Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00003

 

“МЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01044 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01873 дугаар магадлалтай,

 

“МЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“НЛ” ХХК-д холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн 270,314,976 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, гэрээнээс учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “МЛ” ХХК нь хариуцагч “НЛ” ХХК-д холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн 270,314,976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01044 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МЛ” ХХК-ийн хариуцагч “НЛ” ХХК-аас нийт 270,314,976 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НЛ” ХХК-ийн нэхэмжлэгч “МЛ” ХХК-аас нийт 120,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МЛ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,509,525 төгрөгийг, хариуцагч “Новел лизиг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01873 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,509,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх: хэсэгт “Санхүүгийн түрээсийн гэрээ-1, Санхүүгийн түрээсийн гэрээ-2, Санхүүгийн түрээсийн гэрээ-3, Санхүүгийн түрээсийн гэрээ-4-ийн 4.1.3, 7-ийн 7.2-т заасан түрээсийн төлбөр төлөх хугацааг хоёр сар дараалан төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйлийг хураан авах заалт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийг 189.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгчид хохиролтой заалт болох нь тогтоогдож байна” гэж үзсэн. Харин магадлалын Хянавал: хэсгийн 6-д “Түрээслэгч “МЛ” ХХК-иас гэрээний дагуу түрээслүүлэгч “НЛ” ХХК-д төлсөн -270,314,976 төгрөг нь түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагч техникийг ашигласан хугацааны төлбөрт тооцогдох тул дээрх мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй юм” гэж 2 шатны шүүх өөр өөрөөр дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, ойлгомжгүй гэж үзэж байна. Манай компани 4 өөрөө буулгагчийн үнэнд 270,314,976 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагчаас өнгөрсөн хугацаанд гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг зохих ёсоор авч чадаагүйгээс улбаалан санхүүгийн хувьд хохирч байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 9.4.3, 314 дүгээр зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн актуудыг үндэслэн нэхэмжилсэн. Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийг үндэслэн “Санхүүгийн түрээсийн гэрээ 4 гэрээнийхээ үүргийг хариуцагч зөрчиж, түрээслэгч талд нэмэлт хугацаа тогтоож төлбөр төлөх боломжоор хангаагүй, мөн 2 сар дараалан төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцалсан ба Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээний дагуу шилжүүлэн авсан 4 өөрөө буулгагчийг хариуцагчид буцаан өгөх үүргээ хэрэгжүүлж, бид өөрөө буулгагчуудыг хариуцагч талд өгсөн болно. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар СТГ/2103-31, СТГ/2103-32, СТГ-21/07, СТГ-21/08 тоот санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 270,314,976 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж “МЛ” ХХК-д олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

4.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022.12.02-ны өдрийн 001/ШХТ2022/01409 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж үзэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

7. Нэхэмжлэгч “МЛ” ХХК нь “НЛ” ХХК-д холбогдуулан Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн 270,314,976 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган “... талуудын хооронд 2021.03.15-ны өдөр УБ2103-31, УБ2103-32 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, 2021.05.29-ний өдөр УБ2107, УБ2108 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. ... дөрвөн гэрээний төлбөрт нийт 270,314,976 төгрөг шилжүүлсэн. ... цар тахал гарсан шалтгааны улмаас 2021 оны 05 дугаар сараас үйл ажиллагаа зогссон нь үнэн боловч бид боломжоороо төлбөрөө төлж байсан ... “НЛ” ХХК нь хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ байгуулсан. ... Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, түрээслэгч байгууллагын саналыг үл хайхран уурхайн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч машин тоног төхөөрөмжүүдийг буцаан татсан.гэж тайлбарласан. Хариуцагч “НЛ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6.1, 7.1.1, 8.2.1-д заасан шаардлагыг хангасан тул санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. ...” гэж маргасан.

 

8. Хариуцагч “НЛ” ХХК 120,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг шаардлагын үндэслэлээ “...түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул дөрвөн ширхэг өөрөө буулгагчийг өөрийн зардлаар буцаан авсан. Буцаан авалтын зардал 120,000,000 төгрөг болсныг Санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.3, 4.1.5, 5.2.3, 7.2-т заасны дагуу гаргуулна” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч, “... буцаалтын зардал 30,000,000 төгрөг болох учиргүй, энэ үйл баримт тогтоогдоогүй. ... машин түрээслээд түрээсийн зүйлийг 750 км зайд тээвэрлэхэд 4,600,000 төгрөг гарч байсан. ... эдгээр техникийг хүргэж өгөх үүрэг авсан нэг жолоочийн хөлс 150,000 төгрөг, хоёр жолооч 300,000 төгрөг болсон” гэж мэтгэлцжээ.

 

9. Анхан шатны шүүх талуудын хооронд дөрвөн ширхэг өөрөө буулгагч техникийн хувьд Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч 2021.06, 07 дугаар сарын төлбөрүүдийг төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, гэрээнээс татгалзсан гэж дүгнэх үндэслэлгүй, нэхэмжлэгч зөрчлөө арилгасан үед түрээсийн зүйлийг буцаан өгнө гэж хариуцагч тайлбарлаж байх тул түрээсийн зүйлийг түр буцаан авсан, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний нөхцөлийг тохирсон гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Санхүүгийн түрээсийн гэрээний 4.1.3, 7.2 дахь заалт нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байх тул 120,000,000 төгрөг шаардах эрхгүй гэж дүгнэн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

 

10. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлсөн 270,314,976 төгрөг нь санхүүгийн түрээсийн төлбөрт тооцогдоно гэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй гэж үзэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

11. Талууд тэдгээрийн хооронд 2021.03.15-ны өдөр УБ2103-31, УБ2103-32 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, 2021.05.29-ний өдөр УБ2107, УБ2108 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсанд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тус гэрээний зарим заалт хуульд нийцээгүй гэж төлсөн мөнгө болох 270,314,976 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан гэж дүгнэн хэрэг маргааныг шийдвэрлэжээ.

 

12. Хэдийгээр зохигчид тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг өөрсдөө тодорхойлох, ямар харилцаа болох тухайд дүгнэлт өгч байр сууриа илэрхийлэх эрхтэй боловч энэ нь талуудын тодорхойлсон харилцаа тухайн гэрээний шинжийг агуулж буй эсэхэд шүүх бие даан хууль зүйн дүгнэлт өгөхөд саад болохгүй.

13. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д санхүүгийн түрээсийн гэрээнд тавих үндсэн 3 шаардлагыг тодорхойлж, эдгээр шаардлагын аль нэг нь хангагдсанаар санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхээр заасан. Үүнд: нэгт гэрээний хугацаа нь ашиглалтын хугацааны ¾-аас багагүй байх, хоёрт зах зээлийн үнэ цэнэ 90 хувиас доошгүй байх, гуравт гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжих зохицуулалтууд орсон байхыг шаарджээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хоёр ба гуравдугаар шаардлагыг хангасан, энэ хоёр шаардлага нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа боловч  гэрээний нөхцөлийг бүхэлд нь авч үзэж, гэрээний төрлийг зөв тодорхойлох шаардлагатай.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ нь аж ахуй эрхлэгч аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол хөтлөн явуулах зорилгоор ихэнх тохиолдолд үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг урт хугацаанд, найдвартай эзэмшил ашиглалтдаа байлгах боломжийг аж ахуй эрхлэгчид олгодог. Энэ агуулгаар санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа нь гэрээний зүйлийн ашиглалтын хугацаатай харьцангуй хамааралтай бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээ дуусгавар болсны эцэст олж авах эсэх нь түрээслэгчийн туйлын зорилго биш бөгөөд хоёр шатны шүүх гэрээний харилцааг тодорхойлохдоо энэ нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй.

Тодруулбал, эд хөрөнгийн ашиглалтын хугацаа, зах зээлийн үнэ цэнэтэй хамааралгүй байдлаар хөлс төлбөр нь тогтоогддог үйл ажиллагааны түрээсийн гэрээ, эд хөрөнгийн үнийг богино хугацаанд хуваан төлж эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авдаг зээлээр худалдах-худалдан авах гэрээний аль алиныг өөрсдийн харилцаанд зохимжгүй гэж үзсэн талууд санхүүгийн түрээсийн харилцааг сонгодог. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд санхүүгийн түрээсийн гэрээний шинж болох гэрээний хугацаа нь эд хөрөнгийн ашиглалтын хугацаатай уялдаатайгаар харьцангуй урт байх, уг хугацаанд эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн дийлэнх хэсгийг хуваан төлөх, улмаар гэрээний хугацаа дуусах үед гэрээний зүйлийн үлдэх үнийг төлөх, эсхүл төлөхгүйгээр өмчлөлдөө бүрмөсөн шилжүүлж авах эрх, үүргээс сонголттой байх нөхцөлүүдийн аль ч хэлбэр тусгагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй байжээ.

 

14. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д дээрх шаардлагын аль нэгийг хангасан бол санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр заасан боловч аль нэг нөхцөл дангаараа хангагдсанаар тус гэрээг иргэний эрх зүйн төстэй төрлийн бусад гэрээнээс ялгахад хүндрэлтэй байдал үүсэх бол дээр дурдсан бусад шаардлага хангагдсан эсэхийг анхаарах шаардлага зүй ёсоор үүснэ. Эд хөрөнгийн үнэ цэнэ ба ашиглалтын хугацааны харилцан хамаарал, ашигт байдал нь гэрээний талыг санхүүгийн түрээсийн гэрээг бусад төрлийн гэрээнээс илүүд үзэх үндэслэл болдгийг дурдах нь зүйтэй.

 

15. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т санхүүгийн түрээсийн гэрээний хугацааны талаарх шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан ашиглалтын хугацааг баримтлахаар заажээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д машин механизм, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 10 жилээр тогтоосон байна. Гэвч гэрээнд эд хөрөнгийн ашиглалтын хугацаанд үл хамаарах байдлаар буюу 6 сараар хугацааг тодорхойлж, энэ хугацаанд багтаан үнэ төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлөхөөр тохирчээ. Түрээсийн хөлс төлөх хуваарийг тохирохдоо зах зээлийн үнэ цэнийг 90 хувиас дээш буюу үнийг 100 хувиар тогтоож, улмаар сар бүрийн 1.4-1.6 хувийн хүү нэмж төлөхөөр заасан байдлыг дээр дурдсан хэт богино төлбөрийн хуваарьтай хамтатган дүгнэвэл санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн шинж үгүйсгэгдэхээр байна.

 

16. Ийнхүү талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар мэтгэлцээн хангалттай өрнөөгүй, маргааны зүйлтэй холбоотой нотлох баримт бүрэн гүйцэд бүрдээгүй байх тул үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хяналтын шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс анхан шатны шүүхийн дүгнэлт өөр хоорондоо зөрчилтэй болжээ. Тодруулбал, “... нэхэмжлэгч зөрчлөө арилгасан үед түрээсийн зүйлийг буцаан өгнө гэж хариуцагч тайлбарлаж байх тул түрээсийн зүйлийг түр буцаан авсан байна. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний нөхцөлийг тохирсон” гэж дүгнэсэн атлаа “... гэрээний түр буцаан авах тухай заалт нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн” гэсэн харилцан эсрэг утгатай дүгнэлт шийдвэрт тусч, улмаар үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх дүгнэлтүүд учир дутагдалтай болсон, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулсангүй. 

 

17. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн гаргасан “Анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01044 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01873 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “МЛ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.11-ний өдөр төлсөн 1,509,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

               ШҮҮГЧИД                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ