Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 532

 

Э.Э, Э.Ш нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалтай Э.Э, Э.Ш нарт холбогдох эрүүгийн 1921008180130 дугаартай хэргийг шүүгдэгч Э.Шгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1996 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан С овогт Э-ийн Э,

2. Монгол улсын иргэн, 1997 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, “Сүх-Индэр” ХХК-д жолооч ажилтай, ял шийтгэлгүй Д овогт Эын Ш

 Э.Э, Э.Ш нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Алтанзул” хүүхэд хөгжлийн төвийн цонхоор хууль бусаар нэвтэрч компьютерийн процессор, дэлгэц, гар, хулгана, дэлгэц болон тогны залгуур, утастай спикер, нөүтбүүк, цэнэглэгч, хулгана, нөүтбүүкний цүнх, принтер зөөврийн өсгөгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1,123,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Чандмань тал” ХХК-ний агуулахын дээврийн цонхоор хууль бусаар нэвтэрч түрдэг цахилгаан хөрөө, 90 градустай цахилгаан хөрөө, молоток, цахилгаан гар дрилл, цохилттой дрилл, 120 ампертай аккумлятор, дружба хөрөө, талбайн вибратор, плита зүсэгч, танкан зүлгүүр, таслагчийн ир, прожектор гэрэл, агаар шүүгч, галын үлээгч зэрэг 16 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2,592,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 11-ээс 19-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунхны 7 тоот хашаанд байрлах Д.Эийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч шкаф, хивс, морин хуур, хатгамал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2,038,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5,753,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Э, Э.Ш нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж 29 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, Э.Ш, тэдгээрийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Ш гаргасан гомдолдоо: ”Иргэн намайг мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өмгөөлөх эрхийг эдлүүлээгүй, би анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа учраас хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх Э.Э болон мөрдөн байцаагч нарын үгэнд хууртаж хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаа эдэлж чадахгүй, 2 шатны шүүхээр 2 жилийн хорих ял авч хохирч байна.

 Учир нь дээрх хэргийн 3 үйлдлийн 2-т нь оролцож нэгэнд нь оролцоогүй гэж үнэнээ хэлж байсан, тэгээд би өмгөөлөгч Т.Эоор эрхээ хамгаалуулахаар 1 сая төгрөг өгөөд маш сайн зөвлөгөө аваад явж байтал одоо энэ хэргийн мөрдөн байцаагч, та 2 өмгөөлөгчөөр яах юм, мөнгөө ав, түүнийгээ хохиролдоо өг гэж хэлээд өмгөөлөгчөөс татгалзуулсан, мөн би өмгөөлөгчид өгсөн мөнгөө авч хохиролд өгсөн, тэгээд мөрдөн байцаагчийн томилсон өмгөөлөгч Г.Цэрэндолгорыг авч анхан шатны хуралд орсон.

Миний бие Э эсрэг сонирхолтой учир өмгөөлөгч Д.Урансувдыг шүүхийн шатанд авах гээд очиход Урансувд өмгөөлөгч Энхболд бид 2-т зөв л зөвлөгөө өгсөн, гэхдээ би давж заалдах шатанд манай ар гэрийнхэн З.Нямсүрэн өмгөөлөгчийг энэ хэрэгт оролцуулъя гээд надтай ганцаарчлан уулзуулсан. Би өмгөөлөгчид дээрх зүйлүүдээ бүгдийг хэлсэн, гэтэл миний өмгөөлөгч З.Нямсүрэнг давж заалдах хуралд оролцуулахгүй хэргийг шийдсэн. Ер нь малчин ардын хүүхэд гэмт хэргээ хүлээн зөвшөөрч үнэн байдлыг бүгдийг хэлэх гэхээр тэр нь бид нарт хаалттай байдаг юм байна. Бүлэглэн үйлдсэн зүйл ангиа буруу хэрэглэсэн, хамгийн гол нь миний өмгөөлүүлэх эрхийг удаа дараа зөрчсөн мөрдөн байцаагч, прокурор нарт үнэхээр гомдолтой.

Иймд хууль буруу хэрэглэсэн, миний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн, миний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй ял оногдуулсан тул хэргийг хянаж ял шийтгэлийг багасгаж, өмгөөлөгч З.Нямсүрэнг оролцуулж миний өмгөөлүүлэх эрхийг хангаж өгөхийг хүсэж байна. Би хэргийн талаарх бодит үнэн байдлыг өмгөөлөгч З.Нямсүрэнд ганцаарчлан уулзаж үнэн зөвийг хэлэх болно. Миний үнэнийг хэлэх эрхийг мөрдөн байцаагч, прокурор хааж шударга шүүхээр үнэнээ ярих, өмгөөлүүлэх эрх хасагдсан гэж үзэж байна” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Э, Э.Ш нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гурван удаагийн үйлдлээр бүлэглэн орон байранд нэвтэрч нийт 5,753,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, нотлох баримтыг үнэлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жил хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийн талаар нотолбол зохих байдлын бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдол дээрх зүйл ангид хамаарахгүй бөгөөд шүүгдэгч нар нь тусгай дунд боловсролтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Шд өмгөөлөгч авах эрхийг нь эдлүүлсэн, 3 удаагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өмгөөлөгч авах асуудлаа дараа болно, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэж мэдүүлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд  З.Нямсүрэн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь түүнийг өмгөөлөх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг болон 5.3 дугаар зүйлд өмгөөлөгч сонгох, оролцуулах журмыг тодорхой хуульчлан зохицуулжээ.

Э.Шг 2020 оны 02 дугаар сарын 20 (хэргийн 1 дэх хавтас, 156-157 дахь тал)-ны өдөр яллагдагчаар байцаахад тэрээр өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн, 21-ний өдөр (хэргийн 1 дэх хавтас, 164-165 дахь тал) мэдүүлэг авахаар “өмгөөлөгч авах асуудлыг дараа болно” гэж хэлсэн, мөн оны 04 дүгээр сарын 7, 12-ны өдрүүдэд (хэргийн 2 дахь хавтас, 22-23, 45 дахь тал) өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө илэрхийлсэн байх бөгөөд мэдүүлэг авсан эдгээр тэмдэглэлээс үзэхэд мөрдөгч нь түүнээс өмгөөлөгч авах, өмгөөлөгчгүй байцаалт өгөх эсэхийг тухай бүрт нь тодруулан асууж, түүний зөвшөөрснөөр мэдүүлгийг өмгөөлөгчгүй авсан байх тул яллагдагчийн өмгөөлүүлэх, хууль туслалцаа авах эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Хэргийн 2 дахь хавтас, 31 дэх талд авагдсан баримтаас үзэхэд Э.Ш, Э.Э нар нь өмгөөлөгч Т.Энхболдыг сонгон авсан байх боловч уг өмгөөлөгч нь хэргийн материал танилцуулах ажиллагаанд байлцсанаас өөрөөр мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Э.Шинэхүү, Э.Э нар нь Г.Цэрэндолгорыг өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргаснаар (хэргийн 2 дахь хавтас, 80 дахь тал) энэ өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцсоноос гадна шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол  гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байжээ.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж үзэх боломжгүй юм.

Харин хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхээс өмнө Э.Эын төрсөн эх Д.Энхтуяа, мөн Э.Шийн төрсөн эцэг Эрдэнэбат нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч М.Энхтуяа, З.Нямсүрэн нарыг сонгон авч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг (хэргийн 2 дахь хавтас, 124, 138 дахь тал) тус тус гаргасан, өмгөөлөгч М.Энхтуяа нь шүүх хуралдаанд оролцохоо бичгээр илэрхийлсэн (хэргийн 2 дах хавтас, 132 дахь тал) байхад тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь мөн хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Иймд энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах журмаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасуй.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН