Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01873

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01873

 

 

М ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01044 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НЛ ХХК-д холбогдох,

270,314,976 төгрөг гаргуулах үндсэн, 120,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

М ХХК нь НЛ ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр УБ2103-31, УБ2103-32 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УБ21/07, УБ21/08 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан. УБ2103-31, УБ2103-32 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус байгуулсан ба бид 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа төлбөр 60,800,000 төгрөг, даатгалд 9,120,000 төгрөг, 4, 5 дугаар сарын хуваарьт төлбөрт 72,594,976 төгрөг, нийт 142,514,976 төгрөгийг төлсөн. УБ21/07, УБ21/08 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус байгуулсан ба манай компаниас урьдчилгаа 77,800,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлбөрт 50,000,000 төгрөг, нийт 127,800,000 төгрөгийг төлсөн. Манай компанийн Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Халив багт байрлах, Элстэй уурхайд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ковид-19 өвчин гарч 06, 07 дугаар сард уурхай бүрэн ажиллаагүй, уурхайн үйл ажиллагаа 2 cap бүтэн зогссон тул бид төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Гэхдээ 08 дугаар сараас уурхайн үйл ажиллагаа эхлэх үед бид өөрсдийн боломжоор 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлсөн. 08 дугаар сард үйлдвэрээс гарсан хүдрийн тээвэрлэлт хийгдэж, 09 дүгээр сарын эхээр мөнгө нь орж ирдэг тухайгаа хэлж, төлж дуусгахаар харилцан ярилцсан боловч бидний саналыг хүлээн авалгүй 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр НЛ ХХК-ийн хэлтсийн дарга н.Эрдэнэбаатар, хуульч н.Батжаргал нарын 15 хүн ирж 4 өөрөө буулгагчийг авсан явсан болно. Иймд НЛ ХХК хуульд заасан шаардлагыг хангаагүй гэрээ байгуулж, Монгол Улсын иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, түрээслэгч байгууллагын саналыг үл хайхран уурхайн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, машин тоног төхөөрөмжүүдийг буцаан татсан тул НЛ ХХК-тай байгуулсан УБ2103-31, УБ2103-32, УБ21/07, УБ21/08 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний төлбөрт төлсөн нийт 270 314 976 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Энэхүү гэрээ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээ гэж хариуцагч талаас үзэж байна. Учир нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах шаардлагыг заасан байх ба энэ зүйлийн 5.1.1-д заасан гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх талаар заасан ба уг заалтыг санхүүгийн түрээсийн 4 гэрээнд тус тусад нь тусгасан байгаа. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Түүнчлэн, санхүүгийн түрээсийн зүйл нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...барилга, байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй хөдлөх эд хөрөнгө нь санхүүгийн түрээсийн зүйл байна гэж заасан байх бөгөөд үүний дагуу өөрөө буулгагч хэрэгслүүд нь санхүүгийн түрээсийн гэрээний зүйл мөн байна. Мөн Санхүүгийн түрээсийн гэрээ-ний нийт дүн, түрээсийн төлбөрийг санхүүгийн түрээсийн гэрээгээр тооцохдоо Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар түрээсийн зүйлийг захиалах, худалдах, хүлээн авах, тээвэрлэх болон тэдгээртэй адилтгах зардлыг оруулан тооцсон. Мөн Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулахдаа Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэл болгосон бөгөөд энэ зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулах тухай заасан ба бодит үйл баримтын хувьд санхүүгийн түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байдаг. Мөн энэ зүйлийн 8.2.1-д заасны дагуу түрээслүүлэгч болон түрээслэгчийн албан ёсны нэр хаяг, гэрээний хугацааг санхүүгийн түрээсийн гэрээнд тусгасан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа НЛ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

 

3. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр УБ2103-31, УБ2103-32 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр СТГ-21/07, СТГ-21/08 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г тус тус байгуулсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрийн хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж санхүүгийн түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагчийг М ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. НЛ ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 4.1.3, 7.2-т тус тус заасны дагуу түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагчийг өөрийн зардлаар буцаан авсан. Гэвч М ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.3-т заасны дагуу түрээсийн зүйл болох өөрөө буулгагчийг өөрийн зардлаар манай НЛ ХХК-ийн Улаанбаатар хот дахь агуулахад буцаан хүлээлгэж өгөөгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 4.1.5-д заасныг баримтлан 4 ширхэг өөрөө буулгагчийг буцаан авалтын төлбөр болох 120,000,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Гэрээгээр техникүүдийг буцаан авахад 30,000,000 төгрөгийн зардал гарсан гэдэг нь тогтоогдоогүй, хариуцагчаас энэ талаар нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Манай уурхай Улаанбаатар хотоос 750 км зайтай оршдог бөгөөд сүүлд хийгдсэн гэрээгээр машин түрээслээд түрээсийн машиныг тээвэрлэхэд 4,600,000 төгрөгийн зардал гарсан байдаг. Гэтэл хариуцагч тал анхнаасаа гэрээгээ зөрчсөн ба өөрөө буулгагч техникүүдийг манай талд хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Эхний 2 техникүүдийг хариуцагч нь нэхэмжлэгч компанийн уурхайд хүргэж өгөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон боловч эхний хоёр техникийг уурхайд хүргэж өгөөгүй Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос 425 км яваад Дорноговь аймагт ирээд уурхайгаас хүн дуудсан бөгөөд уурхайн дарга очиж акт үйлдээд, хариуцагч компаниас ...бензиний мөнгө байхгүй... гэх тайлбар хэлсэн тул өөрсдийн зардлаар цааш уурхай руу авч явсан. Харин дараагийн 2 өөрөө буулгагчийн хувьд ...эдгээр техник нь Замын-Үүд суманд ирсэн, манай байгууллага хүн хүч хүрэлцэхгүй учир та нар өөрсдөө ирээд аваач... гэсэн хүсэлтийн дагуу М ХХК-ийн уурхайн дарга очоод Замын-Үүд сумын пост дээр өөрөө буулгагч техникүүдийг хоёр хөлсний жолооч авчирч өгсөн. Тухайн 2 хөлсний жолооч акт үйлдэж мэдэхгүй, НЛ ХХК-тай гэрээгээр ажилладаггүй. Зөвхөн эдгээр техникүүдийг хүргэж өгөх үүрэг авсан, нэг жолоочийн хөлс 150,000 буюу нийт 300,000 төгрөг төлөхийг шаардсан тул шаардсан төлбөрийг төлөөд үүнээс цааш техникүүдийг өөрсдийн зардлаар авч явсан. Энэ бүх зардлууд нийлээд нэг техникийн зардал 30,000,000 төгрөг болох боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад холбоотой нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн 4 өөрөө буулгагч техникүүд нь яг одоогоор нэхэмжлэгч компанийн эзэмшилд байхгүй.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч НЛ ХХК-аас нийт 270,314,976 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЛ ХХК-ийн нэхэмжлэгч М ХХК-аас нийт 120,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,509,525 төгрөгийг, хариуцагч Новел лизиг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хувийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрхийнхээ хүрээнд хариуцагч НЛ ХХК-аас гэрээг цуцалсантай холбоотой урьдчилан төлсөн төлбөр болох 270,314,976 төгрөгийг нэхэмжилсэн болно. Гэтэл шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн Санхүүгийн түрээсийн гэрээ-г дуусгавар болоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компани 4 өөрөө буулгагчийн үнэнд 270,314,976 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагчаас өнгөрсөн хугацаанд гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг зохих ёсоор авч чадаагүйгээс улбаалан санхүүгийн хувьд хохирч байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 314 дүгээр зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн актуудыг үндэслэн нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийг үндэслэн 4 гэрээнийхээ үүргийг хариуцагч зөрчиж, түрээслэгч талд нэмэлт хугацаа тогтоож төлбөр төлөх боломжоор хангаагүй. Мөн 2 сар дараалан төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцалсан ба Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт тус тус зааснаар дээрх гэрээний дагуу шилжүүлэн авсан 4 өөрөө буулгагчийг хариуцагчид буцаан өгөх үүргээ хэрэгжүүлж, өөрөө буулгагчуудыг хариуцагч талд өгсөн болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар СТГ/2103- 31, СТГ/2103-32, СТГ-21/07, СТГ-21/08 тоот санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 270,314,976 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж гомдол гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж заасан. Манай байгууллагаас Санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу хуульд нийцсэн гэрээ байгуулсан. Мөн манай байгууллагаас Санхүүгийн түрээсийн гэрээ-нд заасан бүх үүргээ хийж гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 314 дүгээр зүйлд ...түрээслүүлэгчийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлээгүй, хугацаа хоцорч шилжүүлсэн эсхүл шаардлага хангаагүй эд зүйлсийг шилжүүлсний хариуцлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний нэгэн адил хүлээнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 314 дүгээр зүйлийн 314.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг албан ёсоор хүлээлгэж өгсөн, хугацаа хоцорч шилжүүлсэн зүйл байхгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 314 дүгээр зүйлийн 314.2 дахь хэсэгт ...өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардаж болно гэж заасан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолтой хамааралгүй. Санхүүгийн түрээс лизингийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу түрээслэгч нь эрх, үүргээ биелүүлээгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Мөн 2021 оны 09 дүгээр сард Ковид-19 цар тахал гарсан гэх нотлох баримтыг гаргаж өгсөн. Давж заалдах гомдолд дурдсанаар 2 сар төлбөр төлөөгүй, гэрээг цуцалсан бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 4 өөрөө буулгагчийг НЛ ХХК-д өөрсдөө хүлээлгэн өгсөн гэж бичсэн нь худлаа юм. Анхан шатны шүүх хуралдаанд манай компанийг хурааж авч, зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж мэдүүлсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч өөрөө буулгагчийг эзэмшиж, ашиглаж байсан хугацаанд үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр, урьдчилгаа төлбөр, даатгалыг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 270,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн 270,314,976 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч НЛ ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1-2, 45, 46-47, 61/

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн талаар тусгайлсан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

  1. Нэхэмжлэгч М ХХК /түрээслэгч тал/, хариуцагч НЛ ХХК /түрээслүүлэгч тал/-тай 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр УБ2103-31, УБ2103-32 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УБ21/07, УБ21/08 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулж, 4 ширхэг өөрөө буулгагч техникийг 24 сарын хугацаатай, түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 10-29, 50-59/

 

  1. Түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагч техникийг М ХХК хүлээн авч, түрээсийн төлбөрт нийт 270,314,976 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин дээрх 270,314,976 төгрөгийг НЛ ХХК-аас М ХХК-д буцаан өгөх үүрэг хүлээх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

  1. Түрээслэгч М ХХК харилцан тохиролцсон хуваарийн дагуу гэрээний төлбөрийг зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар 4 ширхэг өөрөө буулгагчийг түрээслүүлэгч НЛ ХХК 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрсдийн зардлаар буцаан авсан болох нь М ХХК-аас НЛ ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд /хх 151, 152/, М ХХК болон НЛ ХХК-ийн санхүүгийн ажилтны тус тус гаргасан тооцооллууд /хх 128-130, 156/, мөн зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.3-т “...түрээслэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу түрээсийн төлбөр болон хүүг 2 сар дараалан бүрэн төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч эсхүл түүний эрх олгосон этгээд түрээсийн зүйл байгаа газарт саадгүй нэвтэрч, түрээсийн зүйлийг хураан авах эрхтэй” гэж тусгасан боловч түрээслүүлэгч НЛ ХХК 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагч техникийг буцаан авсан байх тул үүнийг Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4-т “түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй” бол түрээслүүлэгч түрээсийн зүйлийг түрээслэгчээс буцаан авах эрхтэй гэж зохицуулсантай харшлаагүй гэж үзнэ.

 

  1. Түрээслэгч М ХХК-аас гэрээний дагуу түрээслүүлэгч НЛ ХХК-д төлсөн 270,314,976 төгрөг нь түрээсийн зүйл болох 4 ширхэг өөрөө буулгагч техникийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрт тооцогдох тул дээрх мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,509,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ