л.Нэргүй хүч хэрэглэх замаар авч явсан. Л.Нэргүй нь таван ширхэг гэрээс хоёр нь миний гэр учраас би авч явсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. ... надад ийм хөрөнгүүд байхгүй, ийм хөрөнгийн талаар мэдэх зүйл байхгүй гэж маргасан байна.

 

8. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар хариуцагч Ш.Энхзаяа нь таван ханатай иж бүрэн гэр, хоёр ширхэг дөрвөн ханатай иж бүрэн гэр, гурван ширхэг төслийн зуух, 1,600 метр цахилгааны утас, тус бүр найман ширхэг модон ор, гудас, хөнжил гэх эд зүйлийг булаан авч явсан гэх үйл баримт тогтоогдохгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч Ш.Энхзаяа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлоогүй гэж үзэн эд зүйлийн үнэд 8,410,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

9. Зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаа нь гэрээний бус үүргийн улмаас бий болсон шаардах эрхийн агуулгатай гэж үзсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хуульд нийцжээ. Нэхэмжлэгч Л.Нэргүй нь хариуцагч Ш.Энхзаяад холбогдуулан түүний өмчлөлийн, эсхүл хууль ёсны эзэмшилд байх тодорхой эд хөрөнгийг хууль бусаар олж авсан гэж үзэн эдгээр хөрөнгийн зах зээлийн үнийг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн дурдсан эд хөрөнгө нь түүний хууль ёсны эзэмшилд байсан эсэх, эдгээр хөрөнгийг Ш.Энхзаяа, эсхүл түүнээс даалгавар авсан этгээд хууль бусаар авч явсан эсэх, уг эд хөрөнгө нь 8,410,000 төгрөгөөр үнэлэгдэх эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

 

10. Хоёр шатны шүүх маргаантай эрх зүйн харилцаа болон маргааны зүйлийг зөв тогтоож, үндэслэлгүй хөрөнгөжсөний улмаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч өөрийн эзэмшил, өмчлөлд байсан хөрөнгийг бусдад хууль бусаар алдсан гэж, улмаар хариуцагч нь ийм үйлдэл хийгээгүй, ийм хөрөнгийг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа бол дурдагдсан эд хөрөнгүүд түүний эзэмшилд байсныг, улмаар уг эд хөрөнгийг үүрэг үүсээгүй байхад, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон байхад хариуцагч эзэмшилдээ олж авсныг нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээнэ. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Ш.Энхзаяа болон нэхэмжлэгч Л.Нэргүй нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүссэн боловч хожим дуусгавар болсон, эд хөрөнгө буруу хуваарилагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй.

 

11. Шүүх хэргийн оролцогчид эрх үүргийг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын зарчмын дагуу маргалдагч талууд шаардлага, татгалзлаа нотлох үүргийг хүлээж, зохигчийн гаргасан хүсэлтийн хүрээнд шүүх ажиллагааг удирдан явуулах үндсэн зарчимтай тул хуульд заасан журмын дагуу зохигч хүсэлт гаргаагүй, баримт бүрдүүлээгүй байдалд шүүхийг буруутгах хууль зүйн боломжгүй. Нэхэмжлэлийг 2020.07.08-ны өдөр хүлээн авч 2020.07.10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн үеэс эхлэн нэхэмжлэгч талд хэрэгт баримт бүрдүүлэн өгөх, өмгөөлөгч авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлт гаргах бүрэн эрх нь нээлттэй тул нэхэмжлэлийг ихэсгэх, өөрчлөх, багасгах боломж олгоогүй, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэх зохигчийн гомдол үндэслэлгүй.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03752 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00152 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.02.09-ний өдөр төлсөн 149,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.