Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2018/00623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Цагаан боржигон овогтой, Дашзэвэгийн Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн 48Б-4-1 тоотод оршин суух, /

 

Хариуцагч: Хүйс хайрхан овогтой, Шаравдоржийн Болдбаатарт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 73А дугаар байр, 20 тоотод оршин суух, /

 

            Үүргийн гүйцэтгэлд 39.877.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Ш.Баас Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг гаражийн хамт 220.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, улмаар Ш.Бын Хаан банкны 5029418088 тоот дансанд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн миний бие уг орон сууцанд 9.877.000 төгрөгийн засварын ажлыг хийсэн. Би Ш.Бтай амаар тохиролцсон худалдах, худалдан авах хэлцлээсээ хүндэтгэн үзэх шалтгааны “ээж минь нас барсан, бусад шалтгааны” улмаас цуцлах тухайгаа мэдэгдэн, түүнд шилжүүлсэн 30.000.000 төгрөг, байрыг тохижуулахад гарсан зардал 9.877.000 төгрөг, нийт 39.877.000 төгрөгийг буцаан олгохыг хүссэн боловч ямар нэгэн шалтгаангүйгээр өдийг хүртэл дээрх мөнгийг минь надад буцааж өгөөгүй болно. Иймээс Ш.Баас 39.877.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ш.Б нь намайг хэсэг байхгүй хугацаанд миний байрыг бусдад худалдсан байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сард гэрээг цуцлах саналыг надад тавьсан бөгөөд байрны шал, хаалгыг хийж өгөөгүй, түүний буруугаас гэрээ цуцлагдсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууц, гаражийг 240.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд Ш.Бын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг биет байдлаар Д.Мд шилжүүлсэн. Харин худалдан авагч Д.М нь байрны урьдчилгаанд 30.000.000 төгрөгийг төлсөн боловч, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Ингээд Д.М нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “ээжийн бие муу байна” гээд гэрээнээс татгалзсаныг Ш.Б хүлээн авч, 3.000.000 төгрөгийг буцаан олгосон. Ш.Б нь Д.Мөнх-Эрдэнийг байранд засвар хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд хийсэн засварын мөнгийг буцаан өгнө гэж тохироогүй. Иймд Ш.Бт шилжүүлсэн 30.000.000 төгрөгөөс Д.Мд буцаан олгосон 3.000.000 төгрөг, мөн Д.Мөнх-Эрдэнийн 2 байрыг нэг болгож засварлуулахад гарсан зардал 8.820.300 төгрөгийг хасаж тооцон, 18.179.700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ цуцлагдсан нь Ш.Бын буруугаас болоогүй тул учирсан хохирол гэх байрны засварын зардал 9.877.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ш.Бт холбогдох, үүргийн гүйцэтгэлд 39.877.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ш.Б, Д.М нар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг, гаражийн хамт 240.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцлийг амаар тохиролцож байгуулсан талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

Уг гэрээний дагуу худалдагч Ш.Б нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч Д.Мд шилжүүлсэн, худалдан авагч Д.М нь харилцан тохиролцсоны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөгийг худалдагч Ш.Бт төлсөн талаар талууд маргаагүй болно.

 

Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаах талаар маргаагүй бөгөөд худалдан авагч Д.М нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг худалдагч Ш.Бт буцаан олгосон, худалдагч нь 30.000.000 төгрөгийг худалдан авагч Д.Мд олгохоос 3.000.000 төгрөгийг буцаан олгосон талаар зохигчид маргаагүй тул үлдэх 27.000.000 төгрөгийг хариуцагч Ш.Баас гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Нэхэмжлэгчийн “...гэрээнээс учирсан хохирол болох байрыг тохижуулахад гарсан зардалд 9.877.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал болох худалдагч Ш.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүний буруутайн улмаас гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан болох нь “худалдагч нь худалдан авагчид орон сууцыг шилжүүлсэн” үйл баримт, зохигчийн “...худалдан авагч орон сууцны үлдэх төлбөр 210.000.000 төгрөгийг худалдагчид төлөөгүй” гэсэн тайлбар, Д.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...миний бие худалдах, худалдан авах хэлцлээсээ хүндэтгэн үзэх шалтгааны /ээж минь нас барсны мөн бусад шалтгааны/ улмаас цуцлах тухайгаа мэдэгдсэн...” гэж дурдсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй гэсний дагуу нэхэмжлэгч  Д.Мөнх-эрдэнийн “...гэрээнээс учирсан хохиролд байрыг тохижуулахад гарсан зардалд 9.877.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Мөн нэхэмжлэгч “...Ш.Б нь байрыг тохижуулахад гарсан зардлыг буцаан олгоно гэж тухайн үед хэлсэн” гэх боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Баас үүргийн гүйцэтгэлд 27.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.877.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарандолгороос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 357.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баас улсын тэмдэгтийн хураамжид 292.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД