Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1235

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т б-” ХХК-д холбогдох

 

Т б-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т б-ны гүйцэтгэх захирлын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/607 тоот тушаалаар тус банкны Хяналт шалгалтын газар 5 сар туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/337 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Улмаар тус банкны Орхон салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 127 тоот тушаалаар Орхон салбарын харьяа Уртбулаг тооцооны төвийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр, Салбарын захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тушаалаар Уртбулаг тооцооны төвийн захирлын албан тушаалд хүүхэд асрах чөлөөтэй байгаа Э.Соёлмааг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байгаад салбарын захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Э.Соёлмаа ажилдаа эргэн орсон тул чөлөөлөгдсөн. Гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/978 тоот тушаалаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар эгүүлэн томилсон байдаг бөгөөд уг тушаал гарсан даруй ажлын 2 өдрийн дараа дахин томилсон тушаал гаргаж туршилтын хугацаа тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд давуу эрхтэйгээр нөлөөлсөн шийдвэр гэж ойлгож байна. Тус банкны ажилтан сонгон шалгаруулах холбогдох журам, эрх зүйн баримт бичгүүдэд шинээр ажилд орж байгаа болон албан тушаал ахиж байгаа ажилтнуудын хувьд шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд туршилтын хугацааг тодорхойлдог. Гэтэл миний хувьд Т б-тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан зүйлгүй, өмнө нь 27 сар ажиллаж байсан Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эргүүлэн томилогдож байхад туршилтын хугацаа тогтоосон нь огт үндэслэлгүй, ажил олгогчийн давуу эрхтэйгээр гаргасан шийдвэр гэж үзэх хангалттай үндэслэл болох юм.

Мөн түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх атал хугацаа дууссан хэдий ч ямар ч шийдвэр гаргалгүй хожим 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд надад холбогдох Т б-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгож, Т б-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч “Т б-” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийг Б/1006 тоот тушаалаар 3 хүртэл сарын туршилтын хугацаагаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар томилон ажиллуулсан. Уг туршилтын хугацаагаар томилон ажиллуулах тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай буюу 2017 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаагаар байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр С.О- нь ажил олгогч “Т б-” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнд хүсэлт гарган өөр ажлын байрны санал асуусан байдаг бөгөөд уг саналыг нь харгалзан үзэж Харилцааны менежерийн ажлын байрыг санал болгосон нь ажлын байр санал болгосон нь саналын хуудсаар нотлогддог. Уг саналын хуудсанд мөн ажил олгогчийн зүгээс “гэрийнх нь ойр” гэж нэмж тодотгон бичсэн байгаа нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж улмаар ажил олгогч түүнийг нь хүлээн авч өөрийн бололцоогоор хангаж шийдвэрлэж байгааг илтгэж байна. Тус ажлын байр санал болгох тухай хуудастай нэхэмжлэгч танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун овоо тооцооны төвд харилцааны менежерийн орон тоонд туршилтын хугацаагүй томилогдсон. Уг тушаалыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 38 дугаар хөдөлмөрийн гэрээг талууд байгуулсан. Ийнхүү талуудын хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний хойно нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтаар бус үндэслэлгүйгээр өмнө дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар хөдөлмөрийн гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр үргэлжилж байгаа, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хувийн шалтгааны улмаас урт хугацааны чөлөө авсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Т б-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, мөн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.О-ыг Т б-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, Т б- ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 938 668 төгрөг гаргуулж С.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос С.О-ын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т б- ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд  зааснаар нэхэмжлэгч С.О- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т б- ХХК-аас 61 969 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч С.О- нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний Б/1006 дугаар тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ буюу 3 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж эхлэсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн дагуу анх заасан хугацаагаар буюу 3 сар хүртэл хугацаагаар сунгагдсан. Энэ талаар талууд маргадаггүй.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2-т туршилтын хугацааны дээд хязгаарыг 3 сар хүртэл байхаар нарийвчлан заасан гэж дүгнэж байгаа нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1-д заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчид давуу тал олгож байна гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зуйлийн 231.2 дахь хэсэг нь туршилтын хугацаатай гэрээг анх байгуулахдаа 3 хүртэл сараар байгуулах тухай зохицуулалт бөгөөд хугацаатай хөдөлмөрийн гэрээний ерөнхий хугацааг зохицуулсан 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг мөн адил зохицуулсан заалт юм.

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу анх заасан хугацаагаар буюу 3 сар хүртэл хугацаагаар сунгагдсан, энэ талаар талууд маргаагүй байхад Т б-ны Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуулийг буруу хэрэглэн хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийг анх хугацаатай буюу туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн хугацаанд нь жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлээгүй нь нэхэмжлэгч өөрөө туршилтын хугацааны ажлын тайланг хугацаандаа гаргаж өгөөгүйтэй холбоотой байсан.

2. Т б-ны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1, 5.11.1 дэх заалтын дагуу ажилтныг жинхлэх эсэх шийдвэр гаргахад тухайн ажилтны туршилтын хугацааны ажлын тайланг үндэслэн шийдвэр гаргахыг шаарддаг. Тиймээс туршилтын хугацааны тайлангаа хоцроож өгсөн ажилтны жинхлэх эсэх асуудал нь ажил олгогчийн буруугаас бус ажилтны өөрийнх нь буруугаас хойшилсон. Түүнчлэн ажилтны шууд удирдлага болох Хяналт, шалгалтын газрын орлогч захирал А.Мөнхбат, Хяналт, шалгалтын газрын захирал М.Гантуяа нар өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гарган баталгаажуулсан байхад шүүх уг шийдвэрийг үндэслэлгүй мэтээр тайлбарлан бичиж байгаа нь үндэслэлгүй байна.

3. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцааг илүү нарийвчилан зохицуулсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргагч нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо шүүхэд нэг сарын дотор гаргах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.О-ын хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзвэл нэхэмжлэгч уг хугацааг алдсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд хэлсэн тайлбар зэргээр тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо нэхэмжлэгч талд ашигтайгаар хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна.

4. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч С.О-т 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлын байр санал болгох тухай хуудсаар Т б-ны нэгжид Харилцааны менежерийн ажлын байр санал болгосон бөгөөд уг ажлын байрыг нэхэмжлэгч зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Түүнчлэн, уг хуудсанд ажил олгогч Т б-ны Гүйцэтгэх захирал гэрийн ойр нэгжид орон тоо гарсан тохиолдолд боломжтой гэж нэмж тэмдэглэсэн байгаа нь ажил олгогч болон нэхэмжлэгч нарын хооронд шинээр хөдөлмөрийн харилцаатай холбоотой хэлцэл хийгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэгэнт нэхэмжлэгч болон ажил олгогчийн хооронд нар хүсэл зоригоо бүрэн илэрхийлж харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/64 дүгээр тушаалаар Баянзүрх дүүрэг салбарын Чулуун овоо тооцооны төвд харилцааны менежерээр томилсон тушаал гаргаж, уг тушаалыг үндэслэн талууд харилцан тохирч, хүсэл зоригоо илэрхийлэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүх бүрэлдэхүүн “нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хсшаарсан, бодитой бус, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрүүдийг ажил олгогч гаргасан гэж үзэх үндэслэл байх бөгөөд хариуцагч талаас уг байдлыг эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтаар нотолж чадаагүй байна” гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн тавьсан саналд өөрийн хүсэл зоригийн дагуу зөвшөөрч улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа нь ажил олгогчийн зүгээс зүй бусаар нөлөөлсөн гэж үзэхээс илүүтэй талуудын харилцан тохиролцсон нөхцөл байдлыг тодотгож өгч байна гэж үзэхээр байна.

Өнөөдрийн байдлаар С.О- нь Т б-тай хөдөлмөрийн гэрээтэй ажилтан бөгөөд өөрийн хүсэлтээр хугацаатай чөлөө авсан байгааг дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг нь шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримт болон хуульд үндэслэсэн байхаас гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарт логик бүхий дүгнэлт хийхийг ойлгож байна.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч “Т б-” ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч С.О- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн саналын дагуу ажлаас нь чөлөөлж гэрийнх нь ойрхон өөр ажилд томилсон гэж маргажээ.   

 

Нэхэмжлэгч С.О- нь хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч “Т б-” ХХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.11.2, 5.24.3-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хэргийн 3-4 дүгээр тал/

 

Улмаар хариуцагч “Т б-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64 тоот тушаалаар нэхэмжлэгч С.О-ыг Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун овоо тооцооны төвийн харилцааны менежерээр томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тоот тушаалаар түүнд 1 жилийн цалингүй чөлөө олгосон байна. /хэргийн 23, 94 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч С.О- нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч “Т б-” ХХК нь  нэхэмжлэгч С.О-ыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчийн ажил, албан тушаалд 3 хүртэл сарын туршилтын хугацаатай томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийг туршилтын 3 сар буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажиллуулахаар тохиролцсон байх бөгөөд уг хугацааг дуусмагц түүнтэй байгуулсан гэрээг цуцлаагүй үргэлжлүүлэн ажиллуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй тул ажил олгогч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.  

 

Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгчийн туршилтын хугацаанд ажилласан тайлантай албан тушаалтнууд  танилцаж ажиллуулах боломжгүй гэж үзсэн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь дээрх хянан шалгагчийн албан тушаалд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 сарын туршилтын хугацаанд томилогдож, улмаар 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс үндсэн ажилтнаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагын Орхон салбарын харъяа Уртбулаг тооцооны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд томилогдох хүртэл ажиллаж байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс уг албан тушаалд томилохдоо дахин туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан шинээр орж байгаа болон дагалдан ажилтан сургагчтай тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор 3 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулж болохоор зохицуулсантай нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн гэрийн ойрхон ажиллах саналыг хариуцагч байгууллагын захиралд гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг баримтаар нотлоогүй байна. Харин нэхэмжлэгчийг хянан шалгагчийн үүрэгт ажлаас чөлөөлсний дараа түүнд өөр ажлын байр санал болгож байсан нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ажлын байр санал болгох тухай хуудас, Чулуун овоо тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллуулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 тоот хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогджээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 969 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                   С.ЭНХТӨР