Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01479

 

Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00623 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1214 дүгээр магадлалтай,

            Д ийн нэхэмжлэлтэй,

            Ш т холбогдох

            Үүргийн гүйцэтгэлд 39,877,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 онд Ш аас Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг гаражийн хамт 220,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, 2015 оны 02 сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн уг орон сууцанд 9,877,000 төгрөгийн засварын ажлыг хийсэн. Ш тай амаар тохиролцсон худалдах, худалдан авах хэлцлээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлах тухайгаа мэдэгдэн, түүнд шилжүүлсэн 30,000,000 төгрөг, байрыг тохижуулахад гарсан зардал 9,877,000 төгрөг, нийт 39,877,000 төгрөгийг буцаан олгохыг хүссэн боловч уг мөнгийг минь буцааж өгөөгүй. Иймд Ш аас 39,877,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Байрыг бусдад худалдсан байсан бөгөөд 2015 оны 9 сард гэрээг цуцлах саналыг надад тавьсан бөгөөд байрны шал, хаалгыг хийж өгөөгүй, түүний буруугаас гэрээ цуцлагдсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд 2015 оны 02 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууц, гаражийг 240,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан бөгөөд Ш  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг биет байдлаар Д эд шилжүүлсэн. Харин худалдан авагч Д э нь байрны урьдчилгаа 30,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2015 оны 04 сарын 20-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Д э 2015 оны 09 сарын 25-ны өдөр гэрээнээс татгалзсаныг Ш  хүлээн авч, 3,000,000 төгрөгийг буцаан олгосон. Ш  нь Д эд байранд засвар хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд хийсэн засварын мөнгийг буцаан өгнө гэж тохироогүй. Иймд Ш т шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөс Д эд буцаан олгосон 3,000,000 төгрөг, Д ийн 2 байрыг нэг болгож засварлуулахад гарсан зардал 8,820,300 төгрөгийг хасаж тооцон, 18,179,700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ цуцлагдсан нь Ш ын буруугаас болоогүй тул учирсан хохирол гэх байрны засварын зардал 9,877,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00623 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ш аас үүргийн гүйцэтгэлд 27,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,877,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарандолгороос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 357,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш аас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д эд олгож шийдвэрлэжээ.                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1214 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 623 тоот шийдвэрийн зарим хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хариуцагч Ш аас үүргийн гүйцэтгэлд 27,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай,          ач холбогдолтой, үнэн зөв, эргэлэээгүй талаас нь үнэлсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Д э орон сууцны хийц, загвар интерьерийг өөрчлүүлэх хүсэлтийг гаргаж, захиалагчийн зааварчилгааны дагуу нэмэлт ажил хийгдэж, анхны магадлал хийгдсэн зургаас В блок 63.28 м.кв. С блок 47.88 м.кв тусдаа хоёр орон сууцыг нэгтгэн 1 хаалгатай, нэг коридортой болгож, даацын ханыг нурааж 2 хаалга гаргаж, өрөө хооронд тусгаарлах гурван хамар хана өрүүлж, тоосгон ханаар 4 өрөө хоорондыг өөрчилж өгсөн, гал тогооны өрөөг өөрчлөх замаар хийж, гийпсэн таазыг өөрчилж, цахилгааны мантаж, обой наах зэрэг ажлуудыг гүйцэтгэн захиалагчийн хүсэл зоригийг биелүүлсэн, мөн ажлын үр дүнг шилжүүлсэн боловч захиалагч үүргээ биелүүлж төлбөр мөнгөө зохих ёсоор төлөөгүй тухай хангалттай нотлох баримтаар мэдүүлсэн. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл тайлбараа нотлох зорилгоор шинжээч томилуулж, дээрх засварын ажлын үр дүнг бодит байдал, төсөвт өртөг хэдий хэмжээгээр шаардагдсан эсэх талаар ач холбогдол бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байхад үүнийг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Засварын ажлын талаар талуудын тохиролцоо, үр дүнгийн талаар шаардлага хангасан нотлох баримт авагдсан байхад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Засварын зардал болох 8,820,300 төгрөгийг хасалгүй 27,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд 27,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг өөрчлөн, захиалагчийн хүсэлтийн дагуу хийсэн засварын ажлын зардал болох 8,820,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д э хариуцагч Ш т холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт 39,877,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч буцаан олгосон 3,000,000.00 төгрөг, 2 байрыг нэг болгож засварлуулахад гарсан зардал 8,820,300.00 төгрөгийг хасч тооцон, 18,179,700.00 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин засварын зардал 9,877,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр талууд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг, гараашийн хамт 240,000, 000.00 төгрөгөөр худалдах-худалдан авахаар хэлцлээр тохиролцсон талаар маргаагүй ба тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 73А дугаар байрны 117 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч хүлээн авсан, тэрээр урьдчилгаа төлбөрт 30,000,000.00 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсныг хариуцагч хүлээн зөвшөөрч орон сууцыг буцаан авч, бусдад худалдсан, улмаар нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс 3,000,000.00 төгрөгийг буцаан өгсөн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул тэрээр орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс үлдэх 27,000,000.00 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй тул энэ шаардлагыг хангах нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Ш ын буруугаас гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагаас байрыг тохижуулахад гарсан зардал 9,877,000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Хариуцагч 2 орон сууцыг 1 орон сууц болгон засварлахад 8,820,304.00 төгрөгийн зардал гаргасан нь Барилгын төсөвчдийн холбооноос гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч үүнд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, маргаанд хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00623 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1214 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 156,100.00  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН