Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2020/02048

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ..............тоотод оршин суух, Модчин овогт Чогсомжавын ******* /.............../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн .............. тоотод оршин суух, Барчууд овогт Наранцэцэгийн******* /...................../-д холбогдох

Гэм хорын хохирол 3.970.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч 155/2020/01917 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөрөн сумын иргэн Н.Даваасүрэн нь миний хариуцан ажиллуулж байсан Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж надад 3.970.750 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн 30.743.750 төгрөгийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсэн билээ. Уг хэрэг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд Н.Даваасүрэнгийн зүгээс надад учруулсан 30.743.750 төгрөгийг эрүүгийн хэрэгт хамааруулан шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, тээврийн хэрэгслийг барааны хамт шатаасан болохыг тогтоосон боловч учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шүүхээс үзсэн юм. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Н.Даваасүрэнгээс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэлийг барааны хамт шатааж надад учруулсан хохирол болох 3.970.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын иргэн Ч.*******ын зүгээс шүүхэд Мөрөн сумын иргэн Н.Даваасүрэнгээс 3.970.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хариуцагч танилцаад эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Тухайн хохиролтой холбоотой асуудлыг өөр хэрэг маргаантай хутгаж бусдыг төөрөгдөлд оруулах гээд байгааг огт ойлгохгүй байгаа учраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч Н.Даваасүрэн нь Мөрөн сумын иргэн Ч.*******ын нэхэмжилж байгаа 3.970.750 төгрөгийг 2012 оноос хойш түүний эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд бараа түгээгчээр ажиллаж байхдаа хувьдаа завшиж үрэгдүүлсэн 30.743.750 төгрөгийн хохиролд хамаарна гэж тайлбарласан байна. Тухайн хохирол нь өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор түүний эзэмшлийн автомашиныг барааны хамт санаатайгаар шатааж иргэн Ч.*******т учруулсан хохирол байхад 30.743.750 төгрөгийн хохирлын үнийн дүнтэй тусдаа шийдэгдсэн хэргийн хохиролд оруулах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

2. Тухайн хохиролтой холбоотой эрүүгийн хэрэг мөрдөгдөж байх явцад машин шатсан болон бараа устаж үгүй болсонтой холбоотойгоор шинжээч******* дүгнэлт гаргасан бөгөөд эс зөвшөөрсөн тул гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт шинжилгээний төвөөс шинжээч томилогдон шинжилгээ хийж тухайн гал нь техникийн гэмтлээс гараагүй талаар дүгнэлтийг гаргасан юм. Дээрх шинжилгээний дүн болон холбогдох нотлох баримтуудаар Н.Даваасүрэн нь бусдад учруулсан хохирлоо нуун далдлах зорилгоор иргэн Ч.*******ын эзэмшлийн автомашиныг барааны хамт санаатайгаар шатааж 3.970.750 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон ба энэ талаар иргэн Н.Даваасүрэнгийн иргэн Ч.*******т 30.743.750 төгрөгийн хохирол учруулсан хэргийг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдэд тодорхой тусгагдсан байгаа болно.

Иймд хариуцагч Н.Даваасүрэн нэхэмжлэгч Ч.*******ын автомашиныг санаатайгаар шатааж эд хөрөнгө болон барааны хохирол учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнээс 3.970.750 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Н.Даваасүрэн хариу тайлбартаа 30,743,750 төгрөг нь 3, 970,750 биш энэ мөнгө 30,743,750 төгрөгт орсон байгаа гэсэн байдаг. Гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд машин шатаасан хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 65-97 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан гэж нэг үнийн дүн орж ирж байгаа юм. Мөн *******ын эзэмшлийн Идэр худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30,743,750 төгрөг гэсэн байгааг хоёр өөр хэрэг хоёр өөр хохиролтой гэж үзэж байгаа. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр шат шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байгаа гэж миний зүгээс үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3,970,750 төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэж миний зүгээс үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Н.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би шүүхийн шийдвэр дээр одоо 30.473.750 төгрөгийн төлбөртэй ба одоо 3 хүүхдийнхээ 100.000 төгрөгөөр төлсөөр 29.890.140 төгрөг үлдсэн. Энэ нэхэмжилж байгаа мөнгөн дүнг давхар нэхээд байгаа тул би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гурван хүүхдээ тэжээж байгаа ганц бие эх хүнийг ингэж зовоогоод цагдаа, шүүх гэж яваад өөрийн мөнгө төгрөг танил талаараа далайлгаж явдаг энэ хүнээс би одоо үнэхээр айж, зовж амьдарсаар ирлээ. Би үлдсэн насандаа ч энэ хүний шүүхээр явж хилсээр шийтгүүлсэн хохирол гэх мөнгийг барж төлж дийлэхгүй байх. Хүүхдүүддээ өр зовлонтой үлдээхгүйн тулд би энэ хүнээс салах ганц арга бол энэ хорвоогоос явах юм байна гэж үнэндээ цөхөрч байна. Би нийгмийн даатгалын мөнгө төгрөг төлөөгүйг төлүүлэх, цалингүй байсан хугацааны 18.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцож байсныхаа хувиар энэхүү иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг баримтуудаас өөр баримт авагдаагүй байдаг. Анхан шатны шүүх Н.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ гэм буруу дээр нь машиныг шатаасан байна гэж үзсэн боловч тийм хэмжээний хохирол учирсан байна гэж шийдвэрлээгүй юм. Баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан байгаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал өөрөө нотлох ёстой байдаг. Энэ үүргээ нэхэмжлэгч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн хангалттай нотлоогүй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж миний зүгээс үзэж байгаа юм. Гурван шатны шүүхийн шийтгэх тогтоол, тогтоол, магадлалыг хэрэгт хавсаргасан байгаа нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бүрэн хангалттай хэмжээний баримт гэж тооцогдохгүй. Н.Даваасүрэнгийн хариу тайлбарыг уншихад 30.000.000 төгрөгийн өрөнд орсон, энэ мөнгөнөөс гадна дахин мөнгө нэхэмжилсэн юм байна гэж ойлгож хариу тайлбартаа бичсэн байна. 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан асуудал дээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжин ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 3.970.750 төгрөгийн асуудал нь тусдаа гэдгийг Н.Даваасүрэн ойлгоогүй юм шиг байна. Н.Даваасүрэнгийн хувийн байдлын талаар хэлэхэд гурван хүүхдийнхээ хамтаар өрх толгойлон амьдардаг эмэгтэй. Гэмт хэргийн улмаас шалгагдаж 4 жил орчим хугацаанд шүүх, цагдаагаар явсан. Одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд 30.000.000 төгрөгийн өр төлбөрийг хүүхдийнхээ мөнгөөр төлдөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэж л хийгдэж байгаа юм билээ. Хариуцагч өөрөө хэлэхдээ 30.000.000 төгрөгийн өр төлбөрийг нь одоо болтол төлж барагдуулаагүй, насаараа төлөөд барахгүй өртэй байхад дахин ийм өр гараад ирдэг ямар хэцүү юм бэ гэж уйлж байсан. Иймд хариуцагчийн зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. 30.743.750 төгрөгөөс одоо нэхэмжилж байгаа энэ 3.970.750 төгрөг тусдаа асуудал гэдэг нь үнэн. Хамгийн гол нь анхан шатны шүүхээс дүгнэхдээ 3.970.750 төгрөгийг хохирол учруулсан байна гэж үзсэн бөгөөд баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн юм гэдгийг дахин хэлмээр байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь Н.Даваасүрэнд холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж учруулсан хохиролд 3.970.750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэхэмжлэгч Ч.*******ыг бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснээс биш 3.970.750 төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоогоогүй. Хэрэгт энэхүү 3.970.750 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нотолсон баримт байхгүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Н.Даваасүрэнд холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.*******ын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг, ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 3.970.750 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж яллах дүгнэлт үйлдэгдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол заасныг баримтлан шүүгдэгч Н.Даваасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, ...хохирогч нь бусад нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 4-11-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч Ч.*******ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хариуцагч Н.Даваасүрэнгээс нэхэмжилсэн 3.970.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй, харин хэлэлцэхгүй орхисон байх тул нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Зохигч энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй учир энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Ч.******* нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч Н.Даваасүрэнгээс шаардах эрхтэй байна.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ч.Даваасүрэнгээс 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг ачааны агуулахад байсан барааны хамт шатааж учруулсан хохиролд 3.970.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч шатсан гэх бараанд юу байсан, хичнээн тоо ширхэгтэй, хэдэн төгрөгийн үнэ бүхий бараа байсан, уг автомашин шатсанаас үүдэж хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотолж, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ч.*******ын хариуцагч Н.Даваасүрэн холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3.970.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч С.Хүрэл-Эрдэнэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Даваасүрэнгээс гэм хорын хохиролд 3.970.750 /гурван сая есөн зуун далан мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Б.МӨНХТУЯА