Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1302

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А к к ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00902 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд суутгасан 1 170 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 540 дугаартай магадлалаар Б.С-аас 34 751 187 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 339 026 төгрөг, нийт 35 090 213 төгрөгийг гаргуулж “А к к ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.С- нь төлбөрийн мөнгөнөөс 18 000 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаасан боловч шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодном нь төлбөрийн мөнгийг хуульд заасан хугацаанд төлбөр авагчийн дансанд шилжүүлэхгүй, байгууллагын дансанд үндэслэлгүйгээр хадгалж байгаад 1 170 000 төгрөгийг суутгаж, 16 830 000 төгрөгийг төлбөр авагч “А к к ББСБ” ХХК-ийн дансанд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлж, төлбөр бодитой биелсэн. Төлбөр авагчийн зүгээс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу урамшууллын мөнгийг суутгуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гаргаж байсан. Төлбөрийн мөнгөнөөс 1 170 000 төгрөгийг хууль бусаар суутгаж байгууллагыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд төлбөрийн мөнгөнөөс хууль бусаар суутгасан 1 170 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 540 дугаар магадлалаар Б.С-аас 35 090 213 төгрөгийг гаргуулж “А к к ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдсан. Төлбөр төлөгч Б.С-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025781 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18032/, Барилгачин гудамж 40-42 тоот орон сууцыг битүүмжлэн, хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч орон сууцыг 52 420 000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 36 694 000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 26 210 000 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж хуульчилсан. Төлбөр төлөгч Б.С- нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс 18 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн ба Хууль зүйн Сайдын 2013 оны А/181 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 1.2-т “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2, 83.1-т заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ”, 4.3-т “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид бодитойгоор олгосон мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс энэ журмын 2.1 болон 3.1-т заасны дагуу урамшууллыг суутгана” гэж тус тус заасныг үндэслэн төлөгдсөн 18 000 000 төгрөгөөс тус газартай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17/02202 тоот гэрээнд заасан 6,5 хувиар тооцон 1 170 000 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1 170 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар гомдол гаргаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэл болгож буй бус үнэлэлт, дүгнэлт өгсөн бөгөөд төлбөр авагч тал болох “А к к ББСБ” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай хуульд зааснаар урамшууллын гэрээ хийгээгүй, итгэмжлэл олгоогүй байхад 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж, хууль бус үнэлэлт дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Учир нь төлбөр авагч тал нь Д.Очирханд гэдэг хүнд компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрх олгоогүй байна. Төлбөр төлөгч Б.С- нь 18 000 000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаасан боловч шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодном нь төлбөрийн мөнгийг хуульд заасан хугацаанд төлбөр авагчийн дансанд шилжүүлэхгүй, байгууллагын дансанд үндэслэлгүйгээр хадгалж байгаад 1 170 000 төгрөгийг суутгаж, 16 830 000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлж, төлбөр бодитой биелсэн. Төлбөр авагчийн зүгээс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу урамшууллын мөнгийг суутгахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гаргаж байсан бөгөөд хууль бусаар төлбөрийн мөнгөнөөс 1 170 000 төгрөгийг суутгаж байгууллагыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Хариуцагч НШШГГ-т холбогдуулан хууль бусаар суутгасан 1 170 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заасан 6.5 хувиар тооцон 1 170 000 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 540 дугаартай магадлалаар Б.С-аас зээлийн гэрээний төлбөр 34 751 187 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 339 026 төгрөгийн хамт нийт 35 090 213 төгрөгийг гаргуулж “А к к ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх ба төлбөр төлөгч Б.С- нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.2, уг заалтын дагуу батлагдсан Хууль зүйн сайдын 2013 оны 08 дугаар сарын 23-ны өприйн А/181 тоот журамд зааснаар нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК, хариуцагч НШШГГ-тай 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулж, төлбөрийн үнийн дүнгийн 6.5 хувийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд шилжүүлэхээр тохиролцсон байна. /хэргийн 30 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч Б.С- нь төлбөрийн мөнгөнөөс 18 000 000 төгрөгийг хариуцагч байгууллагын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тушаасан боловч шийдвэр гүйцэтгэгч төлбөрийн мөнгийг хуульд заасан хугацаанд төлбөр авагчид шилжүүлэхгүй, байгууллагын дансанд үндэслэлгүйгээр хадгалж байгаад 1 170 000 төгрөгийг суутгаж, 16 830 000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Төлбөр төлөгч Б.С-аас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагчид шилжүүлсэн 18 000 000 төгрөгийн 6.5 хувь болох 1 170 000 төгрөгийг хариуцагч байгууллага дээрх гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр суутган авсан нь банкны орлогын мэдүүлэг, хариуцагч байгууллагаас төлбөр авагчид мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдсон байна. /хэргийн 83, 86 дугаар тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/57 тоот албан бичгээр хариуцагч НШШГГ-т гаргасан гомдолдоо төлбөр төлөгчөөс шилжүүлсэн дээрх 18 000 000 төгрөгийг өөр шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрт суутган авахаар барьцаалж шилжүүлэхгүй байгаа талаар гомдол гаргаж, өөрийн компанийн Хаан банкны 5038045318 дугаар дансанд шилжүүлэхийг хүссэн байна. /хэргийн 79 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хууль, уг хуулийн 83 дугаар зүйлийн дагуу зохигчид шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулсан хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж заасан байх тул НШШГГ- 1 170 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу хүчингүй болсон хууль, түүнд  үндэслэнсэн журам, гэрээний дагуу суутган авсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтууд хүчингүй болсны дараа төлбөр авагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс урамшууллыг суутган авсан нь хууль бус болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалтай холбоотой өмнөх хуулийн заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед хариуцагч байгууллагын дансанд төлбөр авагч мөнгө шилжүүлсэн нь шийдвэр биелэгдсэн буюу төлбөр авагч төлбөрийг хүлээн авсан гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар НШШГГ- нь 1 170 000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1 170 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК-д олгосугай.” гэж,

2 дахь заалтыг “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 32 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А к к ББСБ” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                               ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                       

                                                                                                  С.ЭНХТӨР