Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/01546

 

 

 

 

 

 

 

 

2022 04 06 101/ШШ2022/01546

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Бд холбогдох 88,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б,

Хариуцагч Ж.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б ,

Гэрч Д.Г, Г.Ч,

Шинжээч П.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Нарантуул захын өргөтгөлийн   тоот контейнэрт худалдааны үйл ажиллагаа явуулдаг Ж.Б-тай 2015 оноос хойш хамтран ажиллаж эхэлсэ, 2018-01-18-ны өдөр 142-14 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Манай компаниас 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 103,311,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч 32,891,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл нийт 127,697,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч 138,830,320 төгрөгийг төлсөн ба одоо 59,287,080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Төлбөрийн талаар Ж.Бд удаа дараа мэдэгдэхэд, Ч ХХК-ийн захиалгаар танайхаас бараа бүтээгдэхүүн авч өгсөн. Ч ХХК-иас төлбөр төлөгдвөл танайд шилжүүлнэ гэж хэлээд сар бүрийн эцэст худалдан авагчийн нэрийг Ч ХХК гэж бичүүлэн НӨАТ баримт шивүүлж авдаг байсан. Хариуцагч нь 2019-12-31-ний өдрийн байдлаар 59,287,080 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан ба үүнийгээ төлөх аливаа арга хэмжээг аваагүй. Б ХХК нь 2020-10-05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас 2018-01-18-ны өдрийн Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 4.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангийг шаардаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснээр хариуцагч Ж.Баас бараа материалын үлдэгдэл төлбөр 59,287,080 төгрөг, алданги 29,643,540 төгрөг, нийт 88,930,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б ХХК нь Б надтай 2015 оноос хойш хамтран ажиллаж байгаа нь үнэн. 2015-2018 оны хооронд тооцоо ямар нэгэн асуудалгүй байсан. 2018-09-08-ны өдрөөс 2020-01-11-ний өдөр хүртэл 160,546,700 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн байдаг. Миний бие барааны төлбөрт 2018 оны 09 сараас 2018 оны 12 сарыг дуустал 32,898,000 төгрөг, 2019 оны 01 сараас 2020 оны 01 сар хүртэл 138,830,320 төгрөг, нийт 171,721,320 төгрөгийг төлсөн бөгөөд төлбөрийн зөрүү 11,174,620 төгрөг нь миний нийт хүлээж авсан бараанаас илүү төлөгдсөн байдаг. Хүлээлгэж өгсөн бараа миний төлсөн мөнгөний зөрүүг харахад би нэхэмжлэх байтал Б ХХК нь өөрсдийн хүлээлгэж өгөөгүй барааны дүн буюу 2018-09-08-ны өдрөөс 2018-12-31-ний өдөр хүртэл 103,311,000 төгрөг гэж шаардлага гаргаад байдаг. Гэтэл надад хүлээлгэж өгсөн барааны үнэн нь зургаан баримтаар нотлогдож байгаа. Баримтууд нь хавтаст хэрэгт байгаа бөгөөд эдгээр баримтаар 62,284,000 төгрөг буюу 103,311,000 төгрөгөөс 62,284,000 төгрөгийг хасаж тооцоход 32,891,000 төгрөгийг төлсөн, 41,027,000 төгрөгийн бараа аваагүй байдаг. 2019 оны 01 сараас 2020 оны 01 сар хүртэл 127,697,400 төгрөг гэж нэхэмжилж байгаа. Гэтэл энэ компанийн хүлээлгэж өгсөн баримтаар 2019 оны 01 сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 сарын 29 хүртэлх 12 ширхэг баримтын дүн 98,262,700 төгрөг болдог. Нэхэмжлэлийн шаардлага 127,697,400 төгрөгөөс энэ дүнг хасаж тооцоход зөрүү 29,434,700 төгрөгийг илүү нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгчийн 2018 оны 09 сараас 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хүлээлгэн өгсөн барааны үнэ 103,311,000 төгрөг биш, санхүүгийн анхан шатны зургаан баримтаар 62,284,000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн байдаг. Нийт 2018 оны 09 сараас 2020 оны 01 сар хүртэл нэхэмжилсэн барааны үнийн зөрүү 70,461,700 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлагын 59,287,080 төгрөгөөс зөрүү үнэ болох 70,461,700 төгрөгийг хасаж тооцоход 11,174,628 төгрөгийг би илүү төлсөн байгаа. Би 2018 онд энэ компанитай борлуулалтын гэрээ байгуулж түүний дагуу энэ бараанууд өгөгдсөн байдаг. Гэвч 18 ширхэг бараа хүлээж авсан баримт дундаас нэг ширхэгийг ч би өөрөө хүлээж аваагүй. Энэ компани 2018 оны 09 сараас 2020 оны 01 сар хүртэл бараа хүлээлгэн өгөхдөө 2018 оны 09 сарын 08-ны өдөр 13,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 5,076,000 төгрөг, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 9,110,000 төгрөг, 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 3,969,000 төгрөг буюу нийт 31,655,000 төгрөгийг иргэн Дашжамцад хүлээлгэж өгсөн, энэ нь төлөгдсөн учраас хавтаст хэрэгт байгаа дөрвөн баримттай таарч байгаа. Жавхлант гээд түгээлтийн компанид 2018 оны 11 сарын 28-ны өдөр 11,250,000 төгрөг, 2019 оны 01 сарын 18-ны өдөр 8,460,000 төгрөг буюу нийт 19,710,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн байдаг. Дараа нь Нарантуулын өргөтгөлийн 35 тоот контейнерийг ажиллуулдаг миний төрсөн эгч иргэн Ж.Одонтуяад нийт 5 удаа бараа хүлээлгэн өгсөн буюу 2018 оны 12 сарын 28-ны өдөр 5,769,000 төгрөг, 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 4,500,000 төгрөг, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 4,700,000 төгрөг, 2019 оны 09 сарын 26-ны өдөр 4,555,000 төгрөг 2019 оны 10 сарын 03-ны өдөр 5,141,000 төгрөг буюу нийт 24,665,000 төгрөгийн барааг нийт 5 удаагийн зарлагын баримтаар хүлээлгэн өгсөн байдаг. Өөр хэнд хүлээлгэж өгсөн нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй 6 баримт байдаг. Нийт 84,516,700 төгрөгийн барааг хэн хүлээж авсан нь мэдэгдэхгүй гарын үсэгтэй баримтыг хавсаргаж нэхэмжилсэн. Энэ компани надтай байгуулсан гэрээний дагуу энэ хүмүүст хүлээлгэн өгсөн болохоос надад гэрээний дагуу хүлээлгэж өгөөгүй. Хүлээлгэж өгсөн байлаа гэхэд гарын үсэгтэй анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд олон удаа баримтаа гаргаад өг гэдэг зүйлийг хэлэхээр манай санхүүгийн албанд байгаа гаргаж өгнө гэж байсан ч өгөөгүй учраас би өөрөө очоод та нар гаргаад өг миний өмнөөс бараа хүлээж авсан хүмүүс байгаад тэр тооцооны зөрүү гарвал би барагдуулахад бэлэн гэдэг асуудал яригдаж байсан болохоос нэхэмжилж байгаа үнийн дүнг барагдуулъя гэдэг зүйл аль ч шатанд яригдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс 2018-01-18-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /ХХ-ийн 13-14 тал/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /ХХ-ийн 15 тал/, Төлбөрийн баримт /хх-ийн 16-18, 21-29 тал/, Авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 19-20 тал/, Б ХХК-ийн 2020-01-29-ний өдрийн 01/90 дугаар албан бичиг /хх-ийн 30 тал/, Зарлагын баримт /хх-ийн 84-101 тал/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 130-134 тал/ Татварын ерөнхий газрын 2021-08-27-ны өдрийн 06-1935 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 170-172 тал/, Хүнс зах багийн кофе, цайны 3-р улирлын багцад орсон харилцагчийн хонжвор /хх-ийн 173 тал/, Кофе цайны багцын азтаны шагналын нэрс /хх-ийн 174-175 тал/, Кофе цайны бөөний харилцагч нарт зориулсан IX, X, XI-р сарын урамшууллын тайлан /хх-ийн 176 тал/, Хүнс зах багийн кофе, цайны 2-р улирлын багцад орсон харилцагчийн хонжвор /хх-ийн 177 тал/, Кофе цайны багцын азтаны шагналын нэрс /хх-ийн 178 тал/, Хүнс зах багийн кофе, цайны 1-р улирлын багцын тайлан /хх-ийн 179 тал/, Хүнс зах багийн кофе, цайны 1-р улирлын багцад орсон харилцагчийн хонжвор /хх-ийн 180 тал/, Кофе цайны багцын азтан шалгаруулах үйл ажиллагаа /хх-ийн 181-182 тал/, 2020-07-07-ны өдрийн Ж.Б-ы хүсэлт /хх-ийн 183-184 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, харин хариуцагч тал хэрэгт баримт цуглуулж өгөөгүй,

Шүүхийн журмаар У аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК-ийн Ж.Б-с бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 88,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 88,930,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.Б 2015 оноос бараа бүтээгдэхүүн авч хамтран ажиллаж байсан, 2018-01-18-ны өдөр 142-14 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулсан гэх үйл баримт дээр маргаагүй, миний байгуулсан гэрээний дагуу миний төрсөн эгч Ж.О  тоот контейнерийг ажиллуулдаг байсан, барааг хүлээн авч тооцоог Бимекс ХХК-ийн борлуулагчид төлбөрийг бэлэн мөнгөөр болон дансаар шилжүүлж тооцоог хийдэг, хааяа миний дансаар төлбөрийг хийсэн тохиолдол байгаа хэдий ч надад энэ хугацаанд бараа хүлээн авч тооцоо хийсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шинжээч П.Г нь У  аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шүүхээс болон нэхэмжлэгч талаас баримтыг авч дүгнэлтийг гаргасан. Б ХХК-иас ирүүлсэн анхан шатны баримтын зарим нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байсан хэдий ч тооцоонд оруулж дүгнэлтийг гаргасан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно.

Гэрч Б ХХК-ийн борлуулагч О.Чу , санхүү хариуцсан захирал Д.Г  нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь анхан шатны баримтыг хууль, холбогдох журамд заасны дагуу бүрдүүлдэггүй байжээ.

Энэхүү байдал нь нягтлан бодох бүртгэл хөтлөх талаар заасан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтыг зөрчсөн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Гэвч нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Ж.Бд холбогдуулан гаргасан 59,287,080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 59,287,080 төгрөг, алданги 29,643,540 төгрөг, нийт 88,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан 43,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр татгалзсан болно. /хх-ийн 135 тал/

Нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,454,058 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-с бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 88,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХКомпани нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан 43,930,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,454,058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/02877 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА