Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 0291

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,  

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Ц.Ц.......р түүний өмгөөлөгч Б.Баттулга (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн газрын хяналтын прокуророос Бор бүргэд овогт Ц.......р Ц.......рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0051 60114 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Бор бүргэд овогт Ц.......р Ц.......р, Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн Чулуут суманд 1979 оны 10 дугаар сарын 18-ны төрсөн, эрэгтэй, 40 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, ............... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй регистрийн дугаар .......................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Ц.......р нь .............. улсын дугаартай “Nissan Wingroad” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож явахдаа Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Star” дэн буудалд хохирогч А.Д..............мыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсны улмаас бие хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж гар утас, цүнх, гоо сайхны хэрэгсэл  зэрэг 687.550 төгрөгийн эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц.......р мэдүүлэхдээ “...Баянхошууны хуучин эцэс тал руу явж байтал замын хажуу талд улаан куртиктэй хүн гар өргөхөөр нь би аваад “хороолол” руу явсан. Тэгээд хорооллын эцэс дээр ирээд хохирогч гэх А.Д..............мыг буулгах гэсэн боловч хохирогч нь буухгүй, миний буух ёстой газар биш гэж хэлсэн. Тэгээд миний машин дотор унтаад байсан. Мөн нэг дүгээр хороолол орно гэхээр нь би нэг дүгээр хороолол ороод Драгоны хажууд ирээд буух газар чинь мөн үү гэхэд бас мөн л миний буух газар биш гээд байсан. Тэгэхээр нь би тойрч явсаар байгаад буцаад баянхошууны эцэс дээр очсон чинь би энд буухгүй. Ханы материалын эцэс орно гэхээр нь баянхошууны эцсээс ханы материалын эцэс рүү явсан. Тэгээд Ханы материалын эцэс дээр ирээд буухгүй байхаар нь Ханы материалын эцэст байдаг зочид буудалд оруулж унтуулсан. Тухайн үед А.Д..............мд би таксины мөнгө болон зочид буудлын мөнгөө өгөөд цүнхтэй эд зүйлээ аваарай гэж өөрт нь хэлсэн. Мөн өөрийгөө баянхошууны эцэс дээр таксинд явдаг талаараа хэлсэн. Тухайн үед үед А.Д..............мыг буудалд оруулж өгөхөд буудлын ажилтан намайг эргэж ирж А.Д..............мыг аваарай гэсэн боловч би офицер руу хүн аваад явсан учраас эргэж ирж чадаагүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд: 

Улсын яллагчаас: Хохирогч А.Д..............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 22), Гэрч Д.Ц....эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35), Гэрч Ш.Д..............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 49), Яллагдагч Ц.Ц.......рын мөрдөн байцаалтад өгсөн (хавтаст хэргийн 61-62), Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай, хүлээн авсан тухай тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 9-14), Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай талаарх (хавтаст хэргийн 15),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14), Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 15), Гэрч Ц.Ц.......рын мэдүүлэг (хавтаст хэргийн 30), Гэрч Т.Цэвээндуламын мэдүүлэг (хавтаст хэргийн 33),  Гэрч Ш.Д..............вын мэдүүлэг (хавтаст хэргийн 37),  Гэрч Ц.Сандаг-Очирын мэдүүлэг  (хавтаст хэргийн 39), Тээврийн хэрэгслийн лавлагаа, Зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хавтаст хэргийн 77-80), Ц.Ц.......рын жолооны үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 81), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82), Ц.Ц.......рын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Ц.......рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

 

Хохирогч А.Д..............м нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим гэрээсээ гарч найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг, Модны хоёрын орчмоос таксинд суун найзындаа очихоор Баянхошууны эцэст хүргүүлсэн байна. Ийнхүү хохирогч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны шинэ эцсийн орчим хүргүүлж буугаад буцаад гэр лүүгээ явахаар такси зогсооход .......... улсын дугаартай “Nissan Wingroad” маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явсан шүүгдэгч Ц.Ц.......р нь түүнийг авчээ. Улмаар тээврийн хэрэгсэлд суусан А.Д..............м нь “эцэс орно” гэж хэлсэн байх бөгөөд шүүгдэгч нь түүнийг Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, Сонгинохайрхан дүүргийн “Драгон”, Баянхошууны эцэс зэрэг газар хүргэж өгөхөд тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн бие удирдан жолоодох чадваргүй, хаана очих, хүрэх газраа зааж өгөхгүй байхад үед түүнд үйлчилсэн Ц.Ц.......р нь “Star” дэн буудалд оруулж өөрөөсөө буудлын 2 цагийн тооцооны мөнгө болох 10.000 төгрөгийг зарцуулж, такси үйлчилгээ үзүүлсний төлбөр 50.000 төгрөгөө авах зорилгоор А.Д..............мын цүнхийг өөртөө авч үлдсэн болох нь

1. А.Д..............мын мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим гэрээсээ гараад ...нэг хүнтэй шөнийн 04 цаг хүртэл уулзсан. ...Тэгээд дараа нь найзыгаа дуудаад ...шөнө ажиллаж байгаа караоке хайгаад хорооллоор их явсан боловч олдохгүй байхаар нь бид хоёр нэг газар орж сууж байгаад өглөө 08 цагийн үед би хорооллоос такси бариад Баянхошууны шинэ эцэс дээр ирж буусан. Тэгээд би цааш юу болсноо санахгүй байна. Нэг сэрсэн чинь Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй ...буудалд 14 цагийн үед сэрсэн. ...Би буудлын эгчээс миний цүнх хаана байгаа юм бол гэсэн чинь чамайг нэг залуу оруулж өгчхөөд явсан гэсэн. Буудлын камер шүүсэн чинь .... УНУ улсын дугаартай мөнгөлөг машинтай залуу намайг буудалд оруулсан...байсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ...2 дугаар хэлтэс дээр ирсэн чинь “чи согтуу байна архиа гаргачхаад ир” гээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Хохирогчоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...өглөө 08 цагийн үед би хорооллоос такси бариад Баянхошууны шинэ эцэс дээр ирж буусан. ...Тэгээд цааш нь юу болсноо санахгүй байгаа. Тэгээд...нэг сэрсэн чинь Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны “Star” дэн буудалд 14 цагийн үед байсан. ...Би буудлын камер шүүсэн чинь .... УНУ улсын дугаартай...машинтай залуу миний цүнхийг машиндаа үлдээчхээд намайг буудалд оруулчхаад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Хохирогчоор 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагт ...танилтайгаа уулзаж...тал шил вино, 3 шил пиво уугаад ...01 цагийн орчим танилаасаа салаад ...Цамбагарав дээр найз Жаргалмаатай уулзаад бааранд орж ...шөнө 06 цагийн орчим баарнаас гарсан. Баарнаас гараад Жаргалмаатай хамт такси бариад ...модны хоёрын орчим нэг зочид буудалд орсон. ...Тэгээд уг буудлаас 08 цаг өнгөрч байхад гарсан... Тэгээд би зам дээрээс такси бариад гар утсаа гаргаж ирээд “Facebook” ухаж байснаа санаж байна. Тэгээд би Баянхошууны ...эцэс рүү явахаар суусан боловч тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. ...Тэгээд нэг сэрхэд зочид буудалд сэрсэн ба миний эд зүйлс бүгд байхгүй байсан. Тэгээд би буудлын камер шүүж үзэхэд .... УНУ улсын дугаартай...машинтай залуу миний цүнхийг машиндаа үлдээчхээд намайг буудалд оруулчхаад явсан байсан. Зочид буудлын камерт тэр машины урд талын сандал дээр миний цүнх байгаа нь харагдаж байсан. Гэтэл уг таксины хүн нь тухайн үедээ миний цүнх эд зүйлийг авч ирж өгөөгүй мөртлөө сүүлд цагдаад өргөдөл өгч шалгуулснаас хойш манай гэрт миний хаягаар олж ирээд хэрүүл хийсэн. ...Сүүлд санаж байгаагаар модны хоёрын тэндээс барьсан таксинд суухад “Facebook” ухаж байснаа санаж байна... Тухайн өдөр миний утсанд миний нэр дээр байдаг юнителийн 88...4284 дуугаар байсан...Би 88...4284 дугаарын сим картаа 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр сэргээж барьсан. ...   Би өөрийн эд зүйлсийг гар утаснаас бусдыг нь бүрэн бүтэн хүлээн авсан. Уг хүлээн авсан эд зүйлс нь бүгд миний эд зүйлс мөн...Би гар утсаа өөрөө хаясан эсэх, тэр хүн авсан эсэхийг мэдэхгүй байгаа учир ...гомдолгүй, ...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

 

2. Ц.Ц.......рын мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “...Би өдрийг нь санахгүй байна харин 09 цагийн орчим байх Баянхошууны Жанцангийн гэрлэн дохионы тэнд зам дээр 20 орчим насны согтуу эмэгтэй гар өргөөд явж байхаар нь зогсоод “хаана очих юм бэ?” гэж асуухад “3, 4 дүгээр хороолол орно” гээд машины хойд талын суудалд суусан. Тэгээд бид хоёр 3,4 дүгээр хороолол ороход “энд буухгүй” гээд унтаад байхаар нь би  “хаана хүрэх юм” гэхэд “эцэс орно” гээд байсан. Тэгээд би 5 шарын эцсийн буудал, ...Баянхошууны хуучин эцэс, Зүүн салааны хуучин эцэс гэх мэт газруудаар очиход буухгүй байсан. Тэгэхээр нь би “Ханын материалын тэнд байх нэрийг нь мэдэхгүй зочид буудалд оруулж унтуулчихъя” гэж бодоод эхэлж би зочид буудалд орж өрөө байгаа эсэхийг асуухад...цагийн 10.000 төгрөг гэхээр нь “нэг хүн оруулаад ганц цаг унтуулчихъя” 5.000 төгрөг өгий гэхэд буудлын үйлчлэгч зөвшөөрсөн. Тэгээд би буудалд оруулчхаад...явах гэхэд үйлчлэгч нь “энэ хүн чинь мөд сэрэхгүй” гэхээр нь би нэмж 5.000 төгрөг өгөөд явсан. Би буудлын үйлчлэгчид 14 цагийн орчим ирж авна гээд хэлсэн. ...Би тэр эмэгтэйн эд зүйлсийг машиныхаа урд талын суудал дээр тавиад аваад явсан. Би тэр эмэгтэйгээс таксины мөнгө болох 50.000 төгрөг авах гэж эд зүйлсийг нь авсан. ...Би тэр эмэгтэйн цүнх дотор байсан сим картын үүр лүү нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. ...Надад тэр эмэгтэйн цүнхтэй эд зүйлс нь байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Яллагдагчаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу хагас сайн өдөр...би эхнэрийнхээ .............. улсын дугаартай ...машинтай ...халтуур хийхээр гэрээсээ ...өглөө 09 цагийн орчим гараад Баянхошууны эцсээс урагшаа яваад Жанцангийн гэрлэн дохио өнгөрөхөд баруун талд байх автобусны буудлын хажуу талд нэг эмэгтэй гар өргөхөөр нь авсан юм. Тэр эмэгтэй нэлээн согтуу байдалтай, ...даарсан бололтой машины хойд талд суусан. ...Тэр эмэгтэй хэлэхдээ “эцэс орно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аль эцэс юм бэ?” гэхэд дуугарахгүй байхаар нь ...би шууд хорооллын эцэс яваад тэндээ очоод нөгөө эмэгтэйг “татаад буугаарай” гэхэд тэрээр “би энд буухгүй, тийшээ” гээд яг хаашаа явахаа хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би “Драгон” худалдааны төв дээр очоод нөгөө эмэгтэйг сэрээх гээд татаад “буугаарай” гэж хэлсэн чинь ...“буухгүй, энд биш” гээд машинд унтаад байсан. Тэгэхээр нь Драгон дээрээс хойшоогоо яваад Баянхошууны эцэс дээр ирж зогсоод “буугаарай” гэж хэлсэн чинь мөн л буухгүй байсан. Тэгэхээр нь... би Ханын материал руу яваад ...эцсээс урагшаа байдаг нэг дэн буудлын гадаа очиж зогсоод ...буудал руу оруулсан. ...Би уг эмэгтэйгээс мөнгөө авахын тулд цүнхийг нь өгөөгүй...авч үлдсэн. ...Би тэр эмэгтэйг зочид буудалд оруулахаас өмнө Ханын материалд очиж зогсоод гэрийнхэн лүү нь залгая гэж бодоод цүнхийг нь уудалж үзэхэд хоёр ширхэг сим картын үүр байсан. Тэр лүү нь залгаж үзсэн чинь холбогдохгүй байсан. Түүнээс гадна цүнхэнд нь ...эд зүйлс байсан. Гар утас байгаагүй. Уг эмэгтэй гар утастай байсан бол утсаар нь яриад хүмүүст мэдэгдэх байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),

 

3. Гэрч Д.Ц....эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Star” дэн буудалд үйлчлэгчээр ажилладаг. ...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...ажил дээрээ байхад 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд “цагийн өрөө байна уу” гэхээр нь “байна” гэж хэлсэн. Тэгтэл орноо гэж хэлээд ...гарч яваад...удалгүй нэг согтуу хүүхнийг түшчихсэн оруулж ирсэн. Тэгээд “цагийн хэд вэ?” гэхээр нь 5.000 төгрөг гэхэд ...мөнгө өгчхөөд нөгөө согтуу хүүхнээ түшээд ...204 тоот руу орсон. Тухайн үед цаг 12 цаг 30 минут орчим л болж байсан. ...Өрөөнд тэр хоёр орсноос хойш 30 орчим минутын дараа нөгөө эрэгтэй өрөөнөөс гарч ирээд надад “би одоо явлаа, энэ хүн унтаж байгаад гарах байх” гэж хэлэхээр нь би түүнд “та хоёр ороод 30 орчим минут болсон байна, одоо 30 минутад наад хүний чинь архи гарахгүй, эсвэл та наад хүнээ аваад яв...” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй “би тэгвэл нэг цагийн мөнгийг нь өгье” гэж хэлээд 5.000 төгрөг өгчхөөд ...14 цаг 30 минутад цаг нь дуусна гэж намайг хэлсэн чинь ирж авах юм болоод явсан. ...цаг нь дуусаад 15 цаг өнгөрчихөөр нь би нөгөө хүүхнийг сэрээхээр 204 тоотод ороход ...сэрэхгүй нэлээн удаан хугацаанд дуудаж байж сэрсэн. Тэр хүүхэн сэрчхээд “миний цүнх хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй, ямар хүнтэй орж ирснээ мэдэж байна уу” гэхэд нөгөө хүүхэн “мэдэхгүй байна, цүнх, гар утас алга байна” гэхээр нь би камер шүүж өгсөн. ...Тэр эмэгтэй камер үзэж байгаад миний цүнх машины урд талын суудал дээр нь үлдсэн байна гэхээр нь харахад бичлэг дээр машины урд сандал дээр хар өнгийн цүнх байгаа нь харагдаж байсан. ...Тэр эмэгтэй анх орж ирэхдээ өөрөө явж чадахааргүй байдалтай... нэлээн согтуу толгой нь урагш тонгойгоод тэр эрэгтэйгээр түшүүлээд арай л гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35),

Гэрч Ш.Д..............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....... УНУ улсын дугаартай ...автомашин ...миний автомашин. Гэхдээ уг автомашиныг ихэвчлэн манай хамтран амьдрагч Ц.......р барьж халтуур хийдэг. ...Ц.Ц.......р хүний эд зүйлс авч үлдсэн талаараа хэлээгүй, би мэдээгүй байсан. Тэгтэл цагдаагаас анх над руу залгаад “машины дугаар асуугаад, хэн барьдаг юм” гэж асуусан. Тэгээд тэр өдөр ...болсон талаар мэдээд Ц.......роос асуухад “чамайг очиж авах гээд явж байгаад...Жанцангийн орчмоос нэг согтуу эмэгтэй авсан юм, тэр хүүхний цүнхтэй юм нь машины ард байгаа” гэж хэлээд л мэдсэн. Тэгээд яагаад авч үлдсэн талаар нь асуухад “тэр хүүхэн таксины мөнгөө өгөөгүй юм, мөнгөө авах гэж цүнхийг нь авч үлдсэн” гэж хэлсэн.” ...Цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд гарахад Ц.Ц.......р “тэр хүүхний хаягаар очиж ямар утастай байсан талаар нь асууя, би утсыг нь аваагүй” гээд ...машинд байсан уг эмэгтэйн цүнхийг гаргаж ирээд цүнхэнд байсан иргэний үнэмлэхийн лавлагаа дээрээс хаягийг нь хараад гэрт нь очиж уулзахаар очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Ц.......рын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах” хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох “хувийн ашиг олох шунахайн сэдэлт, хулгайлсан эд зүйлийг өөрийн эзэмшил авах санаа зорилго агуулаагүй” байна.

Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь

1. Хувийн ашиг олох шунахайн сэдэлтэй,

2. Хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авах,

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдэлтэй байхыг шаардах бөгөөд дээрх шинжүүд бүрэн хангагдсан тохиолдолд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх учиртай.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаас дүгнэж үзвэл хулгайн гэмт хэргийн үндсэн шинж болох

А. шунахайн сэдэлтийг агуулаагүй болох нь;

1. Ц.Ц.......рын мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “...20 орчим насны согтуу эмэгтэй...г аваад 3,4 дүгээр хороолол, ...5 шарын эцсийн буудал, ...Баянхошууны хуучин эцэс...гэх мэт газруудаар очиход буухгүй байсан. Тэгэхээр нь би “Ханын материалын тэнд байх нэрийг нь мэдэхгүй зочид буудалд оруулж өгсөн. ...би буудалд оруулчхаад...явах гэхэд үйлчлэгч нь “энэ хүн чинь мөд сэрэхгүй” гэхээр нь би нэмж 5.000 төгрөг өгөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Яллагдагчаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Тэр эмэгтэй нэлээн согтуу байдалтай, ...даарсан бололтой машины хойд талд суусан. ...Тэр эмэгтэй хэлэхдээ “эцэс орно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аль эцэс юм бэ?” гэхэд дуугарахгүй байхаар нь ...би шууд хорооллын эцэс яваад тэндээ очоод нөгөө эмэгтэйг “татаад буугаарай” гэхэд тэрээр “би энд буухгүй, тийшээ” гээд яг хаашаа явахаа хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би “Драгон” худалдааны төв дээр очоод нөгөө эмэгтэйг сэрээх гээд татаад “буугаарай” гэж хэлсэн чинь ...“буухгүй, энд биш” гээд машинд унтаад байсан. Тэгэхээр нь Драгон дээрээс хойшоогоо яваад Баянхошууны эцэс дээр ирж зогсоод “буугаарай” гэж хэлсэн чинь мөн л буухгүй байсан. Тэгэхээр нь... би Ханын материал руу яваад ...эцсээс урагшаа байдаг нэг дэн буудлын гадаа очиж зогсоод ...буудал руу оруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),

2. Гэрч Д.Ц....эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Star” дэн буудалд үйлчлэгчээр ажилладаг. ...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...ажил дээрээ байхад 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд “цагийн өрөө байна уу” гэхээр нь “байна” гэж хэлсэн. Тэгтэл орноо гэж хэлээд ...гарч яваад...удалгүй нэг согтуу хүүхнийг түшчихсэн оруулж ирсэн. Тэгээд “цагийн хэд вэ?” гэхээр нь 5.000 төгрөг гэхэд ...мөнгө өгчхөөд нөгөө согтуу хүүхнээ түшээд ...204 тоот руу орсон. ...Өрөөнд тэр хоёр орсноос хойш 30 орчим минутын дараа нөгөө эрэгтэй өрөөнөөс гарч ирээд надад “би одоо явлаа, энэ хүн унтаж байгаад гарах байх” гэж хэлэхээр нь би түүнд “та хоёр ороод 30 орчим минут болсон байна, одоо 30 минутад наад хүний чинь архи гарахгүй, эсвэл та наад хүнээ аваад яв...” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй “би тэгвэл нэг цагийн мөнгийг нь өгье” гэж хэлээд 5.000 төгрөг өгчхөөд... явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35),

 

Б. Хулгайлсан гэх эд зүйлийг захиран зарцуулах санаа зорилго агуулаагүй болох нь;

1. А.Д..............мын мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ...2 дугаар хэлтэс дээр ирсэн чинь “чи согтуу байна архиа гаргачхаад ир” гээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Хохирогчоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би буудлын камер шүүсэн чинь .... УНУ улсын дугаартай...машинтай залуу миний цүнхийг машиндаа үлдээчхээд намайг буудалд оруулчхаад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Хохирогчоор 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн: “...Зочид буудлын камерт тэр машины урд талын сандал дээр миний цүнх байгаа нь харагдаж байсан. Гэтэл уг таксины хүн нь тухайн үедээ миний цүнх эд зүйлийг авч ирж өгөөгүй мөртөө сүүлд цагдаад өргөдөл өгч шалгуулснаас хойш манай гэрт миний хаягаар олж ирээд хэрүүл хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

2. Ц.Ц.......рын мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “...Би тэр эмэгтэйн эд зүйлсийг машиныхаа урд талын суудал дээр тавиад аваад явсан. Би тэр эмэгтэйгээс таксины мөнгө болох 50.000 төгрөг авах гэж эд зүйлсийг нь авсан. ...Би тэр эмэгтэйн цүнх дотор байсан сим картын үүр лүү нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. ...Надад тэр эмэгтэйн цүнхтэй эд зүйлс нь байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Яллагдагчаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “...Би уг эмэгтэйгээс мөнгөө авахын тулд цүнхийг нь өгөөгүй...авч үлдсэн. ...Би тэр эмэгтэйг зочид буудалд оруулахаас өмнө Ханын материалд очиж зогсоод гэрийнхэн лүү нь залгая гэж бодоод цүнхийг нь уудалж үзэхэд хоёр ширхэг сим картын үүр байсан. Тэр лүү нь залгаж үзсэн чинь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62),

3. Гэрч Ш.Д..............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.......роос асуухад “чамайг очиж авах гээд явж байгаад...Жанцангийн орчмоос нэг согтуу эмэгтэй авсан юм, тэр хүүхний цүнхтэй юм нь машины ард байгаа” гэж хэлээд л мэдсэн. Тэгээд яагаад авч үлдсэн талаар нь асуухад “тэр хүүхэн таксины мөнгөө өгөөгүй юм, мөнгөө авах гэж цүнхийг нь авч үлдсэн” гэж хэлсэн.” ...Цагдаа дээр ирж мэдүүлэг өгчхөөд гарахад Ц.Ц.......р “тэр хүүхний хаягаар очиж ямар утастай байсан талаар нь асууя, би утсыг нь аваагүй” гээд ...машинд байсан уг эмэгтэйн цүнхийг гаргаж ирээд цүнхэнд байсан иргэний үнэмлэхийн лавлагаа дээрээс хаягийг нь хараад гэрт нь очиж уулзахаар очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37) зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Ц.......р нь хохирогч А.Д..............мын эд зүйлийг хулгайлах санаа зорилготой байсан бол түүнийг буудалд оруулж, өөрөөсөө буудлын тооцоо хийх, өөртөө авч үлдсэн цүнхийг хэрэг шалгах явцад гаргаж өгөхгүй байх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах боломжтой юм. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдлууд нь үгүйсгэгдэж, харин ч хохирогчийн эд зүйлийг буцаан өгөхөөр гэрт нь очиж байсан байх тул түүний бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар авч үлдсэн гэх үндэслэлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан  нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Нөгөөтээгүүр хохирогч нь гар утсаа алдсан гэх боловч тэрээр Модны хоёроос Баянхошууны эцэс хүрэхдээ өөр таксигаар үйлчлүүлсэн, шүүгдэгч нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд өөрийн утаснаас түүний утас руу залгасан зэрэг баримтаас үзэхэд шүүгдэгчийг хохирогчийг гар утсыг хулгайлсан гэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Түүнчлэн шүүгдэгчийн Ц.Ц.......рын хохирогч А.Д..............мын цүнхийг өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл өөртөө хадгалж байгаад буцаан өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэнтэй нийцэж байна.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц.......рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүний холбогдох гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ц.......р нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бор бүргэд овогт Ц.......р Ц.......рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ц.Ц.......рт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     

       

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ