Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/02512 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020            09             21                                                183/ШШ2020/02512                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х.Ч гомдолтой,

 

Хариуцагч: Н ш ш г г холбогдох,

 

            Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Г.У, түүний өмгөөлөгч Х.У, гэрч Э.Э, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ч шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар Х.Ч 75,000,000 төгрөг гаргуулж Г.У олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд-71 дүгээр байр, 27 тоот хаягт байрлах 46,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд “Хөрөнгө Эстимейт” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 154/01 дүгээр дүгнэлтээр дээрх орон сууцыг 84,731,100 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланд зах зээлийн үнийг зах зээлийн харьцуулах хандлагын аргаар тооцсон үнэлгээг бодитой гэж үзэн орон сууцны м.кв талбайг 1.812.817 төгрөгөөр тооцож, нийт 84.731.100 төгрөгөөр үнэлсэн байгаад гомдолтой байна. Уг орон сууц нь Улаанбаатар хотын хамгийн эрэлт ихтэй бүсэд байрладаг ба төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ цөөхөн оршин суугчтай, тэдний тав тухыг бүрэн хангасан байр юм. Үнэлгээчин зах зээлийн харьцуулалт хийхээр сонгосон орон сууцууд нь үнэлж буй орон сууцтай дүйцэхүйц гэж үзэхээргүй байна. Иймд Хөрөнгө  Эстимейт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 154/01 дүгээр дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд-71 дүгээр байр, 27 тоотод хаягт байрлах 46.74 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн уг дүгнэлтийг гаргасан шинжээч Э.Э 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр итгэмжлэл олгосон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Э.Э эрх, үүргийг нь танилцуулсан байна. Иймд эрхгүй этгээд болох Э.Э дүгнэлт гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/Ш32019/ дүгээр захирамжаар Х.Ч 75.01.5000 төгрөгийг гаргуулж Г.У олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байрны 27 тоот нэг өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19290920/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19290920 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны  дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр авагч Г.У 60.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр төлөгч Х.Ч 116.850.000 төгрөгөөр үнийн санал ирүүлж талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4/208 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байрны 27 тоот 46,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 84.731.100 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4/15464 дугаар мэдэгдлийг талуудад хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.У шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Ч нь одоог хүртэл төлбөрөө төлөхгүй маш их хүндрэл учруулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

           

Х.Ч нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/Ш32019/ дүгээр захирамжаар Х.Ч 75.000.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15.000 төгрөгийг тус тус гаргуулан Г.У олгох, Х.Ч нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ха-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байрны 27 тоот нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Уг шүүгчийн захирамжийг Х.Ч нь сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ГХ2019/ дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19290920/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19290920 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-71 дүгээр байр, 27 тоот хаягт байршилтай, 46.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг ирүүлэх”-ийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд талуудын ирүүлсэн саналаар харилцан тохиролцоогүй байх тул 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/208 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/05 дугаар итгэмжлэлээр уг орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг хийж, холбогдох газарт үнэлгээний талаар тайлбар өгөх эрхийг Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй Э.Э итгэмжлэл олгож, шийдвэр гүйцэтгэгч Б.О хуульд заасан журмын дагуу шинжээч Э.Э эрх, үүргийг нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тайлбарлан өгч, шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-71 дүгээр байр, 27 тоот хаягт байршилтай, 46.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 84.731.100 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байх тул Х.Ч нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Х.Ч нэхэмжлэлтэй, Н ш ш г г холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.СЭМЖИД