Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2021/00001

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

2021        01             20                                             01

 

                                                                             

                                          Ч.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2048 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Дд холбогдох гэм хорын хохиролд 3,970,750 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Тын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөрөн сумын иргэн Н.Д нь миний хариуцан ажиллуулж байсан Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж надад 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн 30,743,750 төгрөгийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсэн билээ. Уг хэрэг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд Н.Дгийн зүгээс надад учруулсан 30,743,750 төгрөгийг эрүүгийн хэрэгт хамааруулан шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, тээврийн хэрэгслийг барааны хамт шатаасан болохыг тогтоосон боловч учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шүүхээс үзсэн юм. Иймд Н.Дгээс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж надад учруулсан хохирол болох 3,970,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын иргэн Ч.Тын зүгээс шүүхэд Мөрөн сумын иргэн Н.Дгээс 3.970.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хариуцагч танилцаад эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч Н.Д нь Мөрөн сумын иргэн Ч.Тын нэхэмжилж байгаа 3.970.750 төгрөгийг 2012 оноос хойш түүний эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд бараа түгээгчээр ажиллаж байхдаа хувьдаа завшиж үрэгдүүлсэн 30,743,750 төгрөгийн хохиролд хамаарна гэж тайлбарласан байна. Тухайн хохирол нь өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор түүний эзэмшлийн автомашиныг барааны хамт санаатайгаар шатааж иргэн Ч.Тт учруулсан хохирол байхад 30,743,750 төгрөгийн хохирлын үнийн дүнтэй тусдаа шийдэгдсэн хэргийн хохиролд оруулах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

2. Тухайн хохиролтой холбоотой эрүүгийн хэрэг мөрдөгдөж байх явцад машин шатсан болон бараа устаж үгүй болсонтой холбоотойгоор шинжээч Даваасүрэн дүгнэлт гаргасан бөгөөд эс зөвшөөрсөн тул гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт шинжилгээний төвөөс шинжээч томилогдон шинжилгээ хийж тухайн гал нь техникийн гэмтлээс гараагүй талаар дүгнэлтийг гаргасан юм. Дээрх шинжилгээний дүн болон холбогдох нотлох баримтуудаар Н.Д нь бусдад учруулсан хохирлоо нуун далдлах зорилгоор иргэн Ч.Тын эзэмшлийн автомашиныг барааны хамт санаатайгаар шатааж 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон ба энэ талаар иргэн Н.Дгийн иргэн Ч.Тт 30.743.750 төгрөгийн хохирол учруулсан хэргийг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүдэд тодорхой тусгагдсан байгаа болно.

Иймд хариуцагч Н.Д нэхэмжлэгч Ч.Тын автомашиныг санаатайгаар шатааж эд хөрөнгө болон барааны хохирол учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнээс 3,970,750 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би шүүхийн шийдвэр дээр одоо 30,473,750 төгрөгийн төлбөртэй ба одоо 3 хүүхдийнхээ 100,000 төгрөгөөр төлсөөр 29,890,140 төгрөг үлдсэн. Энэ нэхэмжилж байгаа мөнгөн дүнг давхар нэхээд байгаа тул би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би нийгмийн даатгалын мөнгө төгрөг төлөөгүйг төлүүлэх, цалингүй байсан хугацааны 18,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Дд холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцож байсныхаа хувиар энэхүү иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг баримтуудаас өөр баримт авагдаагүй байдаг. Анхан шатны шүүх Н.Дд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ гэм буруу дээр нь машиныг шатаасан байна гэж үзсэн боловч тийм хэмжээний хохирол учирсан байна гэж шийдвэрлээгүй юм. Баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч тал өөрөө нотлох ёстой байдаг. Энэ үүргээ нэхэмжлэгч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн хангалттай нотлоогүй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж миний зүгээс үзэж байгаа юм. Гурван шатны шүүхийн шийтгэх тогтоол, тогтоол, магадлалыг хэрэгт хавсаргасан байгаа нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бүрэн хангалттай хэмжээний баримт гэж тооцогдохгүй. Н.Дгийн хувийн байдлын талаар хэлэхэд гурван хүүхдийнхээ хамтаар өрх толгойлон амьдардаг эмэгтэй. Гэмт хэргийн улмаас шалгагдаж 4 жил орчим хугацаанд шүүх, цагдаагаар явсан. Одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд 30.000.000 төгрөгийн өр төлбөрийг хүүхдийнхээ мөнгөөр төлдөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэж л хийгдэж байгаа юм билээ.

Иймд хариуцагчийн зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. 30,743,750 төгрөгөөс одоо нэхэмжилж байгаа энэ 3,970,750 төгрөг тусдаа асуудал гэдэг нь үнэн. Хамгийн гол нь анхан шатны шүүхээс дүгнэхдээ 3,970,750 төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзсэн бөгөөд баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн юм гэдгийг дахин хэлмээр байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2048 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Дгээс гэм хорын хохиролд 3,970,750 /гурван сая есөн зуун далан мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэж 2020 оны 12-р сарын 08-ны өдрийн 2048 дугаартай шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.9, 40-р зүйлийн 40.2, 40.4,116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтуудыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр хянаж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх нь үүссэн хэрэг, маргааны мөн чанарыг зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгч миний гаргасан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтад хамааруулан үнэлэлгүйгээр хэт нэг талыг барин хариуцагчийн талд хэргийг шийдвэрлэлээ.

2. Шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэгт хамаарал бүхий бүхий нотлох баримтыг гаргах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргахад хүлээж аваагүй нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэж байна. Нэгэнт хариуцагч тухайн эрүүгийн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн баримт нь архивт хадгалагдаж байгааг мэдсээр байж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаагүй нь хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэснийг нотолж байна.

3. Хариуцагч миний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар татгалзлын үндэслэл, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байгааг зөвшөөрсөн гэж үзэж түүнийг хэрэгт хамааруулан үнэлэх ёстой атал хариуцагч нотлох үүрэг хүлээхгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хангуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан гэж үзэхээр байна.

4. Анхан шатны шүүх дээрх алдаануудыг гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдууллаа.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 08-ны өдрийн 155/ШШ2020/02048 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т нь  гэм хорын хохирол 3,970,750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байх ба хариуцагч Н.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Дгээс гэм хорын хохиролд 3,970,750 /гурван сая есөн зуун далан мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар тогтоол, гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хохирогчоор тогтоох тогтоол зэргийг нэхэмжлэлд хавсарган ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “....65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж надад 3,970,750 төгрөгийн хохирол учруулсныг гаргуулж өгнө үү....” гэх шаардлага үйл баримтыг нотолсон баримт иргэний хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар “... хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй.

Н.Дд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан, шийтгэх тогтоолд хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээс чөлөөлөхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “....цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг барааны хамт шатааж надад 3,970,750 төгрөгийн хохирол учруулсныг гаргуулж өгнө үү....” гэх шаардлагыг дүгнэвэл 3,970,750 төгрөгийн хохирлоос хэдэн төгрөг нь шатсан барааны үнэ, хэдэн төгрөг нь авто машины хохирол болох нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн “....шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэгт хамаарал бүхий бүхий нотлох баримтыг гаргах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргахад хүлээж аваагүй....” гэх гомдлын тухайд хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс үзэхэд хэрэг хянан хэлэлцэхээс өмнө эрх, үүрэг тайлбарлахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Шүүх хэргийг  хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2048 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.482 /далан найман мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                       Л.ЭРДЭНЭБАТ