| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэрэлийн Тэгшсуурь |
| Хэргийн индекс | 165/2019/0024/Э |
| Дугаар | 2020/ДШМ/10 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2020/ДШМ/10
Э.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Ш.Б, шүүгдэгч Э.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга П.Э нарыг оролцуулан
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.А даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолтой, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Б холбогдох 201708000018 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Э.Б нь Н.М бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Тэрэгтийн тал гэх газраас хохирогч Л.Т 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11,260,000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.1, 36.2-т заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н овгийн Э Б бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэн хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Б эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 700.000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо Хөөлөгтийн .... тоотод оршин суух С овогт Н М олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б өмгөөлөгч миний хувьд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийтгэл тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэмт хэргийн зүйчлэл гэм буруугийн асуудал дээр өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Хамгийн гол нь ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх хурлаас хуульд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон боловч хорих ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэж гомдол гаргасан. Э.Б хувьд урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Үйлдсэн гэмт хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хохирогч Л.Т хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Энэ нөхцөл байдлыг авч үзвэл ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорих ялыг багасгах боломжтой байсан болов уу гэж өмгөөлөгч миний бие үздэг. Мөн анхан шатны шүүх дээр миний гаргаж байсан тайлбар болохоор Э.Б хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т гэмт хэрэгт холбогдсон байгаа. Тухайн гэмт хэрэг нь өөрөө санкцын хувьд 2-5 жилийн хорих ялтай, баривчлах ялтай, мөн торгуулийн ялтай гэмт хэрэг байгаа. Шүүгдэгчийн хувьд ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2–т зааснаар шийдвэрлэсэн учраас тухайн хүндээ ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан юм болов уу. Энэ бүгдийг анхан шатны шүүхээс харгалзаж үзсэнгүй гэж үзэж байгаа. Чухам яагаад гэхээр 2017 оноос мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2-5 жилийн хорих ялтай учраас хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боломжтой юм. Дээрх зүйлчлэлийн хүрээнд авч үзэх юм бол хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэх боломж байсан юм болов уу гэж үзэж өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдол гаргасан. Мөн гол хүндэтгэх шалтгаан нь Э.Б хувьд 2020 оны 04 сард ахуйн ослын улмаас хөлөө хөлдөөж, 2 хөлөө шилбэнээс доогуур бүрэн тайруулсан. Хүний асаргаанд орсон. Байнга тэргэнцэр дээр сууж байгаа эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай. Ял эдлэхэд бас хүндрэлтэй нөхцөл байдал байгааг харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж шийдэж өгөөч ээ гэж давж заалдах гомдол гаргасан. Гэмт хэрэг зүйчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй гэжээ.
Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.Б нь М бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг Тэрэгтийн тал гэх газраас иргэн Л.Т 26 тооны адуу буюу олон тооны малыг машин, механизм буюу улсын дугааргүй мотоцикль ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 116 хоногийг хорих ялд оруулан тооцсон анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Э.Б болон түүний өмгөөлөгч Б.Б нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой Н.М бүлэглэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Тэрэгтийн тал гэх газраас Л.Т 26 тооны адууг буюу олон тооны малыг мотоцикль ашиглан хулгайлж 11,260,000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэн хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3/гурван/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй буюу түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял хүнд биш байна гэж үзлээ.
Зүйлчлэлийн хувьд 2002 оны эрүүгийн хуулийн зүйл заалтыг баримталсан нь эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэснийг зөрчөөгүй байна. Учир нь 2015 оны хуулиар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 2002 оны хуультай харьцуулан үзэхэд хүндэрсэн байх тул 2002 оны эрүүгийн хуулийг баримтлах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтээс 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.1, 36.2 –т заасныг тус тус журамлаж ирүүлснийг хасч хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34, 36 зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох болон түүний хэлбэрийг журамлах шаардлагагүй буюу шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлаар тусгагдсан байгаа болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлөөгүй байх тул 2002 оны эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол”-ыг барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.ТЭГШСУУРЬ