Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2023/00023

 

“ДО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШЗ2022/01312 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209/МА2022/00100 дугаар магадлалтай,

“ДО” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ДУАЭМДХт холбогдох,

2021 оны 6-8 дугаар сар хүртлэх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ДО” ХХК нь хариуцагч ДУАЭМДХт холбогдуулан 2021 оны 6-8 дугаар сар хүртлэх хугацааны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШЗ2022/01312 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан “ДО” ХХК-ийн хариуцагч ДУАЭМДХт холбогдуулан гаргасан, Компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209/МА2022/00100 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШЗ2022/01312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.“ДО” ХХК-аас 2021 оны 6-8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч аваагүй болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2.Эрүүл мэндийн даатгалын Үндэсний Зөвлөлийн 2021.01.22-ны өдрийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар “Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын дагуу лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд “Тохиолдолд суурилсан төлбөрийн арга”-аар тооцно гэж заасан байдаг.

“ДО” ХХК-ийн ДО сувилал нь 2022 оны 6-8 дугаар сарын хугацаанд иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд энэ хугацаанд Аймгийн онцгой комисс, Аймгийн засаг даргын шийдвэрээр өөрийн байрыг Нэгдсэн эмнэлэгт ашиглуулсан. Нэгдсэн эмнэлэг дээрх хугацаанд ковидын халдвартай иргэдийг “Ажиглан тусгаарлах байр” болгон ашиглаж, халдвартай иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр ЭМД-ын сангаас санхүүжилтийг авсан болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн заасан хугацаанд “ДО” ХХК-ийн ДО сувиллаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэхэмжлэл ЭМДХ-т ирээгүй бөгөөд ЭМДСангаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авахдаа тохиолдолд суурилсан төлбөрийн аргыг хэргэлдэг тул нэхэмжлэгчийн шаардсан дээрх хугацааны “ДО” ХХК-ийн ДО сувиллын байр ашигласны түрээсийн төлбөр нь ЭМДСангаас гарах эрх зүйн үндэс байхгүй юм.

4.3.Иймд “ДО” ХХК-аас “2021 оны 6-8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч аваагүй болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чиг үүрэгт огт хамааралгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.01.10-ны өдрийн 001/ШХТ2023/00060 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “ДО” ХХК нь хариуцагч ДУАЭМДХт холбогдуулан “2021 оны 6-8 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч аваагүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “цар тахлын үеэр тус компанийн сувиллын газрыг өвчтэй хүмүүсийг тусгаарлах зорилгоор улс дайчлан авсан боловч түрээсийн төлбөр төлөөгүй, хэн хэрхэн төлөх нь тодорхой бус байгааг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ДО” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021.04.01-ний өдөр Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулсан боловч 2021.01-08 дугаар сарыг дуустал иргэдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлээгүй, иймээс эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал нэхэмжлээгүй. Орон нутагт Короновирус /ковид-19/ халдвар эрс нэмэгдсэнтэй холбоотой зохих этгээдийн шийдвэрээр тус сувиллыг Нэгдсэн эмнэлгийн харьяа тусгаарлан эмчлэх байр болгосон байдаг, манай хэлтэс нь энэ үеийн Нэгдсэн эмнэлгээс нэхэмжилсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлд холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд хяналт шалгалт хийж, цаг хугацаанд нь тус эмнэлэгт санхүүжилт олгосон, харин нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээхгүй” гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэлийн шаардлага тодорхой бусаас түүний эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нь ...өөрийн өмчлөлийн байрыг ашиглуулсан түрээсийн төлбөрийг Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу авах ёстой байхад хариуцагч ДУАЭМДХ нь холбогдох зардлыг олгоогүй учир 2021 оны 6-8 дугаар саруудын түрээсийн төлбөр аваагүй болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, ...нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа эмчилгээний төлбөр биш, түрээсийн төлбөр гэж тодруулсан байна. Хүсэлтийн дагуу хариуцагч нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь зөвхөн өвчтөний эмчилгээний зардлын баримтууд бөгөөд харин түрээсийн төлбөртэй холбоотой баримт байхгүй байна, ...иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт хангагдсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу, хэргийн зарим ач холбогдол бүхий баримт, ...Засаг даргын захирамж, ...Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн тушаал, Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаал зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, үнэлэх боломжтой эсэхийг анхаараагүй, ...нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хэргийн оролцогчийн эрх, үүргийг нэг бүрчлэн тайлбарлан өгч, ойлгуулсан эсэх нь эргэлзээтэй, ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь юу болохыг тодруулаагүй, иймээс шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй” гэжээ.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

9.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

10.Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.

Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д, гаргаж буй нэхэмжлэл, хүсэлт, гомдол нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байхыг мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т тус тус заажээ.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тухайн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл болоод шаардлага тодорхой байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлага нь хоёр өөр ойлголт байна.

Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн этгээдийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл буюу гаргасан шаардлага нь ямар учир шалтгаантай болохыг тодорхойлж буй байдал, шаардлага гэдэг нь нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан юу хүсэж шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа маргаантай эрх зүйн харилцааны үр дагавар юм.

11.Хэргийн баримтаас үзвэл, анх нэхэмжлэгч “ДО” ХХК-ийн шүүхэд хандаж гаргасан “короновируст цар тахлын халдварын үед сувиллын байраа ашиглуулсны түрээсийн төлбөр аваагүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.07-ны өдрийн 983 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т заасан бүрдүүлбэр дутуу буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, тухайлбал, түрээсийн төлбөрөө аваагүй болохыг тогтоолгосноор ямар эрх ашиг сэргээлгэхийг хүссэнээ тодорхойлоогүй гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзаж байжээ.

Харин дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хянасан тус шүүхийн 2022.03.02-ны өдрийн 373 дугаар тогтоолд дурдсанаар “шүүх миний шүүхэд хандах эрхийг зөрчсөн, Онцгой байдлын газраас сувиллын байрыг дайчлан авсан, төрөөс санхүүжилт аваагүй, нэгдсэн эмнэлэгт хэдэн төгрөг олгосон гэдгийг мэдэхгүй, би дүнг олох боломжгүй атал нэхэмжлэлийг буцааж байгаад гомдолтой гэсэн нь үндэслэлтэй” гэж үзэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

12.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ДО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дахин тодруулахад тэрээр “энэ нэхэмжлэлийг шийдүүлсний дараа баримтуудад үндэслэн хэнээс хэдэн төгрөг нэхэмжлэхээ шийднэ, одоо мөнгө шаардахгүй” гэсэн агуулгатай тайлбарыг гаргажээ.

Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь эрхээ хамгаалуулах эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлэх бус, харин хожим гаргах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжих түрээсийн төлбөр аваагүй болох үйл баримтыг шүүхээр тогтоолгохыг хүссэн гэж дүгнэхээр байна.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан “нэхэмжлэл” нь түүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн хамгаалалтад хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Дээрх нөхцөл үүссэн атал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

13.Нөгөө талаар, Дархан-Уул аймгийн Засаг даргын болон тус аймгийн онцгой комиссын шийдвэрээр нэхэмжлэгч “ДО” ХХК-ийн сувиллыг 2021 оны 6-8 дугаар сарын хугацаанд буюу короновируст цар тахлын халдварын үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн сувиллын байр ашигласны төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс төлөх эрх зүйн үндэслэлгүй ба ийм тохиолдолд хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгогдсон түрээсийн төлбөрийн тооцоо болон холбогдох баримтыг гаргуулна гэсэн нэхэмжлэгчийн хүсэлт биелэгдэх бодит нөхцөл байхгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй, улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн “түрээсийн төлбөрийн баримт гаргуулах” ажиллагаа бүрэн биелэгдээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нэхэмжлэгчид нэг бүрчлэн тайлбарлан өгсөн нь эргэлзээтэй гэж, эдгээрийг шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамааруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасантай нийцээгүй байна.

14.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

15.Харин нэхэмжлэгч нь сувиллын байрыг ашиглуулсны төлбөрийг зохих этгээдээс шаардан авах эрхтэй гэж үзвэл, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүрэн тодруулж, дахин нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209/МА2022/00100 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШЗ2022/01312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ДУАЭМДХ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Н.БАЯРМАА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД