Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00103

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00103

 

 

Х.Ч-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02512 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Ч-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар Х.Ч-оос 75 000 000 төгрөг гаргуулж Г.Ундралбаярт олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд-71 дүгээр байр, 27 тоот хаягт байрлах 46,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд "Хөрөнгө-Эстимейт ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 154/01 дүгээр дүгнэлтээр дээрх орон сууцыг 84 731 100 төгрөгөер үнэлсэн. Үнэлгээний тайланд зах зээлийн үнийг зах зээлийн харьцуулах хандлагын аргаар тооцсон үнэлгээг бодитой гэж үзэн орон сууцны м.кв талбайг 1 812 817 төгрөгөөр тооцож, нийт 84 731 100 төгрөгөөр үнэлсэн байгаад гомдолтой байна. Уг орон сууц нь Улаанбаатар хотын хамгийн эрэлт ихтэй бүсэд байрладаг ба төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ цөөхөн оршин суугчтай. тэдний тав тухыг бүрэн хангасан байр юм. Үнэлгээчин зах зээлийн харьцуулалт хийхээр сонгосон орон сууцууд нь үнэлж буй орон сууцтай дүйцэхүйц гэж үзэхээргүй байна. Иймд Хөрөнгө-Эстимейт ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 154/01 дүгээр дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-71 дүгээр байр, 27 тоотод хаягт байрлах 46.74 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн уг дүгнэлтийг гаргасан шинжээч Э.Эрдэнэбатад 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр итгэмжлэл олгосон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Э.Эрдэнэбатад эрх, үүргийг нь танилцуулсан байна. Иймд эрхгүй этгээд болох Э.Эрдэнэбат дүгнэлт гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар Х.Ч-оос 75 000 000 төгрөг гаргуулж Г.Ундралбаярт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурагдсан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд-71 дүгээр байр, 27 тоот хаягт байрлах 46,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Төлбөр авагч 60 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч 116 850 000 төгрөг тус тус үнийн санал ирүүлж талууд тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 1 өрөө орон сууцыг 84 731 100 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4\15464 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Ч- нь одоог хүртэл төлбөрөө төлөхгүй маш их хүндрэл учруулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Ч-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох. үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ч-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус тогтоолд "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-иас Э.Эрдэнэбатад 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий итгэмжлэлийг олгосон байтал тус 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №4/208 тоот тогтоолыг "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Э.Эрдэнэбатад танилцуулан, гарын үсэг зуруулсан байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдэд танилцуулах эсхүл "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-иас шинжээч Э.Эрдэнэбатад итгэмжлэл олгосны дараагаар тус тогтоолтой танилцуулах ёстой байхад тухайн хөрөнгийн үнэлгээний тайланг хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүгч нь оролцогчын хүсэлтээр шинжээч Э.Эрдэнэбатыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу гэрчээр оролцуулах захирамж гаргасан. Э.Эрдэнэбат нь мэдүүлэгтээ орон сууцыг үнэлэхдээ 2017 онд батлагдсан Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан хийсэн" гэх ба 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Олон улсын үнэлгээний стандарт нь шинэчлэгдэн батлагдсан ба тус хөрөнгийн үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын 24 өдөр хийсэн байх тул 2020 онд батлагдсан Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан хөрөнгийн үнэлгээг хийгээгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан байх ба шинжээч Э.Эрдэнэбат нь 1 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийх явцад тухайн орон сууцны дотоод байдлыг харуулсан ямар нэгэн гэрэл зургийн үзүүлэлт бүхий материалыг тус хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргаагүй. Мөн тус хөрөнгийн үнэлгээний тайланг "зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга"-аар хийсэн байх ба үүнээс зах зээлийн хандлагын аргыг сонгон авч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон байдаг. Зах зээлийн хандлагын арга гэдэг нь тухайн үнэлж буй хөрөнгийг үнийн мэдээлэл нь бэлэн, олдоцтой байгаа ижил буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулан хийдэг гэсэн байна. Тухайн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан, харьцуулагдаж буй орон сууцнууд нь орон сууцаа үнэлж буй үнэлгээ нь тухайн хүний өөрийн өнгө, үзэмж, хүсэл зоригоор тогтоосон үнэ байх ба тус орон сууцыг яг тухайн үнээр худалдан борлуулсан талаар ямар нэгэн судалгаа, нотолгоо, баримт бичиг байхгүй байтал нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг тус орон сууцнуудтай харьцуулсан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Шинжээч Э.Эрдэнэбат нь шүүх хуралдааны үед хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдүүлсэн байхад шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанчлан тус гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, мөн тус шийдвэртээ энэ талаар ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Х.Ч- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/Ш32019/07861 дугаар захирамжаар Х.Ч- нь Г.Ундралбаярт 75 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийн хамт төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. / хх-ийн 22 /

Хариуцагч байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа олгосон боловч төлбөр төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19290920/03 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-71 дүгээр байр, 27 тоотод байрлах, 46.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 19290920 дугаар тогтоолоор хураажээ. / хх-ийн 25, 28 /

 

Мөн албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар санал авахад төлбөр төлөгч Х.Ч- 116 850 000 төгрөгөөр, төлбөр авагч Г.Ундралбаяр 60 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасан үйл баримт тогтоогдсон байна / хх-ийн 33-35 /

Иймд дуудлага худалдаа явуулахаас өмнө иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-71 дүгээр байр, 27 тоотод байрлах, 46.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 84 731 100 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 36, 41-55 /

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч Уг орон сууц нь Улаанбаатар хотын хамгийн эрэлт ихтэй бүсэд байрладаг ба төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ цөөхөн оршин суугчтай. тэдний тав тухыг бүрэн хангасан, зах зээлийн харьцуулалт хийхээр сонгосон орон сууцууд нь үнэлж буй орон сууцтай дүйцэхүйц гэж үзэхээргүй байна  гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Шинжээч томилох тухай тогтоол 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гарч, "Хөрөнгө-Эстимэйт" ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр Э.Эрдэнэбаярт итгэмжлэл олгож, шийдвэр гүйцэтгэгч Э.Эрдэнэбатад эрх, үүргийг нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тайлбарлан өгсөн тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 38 /

Мөн, "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчин Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд оролцож, орон сууцыг ямар аргачлалаар, хэрхэн үнэлсэн талаар болон 2017 оны Олон улсын үнэлгээний стандарт хүчингүй болоогүй талаар тус тус тодорхой тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно. Үнэлгээний тайланд байрны гадаад орчны гэрэл зургийг хавсаргасан, орон сууцны дотоод орчныг харуулсан гэрэл зураг хавсаргаагүй нь уг үнэлгээг хүчингүй болох үндэслэл болохгүй юм. /хх 103,104/

Иймд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ