Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00248

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00248

 

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/03305 дугаар шийдвэртэй

Д.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Нд холбогдох

6 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 20 990 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Бат-Өршөөл, хариуцагч М.Н, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Өршөөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 10 хороо, Зүүн баян уул 16 гудамж, 68 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байрлах 449 мкв талбайтай хашааг өөрийн нагац дүү М.Нгаас 12 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6 000 000 төгрөгийг цалингийн зээл авч төлсөн. Д.Ц, М.Н нар ах, дүүсийн хүүхэд тул үлдэгдэл 6 000 000 төгрөгийг ямар нэгэн хүү, хугацаа тохиролцохгүй төлж дуусгаад нэр дээрээ шилжүүлж авахаар амаар тохиролцсон байдаг. 2019 оны намраас 2020 оны 02 сар хүртэл 3 сар орчим амьдарч байгаад гэртээ иртэл хашаа, байшинд нь өөр айл нүүж орсон, эд хогшлыг нь хашаанд байх амбаарт хийсэн байсан. М.Нтай очиж уулзтал та үлдэгдэл мөнгөө өгөөд ор, үгүй бол би энэ айлд зарна шүү гэж хэлсэн. Тэгээд хамт үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бичиг баримтаа өгөөд шилжүүлэх гэтэл М.Н нь 2011 онд Хас банк ХХК-аас зээл аваад төлөөгүй, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө учир шилжүүлэх боломжгүй гэсэн. Би байшингаа авахгүйгээр урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авах гэтэл М.Н Би мөнгийг тань буцаан өгч чадахгүй, та олон сар суугаа биз дээ, түрээсийн мөнгөнд тань 6 000 000 төгрөгийг чинь суутгаж авлаа гэж хариу хэлсэн. Тухайн үед Д.Өрнөх нь худалдах, худалдан авах гэрээ хийхэд хамт байлцсан хүн бөгөөд Д.Ц, М.Н нар үлдэх 6 000 000 төгрөгийг дараа төлнө, хугацаа заагаагүй гэдгийг мэдэж байгаа, гэтэл М.Н үлдэх 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр тохирсон гэж байгаа нь ямар ч боломжгүй, үндэслэлгүй. Хариуцагч нь өөрөө үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээс нэр шилжүүлэх боломжгүй байсан учраас нэхэмжлэгч хашаа, байшингаа авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул өмнө нь өгсөн 6 000 000 төгрөгөө буцаан шаардаж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нотлох баримтгүй, үндэслэлгүй тул шаардах эрхгүй гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н нь 2016 оны 6 дугаар сард өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 16 гудамж, 68 тоотод байрлах 449 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг 12 000 000 төгрөгөөр өөрийн нагац эгч Д.Цд худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд гэрээ хийгдсэн ба гэрээнд өвчин, зовлон ямар ч хамааралгүй бөгөөд хөрөнгийн холбоотой маргаан үүссэн. Нэхэмжлэгч өөрөө 1 сарын хугацаанд худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлнө гэдгээ хэлсэн ба төлж чадахгүй тохиолдолд тухайн хашаа, байшинг банк бус санхүүгийн байгууллагаар судлуулан үлдэгдэл 6 000 000 төгрөгийг гаргаж өгнө гэдгээ ч мөн хэлсэн. Д.Ц хашаа, байшинг эзэнгүй орхиж, хаалга, цонх нь онгорхой байсныг хэсгийн ахлагч Бямбасүрэн утсаар надад хэлсэн. Хас банк ХХК-тай холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний харилцах дансыг хаасан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч Д.Ц нь 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, М.Н нь гэрээний үүргээ биелүүлж хашаа, байшингаа суллаж, урьдчилгаа 6 000 000 төгрөг авснаас хойш Д.Ц нь үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байсан ба үлдэгдэл төлбөрөө яаж, ямар байдлаар өгөх эсэхээ албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Мөн үлдэгдэл 6 000 000 төгрөгөө хэсэгчлэн төлөөд хашаа, байшингаа өөрийн өмчлөл болгох хангалттай хугацаа өнгөрсөн, худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тул төлөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч М.Н сөрөг нэхэмжлэлдээ: Би 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул, 16 гудамж, 68 тоот хаягт байрлах 449 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 5 000 000 төгрөгөөр, мөн тус хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 7 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож 6 000 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч, үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцон 2016 оны 10 сарын 18-ны өдөр хашаа, байшингаа худалдан авагч Д.Цд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Ийнхүү гэрээ хийснээс хойш худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлнө, удахгүй төлнө гэсэн элдэв шалтаг шалтгаан тавьж өдийг хүртэл төлбөрийг хойшлуулж ирсэн. 2019 оны 12 сард тус хорооны хэсгийн ахлагч Бямбасүрэн над руу утасдан танай хашаа, байшинд хүн амьдарч байгаа юм уу, хашааны хаалга чинь байхгүй, банз нь байхгүй, байшингийн чинь цонх хагарсан байна гэж хэлсний дагуу хашаа, байшин дээрээ очтол Д.Ц нь надад хэлэлгүй нүүсэн нь тодорхой болсон. Би Д.Цд хашаа, байшингаа зарсан даруйдаа буюу 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн иргэн Энхсаруулын Баянгол дүүрэг, 25 дугаар хороо Голден парк хотхонд байрлалтай нэг өрөө байрыг сарын 300 000 төгрөгөөр 15 сарын хугацаатай түрээсэлж, нийт 4 500 000 төгрөг төлсөн, мөн 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн иргэн П.Ганчимэгтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон 303 дугаар байрны 170 тоот байрлах 2 өрөө байрыг сарын 450 000 төгрөгөөр 24 сарын хугацаатай түрээсэлж 10 190 000 төгрөгийг төлж, нийт түрээсийн төлбөрт 14 690 000 төгрөгийг төлж хохирсон. Иймд худалдан авагч Д.Цгийн төлбөрөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас орон сууцын түрээсийн төлбөр 14 690 000 төгрөг мөн худалдах, худалдан авах гэрээгээр Д.Цд хүлээлгэн өгсөн хашаа, байшинд нэхэмжлэгчийн 42 сар амьдарсан түрээсийн төлбөрийг сарын 150 000 төгрөгөөр тооцон 6 300 000 төгрөг, нийт 20 990 000 төгрөгийг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, 264.2-т Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Өршөөл сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан үлдэгдэл 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлнө гэсэн нь яагаад ч боломжгүй зүйл гэдгийг М.Н болон ах, дүү, хамаатан садан нар нь мэдэж байсан. 12 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг зээлээр төлснийг М.Н мэдэж байсан. 6 000 000 төгрөгийн зээлтэй байсан хүн үлдсэн 6 000 000 төгрөгийг нэг сарын хугацаанд өгнө гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. М.Нн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ц албан ёсоор шилжүүлж аваагүй, гүйцэд төлж дууссаны дараа шилжүүлнэ гэж тохиролцоод гэрээ хийсэн. Үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж шилжүүлнэ гэж хэлж байгаа нь мөн худал юм. Иймээс сөрөг нэхэмжлэл нотлох баримт, үндэслэх зүйлгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 06 сарын 09-ний өдрийн гэрчилгээний 000068804, улсын бүртгэлийн Ү-2201021146 дугаартай 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 06 сарын 09-ний өдрийн гэрчилгээний 000039675, улсын бүртгэлийн Ү-2201010236 дугаартай 449 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч М.Нгаас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, 20 990 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нгаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн СХД, 10 хороо, Зүүн баян уул, 16 гудамж, 68 тоот хаяг, үл хөдлөх байсан уу, үндэслэл бүхий байсан уу, хуулийн дагуу байсан гэдгийг шалгахгүйгээр шууд намайг буруутган хууль зөрчсөн гэж үзэн шийдвэрлэсэн нь шударга бус бөгөөд хариуцагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж байхдаа миний эд хөрөнгийг ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн гэдгийг огт мэдээгүй байсан төдийгүй шүүхийн шийдвэрийн төлбөр болон Хас банк ХХК-нд төлөх төлбөрийг хариуцагч нь зөрчил дутагдал гаргалгүйгээр аль хэдийн төлж барагдуулан дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бичгийг нэхэмжлэгч Цэцэгмаа хэлэхэд мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа уг бичгийг хүчингүй болгож сэргээлгэж авсан. Түүнээс бол анхнаасаа нэхэмжлэгчийг хуурч, залилан эд хөрөнгөө зарж борлуулаагүй гэж огт бодож байгаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ингээд түдгэлзүүлсэн байсныг ч огт мэдээгүй байсан. Гэтэл иргэн миний өөрийн эд хөрөнгөө зарчхаад нийт 4 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө авч чадалгүй хөрөнгөө ашиглуулж хохирсон бодит нөхцөл байдлыг ойлгохгүйгээр гэрээний дагуу төлөх төлбөрөө хугацаандаа өгөхгүй намайг хохироосон этгээдэд шийдвэр гаргаж байгаа явдал нь шударга бус байна. Нөгөө талаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч бид нар бүгд 2016 оны 6 сарын 09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж хэн хэн нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байхад, анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлага болох 6 сая төгрөг гаргуулах хэргийн хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай болгон хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Цгаас худалдсан үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг 4 жилийн хугацаанд хангалттай барагдуулж авч чадах хугацаа олгосоор байтал үлдэгдэл мөнгөө өгөхгүй өдийг хүргэсэн. Тус байшинг нэхэмжлэгчид зарж борлуулаагүй байсан бол 4 жилийн хугацаанд зах зээлийн хамгийн хямд үнээр сарын 150 000 төгрөгөөр бусдад хөлсөлж 6 300 000 төгрөгийн орлого олох боломжтой байсныг нотлох зорилгоор хөндлөнгийн мэргэжлийн шинжээчээр тухайн үеийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрийн үнийг тогтоолгон дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй, гомдол гаргах эрхтэй, эрхгүй гэдэг захирамжийг ч бүрэн сонсголгүй хэргийг шийдвэрлэн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч надтай анх гэрээ байгуулахдаа үлдэгдэл 6 сая төгрөгийг нэг сарын дараа банкнаас зээл аваад өгнө гэж авсан байсан бөгөөд энэ нь хэргийн материалд авагдсан Д.Цгийн Хас банкнаас авсан цалингийн зээлийн гэрээгээр нотлогддог бөгөөд цалингийн зээлээ авангуутаа төлөлгүй өдий хүртэл нийт 4 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр өөрт ашигтайгаар ашиглаж, эзэмшиж ирсэн бөгөөд миний эд хөрөнгийг ариг гамгүй хэрэглэн орхиж явсан гэдэг нь хэрэгт авагдсан талуудын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүхээс хариуцагч миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Цг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэнтэй шалтгаант холбоо байхгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч М.Нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээр 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч М.Н эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 20 990 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц хариуцагч М.Н нар 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 10 хороо, Зүүн баян уул 16 гудамж, 68 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууцыг 7 000 000 төгрөг, мөн хаягт байрлах 449 м.кв талбайтай газрыг 5 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцжээ. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Ц хариуцагч М.Нд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 6 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч М.Нгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр Д.Цд шилжиж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг үүснэ.

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч Д.Ц хариуцагч М.Н нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагч М.Нгаас 6 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцжээ.

Харин хариуцагч газар, хувийн сууц хөлслүүлж олох байсан орлого 6 300 000 төгрөг, түрээсийн төлбөр 14 690 000 төгрөг нийт 20 990 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Учир нь, хуульд заасан журмыг зөрчиж талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх тул хариуцагч нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний үүргийг зөрчсөн гэх үндэслэлээр хохирол шаардах эрхгүй.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/03305 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрчилгээний 000068804, улсын бүртгэлийн Ү-2201021146 дугаартай 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 06 сарын 09-ний өдрийн гэрчилгээний 000039675, улсын бүртгэлийн Ү-2201010236 дугаартай 449 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч М.Нгаас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 20 990 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М.Нн төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО