Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/29

 

Э.Э, Э.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Д.Ганчимэг

Нарийн бичгийн дарга                                Г.Чинзориг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                          Э.Э

  Э.Ш нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ш, Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Ш, Э.Э нарт холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, С овогт Э.Э, урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Д овогт Э.Ш.

Шүүгдэгч Э.Э, Э.Ш нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “...................” хүүхэд хөгжлийн төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч компьютерийн процессор, дэлгэц, гар, хулгана, дэлгэцний залгуур, тогны залгуур, утастай спикер, нөүтбүүк, цэнэглэгч, хулгана, нөүтбүүкний цүнх, принтер зөөврийн өсгөгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 123 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “.....................” ХХК-ийн агуулахын дээврийн цонхоор хууль бусаар нэвтэрч түрдэг цахилгаан хөрөө, 90 градустай цахилгаан хөрөө, молоток, цахилгаан гар дрилл, цохилттой дрилл, 120 ампертай аккумлятор, дружба хөрөө, талбайн вибратор, плита зүсэгч, танкан зүлгүүр, таслагчийн ир, прожуктор гэрэл, агаар шүүгч, галын үлээгч гэх 16 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2 592 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 11 дүгээр сарын 11-ээс 19-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунхны 7 тоот хашаанд байрлах Д.Э-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч шкаф, хивс, морин хуур, хатгамал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2 038 000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5 753 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч Э.Э, Э.Ш нарыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч С овогт Э.Э, Д овогт Э.Ш нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Шгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 628 000 /зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 7 тоотод оршин суух Х овогт Д.Э /РД: ..................../-т олгож,

- Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн үдээстэй өвлийн гутал 1 /нэг/ хос, улаан өнгийн тэмээний логотой SHENGSHI гэсэн бичиглэл бүхий мөнгөлөг өнгийн торон хээтэй хэлтэй, хэлний дотор хэсэгт улаан өнгөөр SPORT SHOES, доод хэсэгт MADE IN CHINA, гол хэсэгт FR40, JP25.0 гэсэн бичигтэй цагаан өнгийн шошготой, хар өнгийн резинэн арзгар ултай, ногоон өнгийн арьсан материалаар хийсэн спорт гутал 1 /нэг/ хос, САТ гэх бичиглэлтэй хар өнгийн хагас түрийтэй гутал 1 /нэг/ хос, аав хүү хоёрын дүрслэлтэй зураг 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э, Э.Ш, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Шүүгдэгч Э.Ш, Э.Э нарын хувьд өөрсдийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байдаг. Бусдад учруулсан хохирлоо хувааж төлөхөөр тохиролцож Э.Э өөрт ноогдсон хувиа төлсөн, харин Э.Ш нь хохирогч Э.Э-ийн хохирлын үлдэгдэл 628 000 төгрөгийг анхан шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулж чадаагүй. Учир нь ажил хийж цалингаа авч хохирлоо төлж байсан боловч тухайн байгууллага нь цалингаа сар бүрийн 29-ний өдөр тавьдаг тул анхан шатны шүүх хурлаас өмнө хохирлоо төлж барагдуулж чадаагүй. Гэвч 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Э.Ш нь цалингаа авч хохирогч Э-ийн үлдэгдэл 628 000 төгрөгийг төлж барагдуулсан.

Шүүгдэгч Э.Ш нь анх удаа гэмт хэрэгт холбогдож өөрийн бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Э.Э, Э.Ш нар нь залуу гэр бүлүүд, 3 сар гарантай нялх хүүхдүүдтэй, эхнэрүүд нь дөнгөж төрсөн тул ажил хийх боломжгүй хүүхдээ хараад гэртээ байдаг, ганц ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг залуус. Гэмт хэрэг үйлдсэндээ үнэн сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна.

Иймд шүүгдэгч Э.Э, Э.Ш нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, эдгээр залуусын ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрдөг. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байсан. Э.Эын хувьд хохирлоо бүрэн төлсөн байсан. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Э, Э.Ш, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Э.Э, Э.Ш нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний хооронд, нийт гурван удаагийн үйлдлээр бүлэглэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт орших, “..................” хүүхэд хөгжлийн төв, “................” ХХК, иргэн Д.Э-ийн байранд нэвтэрч, нийт 5,753,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Э.Э, Э.Ш, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан “ял шийтгэл хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, Э.Ш, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Ш нарын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 30 /гуч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар шүүгдэгч Э.Шгээс гаргуулж хохирогч Д.Э-т олгохоор шийдвэрлэсэн 628,000 төгрөгийг 2020 оны 06 сарын 02-ны өдөр Д.Э-ийн ХААН банкны ................. тоот дансанд шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                                            Л.НАРАНБАЯР