Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01504

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00688 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1234 дүгээр магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

ТБ ХХК-д холбогдох,  

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 33.409.090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, Н.Байгаль, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2003 оны 11 дүгээр сарын 15-наас хойш ТБ ХХК-д ажиллаж эхэлсэн ба гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1512 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг ажлаас халагдах тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00795 тоот шүүхийн шийдвэрээр намайг ТБны Хяналт шалгалтын газрын харьяа Зайны хяналтын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6.965.140 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 205 хоногийн дараа ажил албан тушаалд эгүүлэн томилох гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 тоот тушаал гарсан. Иймд ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 6 сар 20 хоногт харгалзах цалинтай тэнцэх хэмжээний 33.988.184 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн шүүхэд гаргасан тайлбарт: Б.Б-ийн нэхэмжилж байгаа 33.409.090 төгрөгийн нарийн тооцоололт байхгүй, үндэслэлгүй, түүнийгээ нотолсон баримтгүй байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээд байдаг. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын хуулбар авагдсан. Түүнээс харвал ажилгүй бус ажилтай байсан нь харагдах болно. Ажилгүй байсан хугацаанд цалин гэж нэхэж байгаа нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0795 дугаар шийдвэрээр шийдэгдсэн. Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинд 6.965.140 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, ажилд нь эгүүлэн томилсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00688 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ТБ ХХК-иас 32.138.468 төгрөг гаргуулж Б.Б-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.270.622 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид 324.996 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, ТБ ХХК-аас 324.996 төгрөгийг гаргуулж Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1234 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.996 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай холбогддог бөгөөд нийлүүлээд уншиж үзвэл шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор олгохоор зохицуулсан байна. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00795 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн ажилгүй байсан хугацааг тооцон түүнд 6.965.140 төгрөг олгохыг ажил олгогчид даалгасан байсныг Банкны зүгээс олгосон болно. Нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоосон байхад дахин ажилгүй байсан хугацааг тоолж нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өөрөөр тайлбарлан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Б.Б- нь тухайн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан гэж тогтоосон хугацаанд “Бичил глобус” ХХК-д ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байхад ажил огт хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзэн дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 /...хэрэв бага цалинтай ажш хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно/ дэх заалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан албан ёсны тайлбар байдаггүй, энэхүү заалтыг нэг мөр ойлгох ойлголт байдаггүйгээс тухайн заалтыг буруу хэрэглэж хэргийн оролцогч нэг талд давуу байдал олгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт нь хэрвээ ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацаанд цалин олгох, өөр ажил эрхэлдэг бөгөөд тухайн ажилдаа өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан бол зөрүүг нь олгох тухай шууд заасан хуулийн заалт юм. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байх гэдэг ойлголт нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг ойлгодог байхад нэхэмжлэгч Б.Б- нь “Бичил глобус” ХХК-д ажиллаж цалин авдаг нь баримтаар нотлогдож байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ТБ ХХК-с ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 33.409.090 төгрөг гаргуулах Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрийг ажил олгогч ТБ ХХК нь биелүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1651 тоот тушаалаар ажилтанг урьд эрхэлж байсан ажилд нь томилжээ.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэрийг биелүүлэх хүртэл нэхэмжлэгч  ажилгүй байсан тул уг хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Б.Б- нь өөр байгууллагад ажиллаж, цалин авч байсан нь ажил олгогчийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас ажилгүй болж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэлгүй.

Учир нь шүүх ТБ ХХК болон Б.Б- нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа, уг харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн эрх зүйн үндэслэл, үүнээс үүссэн үр дагаварын буюу зөвхөн зохигчийн хоорондох маргааны талаар дүгнэлт хийх тул нэхэмжлэгчийн өөр байгууллагад ажилласан үйл баримт энэ маргаанд хамаарахгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00688 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1234 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 324.996 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ