Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2020/03305

 

2020 10 30 184/ШШ2020/03305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 24 дүгээр хороо, зээлийн 20 гудамж, 12 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 10 дугаар хороо, зүүн уул 16 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/

6 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 20 990 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Өршөөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмаржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь 2016 онд ******* дүүргийн 10 хороо, уул 16 гудамж, ******* тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байрлах 449 мкв талбайтай хашааг өөрийн нагац дүү М.гаас 12 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 6 000 000 төгрөгийг цалингийн зээл авч төлсөн. Д.*******, М. нар ах, дүүсийн хүүхэд тул үлдэгдэл 6 000 000 төгрөгийг ямар нэгэн хүү, хугацаа тохиролцохгүй төлж дуусгаад нэр дээрээ шилжүүлж авахаар амаар тохиролцсон байдаг.

Д.******* хашаа, байшиндаа ороод амьдарч байтал 2018 онд нөхөр А. нь өвчний учир нас барж, буяны ажлын үеэр М. нь үлдэгдэл мөнгөө боломжоороо өгөөрэй гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нөхөр нь нас барснаар сэтгэл санааны хувьд хэцүү байсан учир дүү Д. түр байхыг хүсэж тэднийд 2019 оны намраас 2020 оны 02 сар хүртэл 3 сар орчим амьдарч байгаад гэртээ иртэл хашаа, байшинд нь өөр айл нүүж орсон, эд хогшлыг нь хашаанд байх амбаарт хийсэн байсан, юун айл вэ гэтэл н оруулсан айл гэсэн. Ингээд М.тай очиж уулзтал Та үлдэгдэл мөнгөө өгөөд ор, үгүй бол би энэ айлд зарна шүү гэж хэлсэн, Д.******* нь ах, дүү, хүүхдүүддээ хэлж, тал бүрээс мөнгө цуглуулан хашаа, байшингийнхаа үлдэгдэл мөнгийг өгөөд нэр дээрээ шилжүүлэн авахаар мөнгөө бариад М.тай дахин уулзахад М. нь Мөнгөө эхлээд өг гэхэд нь Д.******* тэгж болно, гэхдээ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар хамт очоод бичиг баримтаа өгөөд, чи мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд хамт үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бичиг баримтаа өгөөд шилжүүлэх гэтэл улсын бүртгэгч эмэгтэй энэ эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хийхгүй, зогсоосон байна гэж хэлсэн. Түүнийг нь тодруулахад М. нь 2011 онд Хас банкнаас зээл аваад төлөөгүй, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө учир шилжүүлэх боломжгүй гэсэн. Үүнийг М.гаас асуухад 6 000 000 төгрөгөө өгчих, би учрыг нь олоод хашаа, байшинг чинь шилжүүлж өгнө гэж хэлэхэд нь Д.******* ах, дүү улс байж надад хэлэлгүйгээр хашаа байшингаас миний эд хогшлыг гаргасан чамд итгэхгүй байгаа учир 6 000 000 төгрөг өгч чадахгүй гэж хэлсэн. М. нь Д.******* болон өөр бусад хүмүүсийг хуурч байгаа нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээд байгаа мэт санагдаж байгаа тул худалдан авсан хашаа, байшингаа авахгүйгээр урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авах гэтэл М. Би мөнгийг тань буцаан өгч чадахгүй, та олон сар суугаа биз дээ, түрээсийн мөнгөнд тань 6 000 000 төгрөгийг чинь суутгаж авлаа гэж хариу хэлсэн. Тухайн үед Д.Өрнөх нь худалдах, худалдан авах гэрээ хийхэд хамт байлцсан хүн бөгөөд Д.*******, М. нар үлдэх 6 000 000 төгрөгийг дараа төлнө, хугацаа заагаагүй гэдгийг мэдэж байгаа, гэтэл М. үлдэх 6 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр тохирсон гэж байгаа нь ямар ч боломжгүй, үндэслэлгүй. Хариуцагч нь өөрөө үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээс нэр шилжүүлэх боломжгүй байсан учраас нэхэмжлэгч хашаа, байшингаа авах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул өмнө нь өгсөн 6 000 000 төгрөгөө буцаан шаардаж байна.

Анхнаасаа М.н нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Д.******* албан ёсоор шилжүүлж аваагүй, гүйцэд төлж дууссаны дараа шилжүүлнэ гэж тохиролцоод гэрээ хийсэн, үл хөдлөх хөрөнгийг ББСБ-ын барьцаанд тавьж шилжүүлнэ гэж тохирсон гэдэг нь мөн худал юм. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нотлох баримтгүй, үндэслэлгүй тул шаардах эрхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Би 2016 оны 06 сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээний дагуу ******* дүүрэг, 10 дугаар хороо,  уул, 16 гудамж, ******* тоот хаягт байрлах 449 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 5 000 000 төгрөгөөр, мөн тус хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 7 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож 6 000 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч, үлдэгдэл төлбөрийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцон 2016 оны 10 сарын 18-ны өдөр хашаа, байшингаа худалдан авагч Д.*******д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Ийнхүү гэрээ хийснээс хойш худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлнө, удахгүй төлнө гэсэн элдэв шалтаг шалтгаан тавьж өдийг хүртэл төлбөрийг хойшлуулж ирсэн. Энэхүү хугацаанд миний бие нь худалдан авагчийг орон байргүй болчих вий дээ, мөнгөө төлнө гэж хүлээсээр байж байтал 2019 оны 12 сард тус хорооны хэсгийн ахлагч Бямбасүрэн над руу утасдан танай хашаа, байшинд хүн амьдарч байгаа юм уу, хашааны хаалга чинь байхгүй, банз нь байхгүй, байшингийн чинь цонх хагарсан байна гэж хэлсний дагуу хашаа, байшин дээрээ очтол Д.******* нь надад хэлэлгүй нүүсэн нь тодорхой болсон.

Миний бие Д.*******д хашаа, байшингаа зарсан даруйдаа буюу 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн иргэн Энхсаруулын Баянгол дүүрэг, 25 дугаар хороо Голден парк хотхонд байрлалтай нэг өрөө байрыг сарын 300 000 төгрөгөөр 15 сарын хугацаатай түрээсэлж, нийт 4 500 000 төгрөг төлсөн, мөн 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн иргэн П.Ганчимэгтэй Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон 303 дугаар байрны 170 тоот байрлах 2 өрөө байрыг сарын 450 000 төгрөгөөр 24 сарын хугацаатай түрээсэлж 10 190 000 төгрөгийг төлж, нийт түрээсийн төлбөрт 14 690 000 төгрөгийг төлж хохирсон.

Иймд миний бие нь худалдан авагч Д.*******гийн төлбөрөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас орон сууцын түрээсийн төлбөр 14 690 000 төгрөг мөн худалдах, худалдан авах гэрээгээр Д.*******д хүлээлгэн өгсөн хашаа, байшинд нэхэмжлэгчийн 42 сар амьдарсан түрээсийн төлбөрийг сарын 150 000 төгрөгөөр тооцон 6 300 000 төгрөг, нийт 20 990 000 төгрөгийг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, 264.2-т Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. нь 2016 оны 06 сард өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, 10 дугаар хороо, уул 16 гудамж, ******* тоотод байрлах 449 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг 12 000 000 төгрөгөөр өөрийн нагац эгч Д.*******д худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд гэрээ хийгдсэн ба гэрээнд өвчин, зовлон ямар ч хамааралгүй бөгөөд хөрөнгийн холбоотой маргаан үүссэн. Нэхэмжлэгч өөрөө 1 сарын хугацаанд худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө төлнө гэдгээ хэлсэн ба төлж чадахгүй тохиолдолд тухайн хашаа, байшинг банк бус санхүүгийн байгууллагаар судлуулан үлдэгдэл 6 000 000 төгрөгийг гаргаж өгнө гэдгээ ч мөн хэлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 3 сар дээрх байранд амьдраагүй байж байгаад иртэл айл байсан гэж дурдсан нь худлаа бөгөөд би ямар ч айл хашаа, байшинд оруулаагүй. Харин Д.******* хашаа, байшинг эзэнгүй орхиж, хаалга, цонх нь онгорхой байсныг хэсгийн ахлагч Бямбасүрэн утсаар надад хэлсэн. Бодит байдлыг газар дээр нь хараад би нэхэмжлэгчийн байшинд байсан эд хогшлыг хурааж, хашаа, байшингаа хамаатны хүндээ өгсөн. 2017 онд нэхэмжлэгчийн нөхөр нас барсан тул хувийн ёс зүй гаргаж үлдэгдэл төлбөрийн талаар нэг ч үг дурдаагүй, буяны ажилд нь тус хандив болж оролцсон, 2018 онд нэхэмжлэгчийн бага хүү нь тусдаа гарахад боломж бололцоог харж үзэж, юм дуугараагүй хурим найрт нь тусалж, дэмжиж оролцож байсан. 2019 онд би хэсэг ажилгүй байхад, манай ээж Д.*******д хандаж хүү ажилгүй байгаа, чи төлбөрөө бага, багаар төлж барагдуулаач гэхэд чадахгүй гэж хэлсэн байсан. 2017 онд талийгаачийн буяны ажлаар ах, дүү нараас мөнгө цуглуулсан гэх боловч надтай нэг ч удаа уулзаж байгаагүй болно. Хас банктай холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний харилцах дансыг хаасан зүйл огт байхгүй. Би хашаа, байшингаа зарж одоогийн амьдарч байгаа байрныхаа урьдчилгаа төлбөрийг хийх байсан боловч төлбөрийн наана цаана байдлаас болоод өөрийнхөө боломж бололцоог ашиглан өнөөдрийн байдлаар байрандаа амьдарч байна. Хэрэв би энэ байшинг 4 жилийн хугацаанд зах зээлийн хамгийн бага өртгөөр буюу 150 000 төгрөгөөр түрээсэлсэн бол өдийг хүртэл 7 200 000 төгрөг олох боломжтой байсан, иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, М. нь гэрээний үүргээ биелүүлж хашаа, байшингаа суллаж, урьдчилгаа 6 000 000 төгрөг авснаас хойш Д.******* нь үл хөдлөх хөрөнгийг ашиглаж байсан ба үлдэгдэл төлбөрөө яаж, ямар байдлаар өгөх эсэхээ албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Мөн үлдэгдэл 6 000 000 төгрөгөө хэсэгчлэн төлөөд хашаа, байшингаа өөрийн өмчлөл болгох хангалттай хугацаа өнгөрсөн, худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тул төлөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч М. эс зөвшөөрч, 20 990 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргана.

Нэг. Үндсэн нэхэмжлэл

Нэхэмжлэгч /худалдан авагч/ Д.*******, хариуцагч /худалдагч/ М. нар 2016 оны 06 сарын 09-ний өдөр М.н өмчлөлийн ******* дүүрэг, 10 хороо, уул 16 гудамж, ******* тоот хаягт байрлах 56 мкв талбайтай хувийн сууцыг 7 000 000 төгрөг, мөн хаягт байрлах 449 мкв талбайтай газрыг 5 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх-4-5/

Гэрээний 2.3-т Төлбөр төлөх хугацаа 2016.06.09 төлж дууссан, тооцоогүй гэж дурдсан боловч урьдчилгаа 6 000 000 төгрөгийг дансаар М.д шилжүүлсэн байна. /хх-59/

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө /газар, хувийн сууц/ худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, урьдчилгаа 6 000 000 төгрөг төлсөн тухай маргахгүй байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль, гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 7/9263 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. /хх-39/

М. нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөртэй иргэн тул түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2201010236, Ү-2201021146 дугаартай ******* дүүрэг, 10 хороо, уул 16 гудамж, ******* тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг захиран зарцуулах эрхийг 2012 оны 05 сарын 22-ны өдрөөс түдгэлзүүлж, 2020 оны 08 сарын 17-ны өдөр захиран зарцуулах эрхийг сэргээжээ. /хх-39, 48-51/

Хариуцагч М. нь үл хөдлөх эд хөрөнгийн /газар, хувийн сууц/ өмчлөгчийн хувьд бусад этгээдийн хууль, гэрээгээр олгогдсон эрхийг нь зөрчихгүйгээр өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй боловч захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн үе буюу 2016 онд нэхэмжлэгч Д.*******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж гэрээ байгуулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Хариуцагч М. нь нэхэмжлэгч Д.*******тай хууль зөрчиж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт цугларсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын баримтаар тогтоогдож байх тул үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцлоо.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Д.******* нь газар, хувийн сууцын урьдчилгаа 6 000 000 төгрөгийг хариуцагч М.д шилжүүлсэн тухай үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчаас 6 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцааж өгөх үндэслэлтэй байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэл

М. нь нэхэмжлэгч Д.*******г 2016 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т зааснаар түрээсийн төлбөр 20 990 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаарджээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 2018 оны 03 сарын 27-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга шүүхэд ирүүлжээ.

Орон сууц хөлслөх гэрээг хөлслүүлэгчийг төлөөлж П.Ганчимэг, хөлслөгчийг төлөөлж М. нар 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс 2019 оны 03 сарын 27-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай байгуулжээ. Тухайн гэрээнд зурсан гарын үсгийг нэхэмжлэл гардуулсан баримтад зурсан гарын үсэг /хх-17/, хариуцагчийн хариу тайлбарт зурсан гарын үсэгтэй /хх-21/ харьцуулахад М.н гарын үсэг гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 300 000 төгрөгийг 5022328407, 5034321951 дугаар данс руу, 450 000 төгрөгийг 5026454370 дугаар данс руу шилжүүлж байснаар хариуцагч нь орон сууц хөлсөлж байсан гэж үзэх боловч зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар газар, хувийн сууц хөлслүүлж олох байсан орлого 6 300 000 төгрөг, түрээсийн төлбөр 14 690 000 төгрөг нийт 20 990 000 төгрөг гаргуулах шаардлага нь нэхэмжлэгч Д.*******г гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэнтэй шалтгаант холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн 6 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн 20 990 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 06 сарын 09-ний өдрийн гэрчилгээний 0000*******804, улсын бүртгэлийн Ү-2201021146 дугаартай 56 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 06 сарын 09-ний өдрийн гэрчилгээний 000039675, улсын бүртгэлийн Ү-2201010236 дугаартай 449 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч М.гаас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, 20 990 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР