Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01199

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01546 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б д холбогдох, 88,930,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц , хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б ХХК нь ...т  худалдааны үйл ажиллагаа явуулдаг Ж.Б тай 2015 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэн. 2018 оны 01 сарын 18-ны өдөр 000-00 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулж, 2018 оны 09 сараас 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 103,311,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, 32,891,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 01 сараас 2020 оны 01 сар хүртэл нийт 127,697,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч 138,830,320 төгрөгийг төлсөн ба одоо 59,287,080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөрийн талаар Ж.Б д удаа дараа мэдэгдэхэд Ч ХХК-ийн захиалгаар танайхаас бараа бүтээгдэхүүн авч өгсөн. Ч ХХК-аас төлбөр төлөгдвөл танайд шилжүүлнэ гэж хэлээд сар бүрийн эцэст худалдан авагчийн нэрийг Ч ХХК гэж бичүүлэн НӨАТ-ын баримт шивүүлж авдаг байсан. Хариуцагч нь 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 59,287,080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Иймд хариуцагч Ж.Б аас бараа материалын үлдэгдэл төлбөр 59,287,080 төгрөг, алданги 29,643,540 төгрөг, нийт 88,930,620 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Б ХХК нь Ж.Б тай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа нь үнэн. 2015-2018 оны хооронд тооцоо ямар нэгэн асуудалгүй байсан. 2018 оны 09 сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 160,546,700 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Ж.Б барааны төлбөрт 2018 оны 09 сараас 2018 оны 12 сарыг дуустал 32,898,000 төгрөг, 2019 оны 01 сараас 2020 оны 01 сар хүртэл 138,830,320 төгрөг, нийт 171,721,320 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү 11,174,620 төгрөгийг Ж.Б хүлээж авсан бараанаас илүү төлсөн байдаг. Б ХХК нь өөрсдийн хүлээлгэж өгөөгүй барааны дүн буюу 2018 оны 09 сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 103,311,000 төгрөг гэж шаардлага гаргадаг. Гэтэл Ж.Б д хүлээлгэж өгсөн барааны үнэ нь зургаан баримтаар нотлогдож байгаа. Баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд эдгээр баримтаар 62,284,000 төгрөг буюу 103,311,000 төгрөгөөс 62,284,000 төгрөгийг хасаж тооцоход 32,891,000 төгрөгийг төлсөн, 41,027,000 төгрөгийн бараа аваагүй. 2019 оны 01 сараас 2020 оны 01 сар хүртэл 127,697,400 төгрөг гэж нэхэмжилж байгаа. Гэтэл энэ компанийн хүлээлгэж өгсөн баримтаар 2019 оны 01 сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэлх 12 ширхэг баримтын дүн 98,262,700 төгрөг болдог. Нэхэмжлэлийн шаардлага 127,697,400 төгрөгөөс дээрх дүнг хасаж тооцоход зөрүү 29,434,700 төгрөгийг илүү нэхэмжилсэн байгаа. Нийт 2018 оны 09 сараас 2020 оны 01 сар хүртэл нэхэмжилсэн барааны үнийн зөрүү 70,461,700 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлагын 59,287,080 төгрөгөөс зөрүү үнэ болох 70,461,700 төгрөгийг хасаж тооцоход 11,174,628 төгрөгийг Ж.Б илүү төлсөн. Гэвч 18 ширхэг бараа хүлээж авсан баримт дундаас нэг ширхэгийг ч би өөрөө хүлээж аваагүй. Энэ компани 2018 оны 09 сараас 2020 оны 01 сар хүртэл бараа хүлээлгэн өгөхдөө 2018 оны 09 сарын 08-ны өдөр 13,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 5,076,000 төгрөг, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 9,110,000 төгрөг, 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 3,969,000 төгрөг буюу нийт 31,655,000 төгрөгийг иргэн н.Д ад хүлээлгэж өгсөн, энэ нь төлөгдсөн учраас хавтаст хэрэгт байгаа дөрвөн баримттай таарч байгаа. Ж гээд түгээлтийн компанид 2018 оны 11 сарын 28-ны өдөр 11,250,000 төгрөг, 2019 оны 01 сарын 18-ны өдөр 8,460,000 төгрөг буюу нийт 19,710,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Дараа нь Нарантуулын өргөтгөлийн 35 тоот контейнерийг ажиллуулдаг хариуцагчийн төрсөн эгч иргэн Ж.О д 2018 оны 12 сарын 28-ны өдөр 5,769,000 төгрөг, 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 4,500,000 төгрөг, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 4,700,000 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр 4,555,000 төгрөг 2019 оны 10 сарын 03-ны өдөр 5,141,000 төгрөг буюу нийт 24,665,000 төгрөгийн барааг 5 удаагийн зарлагын баримтаар хүлээлгэн өгсөн. Өөр хэнд хүлээлгэж өгсөн нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй 6 баримт байдаг. Нийт 84,516,700 төгрөгийн барааг хэн хүлээж авсан нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй баримтыг хавсаргаж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч компани Ж.Б тай байгуулсан гэрээний дагуу дээрх хүмүүст хүлээлгэн өгсөн болохоос надад гэрээний дагуу хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэж өгсөн байлаа гэхэд гарын үсэгтэй анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд олон удаа баримтаа гаргаад өг гэдэг зүйлийг хэлэхээр манай санхүүгийн албанд байгаа гаргаж өгнө гэж байсан ч өгөөгүй учраас би өөрөө очоод та нар гаргаад өг миний өмнөөс бараа хүлээж авсан хүмүүс байгаад тэр тооцооны зөрүү гарвал би барагдуулахад бэлэн гэдэг асуудал яригдаж байсан болохоос нэхэмжилж байгаа үнийн дүнг барагдуулья гэдэг зүйл аль ч шатанд яригдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б аас бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 88,930,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан 43,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,454,058 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Б ХХК нь Ж.Б тай 2018 оны 01 сарын 18-ны өдөр №000-00 дугаар Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Б ХХК гэрээнд заасны дагуу бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, Ж.Б нь нийлүүлсэн барааг борлогдсон хэмжээнээс үл хамааран төлбөрийг тухайн тогтоосон хугацаанд барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд Б ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн барааг нийлүүлсээр ирсэн бөгөөд хариуцагч гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байгаа болно. Тодруулбал:

-Гэрч Г.Ч гийн ...Ж.Б нь бараагаа надаас захиалж авдаг байсан. Сар бүр 60 авдар хаан цай, хаан кофе авдаг хөтөлбөр явдаг байсан. 60 авдар авах захиалгаа надад утсаар эсхүл биеэр ирж мэдэгдээд барааг нь контейнерт нь буулгаж өгдөг. Ж.Б нь орон нутгууд руу бараа ачдаг контейнерууд дунд 35 номерын контейнерт байдаг байсан, Ж.Б хэлэхдээ Ч ХХК гээд ахынх нь компани байгаа гэж хэлээд, би өргөтгөл 35 Ч ХХК гэж борлуулалт шивэгдээд тухай бүрд нь сар бүр НӨАТ шивэгддэг байсан, 2020 оны 07 сарын 07-ны өдрийн уулзалтад ах нь бараа өгье, сард 2,000,000-3,000,000 төгрөгийн бараа өгөөд өрийг чинь барагдуулья гэж ярьж байсан, захиалсан барааг тэдэн авдрыг Э д, тэдэн авдрыг Ж ХХК-д, манай урд складад тэдийг, 35 руу тэдийг гээд Ж.Б ах өөрөө хэлдэг байсан... гэх мэдүүлэг;

- Гэрч Д.Г ын ...Ж.Б гэж хүн бараа авч байсан. Гэрээ хийхдээ Ч ХХК нь манай компани гээд 2017 оны 1 сараас и-баримт системд нэвтэрч эхэлснээс хойш энэ хүний сар бүрийн худалдан авалтыг компанийн нэрээр шивж өгсөн, сар бүр энэ хүний худалдан авалтад таарсан баримтыг шивж өгдөг байсан, борлуулалт хийгдсэн тохиолдолд НӨАТ-ын баримтыг олгодог... гэх мэдүүлэг;

- Хариуцагч Ж.Б ы ...бараа бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ байгуулсан нь үнэн, гэрээний талаар маргах зүйлгүй, би оролцсон, миний нэр дээр гэрээ явагдаж байгаа учраас би эгчээс авч цааш нь дамжуулдаг байсан, 35 тоот контейнер миний нэр дээр байдаг, борлуулж байгаа хүн манай эгч байгаа, манай эгч зараад дууссан гэж хэлэхээр нь би Б.Ч д дамжуулж хэлдэг байсан, барааг захиалдаг тохиолдол байсан гэх тайлбар,

- Мөн даргалагчаас ...Ч ХХК-д НӨАТ шив гэдэг асуудлыг Б ХХК-д та хэлсэн юм уу?, ...манайд шивэх урамшуулал НӨАТ-ын баримтыг Ч ХХК-ийн нэр дээр шивээрэй гэж Б ХХК-д зөвшөөрөл өгсөн үү? гэсэн асуултад ...Эгч дээр борлуулалт явагдаад Ч ХХК Нарантуулаас бараа авахдаа манайхаас авдаг байсан, би Б.Ч гэж хүнд хэлж байсан гэх тайлбар, ...Би өгсөн, худалдааны төлөөлөгчид өгсөн, энэ хүн миний компани гэж бодсон юм шиг байна, Ч ХХК манай харилцагч компани гэх тайлбар;

- Шинжээчийн Хариуцагч Ж.Б нь Б ХХК-аас 2018 оны 09 сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 231,008,400 төгрөгийн 34,392 ширхэг барааг хүлээн авч, 171,721,320 төгрөгийг бараа худалдан борлуулсны орлогоор тушааж, зөрүү 59,287,080 төгрөг төлөгдөөгүй байна гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

4.б. Төлбөрийн задаргааны тухайд 1-р хавтаст хэргийн 15, 19, 20 дугаар талд тодорхой тусгагдсан. Түүнчлэн хэрэгт Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Авлагын дэлгэрэнгүй тайлан, ...Иргэн Ж.Б аас буюу Нарантуул захын 35-р чингэлгээс хүнсний материал авдаг байсан бөгөөд худалдан авалт хийсэн үнийн дүнгээр НӨАТ-ын падаан авахад тухайн падаан нь өөр, өөр компаниас ирдэг байсан. Тухайн борлуулагч нь ямар компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байгаа нь бидэнд хамааралгүй бөгөөд худалдан авалтынхаа дүнгээр НӨАТ-ын падаан авдаг байсан болно гэх Ч ХХК-ийн тайлбар, Иргэн Ж.Б ы ...Миний бие н.Ж овогтой Б нь Б ХХК-тай сүүлийн 10 жил харилцагчийн холбоотой байсан бөгөөд өнөөдрийн байдлаар өр авлагын асуудал байгаа... гэх тайлбар, 2021 оны 07 сарын 07-ны өдрийн уулзалтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Татварын ерөнхий газрын 2021 оны 08 сарын 27-ны өдрийн №00/0000 дугаар албан бичиг, иргэн Ж.Б ы кофе, цайны борлуулалтаас хонжвор авч байсан талаарх баримт, Ж.Б ы Б ХХК-д гаргасан өр төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулна гэсэн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн хүсэлт, Ж.Б ы Б ХХК-д гаргасан төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулна гэсэн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн хүсэлт, шинжээчийн дүгнэлт зэргээр нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно.

4.в. Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр анхан шатны баримтаар нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бүхий л баримт болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн өөрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэргээр хариуцагч нь өр төлбөртэй болох нь бүрэн нотлогдож байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, бусдыг хохироосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөх байдлаар шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч Ж.Б нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд тухайн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар бичгээр хийгдэх хэлцэл гэрчээр нотлогдохгүй гэсэн үндсэн зарчимтай. Шинжээч томилуулахад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар талуудын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн анхан шатны баримтыг хэн хүлээж авсан, хэд орчим тоо ширхэгийн бараа бүтээгдэхүүн хүлээж авсан талаар нотлогдоогүй гэх дүгнэлт гарсан. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөхдөө 18 ширхэг бараа бүтээгдэхүүн хүлээж авсан гэх падааныг гардуулж өгсөн. Тухайн падааны дагуу нийт үнийн дүнг жагсаагаад Ж.Б ы төлсөн төлбөрийг үзэхэд 11,174,620 төгрөгийн илүү төлөлттэй байдаг. Бусад төлбөр буюу 59,287,080 төгрөгтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч талаас шаарддаг. Гэвч Ж.Б нь ганц 35 тоот контейнерт бараа авдаггүй, зах дээр зогсож байгаа хүмүүс Ж.Б тай гэрээ байгуулаад, захиалга өгсний дагуу Б ХХК-аас хүлээлгэж тарааж өгдөг. Үүнтэй холбоотойгоор падааны дагуу мөнгөө төлөхийг Ж.Б шаарддаг. Бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хүмүүс мөнгийг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлдэг. Тооцоо нийлсэн акт байдаггүй. Мөн Ч ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татсан боловч татгалзсан. Ж.Б нь Ч ХХК-д төлбөр төлсөнийх нь дараа НӨАТ баримт өгөх байсан. Тухайлбал, 35 тоот контейнероос Ч ХХК бараа худалдаж авдаг бөгөөд НӨАТ-ын баримт шаарддаг. Ж.Б ы контейнероос НӨАТ-ын баримтыг төлбөрөө төлснийх нь дараа бичиж өгөх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан учир гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ж.Б д холбогдуулан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 59,287,080 төгрөг, алданги 29,643,540 төгрөг, нийт 88,930,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн төлсөн, үлдэгдэл тооцоо байхгүй, харин 11,174,620 төгрөгийн илүү төлөлттэй байгаа гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2018 оны 01 сарын 18-ны өдөр №000-00 тоот Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Ж.Б нь хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний үнийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. /1хх 13-14/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлжээ. Учир нь талууд дээрх гэрээгээр хүү тохиролцоогүй байна.

 

4.   Хариуцагч Ж.Б ы Ч ХХК-д хандаж гаргасан тайлбарт ...Өнөөдрийн байдлаар өр авлагын асуудал байгаа. Б ХХК нь харилцагч Ж.Б надтай өгч авалцсан баримтаа гаргаж өгөлгүй 59,287,080 төгрөг нэхэмжилж байгаа болохоос танай Ч ХХК-тай Б ХХК, иргэн Ж.Б хоёрын хоорондыг тооцоо, өр авлага хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.. гэж дурдагдсан байдал /1хх 46/, шүүхээс үзлэг хийн бэхжүүлсэн дуу бичлэгт Тэгэхээр та төлөх юм байгаа биз дээ гэхэд Ж.Б Мэдээжийн хэрэг ш дээ гэж, Та 59,000,000 төгрөгөө төлөх юм байна. Гэхдээ хамгийн гол нь яаж төлөх вэ гэхэд Ж.Б Би хугацаа яахав яахав. Би зохиомол юм гаргаад ирэхгүй ш дээ. Банк манкнаас үгүй ээ яахав. Энэ нь дээр бид хоёр яалт ч үгүй дүүгийн юмыг гэж тус тус хариулсан байдал /1хх 120/, Б ХХК-аас харилцагчдын дунд зохион байгуулсан Кофе цайны багцын азтан-аар Ж.Б шалгарч, шагнал авч байсан байдал /1хх 175, 181/, Ж.Б ы Б ХХК-ийн санхүүгийн албанд хандаж гаргасан 2020 оны 07 сарын 07-ны өдрийн хүсэлтэд ...борлуулалт маркетингийн ажилтанЧ гээр дамжуулж авсан бараа хаан кофе, цайны төлбөрийн үлдэгдлийг сар бүр 2 саяын дүнгээр бараа нийлүүлж төлбөрийг барагдуулж дуусна гэж, 2020 оны 03 сарын 25-ны өдрийн хүсэлтэд ...Энэ хугацаанд хаан кофены борлуулалтыг компани сугалаатай зохион байгуулж ирсэн учир борлуулагч миний бие үндсэн үнээр зарах боломжгүй байсан учир борлуулах үндсэн үнээс 5-10% буулгаж төлбөрийг барагдуулж явсан учир харилцагчийн тооцооны үлдэгдэл хуримтлагдаж өнөөдрийн өр төлбөр үүссэн болно. Иймээс тооцоогоо нягталж, эцсийн дүнг гаргах хүртэл цаашид 4 сарын 1-нээс хойш сар бүр 3 сая төгрөгийн бараагаар бий болсон тооцооны үлдэгдлийг барагдуулж байх хүсэлтийг хүлээн авна уу гэж тус тус дурдагдсан байдал /1хх 183, 184/, гэрч Г.Ч гийн шүүхэд өгсөн ...авах захиалгаа надад утсаар эсхүл биеэр ирж мэдэгдээд барааг нь контейнерт нь буулгаж өгөөд гар падаан бичиж хүлээлгэж өгдөг байсан. ...Өөрөө хүлээж авах нь ховор. Замын урд талд склад байдаг. Түүн дээр Б ахын эгч, дүү хоёр нь байдаг байсан. Тэр хоёр ихэвчлэн хүлээж авдаг байсан. Би гар падан бичээд хүлээлгэж өгдөг байсан. ...Б ы өрийн хэмжээ 59,000,000 орчим төгрөг байгаа. ...Падан дээрээ Д гэдэг тамга дардаг, заримдаа Д гэж гарын үсгээ зурж өгдөг байсан.. гэх мэдүүлэг /2хх 9-13/, гэрч Д.Г ын шүүхэд өгсөн ...Уулзалтаар тооцоо нийлсэн акт үйлдэхийг хичээсэн ч энэ хүн тооцоо нийлэхгүй гээд байсан. Тооцоо байгаа нь үнэн гэхдээ ийм дүн байхгүй гэж булзааруулаад байсан. Бид удаан ярилцсан. Хамгийн сүүлд би ийм тооцоо байгаа гэхэд тийм ийм тооцоо байгаа ах нь төлнө гэж байсан. Тухайн үед компанид өргөдөл гаргаж өгсөн, тухайн өргөдөл дээрээ бараагаа барагдуулж өгнө гэж бичээд мөнгөн дүнгээ тавиагүй байсан... гэсэн мэдүүлэг /2хх 13-18/ зэргийг Зарлагын баримт-уудтай /1хх 84-101/ харьцуулан үнэлбэл хариуцагч Ж.Б нь тус компаниас 2018 оны 09 сараас 2020 оны 01 сар хүртэлх хугацаанд нийт 231,008,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авч, нийт 171,721,320 төгрөгийг төлсөн, одоо 59,287,080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэх нэхэмжлэгч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан нотлох баримтуудаар хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн төлсөн, үлдэгдэл тооцоо байхгүй, харин 11,174,620 төгрөгийн илүү төлөлттэй байгаа гэх хариуцагч талын тайлбар, татгалзал няцаагдсан байна.

Иймд хариуцагч Ж.Б аас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 59,287,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

5.   Алданги 29,643,540 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, талуудын хооронд байгуулагдсан №000-00 тоот Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 4.1-д үүрэг гүйцэтгэж эхлэх хугацааг тодорхой заагаагүй, мөн компанийн борлуулалтын менежер, нягтлан бодогчтой тооцоо нийлж, төлбөр төлөх агуулга тусгагдсан байх тул нэхэмжлэгч нь гэрээний уг зохицуулалтыг үндэслэн хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/01546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Б аас 59,287,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдэх 29,643,540 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,454,058 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 851,255 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 454,385 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Б ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 602,605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР