Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1214

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00623 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Б-т холбогдох

 

Үүргийн гүйцэтгэлд 39 877 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд Ш.Б-аас Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг гараашийн хамт 220 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн уг орон сууцанд 9 877 000 төгрөгийн засварын ажлыг хийсэн. Ш.Б-тай амаар тохиролцсон худалдах, худалдан авах хэлцлээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлах тухайгаа мэдэгдэн, түүнд шилжүүлсэн 30 000 000 төгрөг, байрыг тохижуулахад гарсан зардал 9 877 000 төгрөг, нийт 39 877 000 төгрөгийг буцаан олгохыг хүссэн боловч уг мөнгийг минь буцааж өгөөгүй. Иймд Ш.Б-аас 39 877 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Байрыг бусдад худалдсан байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сард гэрээг цуцлах саналыг надад тавьсан бөгөөд байрны шал, хаалгыг хийж өгөөгүй, түүний буруугаас гэрээ цуцлагдсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууц, гараашийг 240 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд Ш.Б- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг биет байдлаар Д.М-эд шилжүүлсэн. Харин худалдан авагч Д.М-э нь байрны урьдчилгаа 30 000 000 төгрөгийг төлсөн боловч, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Д.М-э 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзсаныг Ш.Б- хүлээн авч, 3 000 000 төгрөгийг буцаан олгосон. Ш.Б- нь Д.М-эд байранд засвар хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд хийсэн засварын мөнгийг буцаан өгнө гэж тохироогүй. Иймд Ш.Б-т шилжүүлсэн 30 000 000 төгрөгөөс Д.М-эд буцаан олгосон 3 000 000 төгрөг, Д.М-ийн 2 байрыг нэг болгож засварлуулахад гарсан зардал 8 820 300 төгрөгийг хасаж тооцон, 18 179 700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ цуцлагдсан нь Ш.Б-ын буруугаас болоогүй тул учирсан хохирол гэх байрны засварын зардал 9 877 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Б-аас үүргийн гүйцэтгэлд 27 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 877 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 357 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 292 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 623 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь орон сууцны хийц, загвар интерьерийг өөрчлүүлэх хүсэлтийг гаргаж, захиалагчийн зааварчилгааны дагуу нэмэлт ажил хийгдэж, анхны магадлал хийгдсэн зургаас В блок 63.28 м.кв, С блок 47.88 м.кв тусдаа хоёр орон сууцыг нэгтгэж захиалагчийн хүсэл зоригийг биелүүлсэн, мөн ажлын үр дүнг шилжүүлсэн боловч захиалагч үүргээ биелүүлж төлбөрөө зохих ёсоор төлөөгүй тухай хангалттай нотлох баримтаар мэдүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тайлбараа нотлох зорилгоор шинжээч томилуулж, дээрх засварын ажлын үр дүн, бодит байдал, төсөвт өртөг хэдий хэмжээгээр шаардагдсан эсэх талаар ач холбогдол бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байхад үүнийг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Засварын ажлын талаар талуудын тохиролцоо, үр дүнгийн талапр шаардлага хангасан нотлох баримт авагдсан байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, засварын зардал 8 820 300 төгрөгийг хасалгүй 27 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх 27 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг өөрчлөн, захиалагчийн хүсэлтийн дагуу хийгдсэн засварын ажлын зардал болох 8 820 000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Д.М-э хариуцагч Ш.Б-т холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт 39 877 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч буцаан олгосон 3 000 000 төгрөг, 2 байрыг нэг болгож засварлуулахад гарсан зардал 8 820 300 төгрөгийг хасаж тооцон, 18 179 700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, засварын зардал 9 877 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Талууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг, гараашийн хамт 240 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар ам хэлцлээр тохиролцсон талаар маргаагүй ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид, орон сууцны урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөгийг хариуцагчид нэхэмжлэгч шилжүүлсэн болон нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсныг хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан авч, бусдад худалдсан болон нэхэмжлэгчийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрийн зарим хэсэг болох 3 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тул орон сууцны урьдчилгаанд төлсөн 30 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг авсан тул үлдэх 27 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал болох худалдагч Ш.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүний буруугаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагаас гэрээнээс учирсан хохиролд байрыг тохижуулахад гарсан зардал 9 877 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу шүүх Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийг 2 орон сууцыг 1 орон сууц болгон засварлахад 8 820 304 төгрөгийн зардал гаргасан нь тогтоогдож байх боловч 1 орон сууцыг 2 орон сууц болгох шаардлагатай нөхцөл байдал нэхэмжлэгч гэрээнээс татгалзахтай холбоотой үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч 1 орон сууцыг 2 тусдаа орон сууц болгож засварлах болсонд нэхэмжлэгч буруутай гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                           С.ЭНХТӨР