Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар Дугаар 182/ШШ2018/00711

 

 

 

 

2018 оны 04 сарын 12 өдөр             Дугаар 182/ШШ2018/00711         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.О/РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Б ХХК/РД:/-д холбогдох

ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834, 2018.01.10-ны өдрийн Б/64, 2018.01.12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн төлөөлөгч Э.Ж, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

                ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би ТБ-ны гүйцэтгэх захирлын 2014.09.25-ны өдрийн Б/607 тоот тушаалаар тус банкны Хяналт шалгалтын газар 5 сар туршилтын хугацаагаар ажиллаж байгаад 2015.03.04-ний  өдрийн Б/337 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон.

Улмаар тус  банкны Орхон салбарын захирлын 2016.12.21-ний өдрийн 127 тоот тушаалаар 2016.12.21-ний өдрөөс Орхон салбарын харьяа Уртбулаг тооцооны төвийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр, Салбарын захирлын  2017.02.24-ний өдрийн 48 дугаар тушаалаар 2017.02.24-ний өдрөөс эхлэн Уртбулаг тооцооны төвийн захирлын албан тушаалд хүүхэд асрах чөлөөтэй байгаа Э.Сг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байгаад салбарын захирлын  2017.07.06-ны  өдрийн 119 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байсан Э.С ажилдаа эргэн орсон тул чөлөөлөгдсөн.

Салбарын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн даруй Гүйцэтгэх захирлын 2017.07.17-ны өдрийн Б/978 тоот тушаалаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар эргүүлэн томилсон байдаг бөгөөд уг тушаал гарсан даруй ажлын 2 өдрийн дараа дахин томилсон тушаал гаргаж туршилтын хугацаа тогтоосон нь огт үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд давуу эрхтэйгээр нөлөөлсөн шийдвэр гэж ойлгож байна.

Тус банкны ажилтан сонгон шалгаруулах холбогдох журам, эрх зүйн баримт бичгүүдэд шинээр ажилд орж байгаа болон албан тушаал ахиж байгаа ажилтнуудын хувьд шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд туршилтын хугацаа тодорхойлдог. Гэтэл миний хувьд Төрийн банктай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан зүйлгүй, өмнө нь 27 сар ажиллаж байсан Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эргүүлэн томилогдож байхад туршилтын хугацаа тогтоосон нь огт үндэслэлгүй, ажил олгогчийн давуу эрхтэйгээр гаргасан шийдвэр гэж үзэх хангалттай үндэслэл болох юм.

Мөн түүнчлэн 2017.07.19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017.10.19-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх атал хугацаа дууссан хэдий ч ямар ч шийдвэр гаргалгүй хожим 2017.12.14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд надад холбогдох ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834, 2018.01.10-ны өдрийн Б/64, 2018.01.12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ТБ-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгож өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд болон  шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.О нь ажил олгогчийн 2017.12.14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар өөрийг нь хууль бусаар үндэслэлгүй халсан гэж тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Болсон үйл баримтын хувьд товч дурдвал: Ажил олгогч Т.Б ХХК нь 2017.07.19-ний өдөр нэхэмжлэгч С.Оыг Б/1006 тоот тушаалаар 3 хүртэл сарын туршилтын хугацаагаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар томилон ажиллуулсан. Уг туршилтын хугацаагаар томилон ажиллуулах тушаалыг үндэслэн мөн өдөр 696 дугаар хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай буюу 2017.10.19-нийг хүртэл хугацаагаар байгуулсан. 2017.12.19-ний өдөр нэхэмжлэгч С.О нь ажил олгогч Т.Б ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цд хүсэлт гарган өөр ажлын байрны санал асуусан байдаг бөгөөд уг саналыг нь ажил олгогчийн зүгээс харгалзан үзэж Харилцааны менежерийн ажлын байрыг санал болгосон нь ажлын байр санал болгосон нь хуудсаар нотлогддог. Уг саналын хуудсанд мөн ажил олгогчийн зүгээс “гэрийнх нь ойр” гэж нэмж тодотгон бичсэн байгаа нь нэхэмжлэгч С.О өөрийн хүсэл зоригийг илэрхийлж улмаар ажил олгогч түүнийг нь хүлээн авч өөрийн бололцоогоор хангаж шийдвэрлэж байгааг илтгэж байна. Тус ажлын байр санал болгох тухай хуудастай нэхэмжлэгч танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулснаар 2018.01.10-ны өдөр “Баянзүрх дүүрэг” салбарын харьяа “Чулуун овоо” тооцооны төвд харилцааны менежерийн орон тоонд туршилтын хугацаагүй томилогдож, Б/64 дүгээр тушаал гарсан. Уг тушаалыг үндэслэн 2018.01.11-ний өдөр 38 дүгээр Хөдөлмөрийн гэрээг талууд байгуулсан нь шүүхийн хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байгаа болно.

Ийнхүү талуудын хэн аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсний хойно нэхэмжлэгч өөрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг хуульд нийцээгүй гэж маргаж нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтаар бус үндэслэлгүйгээр өмнө дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2018.01.11-ний өдрийн 38 дүгээр хөдөлмөрийн гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр үргэлжилж байгааг цохон тэмдэглээд, 2018.01.12-ны өдөр нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хувийн шалтгааны улмаас урт хугацааны чөлөө авсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

     Шүүх   хуралдаанаар  хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:                                                 

 

Нэхэмжлэгч С.Оын гаргасан хариуцагч Т.Б ХХК-д холбогдох ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834, 2018.01.10-ны өдрийн Б/64, 2018.01.12-ны өдрийн Б/74 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ТБ-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Т.Б ХХК-ийн Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчаар 2017.07.17-ний өдрөөс  ТБ-ны захирлын  Б/978 тоот тушаалаар томилогдсон байх ба, үүнээс 2 хоногийн дараа буюу 2017.07.19-ний өдрийн  захирлын Б/1006 тоот тушаалаар мөн ажил албан тушаалд “3 хүртэл сарын туршилтын хугацаатай” томилж, хөдөлмөрийн гэрээ  байгуулж ажиллуулсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Б/978, Б/1006 тоот тушаалууд зэргээр нотлогдлоо.

Нэхэмжлэгч С.О нь 2014.09.25-наас мөн дээрх ажил, албан тушаалд 5 сарын туршилтын хугацаагаар томилогдож, 2015.03.04-нөөс уг ажил, албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж, ийнхүү ажиллаж байх хугацаандаа мэргэшлийн зэргийн 15 хувийн нэмэгдлийг авдаг байсан болох нь талуудын тайлбар, ТБ-ны Гүйцэтгэх захирлын 2014.09.25-ны өдрийн Б/1657 тоот тушаал, 2015.03.04-ний өдрийн Б/337 тоот тушаал, 2016.12.15-ны өдрийн Б/1683 тоот тушаал, түүний нийгмийн даатгалын дэвтэр дэх ажил, албан тушаалын өөрчлөлтийн талаарх бичилт, ТБ-ны гүйцэтгэх захирлын 2016.01.14-ний өдрийн Б/72 тоот тушаал зэргээр тогтоогдов.

Мөн нэхэмжлэгч С.О нь дээрх ажил, албан тушаалаас 2016.12.15-наас чөлөөлөгдөж,  2016.12.21-нээс 2017.07.06 хүртэл ТБ-ны Орхон салбарын харъяа Уртбулаг тооцооны төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байжээ.

Гэтэл нэхэмжлэгч С.Оыг ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017.07.19-ний өдрийн  Б/1006 тоот тушаалаар Хяналт, шалгалтын газрын хянан шалгагчийн ажил, албан тушаалд “3 хүртэл сарын туршилтын хугацаатай” томилж, хөдөлмөрийн гэрээ  байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн атлаа мөн захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар түүнтэй байгуулсан “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон” гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна:”,

23.2.3-т“...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар”,

23.3.-т“Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно”,

231.1.-д“Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”,

 

231.2.-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсанчлан шинээр орж байгаа ажилтныг ажилд авахдаа туршилтын хугацаа тогтоож боловч энэ нь хөдөлмөрийн хугацаатай гэрээнд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2-т туршилтын хугацааны дээд хязгаарыг 3 сар хүртэл байхаар нарийвчлан заасан байна.

Гэтэл хариуцагч ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Отай байгуулсан “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон” гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч буюу хариуцагч Төрийн банк туршилтын 3 сарын хугацааг дуусмагц нэхэмжлэгч С.Оыг үргэжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүйгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжилсэн байна гэж үзэх боломжтой болсон байхад, хөдөлмөрийн гэрээний хугацааг 2017.12.15-ны өдрөөр дуусгавар болгож буй байдал нь хууль бус байна.

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.11.2-т заасны дагуу С.Оын туршилтын хугацаанд ажилласан тайлантай холбогдох албан тушаалтнууд танилцаад “ажиллуулах боломжгүй” гэж  үзсэн санал гаргасан гэж хариуцагч талаас тайлбарлаж байх боловч түүний туршилтын хугацаанд ажилласан байдал нь хэрхэн, яагаад ажиллуулах боломжгүй гэж үзсэн үндэслэл нь тодорхой бус байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.О ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо 2018.01.15-нд гаргасныг хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч, 2018 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүд нь Бямба, Ням гаригууд байх тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаа тоолох журмын дагуу тооцож үзэхэд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны эцсийн өдөрт нэхэмжлэлээ гаргажээ.

Нэхэмжлэгч С.Оыг ТБ-ны гүйцэтгэх захирлын 2018.01.10-ны өдрийн Б/64 тоот тушаал гаргаж Баянзүрх дүүрэг салбарын харъяа Чулуун овоо тооцооны төвийн харилцааны менежерээр томилж, 2018.01.11-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажилд авах тухай тушаал гарснаас 2 хоногийн дараа буюу 2018.01.12-ний өдөр Б/74 тоот тушаал гаргаж эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд 1 жил цалингүй чөлөө олгох тухай тушаалуудыг гаргажээ.

Дээрх тушаалуудын талаар нэхэмжлэгч С.О тайлбарлахдаа 2017.12.14-ний өдрийн Б/1834 тушаалд гомдол гаргана гэсний дагуу гүйцэтгэх захирал  өөр ажилд томилсон тушаал гаргаж гэрээ байгуулсан, тэгээд орон тоо гартал намайг чөлөө хүссэн өргөдөл өгчих гэж гуйсны дагуу дээрх тушаалууд гарсан гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч С.О 2018.01.12-ний өдөр Б/74 тоот тушаал гарснаас 3 /амралтын 2 хоногийг оруулан тооцоход/ хоногийн дараа тэрээр шүүхэд гомдлоо гаргасан байна.

Дээр дурдсан хариуцагч ТБ-ны гүйцэтгэх захирлын тушаалууд, харилцааны менежерийн албан тушаал дээр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ, ажилтны чөлөө  хүссэн өргөдөл, чөлөө олгосон бодит үндэслэл, шүүхэд хандсан цаг хугацаа зэрэг нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамаарсан, бодитой бус, хууль зүйн үндэслэлгүй  шийдвэрүүдийг ажил олгогч гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч талаас уг байдлыг эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Оын гаргасан ТБ-ны гүйцэтгэх захирлын 2018.01.10-ны өдрийн Б/64, 2018.01.12-ны өдрийн Б/74, 2017.12.14-ний өдрийн Б/1834 тушаалыг хүчингүй болгож, ТБ-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Оын ажилгүй байсан 2017.12.14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговорт, 2017 оны 9-11 саруудын дундаж цалин 734.667 төгрөг байх тул 4 сараар тооцоход  2.938.668 төгрөг байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар ТБ-ны гүйцэтгэх захирлын 2017.12.14-ний өдрийн Б/1834, мөн захирлын 2018.01.10-ны өдрийн Б/64, 2018.01.12-ны өдрийн Б/74 тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай.                                                                                                     

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.Оыг ТБ-ны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, Т.Б ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2.938.668 төгрөг гаргуулж С.От олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос С.Оын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Т.Б ХХК-д үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд  зааснаар нэхэмжлэгч С.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Б ХХК-иас 61.969  төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ