Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00152

 

Л.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Нн хариуцагч Ш.Эд холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 8 410 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.Н нь Г.Штэй 20 жил хамт амьдраад гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хамт амьдарч байх хугацаандаа өөрийн төрсөн 2 эгчээсээ мөнгө зээлж, 3 ширхэг гэр, 2 ширхэг вагончиг авч тохижуулан сувилал нээсэн юм. Түүнийг сувилал нээгээд удаагүй байтал Г.Шгийн том охин Ш.Эгийн захиалгаар төрсөн дүү Ш.Э гэгч 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2 машинтай 10 гаруй залуучуудтай ирж 5 ханатай иж бүрэн гэр 1 ширхэг, 4 ханатай иж бүрэн гэр 2 ширхэг, төслийн зуух 3 ширхэг, цахилгааны утас 1600 метр, 8 ширхэг модон ор, 8 ширхэг орны гудас, 8 ширхэг хөнжил, эдгээр эд зүйлсийг ачиж аваад явсан. Тухайн үед нэхэмжлэгч Л.Н эдгээр 3 гэр аавын чинь өмч хөрөнгө биш гэж хэлсэн боловч огт тоогоогүй, боль гэж хэлэхэд охинтой нь хамт зодсон байсан.

Бид, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бөгөөд уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өмнөх шүүх хуралдаан бүрт дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул гэр болон гэрийн тавилгын зах зээлийн үнэ гэж нийт 8 410 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ш.Э нь Г.Шгийн охин бөгөөд түүний аав 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Хариуцагч нь аав болон нэхэмжлэгч Ш.Нэргүйтэй хамт амьдарч байгаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Л.Н, Г.Ш нар хамт амьдарч байгаад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлуулах үед гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаан үүсч, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, номтын ...тоот хаягт байрлах газрыг шийдвэрлүүлсэн.

Үүнээс гадна 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаар шийдвэрээр “Э.З” ХХК нь Л.Нд холбогдуулан 17 850 000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Г.Ш гэж хүн Л.Нгээс өнөөдрийн маргаж байгаа 5 ханатай гэр, модон ор, 10 ширхэг, 40 тонны контейнер 2 ширхгийг нэхэмжилсэн боловч компанийн эд хөрөнгө болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тус шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангасан ба нэхэмжлэгч Л.Н нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа 5 ханатай 2 гэрийн мөнгийг би өөрөө төлсөн учраас аваад явсан, 10 ширхэг модон орыг Г.Штэй хамт явж байгаад авсан гэсэн байсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сувиллын газар ажиллуулж байсан гэсэн боловч дээр дурдсан шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаар өөрөө үүнийг үгүйсгэсэн байсан. Одоо энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагчийг маргаж байгаа зүйлийг аваад явсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.

Нотариатчдын танхимаас тодруулга авахад Ш.Э нь өв хөрөнгө өвлөж авсан зүйл байхгүй гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар Ш.Э нь хариуцагч биш байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан түүнтэй холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч тус нэхэмжлэлд хариуцагч Ш.Эг тухайн хөрөнгүүдийг авч явсан гэсэн үйл баримтыг нотлох баримт алга байна.

Шүүх гагцхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Нн гаргасан хариуцагч Ш.Эд холбогдох 8 410 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Нн гаргасан нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 5 удаа нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүйгээр татгалзсан. Үүнд бүрдүүлбэр дутуу, хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн.

Анхан шатны шүүх, миний шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаас, 8 ширхэг рентген зургийг буцаасан. Мөн нэхэмжлэгч талын банкнаас нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах, шинжээч томилуулах зэрэг хүсэлтүүдийг гаргах боломж олгоогүй. Шүүх хуралдаанд би 8 ширхэг рентген зургийг бодит байдлаар тайлбарлаж цагдаа, прокуроруудын авлига, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөөд мөрдөн байцаалтын ажиллагаа шударгаар явагдаагүйг, мөн хуулийн байгууллагуудад өгсөн нэхэмжлэгч Л.Нгийн зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг тайлбарлаж нотлох ёстой байсан юм. Шүүгч нотлох баримтуудыг бүрэн аваагүй байж шүүх хуралдааны дунд үед надаас “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтаар солихгүй юм уу” гэж асуугаад байсан. Би хариулт болгож “үгүй” гэж хариулсан. Мөн нэхэмжлэгч талд хуулиар олгогдсон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх боломж олгоогүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Ш.Эг “5 ханатай иж бүрэн гэр, 2 ширхэг 4 ханатай иж бүрэн гэр, 3 ширхэг төслийн зуух, 1600 м цахилгааны утас, 8 ширхэг модон ор, гудас, хөнжил тус бүр 8 ширхэг эд зүйлийг булаан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр түүнээс 8 410 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Л.Н нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст талийгаач нөхөр Г.Шг дээрх эд зүйлийг хүчээр авч явсан асуудлаар гомдол гарган шалгуулж байсан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай албан бичиг, Л.Нгийн хохирогчийн байр сууринаас өгч байсан мэдүүлэг, прокурорын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05, мөн сарын 23-ны өдрийн .... дугаартай тогтоолууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-37, 50-51,53-55/

Хариуцагч Ш.Эгийн хувьд нэхэмжлэгч Л.Нгийн нөхөр болох талийгаач Г.Шгийн төрсөн охин, хууль ёсны өвлөгчийн хувиар өвлүүлэгчээс дээрх үнийн дүн бүхий эд зүйлийг өвлөн авсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн “Э.З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Нд холбогдох эд хөрөнгийн үнэд 17 850 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Л.Н нь маргаж буй эд зүйлийг өөрөө авсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан нь тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-87-88/

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Ш.Эг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлоогүй тул хариуцагчаас эд зүйлийн үнэд 8 410 000 төгрөг шаардах эрхгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх зохигчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргажээ.  

Шүүх хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байх ба нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, багасгах, ихэсгэх, мөн гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргах эрхийг нь хязгаарласан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. /хх92/

Мөн шүүх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан “Ш.Эд олон удаа зодуулж байсантай холбоотой авахуулсан 8 ширхэг томографийн зураг” гэх баримтыг  маргааны үйл баримтад ач холбогдолтой эсэх талаас нь үнэлж, хүлээн авах эсэхийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. /хх-78/

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн      149 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

 

                                 ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                   Ч.ЦЭНД