Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 741

 

 

 

 

 

                        

  2020             6              9                                          2020/ДШМ/741

 

 

Ц.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,                              

цагаатгагдсан этгээд Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 291 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Цт холбогдох 2008005160114 эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бор бүргэд овгийн Цэрэн-Очирын Ц, 1979 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, .......... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

Ц.Ц нь 99-50 УНУ улсын дугаартай “Nissan Wingroad” загварын тээврийн хэрэгсэл жолоодож 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг орчим замын хөдөлгөөнд оролцож явахдаа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Стар” дэн буудалд хохирогч А.Доржпагамыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж гар утас, цүнх, гоо сайхны хэрэгсэл зэрэг 687.550 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бор бүргэд овгийн Цэрэн-Очирын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Ц.Цт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Үүнд, хохирогч Д.Доржпагам нь өөрийн цүнхтэй эд зүйлсээ 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргаж, хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн. Хохирогчийн алдсан эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй этгээд болох Ц.Ц нь авч явсан болох нь “Стар” дэн буудлын хяналтын камерын бичлэгээр тодорхой харагддаг. Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу мөрдөгч Ц.Цыг дуудан 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэрчээр тооцож мэдүүлэг авсны дараа Ц.Ц нь хохирогчийн цүнхэнд байсан бичиг баримтанд бичигдсэн гэрийн хаягаар нь очиж хохирогчтой уулзах гэж оролдсон үйлдэл нь гэмт хэрэг төгссөний дараа хийгдсэн үйлдэл бөгөөд дээрх үйлдлийг шүүгч хохирогчийн эд зүйлийг буцааж өгөхөөр гэрт нь очсон нь гэмт хэргийг үгүйсгэж байгаа мэтээр дүгнэсэн. Шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийн эд зүйлийг дур мэдэн авч явсан, энэ талаар цагдаагийн байгууллагад сайн дураар мэдэгдээгүй, хохирогчийн эд зүйлсийг сайн дурын үндсэн дээр цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, хохирогч хулгайн гэмт хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасны дараа эд зүйлсээ олж авсан, хохирогчийн алдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоолгоход 687.550 төгрөг болсон зэрэг шүүгдэгчийн гэм бурууг нотлох хангалттай баримтууд хэрэгт авагдсан байхад шүүгч хэргийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, 687.550 төгрөгийн хохиролтой хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг журамлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэр эмэгтэй зам дээр гар өргөөд зогсож байхаар нь машиндаа суулгатал очих газраа надад зааж өгөхгүй байсан. Тэгэхээр нь буудалд оруулаад мөнгийг нь төлөөд үлдээсэн юм. Би хүнд тус болох гэж байгаад ийм зүйлд холбогдчихлоо. Би гэмт хэрэг хийгээгүй” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Цын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Цын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, агуулгын хувьд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй үйлдэл юм. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Хэрэв энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш бол юу болох вэ гэдэг асуудал яригдана. Ц.Ц нь мэргэжилгүй, боловсролгүй, насаараа мал малласан хүн. Өмгөөлөгчийн хувьд Ц.Ц нь иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцдаа Иргэний хуульд заасан өөртөө туслах үйлдлийг хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Цыг 99-50 УНУ улсын дугаартай “Nissan Wingroad” загварын тээврийн хэрэгсэл жолоодож 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” дэн буудалд хохирогч А.Доржпагамыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж гар утас, цүнх, гоо сайхны хэрэгсэл зэрэг 687.550 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн Ц.Цт холбогдох хэргийн нөхцөл байдал болон түүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч А.Доржпагамын “....өглөө 08 цагийн үед би хорооллоос такси бариад Баянхошууны шинэ эцэс дээр ирж буусан юм. Тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стар” дэн буудалд 14 цагийн үед сэрээд буудлын эгчээс миний цүнх хаана байгаа талаар асуухад “чамайг нэг залуу оруулж өгчихөөд явсан” гэж байсан. Би буудлын камерын бичлэгийг үзэхэд 99-50 УНУ улсын дугаартай автомашинтай залуу миний цүнхийг машиндаа үлдээчихээд намайг буудалд оруулчихаад явсан байсан. ...” /хх 19/,

“...уг таксины хүн тухайн үед миний цүнх, эд зүйлсийг авч ирж өгөөгүй атлаа цагдаад өргөдөл өгч шалгуулснаас хойш миний хаягаар манай гэрт ирж хэрүүл хийж байгааг гайхаж байна. ...”/хх 22/,

 

гэрч Д.Цэвэлмаагийн “...тэр эрэгтэй хүн орж ирээд “цагийн өрөө байна уу, хэд вэ” гэж асуугаад орохоор болсон. Тэгээд гарахдаа цагийн мөнгийг нэмж өгчихөөд “ирж авъя” гэж хэлээд явсан боловч ирээгүй. Тэр эмэгтэйг таксины мөнгө төлөөгүй, эмэгтэйн цүнх, эд зүйлсийг авч яваа талаар хэлээгүй ба ямар нэгэн утасны дугаар, өөртэй нь холбогдох утас өгөөгүй. Тэр эмэгтэйг дагуулж орж ирэхэд эмэгтэй нь өөрөө явж чадахааргүй байдалтай согтуу, урагш тонгойгоод эрэгтэйгээр түшүүлээд арай гэж орж ирж байсан. ...” /хх 33-35/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ц.Цын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Ц.Ц нь хохирогч А.Доржпагамын согтуурсан байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан түүний эд хөрөнгийг авсан үйл баримт тогтоогдож байхад А.Доржпагамын цүнхийг өөртөө 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл хадгалж байгаад буцаан өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Цт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 291 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Цт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ