Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2022/01312

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2022/01312

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00942

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн * сумын ** дугаар баг, О* төвийн өөрийн байранд байрлах, ** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн * сум, ** дугаар багт байрлах Д* хэлтэст холбогдох

 

"2021 оны 6 дугаар сараас * дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч аваагүй болохыг тогтоолгох тухай шаардлагыг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э* /цахимаар/

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б* нь хариуцагч Д***  хэлтэст холбогдуулан цар тахлын улмаас тус компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн засаг даргын захирамжаар манай Д* сувиллын байрыг COVID-19 халдварт өвчний үеэр хэвтэн эмчлүүлэх чиглэлээр ашигласан байдаг. Миний хувьд тухайн үед улс оронд тохиож байгаа онцгой үед авах ёстой байлгүй гээд зөвшөөрсөн. Тэгээд Засгийн газраас хувийн хэвшлийн байрыг ашигласан зардлыг Эрүүл мэндийн даатгалын газраас гаргуулж олгосон байдаг. Тухайн зардлыг нэг хүний 50.000 төгрөгөөр тооцож олгосныг бид нар нэлээд сүүлд мэдсэн. Манай байгууллагад тухайн санхүүжилт орж ирээгүй тул Эрүүл мэндийн даатгалын газраас лавлахад тухайн зардлыг бүгдийг нь тооцоолон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд шилжүүлсэн гэх тайлбарыг өгсөн.

Дараа нь Нэгдсэн эмнэлэг дээр очиж уулзахад төрийн сангаас орж ирсэн санхүүжилтийн баримтыг надад үзүүлсэн. Харин Засгийн газар эсхүл Эрүүл мэндийн газраас ирсэн санхүүжилтийн баримтыг гаргаж өгч чадахгүй байна. Тиймээс манай байгууллагад орж ирэх ёстой санхүүжилт хаашаа явсан гэдэг нь тодорхойгүй байгаа тул Д* ХХК нь тус санхүүжилтийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ асуудлыг бид шийдүүлснээр дараа нь хэнээс, хэдэн төгрөг тооцож нэхэмжлэхээ шийдэх юм. Иймд 2021 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд тус компанийн сувиллын байрыг дайчлан ашигласны төлбөрийг нэхэмжлэгч аваагүй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д* хэлтсээс шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д* ХХК нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулсан боловч тус сувилал нь 2021 оны 01 сараас 08 дугаар сарыг дуустал иргэдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлээгүй бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал нэхэмжлээгүй болно.

Орон нутагт Короновирус /ковид-19/ халдвар эрс нэмэгдсэнтэй холбоотой Аймгийн онцгой комиссын 2021 оны 42 дугаар хурлын тэмдэглэл, Аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 01-А/125 дугаар захирамж, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/115 дугаар тушаалаар тус сувиллыг Нэгдсэн эмнэлгийн харъяа тусгаарлан эмчлэх байр болгосон байдаг. Тус хэлтэс нь дээрхи тушаал шийдвэрийг үндэслэн 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 31-нийг дуустал хугацаанд Короновируст халдварын үед нэгдсэн эмнэлгээс нэхэмжилсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлд холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, цаг хугацаанд нь Нэгдсэн эмнэлгийн харилцах дансанд санхүүжилтийг олгож ажилласан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс цар тахлын үед манай сувиллыг ашигласан ус, цахилгаан, түрээсийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын газраас төлөөгүй гэж тайлбарлаад байдаг. Энэ хугацаанд манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Д* ХХК-тай гэрээ хийгээгүй байсан. Энэ үеэр Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр Д* ХХК-ийн байрыг ажиглалт, тусгаарлалтын зориулалттай ашиглаж байсан. Харин манай Эрүүл мэндийн ерөнхий газар нэгдсэн эмнэлэгтэй гэрээтэй учраас тухайн үед бүх санхүүжилтийг нэгдсэн эмнэлэгт олгосон юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй түрээсийн төлбөр гэх зардлуудыг гаргах боломжгүй юм гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 01/А/125 дугаартай Нэгдсэн эмнэлгийг эмчлэн тусгаарлах байраар бэлтгэх тухай захирамж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн А/115 дугаартай Ковид-19 халдварын үед ор нэмэлтээр дэлгэх тухай тушаал зэргийг хуулбараар, Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 онд Нэгдсэн эмнэлгийн болон Д* сувиллын тусгаарлан эмчлэх байранд ковидын хэвтэн эмчлүүлсэн тусламж үйлчилгээнд олгосон санхүүжилтийн тооцоог ирүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн: Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 1/467 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/110 дугаартай Ковид-19 халдварын үед ор нэмэлтээр дэлгэх тухай тушаал, Д* ХХК-ийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тооцоо /хх-80-93/

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д* ХХК-ийн Д* холбогдуулан гаргасан Цар тахлын улмаас тус компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахад ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ нэхэмжлэлийг шийдүүлсний дараа баримтуудад нь үндэслэн хэдэн төгрөг, хаанаас нэхэмжлэхээ тодорхойлох тул одоо мөнгөө шаардахгүй, нөгөө талаас биднийг мөнгө авсан гээд санхүүжилтийг олгоогүй байгаа учир энэ санхүүжилтийг аваагүй болохыг тогтоолгох шаардлагатай байгаа гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь ...бид холбогдох санхүүжилтийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал нэхэмжлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т: Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заагаад эрхийг хамгаалах аргуудыг хуульчилсан байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

 

Энэхүү хуульд зааснаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлж байгаа этгээд нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэлд тусгасан байх шаардлагатай холбоотой юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсан тайлбараас үзэхэд цар тахлын улмаас тус компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус, дээрх төлбөрөө шаардах эрхийн үндэслэл болж байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд ямар эрх зөрчигдсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхойлоогүй байгаа тохиолдолд шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга хэрэгслийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

 

Хэрэгт нотлох баримтаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 1/467 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 2021 оны 06 сарын 08-ны өдрийн А/110 дугаартай КОВИД-19 халдварын үед ор нэмэлтээр дэлгэх тухай тушаал, хавсралтын хамт авагдсан бөгөөд эдгээр баримтууд нь 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай Д* хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл тодорхой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир нотлох баримтуудыг хамааруулан үнэлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Д* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлээ өөрчлөх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Д* ХХК-ийн хариуцагч Д* * хэлтэст холбогдуулан гаргасан, Компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан Д* ХХК-ийн хариуцагч Д* хэлтэст холбогдуулан гаргасан, Компанийн сувиллын байрыг 2021 оны 06-08 дугаар саруудад тусгаарлан эмчлэх байраар ашигласны түрээсийн төлбөрийг аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ