Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01015

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01546 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01199 дүгээр магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Бд холбогдох,

88,930,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Батсайхан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 59,287,080 төгрөг, алданги 29,643,540 төгрөг, нийт 88,930,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01546 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Баас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 88,930,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Чинхутаг өндөр” ХХК-д холбогдуулан гаргасан 43,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,454,058 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01199 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Баас 59,287,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдэх 29,643,540 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,454,058 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 851,255 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 454,385 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч “Б” ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 602,605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасны дагуу эс зөвшөөрч доорх байдлаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Миний бие Ж.Б Нарантуул зах дээр 10 гаруй жил контейнер түрээслэн хүнсний бараа бүтээгдэхүүн борлуулж өөрийн амьдралыг залгуулж байсан. Би “Б” ХХК-тай 2015 оноос хойш хамтран ажиллаж, итгэлтэй худалдан авагч борлуулагчаар шалгарч шагнал хүртэл авч байсан бөгөөд миний хийсэн гэрээний дагуу хүнсний бүтээгдэхүүнийг надад болон надтай хийсэн гэрээний үндсэн дээр бусад контейнерын худалдаа эрхлэгчдэд хүлээлгэн өгөхдөө бараа хүлээлгэн өгсөн падаан бичиж өгдөг, түүний дагуу төлбөр тооцоог нийлдэг байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “...2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 сар хүртэл нийт 127,697,400 төгрөгийн бараа бүтээлдэхүүн худалдан авч 138,830,320 төлбөр төлсөн, одоо 59,287,680 төгрөгийн үлдэгдэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Нэхэмжлэгч надаас 30.0 сая төгрөг, алданги 15.0 сая төгрөг нэхэмжилсэн. Харин “Чинхутаг өндөр” ХХК-аас 43,930,620 төгрөг нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Чинхутаг өндөр” ХХК-аас татгалзаж, надаас 59,287,080 төгрөг, алданги 29,643,540 төгрөг, нийт 88,930,620 төгрөгийг анхан шатны шүүхэд нэхэмжилсэн билээ.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэд: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “зааснаар ажил үйлчилгээ гарсныг нотолж, гэрээ нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч 59,287,080 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэдгийг нотолж чадаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах, худалдан авах харилцаа гэж дүгнэсэн. Учир нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсны дараа зарагдаж дуусахаар нь төлбөр тооцоо хийдэг гэж үзсэн нь мөн хуулийн 198 дугаар зүйлийн “Гэрээ тайлбарлах” зохицуулалттай нийцэж байгаа болно.

Харин Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйл “Худалдах, худалдан авах харилцаа гэж дүгнээд нэхэмжлэгч нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байхад анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал хэрэгжиж байх талуудын шүүхэд гаргасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байх боломжтой гэж дүгнэсэн шүүх, шүүгч нар үзмэрч, мэргэч, төлөгчийн аргыг хэрэглэж мөнгөтэй боломжтой талд хэргийг шийдвэрлэж амьдрах гэж шударгаар хөдөлмөрлөж явсан иргэнийг хохироож байна.

Иймд та бүхнээс хүсэмжлэн гуйх нь үнэхээр шударга зүйл байдаг л бол надад хүлээлгэн өгсөн барааныхаа анхан шатны баримтыг гаргаж өгснөөр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Шударга ёсыг хүсэмжилсэн иргэн та бүхнээс шударга шийдвэр гарна гэдэгт найдаж хяналтын шатны шүүхэд гомдол гаргалаа гэжээ.

5.Хариуцагч Ж.Бы хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.09.30-ний өдрийн 001/ШХТ2022/00956 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 88,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “хариуцагч нь Нарантуул захын өргөтгөлийн 35 тоот контейнерт худалдааны үйл ажиллагаа явуулдаг ба 2015 оноос бараа нийлүүлж хамтран ажилласан, 2018.01.18-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг бичгээр байгуулсан, 2018.09 сараас 2018.12.31-ний өдөр хүртэл нийт 103,311,000 төгрөгийн бараа нийлүүлснээс 32,891,000 төгрөг төлсөн, 2019.01 сараас 2020.01 дүгээр сар хүртэл 127,697,400 төгрөгийн бараа нийлүүлснээс 138,830,320 төгрөг төлсөн, үлдэх 59,287,080 төгрөг төлөөгүй тул уг мөнгийг, гэрээний 4.1-д заасны дагуу алданги 29,643,540 төгрөгийн хамт гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “2015 оноос хойш нэхэмжлэгч “Б” ХХК-тай хамтран ажиллаж байгаа нь үнэн, 2018.09.08-ны өдрөөс 2020.01.11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 160,546,700 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн, 2018.09 сараас 2018.12 сарыг дуустал 32,898,000 төгрөг, 2019.01 сараас 2020.01 сар хүртэл 138,830,320 төгрөг, нийт 171,721,320 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү 11,174,620 төгрөгийг илүү төлсөн, “Б” ХХК нь өөрсдийн хүлээлгэж өгөөгүй барааны үнэд 103,311,000 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь анхан шатны баримтыг хууль, холбогдох журамд заасны дагуу бүрдүүлдэггүй байсан, энэхүү байдал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д заасныг зөрчсөн байна, ...59,287,080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байна,...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсон, учир нь талууд гэрээгээр хүү тохиролцоогүй байна, зохигчийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хүлээн авсан бараа, материалын үнэ төлөхөөр тохиролцсон харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний төрөлд хамаарна, мөн анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчид 2018 оны 09 сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 231,008,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн, үүнээс нийт 171,721,320 төгрөг төлөгдсөн, зөрүү 59,287,080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна, өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал үгүйсгэгдсэн, иймээс дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлтэй, харин алданги гаргуулах шаардлагын хувьд гэрээнд бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх хугацааг тодорхой заагаагүй, компанийн борлуулалтын менежер нягтлан бодогчтой тооцоо нийлж, төлбөр төлөх агуулга тусгагдсан, энэ талаар баримтгүй тул алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно” гэсэн агуулгатай дүгнэлт хийж үндсэн төлбөрийг гаргуулж, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

8.Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.

9.Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ болох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Зохигчийн хооронд 2018.01.18-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулагдсан “бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” 142/14 тоот гэрээгээр нэхэмжлэгч “Бимекс” ХХК нь хариуцагч Ж.Бд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг, хариуцагч нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, энэ талаар зохигч маргаагүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзэхэд учир дутагдалтай.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл боловч өөрийн гэсэн онцлогтой, худалдан авагч тал худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөхөөс гадна  хүү төлөх үүрэг хүлээдэг болохыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд бараа нийлүүлсний дараа тодорхой хугацаанд үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон энэ шинж дангаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний агуулгыг тодорхойлохгүй тул тухайн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх нь хуульд нийцнэ.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ.

11.Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.3.1-д заасан “нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ, үүнд анхан шатны баримт бүрдүүлэх” гэснийг зөрчсөн гэж энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь өрөөсгөл, хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, зохигчийн хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчийн биечлэн болон утсаар өгсөн захиалгын дагуу заасан этгээдэд барааг хүргэн өгч байсан, энэ талаарх болон гэрч нарын мэдүүлгээр тухайлбал, бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримтууд, НӨАТ бичигдсэн, урамшуулал, хөнгөлөлт өгсөн тухай, мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, 2018 оны 09 сараас 2020 оны 01 сар хүртэл нийт 231,008,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгснөөс 171,721,320 төгрөг төлөгдөж, 59,287,080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа болох нь тогтоогдсон гэж үзэхдээ хууль зөрчөөгүй байна.

12.Иймд хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01199 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Бы 2022.08.02-ны өдөр 454,385 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН