Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/24

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч Л.Т,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгч Н.М

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б, Н.М нарт холбогдох эрүүгийн 201708000018 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 24-нд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, аав, дүү нарын хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын...........-р багт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Э.Б /РД:............../

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 03-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, аавын хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг Хөндлөнгийн ....... тоотод  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь сум дунын 1-р шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан  Н.М /РД: ........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Б нь Н.М-тэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р баг Тэрэгтийн тал гэх газраас Л.Т-ын 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11.260.000 төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Н.М нь Э.Б-тэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р баг Тэрэгтийн тал гэх газраас Л.Т-ын 26 тооны адуу буюу олон тооны  малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11.260.000 төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч Э.Б нь Н.М-тэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р баг Тэрэгтийн тал гэх газраас Л.Т-ын 26 тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11.260.000 төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Н.М нь Э.Б-тэй бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р баг Тэрэгтийн тал гэх газраас Л.Т-ын 26 тооны адуу буюу олон тооны  малыг улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан хулгайлж 11.260.000 төгрөгний буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Э.Буяннэмэх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Бид 2 хоорондоо ярьж байгаад 26 тооны адууг туугаад явсан, өрөө дарах гэж авсан. Хонгор азаргатай адуу байсан им тамгыг нь сайн санахгүй байна. Би Б-д унагтай гүү өгсөн, М-т мотоциклийнхоо оронд бас нэг унагатай гүү өгсөн. Б-д 1 унагтай гүү, нэг даагатай үлдээсэн, Н.М-т хар гүү унагатай нь өгсөн. Би 10 тооны адууг захиран зарцуулсан. Үлдсэн адуу нууд нь адуунд байсан. Тэгээд алдчихсан гэв.

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Бид 2 анх чулуу түүх гэж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Тэрэгтийн тал гэх газар ирсэн. Чулуу олдохгүй харанхуй болчихоор нь хоосон буцаад яахав гээд хоорондоо ярьж байгаад тэр адууг туугаад явсан. Өрөө дарах зорилготойгоор 26 тооны адуу хулгайлсан. Би уг адуунаас 5 адууг захиран зарцуулсан. Азаргыг нь Ц гэдэг залууд өгсөн. Хонгор унагатай хар гүүг нь Д-д өгсөн. Мөн хонгор унагатай хээр гүүг нь М-д өгсөн. Би буруу юм хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би өөрийн 26 тооны адуугаа оорцог гэдэг газрын зүүн жалга гэх усанд усалж гаргаад маргаашаас нь эрээд олоогүй. Уг асуудал 2016 онд болсон. Тэгээд 4 адуу нь гүйж ирсэн. Мөн би машинтайгаа явж 11 тооны адуу ачиж ирэхэд аав нь түлшний мөнгө өгсөн. Хохирол төлбөрөө авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг.

 

Хохирогч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянтал сумын Гүн жалга гэх газар өөрийнхөө 26 тооны адууг услаад гаргасан. Тэгээд маргаашнаас эхлээд хайгаад олоогүй. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний алдсан 26 тооны адуунаас хээр гүү хул унагатай, сартай хүрэн даага, хар байдас мөн 11 тооны хээр халзан азаргатай хамт гүйж ирсэн. Тэгээд манай 4 адуутай хамт ирсэн. 11 тооны адууны эзэнг сураад байсан чинь Э гэдэг хүний адуу байсан. Э гэдэг хүнтэй утсаар яриад таны алдсан адууг олчихлоо та хэдэн тооны адуу алдсан юм бэ гэсэн чинь 19 тооны адуу алдсан гэсэн. Э-ыг адуучинаа дагуулаад ирэхээр нь асуусан чинь би мэдэхгүй ээ манай адуучин өөрийнхөө адууг манай азарганд хураалгасан гэж хэлж байсан. Би тэр адууг нь хараагүй гэж хэлсэн. Адуучин гэх залууг М гэх залуу байсан. М-с адуугаа сурсан чинь намар манай адуунд нийлсэн адуу гэж хэлсэн. Тэгэхээр нь манай алдсан адуу байна чи эр хүн шиг ярьвал цагдаа гээд яахав гэж хэлсэн чинь цагдаад битгий хэлээ, би танай адууг танай энэ зүүн урд талаас найз Б-ийн хамт хулгайлсан нь үнэн гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Э 11 тооны адуугаа аваад явсан. Би өөрийнхөө 4 тооны адууг авч үлдсэн. Би алдсан адуугаа зүс им тамгаар нь хэлье.

1. Буурал азарга зөв талын гуны хонхорын доор амаадаа харсан босоо дарсан саран тамгатай. Би азаргаа О-аас 5 сая төгрөгөөр авч байсан. Одоо 5 сая төгрөгөөр үнэлнэ.

2. Буурал алаг гүү зөв гуяндаа дээшээ харсан хөндөлтэй саран тамгатай. Улаан хээр алаг унагатай тамгагүй байсан. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

3. Хар хээр алаг гүү зөв талын гуяан доороо хөндөлтэй 3 нүд чандмань тамгатай. Охин улаан хээр унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

4. Хонгор халзан гүү зөв талын ташааны хэцэнд галтай саран тамгатай хонгор унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

5 Хар гүү зөв талын гуяанд хөндөлтэй саран тамгатай. Хүрэн халзан унага тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

6. Хар гүү зөв талын гуяанд хөндөлтэй саран тамгатай. Хонгор унага тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

7. Хээр гүү зөв талын гуяндхх хөндөлтэй саран тамгатай. Хул зүсмийн унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.  

8. Халтар хээр гүү зөв талын гуяндаа хөндөлтэй хөндөлтэй саран тамгатай. Хонгор зүсмийн унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

9. Хээр гүү зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. Хонгор унагатай тамгагүй. Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.

10. Хээр гүү зөв талын гуянд доороо хөндөлтэй 3 нүд чандмань тамгатай. Эр хонгор унагатай . Гүүгээ 700 000 төгрөгөөр, унагыг нь 400 000 төгрөгөөр үнэлнэ.   

11. Хээр алаг байдас зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 700 000 төгрөгөөр үнэлнэ.

12. Хар байдас зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 700 000 төгрөгөөр үнэлнэ.

13. Зээрд байдас зөв талын гуянд доороо хөндөлтэй гурван нүд чандмань тамгатай. 700 000 төгрөгөөр үнэлнэ.

14. Эр халтар хээр даага зөв талын гуянд доороо 3 нүд чандмань тамгатай. 600 000 төгрөгөөр үнэлнэ.

15. Сартай хүрэн охин даага зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 600 000 төгрөгөөр үнэлнэ.

16. Хүрэн охин даага зөв талын гуяндаа хөндөлтэй саран тамгатай. 600 000 төгрөгөөр үнэлнэ. Энэ адуунаас хээр гүү хул унагатайгаа, сартай хүрэн даага, хар байдас сая гүйж ирсэн. Хул унагыг саран дэвсгэртэй задгай маа тамгаар тамгаласан байна лээ. Бусад адуу нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Хонгор азарга махлагдсан сурагтай байна. Хохирлоо бүрэн төлөөд өгөх юм бол гомдол байхгүй. Үлдсэн 22 адуугаа нэхэмжлэнэ гэсэн хохирогчийн мэдүүлэг./1-р хх-ийн12-14/

 

Иргэний нэхэмжлэгч Н.М-ын мөрдөн байцаалтын ажиллагааны шатан өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2016 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Баяндэлгэр суманд оршин суудаг. Б гэдэг залуугаас сартай хээр гүү, зээрд халзан унагатай нь 700 000 төгрөгөөр авсан. Б надтай ирж уулзаад дүү хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад байна та унагатай гүү худалдаж аваач гээд гуйгаад байхаар нь авсан юм. 2016 оны  Б-с авсан унагатай гүүний зээрд унага нь 2016 оны 12 дугаар сард чононд бариулаад үхсэн. Эх сартай хээр гүүг эзэн Т ирээд аваад явсан. Би Б-ийг малтай болохоор нь өөрийнхөө малнаас зарж байна гэж тухайн үед бодож байсан. Хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Хар гүү нь зөв талын гуяндаа бүдэг хөндөлтэй саран тамгатай байсан. Би өөрийнхөө галтай чандмань тамгаа дарсан байсан. Унага нь тамгагүй байхаар нь би өөрийнхөө тамгаар тамгалсан. Б-эс унагатай гүүнээс өөр адуу мал аваагүй. М-ийг бол танихгүй. Гомдол санал байхгүй. 700 000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 15-17/

 

Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ 2016 оны 09 дүгээр сарын 03, 04-ны үе шиг санагдаж байна М-ийн ах М-аас гүү худалдаж авахаар 310 000 төгрөг өгсөн байсан юм. Тэгээд гүүгээ худалдаж авахаар Баяндэлгэр суманд очсон. М надад өөрийнхөө адуунаас унагатай зээрд гүү заасан. Тэр гүү нь туранхай байхаар нь би онд орохгүй гээд голоод аваагүй. Тэгтэл М утсаар ярьж байгаад манай дүү М гүү байгаа юмаа гээд хээр гүү, хонгор унагатай нь зааж өгсөн. Хээр гүү нь саран дэвсгэртэй 3 нүдтэй чандмань тамгатай байсан. Хээр гүүний нэг талын нүд нь цагаан унасан байсан. Аль талынх нь нүд гэдгийг сайн санахгүй байна. Хонгор унага нь им тамга байхгүй байсан. Би хонгор унагыг өөрийнхөө давхар саран тамгаар тамагласан. Хээр гүү хонгор унага манай адуунд байгаа. Тэгэхэд Б-ийн дүү болон М нар байсан. Өөр хүн байгаагүй. Би М-аас 710 000 төгрөгөөр гүү авахаар тохироод 310 000 төгрөгийг нь өгсөн байсан юм. Энэ мөнгөө М-аас эргүүлээд авсан. Одоо ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй болсон. Би энэ адууг хулгайн адуу гэдгийг мэдээд мөнгөө эргүүлж авсан. Энэ гүү унагатайгаа байгаа. Эзэнд нь эргүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Анх хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 22-23/

Гэрч Ө.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Б надаас халтар азарганы төлнөөс нэгийг өгөөч гээд гуйгаад байдаг байсан. 2014 оны цагаан сарын битүүний өдөр та надад халтар азарганы төлнөөсөө нэгийг өгөөч би тэжээх гэсэн юм гэхээр нь халтар даагаа өгч явуулсан. Б тэр дааганы орыг өгөлгүй явсаар байгаад 2018 оны 08 дугаар сард хүрэн зээрд байдас авч ирж өгсөн. Тухайн байдасны тамаг нь мэдэгдэхгүй бүдэг байсан. Надад өөр адуу өгөөгүй. Би Б-ийг чи хаанаас ийм адуу аваад ирэв гэсэн чинь Баянжаргалан гаралтай адуу байгаа юмаа гэж хэлсэн. Надад хэний адуу гэдгийг нь хэлээгүй. Сүүлд М-ийг шалгагдаж байгааг сонссон. М, Б хоёр хамт хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Энэ байдас нь манай адуунд байгаа. Эзэн нь ирээд авна гэвэл татгалзах зүйл байхгүй. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Буяннэмэхтэй дараа нь учираа олчихно” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 24/

 

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би М адуу авч байгаагүй харин Э.Б нь 2016 оны 06 дугаар сард хамар цагаан хүрэн цавьдар байдас аваад оронд нь унагатай гүү өгнө гэж наймаа хийсэн. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын сүүлээр хээр алаг унагатай буурал алаг гүү авчирч өгсөн.  Мөн хамт хээр гүү хул унагатай, охин хээр даагыг танай азарганд тавья гэж хэлээд манай адуунд нийлүүлээд явсан. Дээрх 3 адууг надад зараагүй манай азарганаас төл авья гэж хэлээд үлдээсэн. Тэгээд буурал алаг гүү, хээр алаг унагатай хээр гүү, хул унагатай, охин хээр даага зэрэг нийт 5 адууг манай адуунд үлдээгээд явсан. Буурал алаг гүү нь хөндөлтэй саран тамгатай, охин хээр даага мөн тийм тамгатай, охин хээр даага нь мөн тийм тамгатай, 2 унага нь тамгагүй би өөрийнхөө босоо зуузай тамгаар тамгалсан. Хээр гүү ямар тамгатай байсныг санахгүй байна. Б манай адуунд авчирч өгсөн өдрийг санахгүй байн. Сургуулийн хүүхдийн хичээл ороохоос арай өмнөхөн байсан. Б өвөлдөө айлын адуу малладаг юм. Тухайн үед Б манай ахын адуу байгаа юм.  Би энэ өвөлдөө адууг нь харах гэж байгаа юм гэж хэлсэн. Б-ийг урд нь хэрэг төвөгт ороолцолдоод байдаггүй болохоор юм бодоогүй. Хамт М гэдэг залуу явж байсан”… гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 25-26/

 

Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Э.Б нь миний төрсөн хүү байгаа юм. Б нь 2016 оны  11 дүгээр сард Н.М хамт манай гэрээс гараад  эргэж ирээгүй байна.. Сургийг нь сонсохоор  Төв аймгийн Баяндэлгэр суман дээр явж байгаа сураг гардаг”…гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 27/

 

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Н.М адууны авлагатай байсан юм. 2016 оны 08 дугаар сарын 20-ны үед М-лүү утсаар яриад адуугаа нэхсэн чинь 2016 оны 09 дүгээр сард өгнө гэж хэлсэн. Тэгээд 09 сард М-лүү  залгасан чинь  ирээд адуугаа авчих гэсэн. Тэгээд би Төв аймгийн Баяндэлгэр суманд очиж М-ээс босоо саран тамгатай  хонгор зүсмийн азарга өгснийг авсан. Тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан болохоор хонгор азрагыг махлаад зарсан. Би Б гэх залууд нэг морь зарсан байсан юм. Ор адууг нь М-ээс аваарай гэсэн юм. М-ээс авсан хонгор азрага нь бүдүүн нас бие гүйцсэн азарга байсан. Өөр М-тэй  наймаа хийж адуу мал өгч байгаагүй гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 28-29/

 

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: М 2015 оны 11 сард  миний хүрэн халзан морийг 1 сая төгрөгөөр худалдаж авья гээд гуйгаад байхаар нь  өгсөн. Өртөгийг нь 2015 оны шинэ жилээс өмнө өгнө гэж байсан. Тэгээд миний морьны өртөгийг өгөхгүй явсаар байгаад  намайг малд явсан хойгуур 2016 оны 09 сарын 20-ны үед 2 чих үзүүрээс цуулбар хар зүсмийн гүү, их догшин гүү байсан. Сартай хонгор охин унагатай авчираад гэрийн гадаа буулгачихаад явсан байсан. Маш их туранхай адуу байсан. Би М их туранхай адуу байна энийгээ ирээд ав хаанахын адуу юм бэ гэхэд манай адуу гэж хэлсэн. Хар гүү манай адуунд байж байгаад 2017 онын 01 сарын эхээр адуунаас алга болсон байсан. Урд гүүрний урд үхсэн сураг байсан. Унага нь ганцаараа үлдсэн байсаныг хашаандаа авчирч тэжээж байгаад 2017 оны 01 сарын 28-нд шуурганаар саравчинд үхээд хоносон байсан. Одоо хогийн цэг дээр байгаа… гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 24/

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: :Би 2014 онд Б-д шар өнгөтэй Хайрхан нэртэй 14-00 ТӨЗ гэсэн улсын дугаартай Хятад мотоциклийг унагатай гүүгээр зарсан. Б унагатай гүү өгөхгүй 2 жил орчим болсон. Б 2016 оны 08 сард тааралдаад очиж мотоциклийнхээ өртөг унагатай гүүгээ аваарай гэрт байгаа гэж хэлсэн. Би 2016 оны 09 сарын эхээр М хамт  очиж унагатай гүүгээ авсан. М М-аас унагатай гүү авна гэж очсон. Намайг очиход Б эзэнгүй гэртээ байхгүй байсан. Тэгээд утсаар ярьсан чинь  хонгор халзан гүү,  сартай охин унагатай байгаа  тэрийг ав гэж хэлсэн. Б дүүрүүгээ утсаар мөн тэгэж хэлсэн. Б-ийн дүүг Бааба гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэгээд хонгор халзан гүүг унагатай нь авчираад  адуундаа нийлүүлсэн. Хонгор халзан гүү болон унага нь им тамга байхгүй  байсан. Их туранхай байсан. Хонгор халзан гүү нь 2017 оны 01 сарны 21-ний өдөр үхсэн, унага нь мөн 2-3 хоногийн өмнө үхсэн. Манай энд цаг агаар цас хтэй зудтай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

 

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би М төрсөн аав нь байгаа юм. Цагдаад шалгагдаж байгаа талаар нь 2017 оны 01 сарын 22-ны өдөр мэдсэн. Л.Т гэх хүн манай охинруу утсаар яриад манай адууг хулгайлсан байна гэж хэлсэн байсан. М гэр орноосоо бараг гардаггүй хааяа найз нөхөдтэйгээ нийлээд гадуур гардаг. Зан байдлын хувьд дөлгөөхөн зантай. Ажил хөдөлмөрт их  сайн. Аав, ээж , ах эгч нартайгаа эвсэг харилцаатай. Элдэв янзын ааш зан байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,

 

Гэрч Б.Мө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би М төрсөн ах байгаа юм. Би М гэх залууд унагтай гүү зарахаар болоод урьдчилаад 310.000 төгрөг авсан. Тэгээд 2016 оны 09 сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна М унагатай гүүгээ авахаар  ирсэн. Би өөрийнхөө адуунаас зээрд гүү унагатай нь заасан чинь М голоод байхаар нь дүү М-ийн хээр гүү хонгор унагатай нь өгч явуулсан. М Б нар  хонгор азаргатай 10 гаран тооны адуу  авчраад бид 2-н адуу гэж байсан. Тэр адуунаас нь М-тэй утсаар ярьж байгаад  1 гүүг чинь унагатай нь хүнд өглөө шүү чи дараа нь надаас орыг нь аваарай гэж хэлсэн. М тэг тэг гэсэн. М-тэй хамт М гэдэг залуу хамт ирээд Б-ээс мотоциклийн өртөг гээд хонгор халзан гүү унагатай  нь аваад явсан....” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37-р тал/,

 

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2016 оны 08 сард санагдаж байна намайг эмнэлэгээр явж байхад  Б ах, М нар Жижгээ хүний адуу гээд хэдэн тооны адуу маллаж байсан.  Намайг наагуур цаагуур нь явж байхдаа харж байгаарай гэж Б ах захиж байсан. Тэр адуу нь хээр халзан азаргатай Монгол 5 тоо тамгатай байсан. Тэр адуунаас М-т хонгор халзан гүүг унагатай нь барьж өгсөн. Тухайн үед Б, М нар байгаагүй утсаар яриад бариад өгчих гэж хэлсэн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39-р тал/,

 

Гэрч Н.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би хүү Б-ыг аваад эмчилгээнд явж байгаад ирсэн чинь Б халзан азаргатай  Жижгээгийн адууг харж байгаа , Жижгээ самранд явчихсан гэж ярьж байсан. Би бол адууг нь хараагүй  дараахан нь адууг нь алдсан гэж хэлж байсан. 2016 оны 08 сард эмнэлэгээс ирэхэд хүний адуу харахаар авчирсан гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41-р тал/,

 

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2016 оны 08 сарын 20-ны өдөр самар түүхээр Мөнгөн морьт сумруу явахдаа Б, М нарт өөрийнхөө 11 тооны адууг Багануур дүүргээс Баяндэлгэр сумруу Хушингийн энгэр гэх газарлуу өгч явуулсан. Б, М самарт явж ирээд  адуу харсаны хөлсийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 10 сарын 07-ны өдөр Б, М нартай уулзаад адуунаас морь авах гэж очсон. Тэгээд тэр 2-той уулзаад адуугаа харах гээд хайгаад олоогүй. Б ойрхон байгаа гээд байсан. Тэгээд би 2 өдөр адуугаа хайгаад ололгүй буцаад самранд явсан. М, Б 2-той утсаар яриад адуугаа асуухаар олдохгүй байна гэдэг байсан. Би Баяндэлгэр сумын цагдаа, Эрдэнэ сумын цагдаад тэмдэглүүлсэн. 2017 оны 01 сард отроор явж байсан Жагай /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Говьсүмбэр аймгийн нутагт танай адуутай адилхан адуу байна ирж үз, айлын алдсан адуу дагуулаад ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд адуу алдсан айлын эзэн Т-тай утсаар  ярьсан чинь та адуучингаа дагуулаад ирээрэй гэхээр нь М-ийг дагуулаад очсон. Тэгээд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очоод Т-тай уулзсан чинь адуучин аль нь вэ гэхээр нь М-ийг заасан чинь миний алдсан адууны зарим нь чиний маллаж байсан адуун дотор байна би эр хүн шиг байх юм бол ах нь эр хүн шиг байна гэж хэлсэн. М, Т 2 гэрийн гадаа гараад уулзаж байгаад орж ирээд М адууг нь авсан болоод орж ирсэн. Т намайг хохиролгүй болгоод өгчих гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-44-р тал/,

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ /1-р хх-ийн 45-47-р тал/

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-ийн 89-91-р тал, 2-р хх-ийн 58-59-р тал//

 

          Төв амаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 105-107-р тал/

Үнэ тогтоох комиссын шийдвэр /2-хх-ийн 9-р тал/

Эрүүгийн хэргийн хохирлын тооцоо /2-р хх-ийн 10-12-р тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 46-р тал/

          Шүүгдэгч Э.Б, Н.М нар нь бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Т, иргэний нэхэмжлэгч Н.М, гэрч Н.М, Ч.Э, үнэлгээ тогтоох комиссын дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судлуулсан гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ ЭБШХ-д заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх дүгнэлээ.

          Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэнд Э.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “бүлэглэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан байх тул хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна.

          Шүүгдэгч нарыг ЭХТА-н 55.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ЭХТА-н 56.1 дүгээр зүлийн 2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан 11.260.000 төгрөгийн хохиролыг шүүхийн шатанд төлж барагдуулсан зэргийг харгалзан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

          Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Э.Б-ээс 700.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Хөөлөгтийн 4-6 тоотод оршин суух Сартуул овогт Н-ийн М-д олгож,  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Мустанг-5 маркийн мотоциклын үнэ болох 150.000 төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б, Н.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, Э.Б цагдан хоригдсон 82 хоног, Н.М нь 108 хоног цагдан хоригдсон болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.1, 36.2-т заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Н овогт Э-ийн Б, Б овогт Н-ын М нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэн хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.М-ийн эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.М-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг, шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон 108 /зуун найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ээс 700.000 /долоон зуу мянган/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо Хөөлөгтийн 4-6 тоотод оршин суух Сартуул овогт Н-ийн М-т олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнээс хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн мотоциклийн  үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 5 /тав/ жилийн ялыг, шүүгдэгч Н.М-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилээр тогтоож, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.  

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг авч, Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.АРИУНЖАРГАЛ