Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01271

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01271

 

 

Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/03305 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0248 дугаар магадлалтай,

 

Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

М.Намсрайд холбогдох

 

6,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 20,990,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч М.Намсрайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Өршөөл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч М.Намсрайд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээр 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 20,990,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/03305 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 06 сарын 09-ний өдрийн гэрчилгээний 000068804, улсын бүртгэлийн Ү-2201021146 дугаартай, 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрчилгээний 000039675, улсын бүртгэлийн Ү-2201010236 дугаартай 449 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч М.Намсрайгаас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцэгмаад олгож, 20,990,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Намсрайгаас 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэцэгмаад олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0248 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/03305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч М.Намсрай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.27-ны өдрийн 0248 дугаартай магадлалыг 2021.02.10-ны өдөр гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна:

4.1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Цэцэгмаа болон М.Намсрай нарын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхдээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа тохиолдолд уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан. Дээрх хуульд зааснаар хариуцагчийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр Д.Цэцэгмаад шилжиж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг үүснэ. Иймд зохигчид худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн. Гэтэл хэргийн үйл баримтаас үзвэл талууд байгуулсан гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу эхлээд 6,000,000 төгрөг болох газрын үнийг урьдчилж төлөөд үлдэгдэл үл хөдлөх хөрөнгийн 6,000,000 төгрөгийг нэг сарын дараа төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээний дагуу нэхэмжлэгч 6,000,000 төгрөгийг хариуцагчид төлж, хариуцагч нэхэмжлэгчид гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул, 16 гудамж, 68 тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нийт 4 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэж улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагаа хойшилсон бөгөөд нэхэмжлэгчид дахин үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээр улсын бүртгэлд бүртгүүлэн эд хөрөнгийг шилжүүлж өгөх ажиллагаа явагдаж чадаагүй. /Иргэний хуулийн 219.2 дэх хэсэг, 291.3 дах хэсэг/

Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчтэй хууль ёсны дагуу харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээг байгуулан нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас өөрийн үл хөдлөх хөрөнгөө ямар ч үнэ төлбөргүй ашиглуулж, эвдэлж гэмтээлгэн хохирсон бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр намайг хохироосон буруутай этгээдэд шийдвэр гаргаж байгаа явдал нь шударга бус байна.

 

4.2. Нөгөө талаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч бид нар бүгд 2016.06.09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж хэн хэн нь хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Тус гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг зөвшөөрдөг. Энэхүү нөхцөл байдал талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56.3-д зааснаар хүчин төгөлдөр байхад талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэж, 56.5-д зааснаар шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд; Хариуцагч миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Цэцэгмаад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дэх хэсэг, 219.3 дах хэсэгт тус тус зааснаар худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан үл хөдлөх хөрөнгийн төлбөр 6,000,000 сая төгрөгийг 4 жилийн хугацаанд хангалттай барагдуулж авч чадах хугацаа олгосон байтал үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүргэж, тус байшинг нэхэмжлэгчид зарж борлуулаагүй байсан бол 4 жилийн хугацаанд зах зээлийн хамгийн хямд үнээр сарын 150,000 төгрөгөөр бусдад хөлсөлж 6,300,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан хэмээн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2 дах хэсэгт тус тус зааснаар шаардсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр байхад хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хөндлөнгийн мэргэжлийн шинжээчээр тухайн үеийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийн үнийг тогтоолгон дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй, гомдол гаргах эрхтэй, эрхгүй гэдэг захирамжийг ч бүрэн сонсголгүй хэргийг шийдвэрлэн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдлыг анхааралгүйгээр шийдвэр гаргасан.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0248 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан түрээсийн орлого болох 6,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Цэцэгмаагаас гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагч М.Намсрайн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч М.Намсрайд холбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ 2016 онд М.Намсрайгаас Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул, 16 дугаар гудамж, 68 тоот хаягт байрлах хашаа, байшинг 12,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг шилжүүлэх гэтэл 2012.08 сард шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байна гэсэн. Хариуцагч нь өөрөө үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээс нэр шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул өгсөн 6,000,000 төгрөгөө гаргуулна гэж тайлбарласан байна.

7. Хариуцагч М.Намсрай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2016.06.09-ний өдөр газраа 5,000,000 төгрөгөөр, байшингаа 7,000,000 төгрөгөөр зарахаар тохирч, хашаа байшингаа 2016.10.18-ны өдөр хүлээлгэн өгсөн, ... 6,000,000 төгрөгийг 2016.10.11-ний өдөр хүлээж авсан, үлдэх мөнгийг 1 сарын дараа авахаар тохирсон. ... 2019.12 сард хорооны хэсгийн ахлагч Бямбасүрэн утсаар ярьж манай байшинд хүн амьдарч байгаа эсэхийг асууж, хашааны хаалга, банз байхгүй, байшингийн цонх хагарсан байгааг хэлсэн. Цэцэгмаа нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ... миний бие гэрээний үүргээ биелүүлж хашаа, байшингаа суллаж, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг авснаас хойш Д.Цэцэгмаа үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байсан ба үлдэгдэл төлбөрөө төлөөд хашаа, байшингаа өөрийн болгох хангалттай хугацаа өнгөрсөн тул нөхөн төлөх бүрэн боломжтой байсан. гэж маргасан байна.

 

8. Хариуцагч 20,990,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ 2016.11.18-ны өдрөөс хойш байшингаа хамгийн бага өртгөөр буюу 150,000 төгрөгөөр 42 сарын хугацаанд түрээсэлсэн бол 6,300,000 төгрөг олох байсан. ... Д.Цэцэгмаад байшингаа шилжүүлээд би өөрөө байр хөлсөлж амьдарч байсан. ... ингэхдээ 300,000 төгрөгөөр 15 сар, 450,000 төгрөгөөр 24 сар хөлсөлж 14,690,000 төгрөг төлсөн, дээрх 6,300,000 төгрөг нийт 20,990,000 төгрөгийг Иргэний хуулийн 264.2-т заасан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гэж шаардана гэсэн бол нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч ...Намсрайн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө шилжиж ирээгүй ..., төлбөр гүйцэд шилжүүлснээр өмчлөх эрх шилжихээр тохирсон, ... үл хөдлөх эд хөрөнгийг ББСБ-ын барьцаанд тавьж шилжүүлнэ гэж тохироогүй ... тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн үед бусдад худалдсан нь хууль бус гэж үзэн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, иймээс хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг шаардлага болох нэхэмжлэгчээс 20,990,000 төгрөг гаргуулах шаардлага нь нэхэмжлэгч Д.Цэцэгмааг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэнтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсонгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч Д.Цэцэгмаа хариуцагч М.Намсрай нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэн, анхан шатны шүүхийн баримталсан хууль зүйн үндэслэлийг энэ агуулгаар өөрчилжээ. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг хэвээр үлдээжээ.

11. Талууд 2016.06.09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул, 16 дугаар гудамж, 68 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201010236 дугаартай, өмчлөх эрх бүхий 449 м.кв газрыг 5,000,000 төгрөгөөр, Ү-2201021146 дугаартай 56 м.кв талбайтай хувийн сууцыг 7,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохирсон үйл баримтын тухайд маргаагүй байна. Энэ ч агуулгаар хариуцагч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо зохигчид өөрсдийн байгуулсан гэрээ байгуулагдсан үйл баримтын тухайд маргаагүй байхад хоёр шатны шүүхээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дурдсан байна.

12. Хэдийгээр байгуулсан гэрээнийхээ хүчин төгөлдөр байдалд зохигч маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх нь шүүх хэнээс ч үл хамааран зайлшгүй хийх алхам мөн. Учир нь гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоосноор гэрээнээс үүдсэн шаардах эрх нэхэмжлэгчид, эсхүл сөрөг нэхэмжлэл гаргасан этгээдэд бий эсэхийг тодорхойлох учиртай. Иймд энэ талаар хууль зүйн дүгнэлт өгсөн хоёр шатны шүүхийн үйлдлийг буруутгахгүй.

13. Харин анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийжээ. Маргаан бүхий гэрээний худалдагч тал болох М.Намсрай үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн байхад буюу түүний өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарласан үед үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ нь уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл буюу ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн нөхцөлд хамаарна. Энэ үндэслэлээр газар ба хувийн сууцыг худалдах худалдаж авахаар тохирсон үүргийн ба мөнгө шилжүүлсэн өмчийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тул энэ талаар өгсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

14. Нэгэнт талуудын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

15. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан үндсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул гэрээний улмаас учирсан хохирол гэх 20,990,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан ба давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Нэхэмжлэгч ба хариуцагчийн хэн аль нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй боловч маргаан бүхий тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсанд нэхэмжлэгчийг буруутгах нөхцөл тогтоогдсонгүй.

16. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Намсрайн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0248 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Намсрайн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М.Намсрайн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.02.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.