Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01554

 

 “А  ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00902 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1302 дугаар магадлалтай,

   “А  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд суутгасан 1,170,000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, Н.Цэрэнсодном, Б.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 540 дугаартай магадлалаар Б.Саруулаас 34,751,187 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 339,026 төгрөг, нийт 35,090,213 төгрөгийг гаргуулж “А  ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Саруул нь төлбөрийн мөнгөнөөс 18,000,000.00 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 2017 оны 11 сарын 21-ний өдөр тушаасан боловч шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодном нь төлбөрийн мөнгийг хуульд заасан хугацаанд төлбөр авагчийн дансанд шилжүүлэхгүй, байгууллагын дансанд үндэслэлгүйгээр хадгалж байгаад 1,170,000 төгрөгийг суутгаж, 16,830,000 төгрөгийг төлбөр авагч “А  ББСБ” ХХК-ийн дансанд 2018 оны 01 сарын 12-ны өдөр шилжүүлж, төлбөр бодитой биелсэн. Төлбөр авагчийн зүгээс 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу урамшууллын мөнгийг суутгуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа гаргаж байсан. Төлбөрийн мөнгөнөөс 1,170,000 төгрөгийг хууль бусаар суутгаж байгууллагыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд төлбөрийн мөнгөнөөс хууль бусаар суутгасан 1,170,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 540 дугаар магадлалаар Б.Саруулаас 35,090,213.00 төгрөгийг гаргуулж “А  ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба 2017 оны 04 сарын 05-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч Б.Саруулын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201025781 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18032/, Барилгачин гудамж 40-42 тоот орон сууцыг битүүмжлэн, хураан авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч орон сууцыг 52,420,000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан 2017 оны 12 сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 36,694,000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 26,210,000 төгрөгөөр 2018 оны 01 сарын 19-ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны 01 сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж хуульчилсан. Төлбөр төлөгч Б.Саруул нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс 18,000,000 төгрөгийг 2017 оны 11 сарын 21-ний өдөр төлсөн ба Хууль зүйн Сайдын 2013 оны А/181 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 1.2-т “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн биелүүлсэн болон хуульд заасны дагуу дуусгавар болгосны дараа төлбөр авагчид олгох мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2, 83.1-т заасны дагуу энэ журмын 3.1-т заасан хувь хэмжээгээр суутгал хийнэ”, 4.3-т “Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид бодитойгоор олгосон мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс энэ журмын 2.1 болон 3.1-т заасны дагуу урамшууллыг суутгана” гэж тус тус заасныг үндэслэн төлөгдсөн 18,000,000 төгрөгөөс тус газартай байгуулсан 2017 оны 04 сарын 08-ны өдрийн 17/02202 тоот гэрээнд заасан 6,5 хувиар тооцон 1,170,000 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00902 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1302 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1,170,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А  ББСБ” ХХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 32,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А  ББСБ” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдолд: Магадлалын хянавал хэсэгт "Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 1,170,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтууд хүчингүй болсны дараа төлбөр авагчид шилжүүлэх мөнгөн хөрөнгөөс суутган авсан нь үндэслэлгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1,170,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан” гэжээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 4288 тоот захирамжаар Б.Сэр-Одоос 6,635,757 төгрөгийг гаргуулж “А  ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид 2017 оны 09 сарын 01-ний өдөр санал болгож хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийн зөрүү 12,544,243 төгрөг, урамшууллын 497,981 төгрөгийг тус тус шилжүүлснээр төлбөр авагч “А  ББСБ" ХХК нь хөрөнгийн өмчлөгч болох талаар шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл санал болгох хурлын шийдвэрийг “А  ББСБ” ХХК нь биелүүлээгүй байна. Төлбөр авагч “А  ББСБ" ХХК нь дээрх 4288 тоот захирамжийн дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийн зөрүү 12,544,243 төгрөгийг, урамшууллын 497,981 төгрөгийн хамт шилжүүлэхгүй байсан тул 18,000,000 төгрөгөөс суутган шилжүүлэх талаар байгууллага дотооддоо хянагдсан байна. Түүнчлэн төлбөр авагч “А  ББСБ” ХХК нь үндэслэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн үйлдэл, эс үйлдлээр удаашруулсан байх ба 2017 оны 12 сарын 05-ны өдөр тус газрын даргад гомдол гаргасныг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу гомдлыг хянаж хариуг 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1/715 дугаартай албан бичгээр өгч, тус байгууллагын ажлын ачаалал, байгууллагын дотоод зохион байгуулалт зэргээс хамаарч хэсэгчлэн төлөгдсөн төлбөрийн мөнгийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр төлбөр авагчид шилжүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө” гэж хуульчилсан нь дансанд төвлөрсөн мөнгийг хэзээ, хэрхэн төлбөр авагчид шилжүүлж шийдвэрлэсэнд бус, харин төлбөрийн мөнгө хэзээ, хаана төлөгдснийг дүгнэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Төлбөр төлөгч Б.Саруул нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс 18,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-нд тус газрын дансанд шилжүүлсэн ба төлбөр авагч “А  ББСБ” ХХК-ийн тус газартай байгуулсан 2017 оны 04 сарын 08-ны өдрийн 17/02202 тоот гэрээний дагуу урамшууллын 1,170,000 төгрөгийг суутган авч, төлбөрийг 2018 оны 01 сарын 10-ны өдөр шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул 2018 оны 902 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1302 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “А  ББСБ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бусаар суутгасан 1,170,000.00 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээнд заасан нөхцлөөр 1,170,000.00 төгрөгийг суутгасан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 540 дугаартай магадлалаар Б.Саруулаас нийт 35,090,213.00 төгрөгийг гаргуулж, “А  ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулснаар 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна” гэж, 83.2.-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр авагч “А  ББСБ” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ”-гээр төлбөрийн үнийн дүнгийн 6,5 хувийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд шилжүүлнэ гэж тохиролцсон байх бөгөөд гэрээг хуулийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, талууд энэ тухайд маргаагүй байна.

Төлбөр төлөгч Б.Саруулаас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн 18,000,000.00 төгрөгийн төлбөрөөс 1,170,000.00 төгрөгийг “А  ББСБ” ХХК нь дээрх урамшууллын гэрээнд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд шилжүүлэх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 198 дугаар зүйлийн 198.1-д нийцсэн гэж үзнэ.

Зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад салбарын хууль шинэчлэн найруулагдсантай холбоотой байх бөгөөд хуулийн өөрчлөлтөөр “шийдвэр гүйцэтгэлийн урамшуулал”-ын зохицуулалт хүчингүй болжээ.

2017 оны шинэчилсэн найруулга хийгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр зохицуулсан байна.

Зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ” байгуулагдсан, төлбөр төлөгч Б.Саруул 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 18,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь энэ төлбөрөөс урамшууллыг 6,5 хувиар тооцож, 1,170,000.00 төгрөгийг суутган, үлдэх хэсгийг төлбөр авагчийн дансанд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсоноос үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг 1,170,000.00 төгрөгийг хууль бусаар суутгаж авсан гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Маргааны үндэслэл болж буй “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ” байгуулагдаж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн ба гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд  заасан 2017 оны төсвийн жил дуусахаас өмнө хийгдсэн байх тул хариуцагчийн суутгасан мөнгийг хууль бус гэж үзэхгүй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “...зохигчид шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулсан хэдий ч 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтууд хүчингүй болсны дараа төлбөр авагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс урамшууллыг суутган авсан нь хууль бус” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1302 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН