Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2015/05653/И |
Дугаар | 001/ХТ2022/01214 |
Огноо | 2022-12-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2022/01214
“ЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02487 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалтай,
“ЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“АК” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас учирсан хохиролд 320,289,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн төлөөлөгч М.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мягмарчулуун, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ЭК” ХХК нь хариуцагч “АК” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 160,000,000 төгрөг, барилгын материалын төлбөр 95,519,694 төгрөг, барилгын материал худалдаж авахад зарцуулсан 50,769,800 төгрөг, чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг буулгахад зарцуулсан 14,000,000 төгрөг, нийт 320,289,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АК” ХХК-аас нийт 320,289,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭК” ХХК-д олгож, нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,917,550 төгрөгөөс 1,759,397 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 158,153 төгрөгийг, хариуцагч “АК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,759,397 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ЭК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,760,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан шаардлагыг дараах үндэслэлээр хангаагүй гэж үзэж, эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгөхдөө хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон эсэх, анхан шатны шүүхийн нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь тогтоогдсон эсэх, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлагдсан эсэх, тухайн маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянах ёстой. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь тогтоогдоогүй, үйл баримтыг хангалттай тогтоосон нотлох баримтгүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.1.Хариуцагч үүргээ доголдолтой гүйцэтгэсэн эсэх:
4.1.1.1-р хавтаст хэргийн 29-64 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зургууд нь ялимгүй доголдлыг дурдсан /тухайлбал, гаражийн дотор талын өнгө будаг тохироогүй, амалгаа гадаргууг муу хийсэн, булан ирмэгийг тэгшхэн засаагүй, арчиж цэвэрлээгүй, бохир цэвэрлэгээ хийгээгүй байдал, дотор интерьер заслын ажлын явцад материалын хэтрэлт ихтэй, мэргэжлийн ажилтан байхгүй, эмх цэгцгүй, дэс дараалалгүй гүйцэтгэж байсан г.м./, засварлах боломжтой буюу ажлыг бүрэн нурааж дахин хийх хэмжээний ажлууд нэг ч харагдахгүй байгаа ба дээрх хэрэгт авагдсан фото зургуудыг харахад бүгд заслын ажлын явцад авсан зургууд байх бөгөөд хэрэв хариуцагчийг чанаргүй гүйцэтгэсэн гэж байгаа бол ажил дууссан бэлэн болсны дараа харагдах доголдлыг харуулсан фото зураг байх ёстой. Мөн хариуцагч компанийг дотоод заслын ажлыг хийж байх явцад сангийн доголдлын улмаас ус алдаж паркетан шал эвдэрсэн талаарх хариуцагч компанийн нэхэмжлэгч компанид гаргаж өгсөн баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зургууд 2-р хавтаст хэргийн 175-225-р талд авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн фото зургуудтай нийцэхгүй байгаа бөгөөд фото зургуудаас мөн дээрх хаусуудын дотор заслын зураг мөн гэдгийг нотлох зүйл байхгүй байгаа нь эдгээр зургууд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдол гэж шууд үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэв фото зургаар дутуу ажлын гүйцэтгэлийг нотлох боломжтой гэж үзвэл хариуцагчийн гаргаж өгсөн гэрэл зургуудаас ажлын гүйцэтгэл 100% буюу дотоод засал, интьерерийн ажил бүрэн хийгдсэн, ажлыг дутуу орхиж явсан гэх алдаатай дутагдалтай зүйлсүүд харагдахгүй байгаа нь мөн нотлогдож байна. Хэрэв нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зургууд нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын фото зургууд гэж үзвэл харин эсрэгээрээ хариуцагчийг ажил гүйцэтгэснийг нотолж байна.
4.1.2.2012.09.30-ны өдрийн №01/20120920 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиалагч тал гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэл, чанарт холбогдох мэргэжилтэн буюу зохиогчоор хяналт тавиулах, ажлын зураг төсөл зөрчиж буруу, дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг дахин гүйцэтгэхийг шаардах, шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоох эрхтэй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн, ажлыг чанар, стандартын шаардлага хангахгүй гүйцэтгэж байгаа талаар 2020 оны 03-р сарыг хүртэл удаа дараа мэдэгдлээр шаардаж буй баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч 2-р хавтаст хэргийн 81-89, 196-198-р талд авагдсан бараа материал болон бараа материалын үнэ шилжүүлсэн тооцоо баримтаас харахад нэхэмжлэгч нь 2013 оны 05-р сарыг хүртэл гүйцэтгэгч буюу хариуцагчид бараа материал, түүний үнийг шилжүүлж байсан буюу хариуцагч нь ажлыг чанаргүй, дутуу гүйцэтгэж байсан үндэслэлээр санхүүжилтийг зогсоогоогүйгээс үзэхэд хариуцагч нь ажлаа заасан хугацаанд чанартай гүйцэтгэж байсныг харуулж байна. Мөн нэхэмжлэгч нь 2013.01.18-ны өдөр хариуцагч компанитай №01/2013-0118 дугаартай тавилгын ажил гүйцэтгэх гэрээ (2-р хавтаст хэргийн 26-29-р тал) байгуулснаас үзэхэд хариуцагчийг өмнөх гэрээний үүргээ зөрчөөгүй гүйцэтгэж байсныг нотолж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг харьцуулан үзэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
4.1.3.Иргэний хуулийн 349 дүгээр зүйл, 01/20120920 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан гомдлын шаардлага гаргах хугацааг зааж өгсөн. Шүүх “хариуцагчийн доголдолтой холбогдуулан нэхэмжлэгч талаас нэмэлт хугацаа тогтоож, ажлыг дахин гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг хариуцагч талаас 2012.12.10-ны өдрөөс 2013.03.04-ний өдрийн хооронд мэдэгдэл хүргүүлж байснаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хариуцагчийг ажлаа гүйцэтгэн хүлээлгэж өгснөөс хойших хугацаанд нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдлын шаардлага гаргасан үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй буюу ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнөх явуулж байсан мэдэгдэл гэх баримтыг үндэслэж “нэхэмжлэгчийн шаардлагын дагуу үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч хэлцлээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж, гэрээнээс татгалзах эрхтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Захиалагч нь ажлын талбайд ажил гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л нөхцөл, материалаар хангах үүрэгтэй.” гэж заасан үүргээ хугацаандаа биелүүлж байгаагүй, зөрчсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэxгүй.” гэж, 225 дугаар зүйлийн 225.4.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзах эрхгүй.” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй байна.
4.2.Хариуцагч ажлын хүлээлгэн өгсөн эсэх:
4.2.1.Давж заалдах шатны шүүх нь “нэхэмжлэгч компанийн талбайн инженер Ж.Ганчимэгийн ажлын байрны тодорхойлолтод ажил үүргийн хувьд талбайн инженер дангаараа ажлын гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй, харин гэрээт ажилчдын гүйцэтгэлийг хүлээн авахаар байна.” гэж дүгнэсэн буруу юм. Учир нь нэхэмжлэгч хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн хяналтын инженер, талбайн инженер нарын ажлын байрны тодорхойлолтод яг адилхан буюу ажил “гэрээт ажилчдын ажлын гүйцэтгэлийг шалгаж, шаардлага хангасан ажлын талбайг хүлээн авч, баталгаажуулах” (2-р хавтаст хэргийн 111-р хуудасны ар тал) гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчийн ажил үүргийн доголдолтой холбогдуулж гэрээг цуцлахаар талууд тухайн үед харилцан тохиролцож, гүйцэтгээгүй ажилдаа өөр ажил гүйцэтгэхээр тохиролцон, хийж гүйцэтгэсэн ажлаа талбайн инженер гэх Ж.Ганчимэгээр гарын үсэг зуруулан ажлын гүйцэтгэлийг сайн буюу нэмэх үнэлгээ өгч хүлээн авсан баримтыг үнэлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.2.2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж, мөн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.” гэж тус тус заасан. Хариуцагч нь Хаус 1-ийг 98%, Хаус 3-ийг 100%, Хаус 4-ийг 50%-ийн гүйцэтгэлтэйгээр 2014.01.09-ний өдөр нэхэмжлэгч компанийн талбайн инженер Ж.Ганчимэгт заслын ажил хүлээлгэж өгсөн баримт (2-р хавтаст хэргийн 122-124-р тал)-аар хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч компанийн хувьд өөрсдийн бүрэлдэхүүнээр ажлыг хүлээн авах үүрэгтэй байсан боловч 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” үүргээ зөрчсөн.
4.3.Нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэлтэй эсэх:
4.3.1.Хариуцагч нь гэрээнд заасан ажил үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байтал огт гүйцэтгээгүй мэтээр ажлын хөлс болон заслын ажлын материал, төлбөрийг 100% буцаан гаргуулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас дутуу гүйцэтгэлтэй 3 ширхэг хаус хүлээж авсан гэх боловч зөвхөн Хаус 1 болон Хаус 4 дээр нь гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн нь хариуцагчийн Хаус 3-т хийсэн ажил доголдолгүй, бүрэн гүйцэтгэлтэй байсан гэж үзэх үндэслэлтэй буюу хариуцагчийн Хаус 3-ыг 100%-ийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн гэж үзнэ. (2-р хавтаст хэргийн 123-р тал). Гэтэл уг хаусны ажлын гүйцэтгэлд тохирсон хөлс, заслын ажлын материалын төлбөр, материалыг хасаж тооцолгүйгээр хариуцагчийг үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй байна гэж дүгнэн, түүнээс нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг бүхэлд нь гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна.
4.3.2.Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, чанаргүй гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, хариуцагчийг чанаргүй, дутуу гүйцэтгэсэн гэж үзэж гуравдагч этгээдээр дахин гүйцэтгүүлсэн бол тухайн компанийн гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, үнэлгээг тогтоох нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой буюу хариуцагчийн нийт гүйцэтгэсэн ажлаас хэдэн хувийг нь чанаргүй, дутуу гүйцэтгэсэн гэдгийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах төлбөр буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтооно. Энэхүү нөхцөл байдал нотлогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.3.3.Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.08-ны өдрийн 413 дугаартай магадлал (3-р хавтаст хэргийн 105-р тал)-д “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь агуулахад байгаа материалын үлдэгдлийг хариуцагчид гаргаж өгөхөд татгалзахгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба хэдэн төгрөгийн, ямар материал байгаа, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдах боломжтой эсэхийг шүүх тодруулах шаардлагатай болохыг шүүх дүгнэсэн” байхад энэ ажиллагааг хийж нэхэмжлэлийн үнийн дүнг нарийвчлан тогтоогоогүй, нэхэмжлэгч талд үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгож байна.
4.3.4.Нэхэмжлэгчийн зүгээс 95,519.694 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, 50,769,800 төгрөгийг материалын үнэ гэж хариуцагчид шилжүүлсэн нэхэмжилж байгаа мөнгө, бараа материал шилжүүлсэн баримт нь хоорондоо таарахгүй байхад эдийн засгийн шинжээчийн дүгнэлтгүйгээр дээрх нэхэмжилсэн бүх мөнгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.4.Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх энэ хугацаанд ашиглаж байгаа нь өнөөдрийг хүртэл шинжилгээ хийхээр томилогдсон этгээдүүдээс нэхэмжлэгчийн эс үйлдэхүй гаргаж байгааг дурдсан шүүхэд ирүүлсэн албан бичгүүд, тухайлбал 3-р хавтаст хэргийн 120-р талд авагдсан “Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс” ХХК-аас ирүүлсэн албан бичигт “ЭК” ХХК-ийн захирал Нямдаваагийн амьдарч буй хаусыг үзүүлэх боломжгүй гээд оруулаагүй.” гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэхгүй байгааг анхаарч үзэлгүй, хариуцагчийг энэ үүргийг биелүүлэхэд хойрго хандсан байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй.
4.5.Хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 353 дугаар зүйлийн 353.3-т тус тус заасны дагуу биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн. Тодруулбал, Хаус 1-ыг 98%-ийн, Хаус 3-ыг 100%-ийн, Хаус 4-ийг 50%-ийн гүйцэтгэлтэйгээр нэхэмжлэгч тал хүлээлгэн өгч, үлдэгдэл Хаус 6-ын ажлын хөлс болон Хаус 4-ийн үлдэгдэл ажлыг нийт 60,000,000 төгрөгөөр талууд тохиролцсоноор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасны дагуу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-д заасны дагуу өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон болно. Энэхүү үйл явдал нь 2-р хавтас хэргийн 116-р авагдсан нотлох баримт, 2014.01.07-ны өдрийн №08/2014-002 (1-р хавтаст хэргийн 28-р тал) дугаартай мэдэгдэл зэргээр нотлогдоно. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.” гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч захиалагчийн буруутай үйл ажиллагаа буюу ажил гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгч нь гэрээг цуцлах эрхтэй байх тул хариуцагчийн 2013 оны 06-р сард ажлыг орхисон үйлдэл нь зүй ёсны байсан бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасны дагуу ажлын хөлсийг шаардах эрхтэй тул нэгэнт авсан ажлын хөлсийг буцаан төлөх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй буюу нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж байгаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хэргийн үнэн бодит байдал бүрэн нотлогдоогүй байхад хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5.Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч “ЭК” ХХК хариуцагч “АК” ХХК-д холбогдуулан 320,289,494 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “талуудын хооронд 2012.09.30-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь Маршал хотхоны хаус 1, 3, 4, 6 буюу нийт 4 хаусын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх, нэг хаусын ажлыг 2 сарын дотор хийхээр, нэхэмжлэгч нь нийт ажлын хөлс 160,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон, гэрээнд заасан ажлын хөлсөнд бэлнээр 20,000,000 төгрөг, 140,000,000 төгрөгт Lexus-570 маркийн автомашин өгч үүргээ биелүүлсэн, мөн 95,519,694 төгрөгийн барилгын материал, материал худалдаж авахад зориулж 50,769,800 төгрөг тус тус өгсөн, гэтэл хариуцагч нь хаус 6-н ажлыг огт хийгээгүй, хаус 1, 3, 4-н ажлыг дутуу, доголдолтой хийсэн, ажлыг гэрээнд заасан журмын дагуу хүлээлгэн өгөөгүй, доголдлыг засах талаар арга хэмжээ аваагүй, иймээс гэрээг цуцалж ажлын хөлс 160,000,000 төгрөг, доголдолтой ажлыг буулгахад зарцуулсан 14,000,000 төгрөг, материалын үнэ 95,519,694 төгрөг, шилжүүлсэн 50,769,800 төгрөгийг тус тус гаргуулна” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...барилгууд нь хагас дутуу, чанаргүй хийсэн гүйцэтгэлтэй байсан, ...ажлын талбайг цэвэрлэж бэлдэж өгөөгүй, шаврын ажлууд дутуу, тэгш бус, сангийн ажлууд дутуу, цахилгааны ажлууд огт хийгдээгүй, бараа материал бэлэн биш, ажлын зураг байгаагүй. Энэ талаар ерөнхий захирал болон талбайн инженерт олон удаа хэлж өөрсдийн машинаар агуулахаас нь бараа материал тээвэрлэн авсан, эдгээр материалууд нь чанараа алдсан, хэмжээнүүд нь зөрүүтэйгээс олон асуудал гарсан, ажил хийж байх явцад удаа дараа ус алдсанаас хийсэн ажлуудыг дахин хийх зэрэг төвөгтэй байдлаас ажил хийх ямар ч нөхцөлгүйг компанийн ерөнхий захиралд мэдэгдэж үлдсэн хөлсөнд гипсний ажил хийхээр харилцан тохиролцож ажлыг 2013 оны 06 сард зогсоосон, хийсэн ажлуудаа үнэлүүлж зохих инженер, санхүүгийн ажилтнуудаар акт баримт үйлдүүлэн авсан. Иймд материалын зардал болон ажлын хөлсийг 100 хувь хариуцахгүй хаус 1-г 100 хувь, хаус 3-г 98 хувь, хаус 4-г 50 хувийн гүйцэтгэлтэйгээр инженер Ж.Ганчимэгт хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь бүх ажлуудыг нурааж, дахиж гүйцэтгэсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй” гэж маргасан байна.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
8.Зохигчийн хооронд 2012.09.30-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Маршал хотхоны хаус 1, 3, 4, 6-н дотоод заслын ажлыг хийж гүйцэтгүүлэх захиалгыг өгч, ажлын хөлс 160,000,000 төгрөг төлөх үүргийг, хариуцагч нь гэрээнд заасан ажлыг 8 сарын хугацаанд (хаус тус бүрийн ажлыг 2 сард багтааж хийх) нэхэмжлэгчийн материалаар гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээснээс тэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээ хүчин төгөлдөр болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
9.Гэрээ хүчин төгөлдөр тул зохигч хэн алинаас гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 160,000,000 төгрөг (бэлнээр 20,000,000 төгрөг, 140,000,000 төгрөгт автомашин өгсөн) төлсөн талаар зохигч маргаагүй, харин хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон байна.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нь ажлыг дутуу хийсэн, гүйцэтгэсэн ажил нь чанар стандартын шаардлага хангаагүй, ажлыг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, ажлыг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүйгээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, ажлын хөлс болон материалын үнэ, зардал, доголдлыг арилгах зардал буюу нэхэмжлэлээр шаардсан мөнгийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж үзсэн бөгөөд хоёр шатны шүүхийн энэхүү дүгнэлт учир дутагдалтай байна.
11.Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй, энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлэхийг зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д заахдаа “гүйцэтгэгч тал ажлын гүйцэтгэлийг үе шат бүрээр захиалагч талаар дүгнүүлэн фото зургаар баталгаажуулан ил, далд ажлын актыг, гүйцэтгэлийн зургийн хамт захиалагч талын хяналтын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж, мөн гэрээний 3.4-т “захиалагч тал гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэл, чанарт холбогдох мэргэжилтэн буюу зохиогчоор хяналт тавиулах, ажлын зураг төсөл зөрчиж буруу, дутуу, чанаргүй хийсэн гүйцэтгэсэн ажлыг дахин гүйцэтгэхийг шаардах, шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоох эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд зохигчийн хэн аль нь ажлын үе шат бүрт ажлыг дүгнэх, доголдол гарсан бол тухайн цаг хугацаанд засуулахыг шаардах байдлаар зохицуулсан гэж үзнэ.
12.Хариуцагч нь гэрээнд заасан 4 барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч хаус 6-н ажлыг огт гүйцэтгээгүй тухайд зохигч маргаагүй ба харин хаус 1-г 98 хувь, хаус 3-г 100 хувь, хаус 4-г 50 хувийн гүйцэтгэлтэй тус тус захиалагчийн талбайн инженер Ж.Ганчимэгт 2014.01.09-ний өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт 2-р хавтаст хэргийн 123-125-р талд авагдсан ба уг баримтаар ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгч маргасан байна.
Хоёр шатны шүүх дээрх баримтыг үнэлэхдээ талбайн инженер Ж.Ганчимэг нь ажил үүргийн хувьд дангаараа ажлын гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй гэж, улмаар хариуцагч нь ажлыг гэрээнд заасан журмаар хүлээлгэн өгөөгүй тул ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзжээ. Хэдийгээр гэрээний талууд гэрээгээр тохиролцсон журмын дагуу акт үйлдэж ажлыг захиалагчийн хяналтын комисст хүлээлгэн өгөөгүй байх боловч нэгэнт ажил гүйцэтгэсэн бол үүнийг үгүйсгэх боломжгүй гагцхүү тухайн ажлыг хэрхэн гүйцэтгэсэн, уг ажилд доголдол гарсан эсэх нь маргаанд ач холбогдолтой болно. Иймээс дээрх баримтуудыг үгүйсгэх үндэслэлгүй.
13.Хоёр шатны шүүх 1-р хавтаст хэргийн 23-28-р хуудаст авагдсан нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлж байсан ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, ажлын доголдлыг арилгах тухай мэдэгдлүүдийг үндэслэл болгож, гүйцэтгэсэн ажил доголдолтой гэж үзсэн ба эдгээр баримт нь цаг хугацааны хувьд захиалагчийн талбайн инженер Ж.Ганчимэгт хаус 1, 3, 4-н заслын ажил хүлээлгэн өгсөн 2014.01.09-ний өдрөөс өмнөх буюу 2012.12.10-с 2013.03.04-ний өдрийн баримт байна.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлох үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигч өөрөө олж авах боломжгүй, эсхүл хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал нь үзлэг хийх замаар, эсхүл тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно гэж үзсэн тохиолдолд энэ талаар зохигч шүүхэд хүсэлт гаргаж уг ажиллагааг хийлгүүлэх боломжтой.
15.Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь бүхэлдээ доголдолтой учраас ашиглах боломжгүй гэсэн агуулгаар гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, бараа материалын үнийг бүхэлд нь, мөн хохирол буюу хийгдсэн засварыг нураах зардал шаардсан бөгөөд гэрээний 1.2-т заасан хийгдвэл зохих ажлаас аль хаусны ямар ажил нь чанар стандартад нийцээгүй, аль нь дутуу хийгдсэн талаар нотлох баримт гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй байна.
16.Нөгөө талаар, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт хүлээлгэн өгсөн ажлаас аль хэсгийг нэхэмжлэгч доголдолтой гэж үзсэн болохыг, түүнчлэн өөр этгээдээр дахин гүйцэтгүүлсэн гэх ажлын хэмжээг шинжээч томилж дүгнэлт гаргуулж тогтоолгох хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргажээ.
Хүсэлтийн дагуу шүүх 4 удаа шинжээч томилсон боловч тухайн хауст нэвтэрч үзлэг хийх боломжгүй (оруулахгүй байсан), дүгнэлт гаргах хангалттай баримтгүй гэсэн үндэслэлээр шинжээч нар дүгнэлт гаргахаас татгалзсан байна.
17.Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн тухай баримт байхад уг ажил нь доголдолтой дахин ашиглах боломжгүй бол захиалагч энэ талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдэж доголдлыг арилгуулах, заасан хугацаанд доголдлыг арилгаагүй бол өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлж гарсан зардлыг шаардах эрхтэй бөгөөд харин хаус 1, 3, 4-г хүлээлгэн өгсөн 2014.01.09-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь доголдолтой холбоотой шаардлага гаргасан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
18.Дээрх нөхцөл байдал тогтоогдсон атал хоёр шатны шүүх хариуцагчийг ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь өрөөсгөл болжээ.
Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой гэж үзэж улмаар гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсийг, нэхэмжлэгчээс шилжүүлсэн материалын үнийг, мөн ажлыг дахин гүйцэтгүүлсэн гэх зардлыг бүхэлд нь хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх зохицуулалтад нийцэхгүй байна.
19.Иймд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Хэргийн баримтыг харьцуулан үзэхэд 160,000,000 төгрөгийн ажлаас хариуцагч нь 99,200,000 төгрөгийн буюу 62 хувийн ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Учир нь 160,000,000 төгрөгт нийт 4 хаусын ажил багтах бөгөөд 1 хаусын ажлын хөлсийг 40,000,000 төгрөг болох талаар зохигч маргаагүй ба хаус 1-г 98 хувь буюу 39,200,000 төгрөг, хаус 3-г 100 хувь буюу 40,000,000 төгрөг, хаус 4-г 50 хувь буюу 20,000,000 төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгэсэн гэж үзэх тул үлдэх 60,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Түүнчлэн хариуцагч нь материалын зардалд нийт 146,288,690 төгрөг (бэлэн мөнгө материал) хүлээн авснаас үүний 62 хувь буюу 90,698,987 төгрөгийн материалыг гүйцэтгэсэн ажилд зарцуулсан гэж дүгнэх боломжтой ба зөрүү 55,589,703 төгрөг буцаан өгөх үүрэгтэй. Иймээс нийт 116,389,703 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зөрчихгүй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагчийн гүйцэтгэсэн ажил бүхэлдээ доголдолтой болохыг нэхэмжлэгч нотлоогүй гэж үзсэн тул уг ажлыг нураасны зардал гэж 14,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч “АК” ХХК-аас 116,389,703 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЭК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 203,899,791 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 1,917,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 739,899 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “АК” ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмарчулуун)-ийн 2021.02.10-ны өдөр төлсөн 1,759,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА
Д.ЦОЛМОН