Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2022/00100

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШЗ2022/01312 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

“2021 оны 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацааны  түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч аваагүй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Улс орон даяар цар тахлын хүнд үе тохиолдсон ба 2021 оны 06-08 дугаар сарын Эрүүл мэндийн даатгалын газраас хэвтүүлэн эмчлүүлсэн өвчтөний байрны түрээсийн төлбөрийг шилжүүлсэн гэх боловч санхүүжилт орж ирэхгүй байгаа нь цаашид үйл ажиллагаа эрхлэхэд бэрхшээл саад учруулах болсон тул санхүүжилтийн төлбөрийг аваагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

 “*******” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулсан боловч тус сувилал нь 2021 оны 01 сараас 08 дугаар сарыг дуустал иргэдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал нэхэмжлээгүй.

Орон нутагт Короновирус /ковид-19/ халдвар эрс нэмэгдсэнтэй холбоотой Аймгийн онцгой комиссын 2021 оны 42 дугаар хурлын тэмдэглэл, Аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 01-А/125 дугаар захирамж, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/115 дугаар тушаалаар тус сувиллыг Нэгдсэн эмнэлгийн харьяа тусгаарлан эмчлэх байр болгосон байдаг. Тус хэлтэс нь дээрх тушаал шийдвэрийг үндэслэн 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Короновируст халдварын үед нэгдсэн эмнэлгээс нэхэмжилсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлд холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, цаг хугацаанд нь Нэгдсэн эмнэлгийн харилцах дансанд санхүүжилтийг олгож ажилласан.

Иймээс тус хэлтэс нь Коронавируст халдвартай холбоотой цаг үеийн тушаал шийдвэрүүдийг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарч, санхүүжилтийг цаг тухайд нь шилжүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан, Компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа  давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            4.1. Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дансаар болон бэлнээр байрны түрээсийн төлбөр аваагүй болох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нэгдсэн эмнэлэгт олгосон санхүүжилттэй хутган ойлгож шийдвэрийг буруу гаргасан.

            4.2. Хариуцагч Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраар дамжуулан аймгийн Эрүүл мэндийн даатгалын газарт шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчид огт олгоогүй болохыг тогтоосныг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг үгүйсгэсэн шийдвэр гаргасан.

            4.3. Нэхэмжлэгч нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулсан байхад анхан шатны шүүх нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраагийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр агуулгын зөрүүтэй тайлбарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.   

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нь 2021 оны 06-08 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын газраас хэвтүүлэн эмчлүүлсэн өвчтөний байрны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан, Компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс судлан үзвэл:

4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрийн өмчлөлийн “*******” сувилалын байрыг орон нутагт Короновирус /ковид-19/ халдвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Аймгийн онцгой комиссын 2021 оны 42 дугаар хурлын тэмдэглэл, Аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 01-А/125 дугаар захирамж, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Нэгдсэн эмнэлгийн харьяа тусгаарлан эмчлэх байр болгосон бөгөөд энэ хугацаанд өөрийн өмчлөлийн байрыг ашиглуулсан түрээсийн төлбөрийг Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу авах ёстой байхад ******* нь холбогдох зардлыг олгоогүй учир 2021 оны 06-08 дугаар саруудын түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, улмаар

а.2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт олгогдсон байрны түрээсийн төлбөрийн тооцоог гаргуулах /”*******” ХХК/,

б.6, 7, 8 сарын ”*******” ХХК-ны байр ашиглахад гаргаж өгсөн баримт,

в.Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс олгогдсон нийт санхүүжилтийн тооцоог гаргуулах /эмчилгээний төлбөр биш байрны түрээсийн төлбөр/ гэх хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч ******* нь ”*******” ХХК-ны сувилалын байрыг Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаар тушаалаар Нэгдсэн эмнэлгийн харъяа тусгаарлан эмчлэх байр болгосон учир 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Короновируст халдварын үед Нэгдсэн эмнэлгээс нэхэмжилсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлд холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, цаг хугацаанд нь Нэгдсэн эмнэлгийн харилцах дансанд санхүүжилтийг олгож ажилласан гэж,

түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр “...энэ хугацаанд манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “*******” ХХК-тай гэрээ хийгээгүй байсан. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр “*******” ХХК-ны байрыг ажиглалт, тусгаарлалтын зориулалттай ашиглаж байсан. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Нэгдсэн эмнэлэгтэй гэрээтэй учраас тухайн үед бүх санхүүжилтийг Нэгдсэн эмнэлэгт олгосон.” гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, тус захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг холбогдох санхүүгийн баримтуудыг ирүүлсэн бөгөөд энэ нь зөвхөн короновирус /ковид-19/ халдвар авсан өвчтөнүүдийг эмчилсэн эмчилгээний зардлын баримтууд бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдсан түрээсийн төлбөртэй холбоотой баримт байхгүй байна. /хавтаст хэргийн 87-93/

Хүсэлт гаргагч нь эмчилгээний төлбөртэй холбоотой биш байрны түрээсийн төлбөртэй холбоотой баримт гаргуулахыг хүссэн байхад короновирус /ковид-19/ халдвар авсан өвчтөнүүдийг эмчилсэн эмчилгээний зардлын баримтуудыг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт бүрэн хангагдсан гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж заасан бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01-А/125 дугаар захирамж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/115 тоот тушаал, түүнчлэн Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 67/А/268 тоот хамтарсан тушаал зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, үнэлэх боломжтой эсэхийг анхаараагүй. /хавтаст хэргийн 63-64, 82-86/

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн талаар баримт байгаа боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нь “хувийн хэвшлийн байрыг Короновируст халдварын үед ашигласан бол эмчилгээний зардлаас гадна түрээсийн төлбөр төлөх ёстой гэсэн Засгийн газрын шийдвэр гаргасан. Засгийн газрын энэ шийдвэрийг би олж ирэх биш шүүх өөрөө гаргаж ирэх ёстой” гэх тайлбар гаргаж байгаагаас үзэхэд хэргийн оролцогчийн эрх, үүргийг нэг бүрчлэн тайлбарлан өгч, ойлгуулсан эсэх нь эргэлзээтэй байна. /хавтаст хэргийн 55, 104/

9. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох короновирус /ковид-19/ халдвар гарсан үед хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг дайчлан ажиллуулж болох боловч энэхүү дайчлан ажиллуулах шийдвэрийг хэн гаргах, шийдвэр гарсан тохиолдолд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын байрыг ямар гэрээний үндсэн дээр хэрхэн, яаж ашиглах ёстой, мөн төрийн зүгээс хувийн өмчийг дайчлан ашигласан бол төлбөр төлөх байсан эсэхийг тодруулаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа нь “...онц байдал тохиолдсон учир манай байгууллагыг дайчлан эмчлэн тусгаарлах байраар ашигласан бөгөөд бусад байгууллагуудад түрээсийн төлбөр өгсөн байж манай байгууллагад өгөөгүй. Нэгэнт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын байрыг дайчлан ашигласан бол түрээсийн төлбөр төлөх ёстой гэж Засгийн газар шийдээд, улмаар бусад эмнэлгүүдэд төлбөр өгсөн хирнээ манай эмнэлэгт өгөөгүй.” гэх тайлбар гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “түрээсийн төлбөр аваагүй болохыг тогтоолгох уу? эсвэл дайчлан ашиглуулсан хугацааны төлбөр үү?” гэдгийг тодруулаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон тогтоох нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШЗ2022/01312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                           

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА

                                               ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ