Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00002

 

 

“ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 209/МА2022/00089 дүгээр магадлалтай,

“ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

2016.11.07-ны өдрөөс 2021.07.21-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа зогссоны улмаас олох байсан орлого 109,867,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, прокурор Ш.О, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ГМ” ХХК нь 2016.11.07-ны өдрөөс 2021.07.21-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа зогссоны улмаас олох байсан орлого 109,867,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус зааснаар засгийн газрын нөөцийн сангаас 62,920,000 төгрөгийг гаргуулж “ГМ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,947,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 209/МА2022/00089 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “ГМ” ХХК-ийн захирал Б.Хгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар прокурор болон нэхэмжлэгч Б.Х нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд хандан “Хууль бусаар мөрдөн шалгагдаж, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан,мөн тамга, тэмдгийг хураан авч компанийн үйл ажиллагааг хууль бусаар зогсоож, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосны улмаас олох ёстой байсан орлогоо олж чадахгүй, хохирол учирсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж тус сум дундын шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээр 2022.09.30-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

4.1.“Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх: болсон үйл баримтыг хуульд нийцүүлэн зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. “ГМ“ ХХК-ийн захирлыг хууль зөрчиж, өөрийн төрсөн эцэг Бтай бүлэглэн 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 254 дүгээр зүйлд заасан худал мэдүүлэг өгсөн хэрэгт тус тус холбогдуулан 2017.03.26-ны өдөр “Сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол”-оор хууль бусаар яллагдагчаар татаж, айлган сүрдүүлж бүрдүүлсэн хэргийг прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, мөн компанийн тамга тэмдгийг хураан авсан тогтоол зэргээр хуулийн байгууллагын хууль зөрчсөн, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогүй болгосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг: ...хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

4.2.Давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ “ГМ” ХХК-ийн олж байсан орлого тодорхой бус, компанийн үйл ажиллагааг зогсоосон зүйл байхгүй, Б.Х гэх хүнийг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт шалгасан, нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2.3 дахь, 45.3 дугаар зүйлийн 1.2 дахь, 45.5 дугаар зүйлийн 1 дэх заалт, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4 үндэслэл тогтоогдохгүй байхад 62,920,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэж байгаа нь нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр 2021\ШЦТ\88-р цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017.04.07-ны 12-р прокурорын тогтоолоор тогтоогдсон нотлох баримт, үйл баримтыг дахин тогтоож, нотлон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4-д заасныг ноцтой зөрчсөн. “ГМ” ХХК нь нэг хүний гишүүнчлэлтэй, хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан компани юм. Явуулсан үйл ажиллагаа, олсон орлогоо хуульд заасны дагуу татварын албанд тайлагнаж байсан ба олсон орлого, төлсөн татвар нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн байгууллага болон татварын хэлтсийн тайлан, мөн “ГМ” ХХК-аас 2017.03.06-ны өдөр хурааж авсан 837 ширхэг, нэг бүр нь 20,000 төгрөгийн орлого авсан буюу нийт 16,000,000 төгрөгийн орлогын /2016.04.15-аас 2016.11 сар дуустал нийт 7 сар/ баримтаар батлагдаж байгаа. Мөн “ГМ” компанийн үйл ажиллагаа хэдий үеэс доголдож улмаар татварт “X” тайлан гаргаж байсан болох нь татварын газрын гаргаж өгсөн тодорхойлолт, хавтаст хэрэгт авагдсан тайлан, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

4.3.Мөн “ГМ” компанийн тамга тэмдгийг хурааж авчхаад тухайн компанид буцааж өгөөгүй нь прокурорын 2017.10.31-ний 02-р, 2018.08.06-ны 07-р тогтоолоор, мөн тамга, тэмдгийг андуурч өгөн гарын үсэг зуруулж,түүнийгээ архиваас авсан гэх прокурорын мэдүүлэг зэргээс харагддаг. Мөн Б.Бт холбогдох хэргийг шалгахдаа санхүүгийн тэмдгийг хэргийн эд мөрийн баримт болгоод хавтаст хэрэгт хураан авсан үйл баримт тогтоогдсон, тамга тэмдгийг Б.Бт холбогдох хэргийг цагаатгасны дараа буцааж олгосон үйл баримтыг давж заалдах шатны шүүх огт анхаарч үзсэнгүй.

Дээрхээс дүгнэж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоочихсон нотлох баримт, үйл баримтыг давж заалдах шатны шүүх дахин үнэлсэн нь хэрэг хянан шийдэх ажиллагааг ноцтой зөрчиж энэ нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.12.02-ны өдрийн 001/ШХТ2022/01360 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6.Нэхэмжлэгч “ГМ” ХХК нь Засгийн газрын нөөц сангаас гэм хорын хохиролд 109,867,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, “ГМ” ХХК нь 2016.04.05-ны өдрөөс 2016.10.15-ны өдөр хүртэл н.Б, М.М нартай хамтран Алтанбулаг боомтын гаалийн хяналтын талбайд ачих, буулгах үйл ажиллагаа явуулж түүнээс ашиг олж байсан, тус компанийн захирал Б.Хг эцэг Д.Бын эрүүгийн хэрэгт хамтатган шалгаж яллагдагчаар татсан бөгөөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч компанийн санхүүгийн тэмдгийг хураан авч буцаан өгөөгүйн улмаас 2016.11.07-2021.07.21-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулаагүйгээс олох байсан орлогоор хохирсон, ашгийг 2016 оны татварын тайланд тусгасан байдлаар жилийн 14,520,000 төгрөгөөр жишиж хохирлын хэмжээг тодорхойлсон гээд нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 зүйлийн 1 болон 2, 45.3 дугаар зүйлийн 1.2, 45.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4 дэх хэсэг” гэжээ.

7.Прокурор нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: “ГМ” ХХК-ийн захирал Б.Хг тус компанийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсантай нь холбогдуулан эрүүгийн хэрэгт 2017.03.26-ны өдөр яллагдагчаар татсан боловч, түүнд холбогдох хэргийг 2017.04.07-ны өдөр прокурорын 12 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнээс үзэхэд хэргийг 12 хоногийн хугацаанд шалгасан байна. Гэтэл 6 жилийн хугацааны олох байсан орлого гэж төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, санхүүгийн тэмдгийг хураасан боловч буцаан өгсөн байдаг” гэсэн байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүх маргааны үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэжээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...2017.03.26, мөн оны 03.27, 04.07-ны өдрийн прокурорын тогтоолоор компанийг энэ хугацаанд шалгасан гэж үзэхээр боловч 2017.02.20-ны өдөр компанийн санхүүгийн тэмдгийг хураан авсан, харин буцаан өгсөн баримтгүй, иймд дээрх хугацаанаас Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан 2021.07.21-ний өдөр хүртэл 52 сар компанийн үйл ажиллагаа зогссон гэж үзэх үндэслэлтэй, компанийн 2016 оны тайланд жилийн 14,520,000 төгрөгийн орлого олсон талаар тайлагнасан тул сард 1,210,000 төгрөгийн орлого олсон гэж үзнэ, иймд олох байсан орлогод 62,920,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй, нэхэмжлэлийн бусад шаардлагыг нэхэмжлэгч нотлоогүй” гэсэн дүгнэлт хийсэн.

10.Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нь хуулийн этгээдэд учирсан хохирол гэж 109,867,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ, тус компанийн захирлыг эрүүгийн хэрэгт шалгахдаа компанийн санхүүгийн тэмдгийг хураан авснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй 2016-2021.07.21-ний өдөр хүртэл зогссон гэсэн боловч Б.Хг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт сэжигтнээр шалгаж, 2017.03.13-ны өдөр батлан даалтад өгөх арга хэмжээ авсан, мөн оны 03.26-ны өдөр яллагдагчаар татсан боловч 04.07-ны өдөр түүний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна, компанийг эрүүгийн хариуцлагад татсан гэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 45.5 дугаар зүйлийн 1 дэх заалт, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй” гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

11.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

11.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн захирал Б.Хг өөрийн эцэг Д.Бт холбогдох эрүүгийн хэрэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэж 2016.03.26-ны өдрөөс мөн оны 04.07-ны өдөр хүртэл эрүүгийн хэрэгт шалгаж, улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Д.Б нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр ажиллах хугацаандаа Монгол Улсын Хилийн боомтын тухай хууль зөрчиж өөрийн охин Б.Хгийн нэр дээр бүртгэлтэй “ГМ” ХХК-ийн санхүүгийн тэмдгийг ашиглан гаалийн хяналтын бүсэд бараа материал импортлон оруулж ирж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт, буулгалтын ажил түүний төлбөр гэж нэг тээврийн хэрэгслээс 20,000 төгрөг хураан авч албаны эрх мэдэл урвуулан ашиглаж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон, түүнийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021.07.21-ний өдрийн 2021/ШЦТ/88 цагаатгах тогтоолоор цагаатгасан байна.

11.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэг нь хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн зэргээс учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцах, хохирол нөхөн төлөх эрх нь тухайн хүнийг цагаатгасан, эсхүл хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй эсхүл нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нөхцөлийг хуульчилжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.5 дугаар зүйлийн 1-д хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг энэ бүлэгт заасан журмын дагуу төр хариуцна гэсэн.

11.3.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд Б.Х, Д.Б нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасантай холбоотой “ГМ” ХХК-ийн санхүүгийн тэмдгийг хураан авсан, эдгээр иргэнд холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон нь төрөөс тус компани хохирлоо шаардах эрхийг үүсгэнэ гэсэн утгатай байна.

11.4.Иймээс Б.Х, Д.Б нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахад “ГМ” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон гэж үзэх эсэх, эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдэл байгаа эсэх, тус компанийн санхүүгийн тэмдгийг хураан авсантай холбоотой тус компани олох байсан орлогоор хохирсон эсэхийг тогтоох нь нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна.

11.5.Гэм хорыг арилгах нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заахдаа бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

Мөн хуулийн хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг тусгайлан хуульчилсан ба 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлнө гэж зохицуулсан байна.

Хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хор учруулагч хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан байх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо, гэм буруу байхыг шаарджээ.

Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөлүүдийн аль нэг хангалттай бүрэн тогтоогдоогүй бол тухайн харилцаанаас үүссэн эрх зүйн маргаантай холбоотой нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

11.6.Хэргийн баримтад авагдсан “ГМ” ХХК нь 2016.04.05-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ төрлийн үйл ажиллагааг явуулаагүй, харин байгуулагдсан өдрөөс гаалийн хяналтын бүсэд ачих, буулгах үйлчилгээ эрхэлсэн нь тогтоогдсон, хожим уг чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүртгэлийг 2017.07.20-ны өдөр хийлгэжээ.

“ГМ” ХХК-ийн захирал Б.Хг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад 2016.04.07-ны өдөр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш тухайн компани улсын бүртгэлд бүртгэгдсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад саад болсон гэх нөхцөл тогтоогдоогүй, тухайлбал, компанийн санхүүгийн тэмдгийг 2017.02.20-ны өдөр хураан авсан боловч, 2017.10.31-ний өдрийн 02 тогтоолоор буцаан олгохоор шийдвэрлэж байсан (гэхдээ уг тогтоол хүчингүй болсон), Д.Бт холбогдох хэргийг 2018.08.06-ны өдрийн прокурорын 07 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгохдоо мөн компанийн санхүүгийн тэмдгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн (уг тогтоолыг 2020 онд Д.Бын гэм бурууг шүүхээр тогтоолгох хүсэлтээр хүчингүй болгосноор хэргийг шүүх хэлэлцсэн) баримтууд хэрэгт авагдсанаас гадна санхүүгийн тэмдгийг 2018.11.30-ны өдөр Б.Х хүлээн авсан тухай бүртгэлийн дэвтрийн баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан 109,867,000 төгрөгийн хэмжээний бодит орлого олох байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч “ГМ” ХХК-ийн үйл ажиллагаа санхүүгийн тэмдэг хураагдсанаас болж зогсож компани олох байсан орлогоор хохирсон гэж үзэхэд дутагдалтай.

12.Давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гэм хорын хохирол гаргуулах тухай хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 209/МА2022/00089 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД