Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1234

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00688 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т б” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 33 409 090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б- нь 2003 оны 11 дүгээр сарын 15-наас хойш “Т б” ХХК-д ажиллаж эхэлсэн ба гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1512 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг ажлаас халагдах тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 тоот шүүхийн шийдвэрээр намайг Т бны Хяналт шалгалтын газрын харьяа Зайны хяналтын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6 965 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 205 хоногийн дараа ажил албан тушаалд эгүүлэн томилох гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 тоот тушаал гарсан. Иймд ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 6 сар 20 хоногт харгалзах цалинтай тэнцэх хэмжээний 33 988 184 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Баярчимэгийн нэхэмжилж байгаа 33 409 090 төгрөгийн нарийн тооцоололт байхгүй, үндэслэлгүй, түүнийгээ нотолсон баримтгүй байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээд байдаг. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын хуулбар авагдсан. Түүнээс харвал ажилгүй бус ажилтай байсан нь харагдах болно. Ажилгүй байсан хугацаанд цалин гэж нэхэж байгаа нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0795 дугаар шийдвэрээр шийдэгдсэн байсан. Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинд 6 965 140 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, ажилд нь эгүүлэн томилсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Т б” ХХК-иас 32 138 468 төгрөг гаргуулж Б.Б-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 270 622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид 324 996 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, “Т б” ХХК-аас 324 996 төгрөгийг гаргуулж Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ20Ш/00688 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай холбогддог бөгөөд уг заалтуудыг нийлүүлж үзвэл шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор олгохоор зохицуулсан.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00795 дугаар шийдвэрт зааснаар 6 965 140 төгрөгийг Б.Б-т олгосон болно. Нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоосон байхад дахин ажилгүй байсан хугацааг тоолж хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь тухайн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан гэж тогтоосон хугацаанд “Бичил глобус” ХХК-д ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байхад ажил огт хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзэн дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг Улсын дээд шүүхээс тогтоолоор тайлбарласан албан ёсны тайлбар байдаггүй, энэхүү заалтыг нэг мөр ойлгох ойлголт байдаггүйгээс тухайн заалтыг буруу хэрэглэж хэргийн оролцогч нэг талд давуу байдал олгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Уг хуулийн заалт нь хэрвээ ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацаанд цалин олгох, өөр ажил эрхэлдэг бөгөөд тухайн ажилдаа өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан бол зөрүүг нь олгох тухай шууд заасан хуулийн заалт юм. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байх гэдэг ойлголт нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг ойлгодог байхад нэхэмжлэгч нь “Бичил глобус” ХХК-д ажиллаж цалин авдаг нь баримтаар нотлогдож байгаа болно.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- ажилгүй байсан хугацааны цалинд 33 409 090 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч “Т б” ХХК-д холбогдуулан гаргасныг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-ийг “Т б” ХХК-ийн Хяналтын газрын Зайнаас хянах хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 дугаар хүчин төгөлдөр шийдвэрийг “Т б” ХХК биелүүлж 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 дүгээр захирлын тушаалаар нэхэмжлэгчийг Хяналт, шалгалтын газрын орлогч захирлаар томилсон үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 5 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.Б- нь өөр газар ажил эрхэлж цалин авч байсан гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу хариуцагчийг нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх тайлбар нэхэмжлэгч Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-т анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлсэн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “Т б” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Б-ийн сарын дундаж цалин хөлсийг 5 086 667 төгрөгөөр тогтоосон тул түүний ажилгүй байсан 139 хоногоор тооцож 32 138 468 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.

 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн   

 

 итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 996 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

     

                                       ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                        С.ЭНХТӨР