Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01503

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1235 дугаар магадлалтай,

С.О-ын нэхэмжлэлтэй

ТБ- ХХК-д холбогдох,  

ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Н.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие ТБ-ны гүйцэтгэх захирлын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/607 тоот тушаалаар тус банкны Хяналт шалгалтын газар 5 сар туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/337 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон. Улмаар тус банкны Орхон салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 127 тоот тушаалаар Орхон салбарын харьяа Уртбулаг тооцооны төвийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр, Салбарын захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар тушаалаар Уртбулаг тооцооны төвийн захирлын албан тушаалд хүүхэд асрах чөлөөтэй байгаа Э.Соёлмааг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байгаад салбарын захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Э.Соёлмаа ажилдаа эргэн орсон тул чөлөөлөгдсөн. Гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/978 тоот тушаалаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар эгүүлэн томилсон байдаг бөгөөд уг тушаал гарсан даруй ажлын 2 өдрийн дараа дахин томилсон тушаал гаргаж туршилтын хугацаа тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд давуу эрхтэйгээр нөлөөлсөн шийдвэр гэж ойлгож байна. Тус банкны ажилтан сонгон шалгаруулах холбогдох журам, эрх зүйн баримт бичгүүдэд шинээр ажилд орж байгаа болон албан тушаал ахиж байгаа ажилтнуудын хувьд шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд туршилтын хугацааг тодорхойлдог. Гэтэл миний хувьд ТБ-тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан зүйлгүй, өмнө нь 27 сар ажиллаж байсан Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эргүүлэн томилогдож байхад туршилтын хугацаа тогтоосон нь огт үндэслэлгүй, ажил олгогчийн давуу эрхтэйгээр гаргасан шийдвэр гэж үзэх хангалттай үндэслэл юм. Мөн түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх атал хугацаа дууссан хэдий ч ямар ч шийдвэр гаргалгүй хожим 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд надад холбогдох ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ТБ-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ТБ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлангийн шүүхэд гаргасан тайлбарт: Ажил олгогч ТБ- ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийг Б/1006 тоот тушаалаар 3 хүртэл сарын туршилтын хугацаагаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар томилон ажиллуулсан. Уг туршилтын хугацаагаар томилон ажиллуулах тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай буюу 2017 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаагаар байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр С.О- нь ажил олгогч ТБ- ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнд хүсэлт гарган өөр ажлын байрны санал асуусан байдаг бөгөөд уг саналыг нь харгалзан үзэж Харилцааны менежерийн ажлын байрыг санал болгосон нь саналын хуудсаар нотлогддог. Уг саналын хуудсанд мөн ажил олгогчийн зүгээс гэрийнх нь ойр гэж нэмж тодотгон бичсэн байгаа нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж улмаар ажил олгогч түүнийг нь хүлээн авч өөрийн бололцоогоор хангаж шийдвэрлэж байгааг илтгэж байна. Тус ажлын байр санал болгох тухай хуудастай нэхэмжлэгч танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун овоо тооцооны төвд харилцааны менежерийн орон тоонд туршилтын хугацаагүй томилогдсон. Уг тушаалыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 38 дугаар хөдөлмөрийн гэрээг талууд байгуулсан. Ийнхүү талуудын хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний хойно нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтаар бус үндэслэлгүйгээр өмнө дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар хөдөлмөрийн гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр үргэлжилж байгаа, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хувийн шалтгааны улмаас урт хугацааны чөлөө авсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, мөн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.О-ыг ТБ-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ТБ- ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2.938.668 төгрөг гаргуулж С.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос С.О-ын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ТБ- ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.О- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ТБ- ХХК-аас 61.969 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1235 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.969 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч С.О- нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/1006 дугаар тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ буюу 3 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн дагуу анх заасан хугацаагаар буюу 3 сар хүртэл хугацаагаар сунгагдсан. Энэ талаар талууд маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа 3 сар хүртэл байна гэсэн байдаг нь туршилтын хугацаатай гэрээг анх байгуулахдаа 3 хүртэл сараар байгуулах тухай зохицуулалт бөгөөд хугацаатай хөдөлмөрийн гэрээний ерөнхий хугацааг зохицуулсан 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хугацааг мөн адил зохицуулсан заалт юм. Нэгэнт 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн дагуу анх заасан хугацаагаар буюу 3 сар хүртэл хугацаагаар сунгагдсан, энэ талаар талууд маргаагүй байхад ТБ-ны Гүйцэтгэх захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуулийг буруу хэрэглэн хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг анх хугацаатай буюу туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн хугацаанд нь жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлээгүй нь нэхэмжлэгч өөрөө туршилтын хугацааны ажлын тайланг хугацаандаа гаргаж өгөөгүйтэй холбоотой. ТБ-ны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.11.1 дэх заалтын дагуу ажилтныг жинхлэх эсэх шийдвэр гаргахад тухайн ажилтны туршилтын хугацааны ажлын тайланг үндэслэн шийдвэр гаргахыг шаарддаг. Тиймээс туршилтын хугацааны тайлангаа хоцроож өгсөн ажилтны жинхлэх эсэх асуудал нь ажил олгогчийн буруугаас бус ажилтны өөрийнх нь буруугаас хойшилсон байдаг. Түүнчлэн ажилтны шууд удирдлага болох Хяналт, шалгалтын газрын орлогч захирал А.Мөнхбат, Хяналт, шалгалтын газрын захирал М.Гантуяа нар өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гарган баталгаажуулсан байхад шүүх бүрэлдэхүүн уг шийдвэрийг үндэслэлгүй мэтээр тайлбарлан бичиж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн харилцааг илүү нарийвчилан зохицуулсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргагч нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо шүүхэд нэг сарын дотор гаргах эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.О-ын хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзвэл нэхэмжлэгч уг хугацааг алдсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд хэлсэн тайлбар зэргээр тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо хэргийн оролцогч нэг тал болох нэхэмжлэгч талд ашигтайгаар хуулийг тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч С.О-т 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлын байр санал болгох тухай хуудсаар ТБ-ны нэгжид харилцааны менежерийн ажлын байр санал болгосон бөгөөд уг ажлын байрыг нэхэмжлэгч зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Түүнчлэн уг хуудсанд ажил олгогч ТБ-ны гүйцэтгэх захирал гэрийн ойр нэгжид орон тоо гарсан тохиолдолд боломжтой гэж нэмж цохон тэмдэглэсэн байгаа нь ажил олгогч болон нэхэмжлэгч нарын хооронд шинээр хөдөлмөрийн харилцаатай холбоотой хэлцэл хийгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэгэнт нэхэмжлэгч болон ажил олгогчийн хоорондох хүсэл зоригоо бүрэн илэрхийлж харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/64 дүгээр тушаалаар “Баянзүрх дүүрэг” салбарын “Чулуун овоо” тооцооны төвд харилцааны менежерээр томилсон тушаал гаргаж, уг тушаалыг үндэслэн талууд харилцан тохирч, хүсэл зоригоо илэрхийлэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүх бүрэлдэхүүн үүнд бодитой үнэлэлт, дүгнэл хийлгүй хэргийг хянан шийдвэрлэж байнаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн тависан саналд өөрийн хүсэл зоригийн дагуу зөвшөөрч улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа нь талуудын харилцан тохиролцсон нөхцөл байдлыг тодотгож баталж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч С.О- нь ТБ-тай хөдөлмөрийн гэрээтэй ажилтан бөгөөд өөрийн хүсэлтээр хугацаатай чөлөө авсан байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг нь шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хуульд үндэслэсэн байхаас гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарт логик бүхий дүгнэлт хийхийг ойлгож байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн үнэлж, хэргийг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.О-,  ТБ- ХХК-д холбогдуулан тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/64, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог бөгөөд нэхэмжлэгч Б.Отгонбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчидтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар” ажиллуулж болох, 231 дугаар зүйлийн 231.2-т “хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна”  гэж заасан байна.

С.О- 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ТБ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/978 тоот тушаалаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар томилогдсон, үүнээс 2 хоногийн дараа буюу 19-ний өдөр гүйцэтгэх захирал дахин  Б/1006 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэн, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар “гэрээний хугацаа дууссан” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Мөн үүнээс өмнө буюу 2014 оны 9 дүгээр сарын 25-наас Б.Отгонбаатар ТБ- ХХК-д дээрх ажил, албан тушаалыг 5 сар туршилтын хугацаагаар хашиж байсныг зохигч маргаагүй байна.

Шүүх эдгээр нөхцлийг харьцуулан дүгнэж, туршилтын хугацаагаар ажилласан ажилтныг дахин туршилтын хугацаагаар авсан, туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байх хуулийг ажил олгогч зөрчсөн тул нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэсэн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгахдаа шүүх хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 231 дугаар зүйлийн 231.2,  37 дугаар зүйлийн 37.1.5, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Б.Отгонбаатарыг ажлаас халсны дараа ТБ- ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б/64 тоот тушаалаар түүнийг Баянзүрх салбарын харъяа Чулуун овоо тооцооны төвийн харилцааны менежерээр томилж, 2 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 12-ны өдөр Б/74 тоот тушаалаар “эрүүл мэндийн” шалтгаанаар 1 жилийн чөлөө олгосон нь бодитой бус, нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуурхи шийдвэр болсныг шүүх дүгнэж, дээрх 2 тушаалыг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00711 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1235 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61.969 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ