Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 368

 

Э.Б, Н.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр магадлалтай, Э.Б, Н.М нарт холбогдох 201708000018 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Намсрай овогт Э.Б,

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 3 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Боржигин овогт Н.М нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.1, 36.2-т заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  

шүүгдэгч Э.Б, Н.М нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэн хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Н.М нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 82 хоног, шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон 108 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бээс 700.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Мт олгуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мэс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Б, Н.М нарт оногдуулсан 5 жил хорих ялыг тус тус тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэг гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчиж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэж эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удирдлага болгон шийдвэрлэсэн нь буруу, ...мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу аль шаардлагатай гэснийг буцаан хэрэглэнэ гэсэн болохоос шаардлагагүй болон хэрэглэх боломжгүйг хэрэглэсэн нь буруу, ... прокурорын эсэргүүцэлд оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр тэнсэж, хянан харгалзсан нь ял хөнгөдсөн байна гэж үзэх үндэслэл болжээ” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Э.Б, Н.М нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь хууль зөрчөөгүй байхад эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь шударга бус юм.

Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол торгох, баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байхад шүүгдэгч нарт тус зүйл ангийн хорих ялын дээд хэмжээгээр буюу хүндрүүлсэн хорих ял оногдуулж тэнсэж хянан харгалзсан нь нэг талдаа шүүхээс тогтоосон хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэхгүй байх, засарч хүмүүжсэнээ ойлгож ухамсарлах боломж олгох, нөгөө талаас хариуцлага сахилга баттай байх талаар үүрэгжүүлсэн өндөр хариуцлага итгэл гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймээс Э.Б, Н.М нарын үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүхээс завсарлага авч төлж барагдуулсан зэргийг харгалзан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд бүрэн нийцсэн.

Иймд анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй учир шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүй ёсны гэж үзэж байгаа учир 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн заалтыг хангаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                        

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Э.Б, Н.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Б, Н.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний нотлогдсон байдлын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй, мөн шүүгдэгч Э.Б, Н.М нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа тэдний бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 56.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй.” гэснийг зөрчсөнөөс гадна иргэний нэхэмжлэгч Н.Мт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байхад шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан хэмээн дүгнэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, түүнчлэн холбогдох хуулийн зүйл хэсэг заалтыг бичихдээ техникийн шинжтэй цөөнгүй алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан “Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН