Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 488

 

                                                  Ц.Ц холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 291 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 741 дүгээр магадлалтай Ц.Цхолбогдох эрүүгийн 2008005160114 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Цын Ц

Ц.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчим 99-50 УНУ улсын дугаартай “Ниссан вангорд” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон таксинд явахдаа хохирогч Ц.ЦСонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Star” дэн буудалд буулгахдаа түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан гар утас, цүнх, гоо сайхны хэрэгсэл зэрэг 687,550 төгрөгийн эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 291 дүгээр цагаатгах тогтоолоор прокуророос Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 741 дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ц.Ц холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ц.Цын хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл биш бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан  хулгайн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилгогүй гагцхүү иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцдаа таксины болон буудлын мөнгөө авахын тулд өөртөө туслах үйлдлийг хийж цүнхийг нь авч явсан гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан эд зүйлийг нь хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, тус гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж гэж үзэж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу бүрмөсөн зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг ба уг шинж үгүйсгэгдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Согтуурсны улмаас өөрийн очих газрыг тодорхой хэлж чадахгүй буюу биеэ авч явах чадваргүй болсон этгээдийг Ц.Ц төлбөрийг нь төлж дэн буудалд оруулсан бөгөөд тэрээр уг мөнгийг болон тээврийн хэрэгслээр үйлчилсний хөлсөө авах зорилгоор түүний цүнхийг авч үлдсэн болох нь хэрэгт цугларсан хийгээд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж болох шунахай сэдэлтийг агуулаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээд түүнийгээ захиран зарцуулах бодит  боломжтой болсон болон тухайн эд хөрөнгийг өөртөө бус бусдад эдийн хийгээд эдийн бус баялаг бий болгох зорилгоор ашигласан бол энэхүү гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцдог билээ.

Харин Ц.Цын хувьд тэрээр согтуу эмэгтэйг өөрийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн хөлс болон түүнийг дэн буудалд оруулсны төлбөрт өгсөн мөнгөө буцаан авах үүднээс цүнхийн авч явсан нь хулгайлах гэмт хэргийн бас нэг үндсэн шинж болох эд хөрөнгийг захиран зарцуулах санаа зорилгыг агуулаагүй талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Бусдын цүнхтэй эд зүйлсийг авч явсан Ц.Цын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хувьд зайлшгүй байх дээрх хоёр үндсэн шинжийг хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх ийнхүү дүгнэн шийдвэрлэхдээ Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан...” гэж давхар дүгнэсэн нь өмнөх дүгнэлттэйгээ зөрчилдсөн, түүний харилцан уялдааг алдагдуулсан шинжтэй, учир дутагдалтай болсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нь Ц.Ц холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журам, арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дүгнэлт хийсэн, ийнхүү дүгнэхдээ бусад нотлох баримтаар батлагдаагүй буюу үгүйсгэгдээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтад үндэслээгүй, түүнчлэн бодитой болох нь эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлаагүй байх тул цагаатгах тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь үндэслэл муутай байна.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох талаар гаргасан өмгөөлөгч Б.Баттулгын гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 291 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 741 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН