Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01208

 

Ч.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/02048 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Ч.Тын нэхэмжлэлтэй,

Н.Дд холбогдох,

Гэм хорын хохирол 3,970,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Н.Дд холбогдуулан гэм хорын хохирол 3,970,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/02048 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Дгээс гэм хорын хохиролд 3,970,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2048 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Ч.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүх нь хэрэг, маргааны мөн чанарыг зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгч миний гаргасан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтад хамааруулан үнэлээгүй, анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцагч тухайн эрүүгийн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн баримт нь архивт хадгалагдаж байгааг мэдсээр байж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаагүй нь хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч миний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байхад түүнийг хэрэгт хамааруулан үнэлээгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг хангуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан гэсэн үндэслэлүүдээр гаргасан гомдлыг авч хэлэлцэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

4.2.Хуулийн адил хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр хариуцагчийн зүгээс надад санаатайгаар хохирол учруулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон, шийдвэрүүдэд нотлох баримтыг бүрдүүлсний дараа иргэний журмаар хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх талаар тусгаагүй нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй нь буруу гэж үзэж байна.

4.3.Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг хангуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа давж заалдах шатны шүүх “...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэснийг огт ойлгохгүй байна. Дээрх асуудлуудаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг авч хэлэлцээгүй нь шүүхийн магадлал үндэслэлгүй гарах нөхцөл болсон гэж үзэж байна.

4.4.Шүүхүүд гэмт хэргийн улмаас бусдад илт хохирол учирсан байхад хэргийг үнэн зөв шударга, шийдвэрлэх хуулийн боломжийг ашиглалгүйгээр намайг илтэд чирэгдүүлж байгаад маш их гомдолтой байна. Би эрүүгийн гэмт хэргийн хохирогч учраас хохирч үлдэх ёсгүй, хэргийг заавал эцэслэн шийдвэрлүүлэх болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж тус тус хүчингүй болгон, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

6.Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Н.Дд холбогдуулан гэм хорын хохирол 3,970,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид 30,473,750 төгрөг төлөх төлбөртэй, 3 хүүхдийнхээ 100,000 төгрөгөөр өрөө төлж байгаа, энэ нэхэмжилж байгаа мөнгийг давхар нэхэж байгааг зөвшөөрөхгүй” гэжээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

8.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хор учруулагч хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан байх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо, гэм буруу байхыг шаардана.

10.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заажээ.

11.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгож, нотлох баримтаар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн Н.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал, хяналтын тогтоолыг шүүхэд гаргасан байх бөгөөд эдгээрт зааснаас үзвэл, хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Ч.Тын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, ял оногдуулсан, хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тогтоогджээ.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 65-97 ХӨВ улсын дугаартай Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж, 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч уг үйлдлийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас түүний гэм буруугийн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй болж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна.

12.Дээрх байдлаар хариуцагч Н.Д нь автомашиныг барааны хамт шатаасан гэх үйлдлийг эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзээгүй бөгөөд энэхүү иргэний хэрэгт хариуцагчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан, эдгээр нь шалтгаант холбоотой гэж үзэх баримт байхгүйгээс гадна 3,970,750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад ямар эд хөрөнгөд учирсан хохирлыг багтаж байгаа, уг хохирлыг хэрхэн тогтоосон тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй байна.

Иймээс нэхэмжлэгчид хариуцагчаас гэм хорыг арилгах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан шаардах эрх үүсээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/02048 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Тын 2021.02.09-ний өдөр 78,482 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД