Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00969

 

 

.....................-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02512 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 103 дугаар магадлалтай,

.....................-ын нэхэмжлэлтэй,

.......................-т холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., гуравдагч этгээд ..............., түүний өмгөөлөгч ........................, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.6.26-ны өдрийн шүүгчийн захирамжаар .................-оос 75,000,000 төгрөг гаргуулж ..................-т олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох миний өмчлөлийн .............. дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд-71 дүгээр байр, ............ тоот хаягт байрлах 46,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд “.........................” ХХК нь 2020.4.24-ний өдрийн 154/01 дүгээр дүгнэлтээр дээрх орон сууцыг 84,731,100 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланд зах зээлийн үнийг зах зээлийн харьцуулах хандлагын аргаар тооцсон үнэлгээг бодитой гэж үзэн орон сууцны м.кв талбайг 1,812,817 төгрөгөөр тооцож, нийт 84,731,100 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Уг орон сууц нь Улаанбаатар хотын хамгийн эрэлт ихтэй бүсэд байрладаг ба төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ цөөхөн оршин суугчтай, тэдний тав тухыг бүрэн хангасан байр юм. Үнэлгээчин зах зээлийн харьцуулалт хийхээр сонгосон орон сууцууд нь үнэлж буй орон сууцтай дүйцэхүйц гэж үзэхээргүй байна. Иймд “.........................” ХХК-ийн 2020.4.24-ний өдрийн 154/01 дүгээр дүгнэлтээр ................... дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-71 дүгээр байр, ............. тоотод хаягт байрлах 46.74 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн уг дүгнэлтийг гаргасан шинжээч ..................-д 2020.4.16-ны өдөр итгэмжлэл олгосон байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2020.4.14-ний өдөр “.........................” ХХК-ийг шинжээчээр томилж, .................-д эрх, үүргийг нь танилцуулсан байна. Иймд эрхгүй этгээд болох .................. дүгнэлт гаргасан гэжээ.          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.6.26-ны өдрийн шүүгчийн захирамжаар .................-оос 75,000,000 төгрөг гаргуулж ...................-т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдагдсан ............. дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд-71 дүгээр байр, .......... тоот хаягт байрлах 46,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Төлбөр авагч 60,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч 116,850,000 төгрөг тус тус үнийн санал ирүүлж талууд тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 1 өрөө орон сууцыг 84,731,100 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4/15464 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ................. нь одоог хүртэл төлбөрөө төлөхгүй маш их хүндрэл учруулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02512 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан .....................-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ..................-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 103 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................. хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 103 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын шатны гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх хуулийн шаардлагыг хангаагүй.

Давж заалдах шатны шүүх тус орон сууцыг үнэлсэн үнэлгээний тайланг хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзсэн талаар: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн 2020.04.14-ний өдрийн 4/208 тоот тогтоолоор “.........................” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Тус тогтоолд “.........................” ХХК-аас .................-д 2020.04.16-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий итгэмжлэлийг олгосон байтал тус 2020.04.14-ний өдрийн 4/208 тоот тогтоолыг “.........................” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох ...................-д танилцуулан, гарын үсэг зуруулсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасан байгаагаас үзвэл тус шинжээч томилох тухай тогтоолыг “.........................” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдэд танилцуулах эсхүл “.........................”  ХХК-аас шинжээч .................-д итгэмжлэл олгосны дараагаар тус тогтоолтой танилцуулах ёстой байхад тухайн хөрөнгийн үнэлгээний тайланг хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Мөн давж заалдах шатны шүүх нь тус үнэлгээний тайланг хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзсэн атал тус тайлангийн “1.5 Үнэлж буй хөрөнгийн төлөв байдал” хэсэгт тус орон сууц нь гадна орчин, тохижилт сайн гэх, тухайн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан, харьцуулагдаж буй орон сууцнууд нь Unegui.mn гэх сайтаас авагдсан байх ба тухайн орон сууцыг худалдах зарыг тус орон сууцны өмчлөгч болох хувь хүмүүс байршуулдаг бөгөөд орон сууцаа үнэлж буй үнэлгээ нь тухайн хүний өөрийн өнгө, үзэмж, хүсэл зоригоор тогтоосон үнэ байх ба тус орон сууцыг яг тухайн үнээр худалдан борлуулсан талаар ямар нэгэн судалгаа, нотолгоо, баримт бичиг байхгүй байтал нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг тус орон сууцнуудтай харьцуулсан нь үндэслэлгүй гэх тайлбарыг өгсөн ч шүүхийн 2021.01.08-ны өдрийн 103 дугаар магадлалын Хянавал хэсэгт “нэхэмжлэгч тал гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна” гэсэн нь нэхэмжлэгч талаас бус хөрөнгийн үнэлгээчин бүрдүүлэх шаардлагатай зүйлийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2020.04.24-ний өдрийн 01/33 дугаар “Хөрөнгийн үнэлгээний тайлан’’-гийн тухай: Шүүгч нь оролцогчийн хүсэлтээр шинжээч ..................-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэж үзэн гэрчээр оролцуулах захирамж гаргасан ба ................. нь 2020.09.28-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг маргаанд гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ “...тухайн .............. дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байрны .............. тоотод байрлах 46.74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үнэлэхдээ 2017 онд батлагдсан Олон улсын үнэлгээний стандарт /ОУҮС/-ыг баримтлан хийсэн гэх ба 2020.01.01-ний өдөр Олон улсын үнэлгээний стандарт /ОУҮС/ нь шинэчлэгдэн батлагдсан тус хөрөнгийн үнэлгээг 2020.04.24-ний  өдөр хийсэн байх тул 2020 онд батлагдсан Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан хөрөнгийн үнэлгээг хийгээгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба гэрэл зургийн үзүүлэлтийг хоёр хувь үйлдэн нэг хувийг шүүхийн шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна” гэж заасан ба шинжээч ................. нь ................ дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байрны ............. тоотод байрлах 46.74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийх явцад тухайн орон сууцны дотоод байдлыг харуулсан ямар нэгэн гэрэл зургийн үзүүлэлт бүхий материалыг тус хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргаагүй.

Мөн тус хөрөнгийн үнэлгээний тайланг “зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга”-аар хийсэн байх ба үүнээс зах зээлийн хандлагын аргыг сонгон авч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон байдаг. Зах зээлийн хандлагын арга гэдэг нь тухайн үнэлж буй хөрөнгийг үнийн мэдээлэл нь бэлэн, олдоцтой байгаа ижил буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулан хийдэг гэсэн байна. Шинжээч .............. нь шүүх хуралдааны үед хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдүүлсэн байх ба шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанчлан тус гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, мөн тус шийдвэртээ энэ талаар ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байтал давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад үүний талаар огт дурдаагүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 103 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, шинжээчээр томилогдсон “.........................” ХХК нь 2020.04.16-ны өдрийн 01/05 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгчийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг хийж, холбогдох газарт үнэлгээний талаар тайлбар өгөх эрхийг Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ......................д итгэмжлэл олгож, мөн өдөр нь шийдвэр гүйцэтгэгч ..................... хуульд заасан журмын дагуу шинжээч -д эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, шинжээчийн 2020.04.24-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар “................. дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-71 дүгээр байр, ......... тоот хаягт байршилтай, 46.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 84,731,100 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн, хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр “.........................” ХХК-иас 2020.04.16-ны өдөр итгэмжлэл авсан шинжээч .................. тус компанийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолтой 2020.04.14-ний өдөр танилцаж, гарын үсэг зурсан байх боловч нэгэнт хууль ёсны итгэмжлэлийн дагуу үнэлгээ хийж 2020.04.24-ний өдөр тайланг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн, түүнчлэн төлөөлүүлэгчийн зүгээс итгэмжлэлээ үгүйсгээгүй, уг үнэлгээний компани болон үнэлгээчинг шинжээчээр оролцуулж болохгүй гэх үндэслэл байхгүй /тогтоогдоогүй/ тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.“Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэснийг зөрчөөгүй, иймд “үнэлгээ гаргах эрхгүй этгээд үнэлгээ хийсэн байхад шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй тул нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс unegui.mn сайтад тавигдсан зар нь бодит бус гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох ёстойгоос гадна зах зээлийн хандлагын аргыг хэрэглэхдээ жишиж буй хөрөнгө нь заавал “худалдан борлуулагдсан үнэ байх /түүнийг нь нотолсон баримт, судалгаанд үндэслэх/ ёстой гэж журамлаагүй тул “зар дээр байгаа орон сууцны үнэтэй нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг харьцуулсан нь үндэслэлгүй, холбогдох баримтыг нэхэмжлэгчээс бус үнэлгээчнээс шаардах ёстой” гэсэн утгатай гомдол үндэслэлгүй юм.

  Мөн “шинжээч үнэлгээ хийхдээ 2020.01.01-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан олон улсын үнэлгээний стандартыг баримтлаагүй, орон сууцны дотоод байдлыг харуулсан гэрэл зургийг үнэлгээний тайланд хавсаргаагүй, шинжээчийн мэдүүлгийг үнэлээгүй гэх гомдлын тухайд, давж заалдах шатны шүүхээс “...шинжээч ................. шүүх хуралдаанд оролцож, орон сууцыг ямар аргачлалаар, хэрхэн үнэлсэн талаар болон 2017 оны олон улсын үнэлгээний аргачлал хүчингүй болоогүй талаар тайлбарласан, орон сууцны дотоод орчныг харуулсан зураг хавсаргаагүй нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 103 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                Б.МӨНХТУЯА

                                                          Б.УНДРАХ