Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01207

 

О.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03095 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 111 дүгээр магадлалтай,

О.Гийн нэхэмжлэлтэй,

Б.Эд холбогдох,

Газар, хашаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Үенбат, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Эд холбогдуулан Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 239 тоот, 18639311359979 нэгж талбарын дугаартай 367 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2205004300 дугаарт бүртгэлтэй газар болон хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03095 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 239 тоот, 18639311359979 нэгж талбарын дугаартай 367 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2205004300 дугаарт бүртгэлтэй газар болон хашааг хариуцагч Б.Эгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Гт олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 111 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.Учир нь өмнөх өмчлөгч Я.Үенбат нь 2017 онд Баянгол дүүрэг, 9-р хороо, Горькийн 10-р гудамж 239 тоот газар, хашааг харж хандах хүнгүй эзэнгүй байгаа тул Б.Эд хүсэлт тавьж 5-6 жилдээ хүн амьдрахгүй тул харж хандан, газрыг тэгшилж, байр барьж арчлан хамгаалж өгөөч, цаашид үнэ тохироод авч болно хэмээн хүсэлт тавьсны үндсэн дээр тухайн газарт хувиасаа зардал гарган хувийн байр барьж, тус хашааны газрыг тэгшилсэн. Гэтэл Я.Үенбат 2020.06.15-ны өдөр О.Гт худалдсан, тус газар хашааг чөлөөлж өг гэсэн шаардлага гаргаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.2.Анх амаар тохиролцохдоо ойрын 5-6 жилдээ харж хандаад өгөөч, цаашид арчлалт хийж гарах зардлаа хасч газар хашааг худалдан авч болно гэж тохирсон тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 зааснаар хуульд үл харшлах хэлцэл хийсэн хэмээн үзэж, Я.Үенбатын Хаан банкны дансанд 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ тухай анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч шүүх үнэлэлт өгөөгүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Түүнчлэн тус газарт амьдарч байхад мэдэгдэхгүйгээр тухайн газрыг өөр өмчлөгчийн нэр дээр шилжүүлсэн нь амаар тохиролцсоноос буцаж, миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан.

4.3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Я.Үенбатын өмчлөлд байхад түүнийг ирээдүйд худалдан авахаар амаар тохиролцсоны үндсэн дээр уг газарт байшин барин амьдарч байна гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй гэжээ. Гэтэл анхан шатны шүүхэд гэрчээр оролцсон “Б.Доржпүрэв, Т.Октябрь нар мэдүүлэхдээ анх очиход ганц гэрийн суурь л байдаг байсан бусад хэсгүүд нь явахад ч хэцүү далий газар байсан. Өмнөх жилээс л газрыг тэгшилж, цементлээд байшин барьсан” гэж мэдүүлсэн байхад уг газарт байшин барин амьдарч байна гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

6.Нэхэмжлэгч О.Г  хариуцагч Б.Эд холбогдуулан газар болон хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 10 гудамж, 239 тоот, 18639311359979 нэгж талбарын дугаартай 367 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2205004300 дугаарт бүртгэлтэй газрыг 2020.06.15-ны өдөр Я.Үенбатаас 25,000,000 төгрөгөөр худалдан авсан, хариуцагч нь газрыг чөлөөлөхгүй байгаа тул маргааныг шийдвэрлэж өгнө үү” гэснийг, хариуцагч эс зөвшөөрч “...Я.Үенбат нь Б.Эд ...манайх газрыг 5-6 жил ашиглахгүй, засан сайжруулаад тохижилт хийгээд амьдар, төлбөр мөнгөө, хэзээ өгөх, ямар хугацаа авах асуудлаа тохиролцож чадвал уг газрыг чамд зарахад татгалзах зүйлгүй... гэж хэлсний дагуу байшин барьсан, 4,000,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

9.Хэргийн баримтаас үзэхэд Б.Э нь цаашид газрыг худалдан авах, өөрийн өмчлөлийнх болгоно гэсэн зорилгоор Я.Үенбатын өмчлөлийн газрыг эзэмшиж уг газарт нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр байшин барьсан, үүний дагуу 4,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон боловч тэдний хооронд газрын үнийн талаар маргаан гарснаас Я.Үенбат дээрх мөнгийг Б.Эд буцаан өгсөн гэх ба энэ тайлбарыг хариуцагч няцаагаагүй байна. Иймээс хариуцагч Б.Э газрыг хууль болон гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй.

10.Нэхэмжлэгч Л.Ганцэцэг нь маргааны зүйл болсон газрыг өмчлөгч Я.Үенбатаас 2020.06.15-ны өдөр 25,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байна, иймээс өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцэх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

11.Харин тухайн газарт барьсан байшин нь хариуцагчийн өмчлөлийн зүйл болох талаар зохигч маргаагүй бөгөөд тэрээр уг байшинтай холбоотой аливаа шаардлага гаргахад энэ хэргийн маргааныг шийдвэрлэсэн нь саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03095 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 111 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул/-ны 2021.02.01-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД