Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/158

 

           Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Д.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Э.Э

Шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э.Э, Д овогт Э.Ш нарт холбогдох эрүүгийн 192...070 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, С овогт Э.Э /РД: ЖГ .../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ...-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар  баг, Ялалтын ... суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт Э.Ш /РД: ЖЮ .../.

Шүүгдэгч Э.Э, Э.Ш нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Алтанзул” хүүхэд хөгжлийн төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч, компьютерийн процессор, дэлгэц, гар, маус /хулгана/, дэлгэцний залгуур, тогны залгуур, утастай спикер, нөөтбүүк, цэнэглэгч, маус /хулгана/, нөөтбүүкний цүнх, принтер, зөөврийн өсгөгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.123.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Чандмань тал” ХХК-ийн агуулахын дээврийн цонхоор хууль бусаар нэвтэрч, түрдэг цахилгаан хөрөө, 90 градустай цахилгаан хөрөө, молоток, цахилгаан гар дриль, цохилттой дриль, 120 ампертай аккумлятор, дружба хөрөө, талбайн вибратор, плита зүсэгч, танкан зүлгүүр, таслагчийн ир, прожуктор гэрэл, агаар шүүгч, галын үлээгч гэх 16 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.592.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 19-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 7 тоот хашаанд байрлах Д.Э-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, шкаф, хивс, морин хуур, хатгамал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2038.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.753.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Э.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сард ажил дээр байхдаа гэрт хулгай орсон гэдгийг мэдсэн. Намайг гэртээ очиход 2019 оны 07 дугаар сард авсан шүүгээ, жаазтай хатгамал, морин хуур, Эрдэнэт хивс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тухайн үед би яг юу юу алга болсныг сайн анзаараагүй. Дараа нь жижиг сажиг юмнууд алга болсон нь мэдэгдсэн. Шүүгдэгч нар эд хогшил авахаас гадна хаалганы бариул, цоож, цонхны бариул, цахилгааны монтажны хаалга зэргийг эвдсэн байсан. Надад нийт 2.038.000 төгрөгийн хохирол учирснаас 1.410.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 628.000 төгрөгийг аваагүй байгаа. Учирсан хохирлоо барагдуулаад авчихвал надад гомдол, санал байхгүй гэдгээ хэлж тохиролцсон байсан боловч одоо хүртэл хохирлыг бүрэн барагдуулаагүй байна. Тухайн үед Э.Ш надад “маргааш мөнгө олж өгнө” гэж тохирсон боловч өнөөдрийг хүртэл хохирол төлж барагдуулаагүй байгаа тул үлдэгдэл 628.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний хувьд эд зүйлийн үнэлгээг зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирлоо төлчихнө гээд байсан учраас хохирлын мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан. Гэвч одоо хүртэл мөнгөө авч чадаагүй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М мэдүүлэхдээ: “Манай компанид нийт 2.592.000 төгрөгийн хохирол учирсан. Алдсан эд зүйлээсээ талбайн вибратороос бусад эд зүйлсийг бүгдийг буцааж авсан. Талбайн вибратор болон эвдсэн цоож, цүүний үнэд 440.000 төгрөгийг шүүгдэгч нараас авсан. Манай байгууллага эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нарын зүгээс манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Р мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Алтанзул” хүүхэд хөгжлийн төвд 2013 онд багшаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Манай хөгжлийн төв нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш санхүүжилт байхгүйн улмаас хүүхэд хүлээн авах үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч манай дарга Т.О бид хоёр өдөр болгон ажил дээрээ очиж ажлаа хийдэг. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цаг 50 минутын орчимд ажлаасаа гарахдаа ажлын газрын бүх өрөөний цонхыг нь хаалттай эсэхийг шалгаад гэрлээ унтраагаад гарсан. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ очиход сургалтын өрөө буюу миний суудаг өрөөний цонхны салхивч онгойсон байдалтай, өрөөнд байсан компьютерийн дэлгэц, гар, хулгана, жижиг өсгөгч, 2 ширхэг спикер, тэдгээрийн залгуур, номын тавиур дээр байсан хүрэн өнгийн цүнхтэй нөөтбүүк залгуурын хамт алдагдсан байсан. Мөн хүүхдийн тоглоомын өрөөнд байсан өсгөгч алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлээсээ хүрэн өнгийн цүнхтэй нөөтбүүкийг залгуурын хамт хүлээн авсан. Үлдэгдэл алдсан эд зүйлийн үнэ 858.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 79-80 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг 80 дугаар байрны 03 тоотод байх ажлын оффис дээр байхад манай ажлын ерөнхий санхүүч Ц.О утасдаад зүүн гражид хулгай орсон байна гэсний дагуу ерөнхий нягтлан Ц.О, нярав Б.С нарын хамт хэрэг болсон газарт очсон бөгөөд намайг очиход цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг явуулж байсан. ...бид нар алдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд түрдэг цахилгаан хөрөө, 90 градустай цахилгаан хөрөө, молоток, цахилгаан гар дриль, цохилттой дриль, 120 ампертай аккумлятор, дружба хөрөө, талбайн вибратор, плита зүсэгч, танкан зүлгүүр, таслагчийн ир, прожуктор гэрэл, агаар шүүгч, галын үлээгч гэх 14 нэр төрлийн багаж хэрэгсэл алдагдсан байсан ба хэргийн улмаас эвдэрсэн цоожны цүү, цоож зэргийг нэмж тусган жагсаалтаар гаргаж хүргүүлсэн. Харин жагсаалт гаргаж хүргүүлснээс хойш улаан өнгийн цахилгаан үлээгч, таслагчийн ир, 2 ширхэг авто машины агаар шүүгч, 2 ширхэг поржуктор зэргийг манай ажилчид хашааны гадна талын хэсгээс олж авсан тул нэхэмжлэхгүй. Харин молоток, 90 градустай цахилгаан хөрөө, дружба хөрөө, түрдэг цахилгаан хөрөө, танкан зүлгүүр, плита зүсэгч, цахилгаан гар дриль, цохилттой дриль, 120 ампертай аккумлятор зэрэг эд зүйлээ цагдаагийн газраас буцааж авсан бөгөөд талбайн вибратор олдоогүй. Иймд талбайн вибратор болон эвдсэн цоож, цүүний үнэ нийт 372.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 83-86 тал/

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Бунханы 7 тоот байшиндаа охин Б.Э хамт очин зуны куртикнуудаа тавиад 10 гаруй минут болоод гарсан. Тухайн үед гэрийн маань эд зүйл бүгд хэвэндээ байсан. Харин 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 09 цагийн орчимд манай ээж Д.А, төрсөн дүү Н-ийн хамт өвлийнхөө нэхийг авахаар байшинд очиход манай гэрээс жаазтай ханын зурагнууд 3 ширхэг, жаазтай морин хуур, шкаф, хивс зэрэг эд зүйл алга болсон байсан. Хулгай хийхдээ цоож эвдэж, вакуум цонхны бариулуудыг хугалж, цахилгааны шийдний хаалгыг эвдсэн байсан. Эдгээрийн үнийг нэхэмжилнэ. ...гэрээс алдсан эд зүйлээ нарийн үзэхэд нэмж товчлууртай гар утас, дүүжин таазны жижиг бөөрөнхий лэд гэрэлнүүд /нийт 12 ширхэг байсан/, цагаан өнгийн утасны андройд цэнэглэгч, 3-4 хүний багтаамжтай майхан алдагдсан байсан. ...Эд зүйлийг орон нутгийн комиссоос үнэлсэн үнэлгээний дагуу гарсан 2.038.000 төгрөгийг  барагдуулсан тул надад гаргах санал хүсэлт, гомдол байхгүй” гэжээ. /2 дугаар хх-ийн 4-6, 44/       

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө харуул А-аас ээлж хүлээн авахдаа объектыг тойрч үзэхэд бүрэн, бүтэн агуулах савны цоож, цүү эвдэрсэн зүйлгүй байсан атлаа маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн орчимд харуул Б-тай тойрч үзэхэд хашааны голд байх агуулахын хаалга нь онгорхой, агуулахаас баруун тийш алхсан 2 хүний гутлын мөр цасан дээр үлдсэн байсан. ...улмаар тухайн газраас баруун хойд зүгт чиглэсэн түрдэг усны тэрэгний мөр цасан дээр үлдсэн байсан. Бид нар уг мөрийг дагасан боловч Силикат хороолол дунд ороход уг мөр баларсан байсан...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 106-107 тал/

Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Чандмань тал” ХХК-нд гагнуурчин ажилтай юм. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 09 цагт ажил дээрээ очиход манай компаний хашааны баруун талын гадна эд зүйлс хаягдсан байна, хулгай орсон байж магадгүй талаар “Ольхон” арал компаний харуулууд хэлсэн байсан. Тухайн цаг хугацаанд харуулууд ээлж хүрээлцэж таарсан учир манай 2 харуул хашаанд байх гуталны мөрийг дагаж явсаар агуулах руу ороход нийт 8 агуулахын хаалганы цоож, цүү хөшиж орсон байдалтай байна гэсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 108-109 тал/

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө өвлийн хувцасаа авах гээд хашаандаа иртэл манай охины байшингийн баруун талын цонхны тор нь доошоо унжсан байдалтай байхаар нь цонхоор нь хартал хулгай орсон байдалтай шалан дээр хувцас овоолсон байхаар нь цагдаад хандаад, охин Д.Э-т утсаар хэлсэн...” гэжээ. /2 дугаар хх-ийн 9 тал/

Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд:

 “1. Зураг №33-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин зураг №11-д харуулсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Зураг №33 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь иргэн Э.Ш-гээс хураан авсан баруун гутлын улны мөртэй ерөнхий хээний дүрслэлээрээ тохирч байна” гэжээ. /1 дүгээр хх-ийн 130-135 тал/ 

Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай дүгнэлтэд:

“1. Зураг №29, 31-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Зураг №29 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь Э.Ш-гээс хураан авсан зүүн гутлын дардастай өлмийн урт, өлмийн өргөн, өсгий хэсэг ашиглалтын явцад элэгдсэн шинжээрээ тохирч байна. Мөн зураг №31 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь Э.Э-оос хураан авсан зүүн гутлын улны мөртэй өлмийн урт, өлмийн өргөн, өсгий болон өлмийн ашиглалтын явцад элэгдсэн байдлаараа тохирч байна” гэжээ. /1 дүгээр хх-ийн 140-146 тал/

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24, 37, 233/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-31, 38-44, 234-238/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-48, 245-247/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53, 58-59, 242-243/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 54, 70-71/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-61, 67-69, 244/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 65-66, 73-74/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 248-250/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 62-63, 75-76, 2-р хх-ийн 1-2/ 

Г.Р-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-90/

Ч.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96/

Д.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98/

Б.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 110-111/

Д.Э-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 7-8/

Хохирогч Д.Э-с гаргаж өгсөн алдагдсан эд зүйлийн гэрэл зураг /2 хх-ийн 50-54/

Э.Э-ын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-92, 103-105, 152-153, 160-161, 2 хх-ийн 10-11, 15-16, 24-25, 46/

Э.Ш-гийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94, 101-102, 156-157, 164-165, 2 хх-ийн 12-14, 17, 22-23, 45/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166, 178/ 

Э.Э-ын талаарх улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 174-177/

Э.Ш-гийн талаарх улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 180-182/

Э.Ш-гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 183-185/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 212, 214, 2 хх-ийн 34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар хүрэн өнгийн үдээстэй өвлийн гутал 1 /нэг/ хос, улаан өнгийн тэмээний логотой SHENGSHI гэсэн бичиглэл бүхий мөнгөлөг өнгийн торон хээтэй хэлтэй, хэлний дотор хэсэгт улаан өнгөөр SPORT SHOES, доод хэсэгт MADE IN CHINA, гол хэсэгт FR40, JP25.0 гэсэн бичигтэй цагаан өнгийн шошготой, хар өнгийн резинэн арзгар ултай, ногоон өнгийн арьсан материалаар хийсэн спорт гутал 1 /нэг/ хос, CAT гэх бичиглэлтэй хар өнгийн хагас түрийтэй гутал 1 /нэг/ хос, аав хүү хоёрын дүрслэлтэй зураг 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С овогт Э, Д овогт Э.Ш нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Алтанзул” хүүхэд хөгжлийн төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч, компьютерийн процессор, дэлгэц, гар, маус /хулгана/, дэлгэцний залгуур, тогны залгуур, утастай спикер, нөөтбүүк, нөөтбүүкийн цэнэглэгч, маус /хулгана/, нөөтбүүкний цүнх, принтер, зөөврийн өсгөгч гэх эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.123.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Чандмань тал” ХХК-ийн агуулахын дээврийн цонхоор хууль бусаар нэвтэрч, түрдэг цахилгаан хөрөө, 90 градустай цахилгаан хөрөө 2 ширхэг, молоток, цахилгаан гар дриль, цохилттой дриль, 120 ампертай аккумлятор 2 ширхэг, дружба хөрөө, талбайн вибратор, плита зүсэгч, танкан зүлгүүр, таслагчийн ир, прожуктор гэрэл, агаар шүүгч 2 ширхэг, галын үлээгч гэх эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2592.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 19-ний хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 7 тоот хашаанд байрлах хохирогч Д.Э-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, шкаф, хивс, жаазтай морин хуур, хатгамал зураг 3 ширхэг, товчлууртай гар утас, андройд цэнэглэгч, майхан, дүүжин таазны жижиг гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 2.038.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.753.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Р, Ч.М, хохирогч Д.Э, гэрч Б.Ц, Т.Э, Б.С, Д.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24, 37, 233/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-31, 38-44, 234-238/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-48, 245-247/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53, 58-59, 242-243/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 54, 70-71/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-61, 67-69, 244/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 65-66, 73-74/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 248-250/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 62-63, 75-76, 2-р хх-ийн 1-2/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 Шүүгдэгч Э.Э, Э.Ш нар нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Э, Э.Ш нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Э, Э.Ш нар нь гэмт хэргийг гурван удаагийн үйлдлээр бүлэглэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад 5.753.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Э, Э.Ш нар нь хоорондоо ярилцаж тохиролцоод хулгайлах гэмт хэрэг үйлддэг бөгөөд хууль бусаар авсан эд зүйлээ тодорхой газар хадгалж байгаад зарж борлуулдаг нөхцөл байдал тогтоогдсоноос гадна шүүгдэгч Э.Э нь урьд мал хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн ялыг 2019 оны 12 дугаар сард эдэлж дууссан, шүүгдэгч Э.Ш нь хохирогч Д.Э-т хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх” талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Уг гэмт хэргийн улмаас “Алтанзул” Хүүхэд хөгжлийн төвд 1.123.000 төгрөгийн хохирол учирснаас нөөтбүүк, цэнэглэгч, маус /хулгана/, цүнхийг буцаан авч, үлдсэн эд зүйлийн үнэ 858.000 төгрөгийг хүлээн авч, хохирол төлбөр бүрэн төлөгджээ. “Чандмань тал” ХХК-ийн тухайд 2.592.000 төгрөгийн хохирол учирснаас түрдэг цахилгаан хөрөө, 90 градустай цахилгаан хөрөө 2 ширхэг, молоток, цахилгаан гар дриль, цохилттой дриль, 120 ампертай аккумлятор 2 ширхэг, дружба хөрөө, плита зүсэгч, танкан зүлгүүр, таслагчийн ир, прожуктор гэрэл, агаар шүүгч 2 ширхэг, галын үлээгч гэх эд зүйлийг буцаан авч, талбайн вибратор болон эвдсэн цоож, цүүний үнэд 440.000 төгрөгийг шүүгдэгч нар төлж хохирол төлбөр бүрэн барагдсан байна. Харин хохирогч Д.Э-т гэмт хэргийн улмаас 2.038.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас шүүгдэгч Э.Э 1020.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Ш 390.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ш-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 628.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э-т олгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хохирогч Д.Э нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аав хүү хоёрын дүрслэлтэй хатгамал зургийг буцааж авахаас татгалзсан учраас хүрэн өнгийн үдээстэй өвлийн гутал 1 /нэг/ хос, ногоон өнгийн арьсан материалаар хийсэн спорт гутал 1 /нэг/ хос, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 /нэг/ хосын хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Э.Э, овогт Э.Ш нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Ш-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 628.000 /зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ... суух, Х овогт Д.Э /РД: ЖЭ.../-т олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн үдээстэй өвлийн гутал 1 /нэг/ хос, улаан өнгийн тэмээний логотой SHENGSHI гэсэн бичиглэл бүхий мөнгөлөг өнгийн торон хээтэй хэлтэй, хэлний дотор хэсэгт улаан өнгөөр SPORT SHOES, доод хэсэгт MADE IN CHINA, гол хэсэгт FR40, JP25.0 гэсэн бичигтэй цагаан өнгийн шошготой, хар өнгийн резинэн арзгар ултай, ногоон өнгийн арьсан материалаар хийсэн спорт гутал 1 /нэг/ хос, CAT гэх бичиглэлтэй хар өнгийн хагас түрийтэй гутал 1 /нэг/ хос, аав хүү хоёрын дүрслэлтэй зураг 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э, Э.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА